Thursday, 24 January 2013

Д.Сосорбарам: Монгол ёсолгоо нь мөнх тэнгэр, нар, сар, дэлхийгээсээ энерги авч байгаа хэрэг юм

Монгол ёсолгооны талаар Төрийн шагналт жүжигчин Д.Сосорбарамтай ярилцлаа.
-Монгол ёсолгооны талаар ярилцах гэж тантай уулзаж байна. Гараа дээш өргөн алдалж ёсолдог энэ ёсолгооны талаар та өөрийн бодлоо хуваалцаач…

-Мөнх тэнгэр шүтээнтэй, тэнгэр хийморьтой гэж ярьдаг үндэстэн бол уулга алдахдаа хүртэл хоёр гараа дээшээ цоргиож, уул ус руугаа харахдаа хүртэл хүндэтгэлтэй хардаг байж. Дандаа дээшээ, нар руугаа тэмүүлдэг. Хоёр гараа өргөн дээшээ тэмүүлэхээс гадна монгол эмэгтэйчүүд, монгол ижий нар хүртэл цацлаа дээш тэнгэр өөд өргөдөг шүү дээ. Энэ бүх ёс заншил, монгол ёсолгоо байж дээ гэж санагддаг. Ялангуяа 2220 жилийн өмнө Хүн гүрний үед ийм ёсолгоо байсныг түүхч, судлаач Сүхбаатар гуай судалгааны номондоо бичсэн байдаг. Мөн Тавдугаар ноён хутагт Равжаагийн ном тавих ёслолд ч энэ тухай бий. Монголчууд арван гурван их оргилаа тахихдаа ч дандаа уулын оройд гарч, гараа дэлгэж, уухайлдаг уламжлалтай. Тэнгэрт цоройж, гараа дэлгэдэг уламжлал нь монгол хүний цус, ясанд нь байдаг юм байна л даа. Би л гэхэд “Үлэмжийн чанар” цэнгүүн болон тоглолтууд дээрээ ерөөсөө л цаанаасаа, дадлаараа гараа дээш өргөн ёсолдог. Монгол ёсолгоо гэж яригдахаас өмнө шүү дээ. Цаад үндсээрээ тийм юм нь яваад байсийм байна гэж үүнийг ойлгож байгаа.

-Кригизэд очоод нуурын эрэг дээр тэргүүнээ тэнгэр лүү хандуулж, гараа алдлан ёсолсон зургийг тань харсан л даа…

-Тэгсэн. Нас ахиад ч тэгж байгаа юм уу даа. Энэ бол монгол хүн, монгол үндэстэнд л байдаг аяг жаяг, ёс юм байна . Үүнийгээ бид дэлгэрүүлж, авч явах ёстой юм. Монголынхоо уламжлалт ёсоо дандаа үүрч, хадгалж явах нь бидний үүрэг.

-Хоёр гараа алдлаад дээш өргөж байгаа нь нар, сарыг илэрхийлж байгаа юм шиг?

-Түүхчдийн судалснаар олон  билэгдэлтэй юм билээ. Занабазар гэгээний бүтээсэн төрийн алтан соёмбоны дээр байдаг гал, сар ч гэсэн дээшээ тэнгэрт тэмүүлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр бидний энэ цаг үед хийж байгаа үйлдэл даяаршлын үед ёс уламжлалаа авч үлдэх онцлогтой.

-Монгол дээлний энгэрээ хүртэл Хүн гүрний үеийн шиг загвартайгаар хийлгэж өмсдөг болсон байна. Таныг ч бас ийм дээл өмсч, монгол ёсолгоогоор ёслохыг харсан. Эндээс харахад нийтээрээ монгол ёсолгоо хийхийг уриалж байгаа юм уу гэж ойлгоод байгаа.
-Ерөөсөө л тийм. Модун хааны үеэс уламжилж ирсэн. Чингэс хаан ширээнд суухдаа ч монгол ёсолгоо хийж байсан юм билээ. Одоо бол хүндэтгэлийн арга хэмжээн дээр хүн бүр монгол ёсолгоо хийдэг болох юм байна гэж ойлгоод байгаа.

