УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой ярилцлаа.
-Та УИХ-ын дарга, Хууль зүйн сайд гээд төрийн өндөр албан тушаалуудыг хашсан. Монголын улс төрийн тогоонд хамгийн удаан суусан хүний нэг. УИХ-ын одоогийн шинэ бүрэлдэхүүнтэй хамтарч ажиллахад ямар байна вэ?
-Шинэ Үндсэн хууль батлагдаад 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд дөрвөн жилд нь Ардчилсан холбоо эвсэл дангаараа, найман жилд нь Ардын нам дангаараа засаг барилаа. Үлдсэн хугацаанд нь АН, МАН хамтарч засаг барьсан ийм л он жилүүд байсан. 1990 оны Д.Бямбасүрэнгийн Засгийн газар, 2004 оны Ц.Элбэгдоржийн Засгийн газар, 2008 оны С.Баяр, С.Батболдын Засгийн газар ч хамтарсан Засгийн газар байлаа шүү дээ. Том утгаар нь яривал өнгөрсөн 22 жилд ял хийсэн ч, гавьяа байгуулсан ч хамтынх байх учиртай. Энэ бүх хугацаанд би улс төрийн тогоонд байсан хүн. Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын Хууль зүйн тэргүүн дэд сайд байсан. 1992 оноос хойш тасралтгүй Их хуралд сууж байгаа гуравхан гишүүний нэг нь би. Энэ хооронд өөрийнхөө намынхныг болоод Ардчилсан намынхныг, дээр нь намаасаа урвасан этгээдүүдийг таних хангалттай он жилүүд өнгөрлөө.
Би хэдийгээр хуралд нь суудаггүй ч Ардчилсан намын дотор болоод байгаа процессийг Ардын намын дотор болж буй процесстэй бараг ижил түвшинд мэдэж, мэдэрдэг. 2012 оны сонгуульд аль нь ч олонхи суудал авч чадсангүй. Ардчилсан нам олон суудалтай гэж байгаа ч 30 дөнгөж гарсан суудал авсан.
АН, МАН хоёрын зөрөө маш бага. Ийм нөхцөлд үндэсний эрх ашгийн үүднээс яаж хамтарч ажиллаж ойлголцох вэ гэдэг дээр Н.Алтанхуяг, АН хоёр сайн бодох байсан юм. Ойлголцол, хамтын ажиллагаа нь хоёр хэлбэртэй байж болно. Хамтарч засаг байгуулах хэлбэрээр ойлголцож хамтраад ажиллаж болдог. Засагт орохгүй ч гэсэн төрийн том бодлого дээр ойлголцоод учир начраа яриад явчих хоёр дахь хувилбар байсан. Жишээ нь энэ төмөр зам ч юм уу, уул уурхайн асуудлаар бодлогын түвшинд ойлголцоод нэг нь засгаа бариад явчих хувилбарууд 2012 онд байсан. Гэтэл аль аль нь болсонгүй. Ардчилсан намынхан “бүхнийг хүчирхийлэх” гэсэн зам сонгосон.
-Эхэндээ танай нам УИХ-ын даргыг хууль бусаар томилсон гээд гомдоллосон. Дараа нь бүлэг байгуулах тухай ярьж байснаа буйдантай суулт болж хувирсан. Танайх өөрсдөө төрийн ажлыг анхнаасаа гацаагаад байгаа юм биш үү?
-Чуулганы танхимын үүдэнд буйдан дээр цаас бариад суусан маань надад сайхан байсан гэж бодоо юу. Зарчим нь Үндсэн хуулиа сахья, шүүхээр дамжуулж сонгууль луйвардахаа зогсооё гэдэг ганц юмыг л ярьсан. Их хурлын даргад нэр дэвшигчтэй манай бүлгийнхэн уулзъя гэсэн чинь ирээгүй. Маргааш нь Дэмбэрэл хурал зарласан. Тэгтэл бидний оролцоогүйгээр, өөрсдөө 42 гишүүнтэйгээр хуралдсан ш дээ. Энэ мэтээр нүдэн дээр Монголын төрийн, хуулийн зарчим нурж байгааг хараад би чинь дотроо сэтгэлийн гашуудал зарлачихаад байгаа. Өнөөдрийн засаг, төрийн өнгийг харахад Д.Нацагдорж гуайн бичсэнээр “шалдир, булдир” юм болчихоод байна. Анх гараанаасаа л энэ Их хурал ойлголцлын арга замаар биш хүчирхийллээр бүхнийг шийдэх гэж оролдсон. Их хурлын даргыг сонгохоос эхлээд Үндсэн хуулиар байгуулагдсан бүлгийг бүлэг биш гээд баахан хавчин гадуурхаж, Үндсэн хуулийн зарчим зөрчсөн. Үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэж Үндсэн хуулинд бичээстэй байгаа. Өнгөрсөн оны долдугаар сард ажил эхэлснээс хойшхи бүх хугацаанд засаг байгуулсан хэсэг нь Ардын намын гишүүд, бүлгийг хавчин, гадуурхахыг л үндэс болгож ирлээ. Энэ нь үндэсний эв нэгдэлд сайн юм авч ирэхгүй. Цөөнх болсон Ардын намгүйгээр энэ намын төлөө санал өгдөг ард иргэдгүйгээр энэ эрх баригчид ажлаа явуулахад туйлын төвөгтэй.