-Монгол ёсолгоог дахин сэргээх санааг хэн санаачилсан юм бэ?
-Төрийн соёрхолт, дуучин Л.Болд үүнд их анхаарал хандуулж байгаа юм билээ. Мөн гавьяат жүжигчин Аглуу гээд урлаг, соёлын зүтгэлтэн залуус үүнийг их дэмжиж байгаа. Одоо монгол ёсолгоо улс орны хэмжээний том арга хэмжээ болж байх шиг байна. Миний хувьд “Үлэмжийн чанар” тоглолтон дээрээ, Товгорын бууцан дээр монгол ёсолгоо хийсэн. Камертоны Болдод би их баярлаж байгаа. Үндэснийхээ ёс заншил, хувцсаа уран бүтээлтэйгээ холбоод монгол ёсолгооны үнэ цэнийг өндөрт өргөөд явж байна. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай нэгдэж байх шиг байсан. Миний ажигласнаар Монгол Улсын төрийн тэргүүн үүнийг их зөв зүйтэй, ингэж дэлгэрүүлэх нь сайн гэж байх шиг байна. Наранбаатар найруулагчийн “Тэнгэрийн хүү” жүжгийн уран бүтээлчид монгол ёсолгоо хийж байсан. Тэгэхээр тэр бүтээл нь нэлээд судалгаатай хийсэн уран бүтээл байна гэж дүгнэсэн. Зарим хүн хоцрогдсон энэ тэр гэдэг. Хоцрогдох, түрүүлэх хоёр эрс тэс ялгаатай. Монгол үндэстний, монгол хүний өвөрмөц, өөр, бусдаас онцгой түрүүлж сэтгэх сэтгэлгээ хамтдаа явж байхад хоцрогдсон гэж ойлгох аргагүй.

-Хуучны мартагдсан зүйлийг сэргээхэд шинэ зүйл гэдэг биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Бөхийн дэвээ, шавааг хар л даа. Бөхчүүд гараа дээш алдаж дандаа дээш тэмүүлдэг шүү дээ. Сурынхан бас тийм. Сумаа тавиад дараа нь гараа дээш өргөн уухайлдаг. Эгэл жирийн хүмүүс хүртэл хурайлахдаа дандаа гараа дээш өргөн тэнгэр өөд тэмүүлдэг. Одоо их ярих болсон энерги гэдэгтэй ч энэ холбоотой. Мөнх тэнгэр, нар, сар, дэлхийгээсээ энерги авч байгаа хэрэг юм уу даа. Энэ бол монгол хүмүүний ёс гэдгийг харуулж байна. Жишээ нь монголчууд алга ташилт, гар барихыг таагүй гэж үздэг. Монголчууд нэг их сүрхий гар бариад байдаггүй. Дипломат соёлд ч гар бариад байхыг таашаадаггүй юм байна.Бас Монгол хүн ч нэг их бөхөлзөөд, харц дорой, хийморь дорой явдаггүй. Урд зүгийн хүмүүс л их бөхөлзөж харагддаг.

-Монгол ёсолгоог төрийн албан ёсны ёсолгоо болгох уу?
-Заавал албан ёсных болгохын оронд монгол хүмүүс хэвшмэл болгочих хэрэгтэй. Төрийн дуулал сонсохдоо монголчууд зүрхэн дээрээ гараа тавьдагтай адил.

-Залуучууд хэр дэмжих бол?
-Ер нь залуу үеийнхэн их дэмжиж байна лээ. “Алтан ураг”, “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн” зэрэг хамтлагуудын тоглолт дээр залуучууд ерөөсөө л энэ ёсолгоог хийж байна лээ. Морин хуураа толгой дээрээ өргөн ёслоход ямар гоё харагддаг гээч.

-Б.Лхагвасүрэн гуай энэ ёсолгоог эрийн гурван наадамтай холбон ярьсан байна лээ?
-Тийм ээ. Эрийн гурван наадам дээр заавал ингэ тэг гэсэн дүрэм журам байхгүй юм билээ. Ерөөсөө л сэтгэлийнхээ дуудлагаар тэнгэр рүү цоройж гараа дээшээ өргөдөг. Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг их дэмжиж, хүндэтгэж, “Тэнгэрлэг хийморьтой, мөнх тэнгэр гэж ярьдаг ард түмэнд хамгийн тохиромжтой ёсолгоо” гэж ярьж байсан.
http://mungundalai.niitlelch.mn

No comments:

Post a Comment