-Та их бардам байна. Яагаад Ардын намгүйгээр эрх баригчид ажлаа явуулахад төвөгтэй гээд байгаа юм бэ?
-Ийм байдалд тэд өөрсдийгөө аваачиж хийсэн. Тооных нь харьцааг хар л даа. Тэр эвсэл гэдэг юм нь дотроо хагарчихсан байгаа ш дээ. Хамт хуралдаж чадахаа байчихаад байна. Ардчилсан нам дотроо олон фракцад хуваагдчихсан. Фракцуудын дотоод зөрчил, фракцуудын эрх ашгаар л асуудлыг шийддэг. Бие даагчдыг албан тушаалаар худалдаж авах, МАН-аас нэр дэвшээд сонгогдсон гишүүдийг урвуулж авах, цаад талдаа ах дүү нарт нь ажил төрөл, тендер, давуу эрх олгох гээд ерөөсөө л төрийг худалдаж сайдын суудал дээрээ тэсч байна. Ингэж засгийн ажил явдаг чинь буруу биз дээ. Өөр нэг ажиглагдаж байгаа ноцтой асуудал бол ерөөсөө энэ төр засагт ард иргэдийн итгэл алдарчихлаа. Дандаа худал ярьж, хууран мэхэлж, худлаа амласаар байгаад тэр. Нийт сонгогчдын дөнгөж 52.0 хувь нь сонгуульд оролцож баахан хэсэг дээр дахин сонгууль явуулж байж нэг юм орон нутгийн удирдлагын асуудлыг хүчээр шахам шийдлээ. Энэ чинь Монголын төрд өгч байгаа сонгогчдын эсэргүүцлийн хэлбэр. Чимээгүй эсэргүүцэх гэж юм байдаг. Сонгогчид санал хураалтад ирэхээ больж байна. Ерөнхийдөө хуульгүй, төртэй юм шиг мөртлөө төргүй, Засгийн газар нь замбараагүй, дотоод нэгдэлгүй, нэгдсэн байр суурин дээр байж чаддаггүй, асар их зөрчилд идэгдсэн ийм л төр засаг үйл ажиллагаа явуулж байна.Цаад талд нь явж байгаа далд юм нь гэвэл Монголд олигархийн засаглал жинхнээсээ тогтож эхэллээ. Хамгийн аюултай юм нь энэ. Хоёр, гурван компанийн захирал УИХ-д орж ирээд АН дотроо олонхийн байр суурь эзэлчихсэн. Засгийн газрыг нь ч хоёр, гурван компанийн эзэн багцлаад авчихсан. Наад Ардчилсан намын фракц гэдэг юмнуудын чинь цаана зөвхөн мөнгөний сонирхолтой олигархиуд л байж байгаа. Эцсийн эцэст Монголын шүүх , Их хурал, гүйцэтгэх засаглал нь тэр чигтээ цөөхөн олигархийн гарт орлоо. Өнөөдөр явагдаж буй процессуудын цаад талд олигархиудын ноёрхлыг тогтоох оролдлого явж байгаа. Хувийн шунахай сувдаг сэтгэлээр нэгнийхээ хэрэгцээг хангах гэсэн ийм л юмнууд хийгдээд байгаа дүр зураг харагддаг. Жишээ нь өнгөрсөн долоо хоногт болсон процесс байна. Хоёр сайд нь Төрийн өмчийн хороон дээр очиж рейдерийн аргаар М.Энхсайханыг хөөж явууллаа.
- Рейдерийн арга гэж юу вэ?
-Орос арга л даа. Хүний өмчийг айлгаж сүрдүүлж байгаад үнэгүйдүүлж улмаар хувийн болгодог дээрэм тонуулын аргыг хэлээд байгаа юм. Энэ аргаар л хоёр сайд нь очиж Төрийн өмчийн хорооны хурлыг шахаж хийлгээд М.Энхсайханыг Монголын төмөр зам компанийн захирлаас нь халуулчихаж байгаа юм. М.Энхсайхан чинь Засаг бүрдүүлж байгаа нэг намынх нь дарга биз дээ. Дараа нь тэр долоо хоногийн бямба гаригт Засгийн газар хуралдаад М.Энхсайханыг ажлаас нь халсан Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийг халчихсан. Энэ бол одоогийн засаг дотроо гүн гүнзгий зөрчилтэй байгаагийн илрэл. Тэд энэ байдлаа нуух гэж дээд зэргээр хичээж байгаа нь нууц биш. Мань мэт нь ийм юмыг үйлдэл байтугай нэг үгнээс нь ойлгох дайны болчихсон шүү дээ. Энэ бол өнөөдрийн ялзрал, эрх мэдэл, мөнгөний төлөөх шунал ил цагаандаа гарч болохоо байж байгаагийн дохио юм. Маш товчхоноор ярих юм бол энэ зүгээр л дампуурсан төр засаг.
-Та сөрөг хүчний байр сууринаас ингэж бухимдалтай хандаад байна уу?
-Энэ Засгийн сайд нар мөрөөдөл их ярих юм. Засгийн газар мөрөөдөл ярьдаг газар биш. Өдөр тутмын ажил амьдралыг удирдаж, зохион байгуулдаг гүйцэтгэх байгууллага. Миний харж байгаагаар энэ засаг бүрдсэн, Нийслэлийн шинэ удирдлагууд гарч ирсэн цагаас эхлээд бүх хугацаанд мөрөөдөл ярилаа. Одоо энэ Улаанбаатарын утааг хар. Утаа ихсэхээс өөр аргагүй. Багануурын уурхайн нүүрс цахилгаан станцад зориулагдсан, хамгийн илчлэг багатай, хортой нүүрс. Сонгогчдын саналыг авахын тулд 300 мянган төгрөгийн нүүрсийг 80 мянга болгож баахан худлаа ярилаа. Үр дүн нь утаа. Ингэж засгийн ажил цааш явахгүй. Ерөөсөө л өнөө маргаашийг аргацаасан, холын ямар ч бодолгүй юм хийдэг. Өнөөдрийн энэ төр шантаажаар л амьдарч байгаа. Одоо энэ бондын мөнгө байна.
-Бондын асуудлыг ч дэмжихгүй байгаа хэрэг үү?
-Эрүүл саруулаар сэтгэх хэн ч төслүүдээ бэлэн болгочихоод, бондын мөнгө ороод ирэхэд маргааш нь шууд ажлаа эхлэх байсан юм. Тэгэхэд өвлийн ид тачигнасан хүйтэн арванхоёрдугаар сард энэ бондын мөнгийг оруулж ирлээ. Өнөөдөр өдөр болгон 270 сая төгрөгийг хүүнд нь төлөөд суутгал хийгдээд явж байна ш дээ. 500 сая нь таван жилийн хугацаатай, нэг тэрбум ам.доллар нь арван жилийн хугацаатай гээд бод доо. Энэ бол гайхуулаад байх зүйл биш. Өдөрт 270 сая төгрөг гэхээр гурван хоногт бараг тэрбум төгрөгийг хүүнд нь төлөөд байгаа. Жилд хэд болох вэ. Наадахыг чинь одоо Засгийн газар эрсдэлээс хол байгаа, Монголбанкинд шилжүүлчихлээ гээд өөрсдийгөө өмөөрцгөөдөг. Монголбанкны мөнгө ч гэсэн Монголын мөнгө шүү дээ. Арилжааны банкууд дампуурвал Монгол дампуурдаг юм байгаа биз дээ. Америкийн 1933 оны хямрал бол банк дампуурсан процесс байсан. Монгол Улсыг дэнчинд тавьж цаг нь болоогүй байхад бондыг оруулж ирсэн. Гэрээ хэлэлцээрээ хийж дөрвөн сард 2-3 чамбай төсөл бэлэн болгочихоод, техник эдийн засгийн үндэслэлийг батлуулаад оруулж ирсэн бол ядаж л хүүнд нь төлөх мөнгө бага байх байлаа. Ийм эрүүл саруул юмыг эд нар ойлгох чадваргүй байна шүү дээ. Өөрсдийгөө магтаж, худлаа шинэчлэл гэдэг үгээр халхавч хийдэг. Нарийн ярих юм бол АНУ гэдэг улс бүрэлдэн бий болж байх үед алтны дайнд явж байсан. Тэр зэрлэг капитализмын үеийн сэтгэлгээгээр Засгийн газар ардчилалд хандаж байна. Тийм байхаас өөр аргагүй.
-Яагаад?
-Монгол төрийн зовлон, жаргал юу байдгийг эд нар мэдэрдэггүй юм. Үүнийг мэдрэхгүйгээр адууны хулгайд явж байгаа юм шиг Засгийн ажлыг хийж болохгүй. Надад тэгж л харагддаг. Ийм тооцоогүй, эмх замбараагүй, улс орныг эрсдэлд оруулсан, эрүүл саруул үг хүлээж авдаггүй, зоргоор, дураараа авирласан ийм л засаг төр ажиллаж байна.
-МАН олонх байсан Засгийн газрын үед эхлэлийг нь ч тавьж чадаагүй томоохон төслүүдийг одоогийн Засгийн газар эхлүүлэх гээд байгаа юм биш үү?
-Төрийн бодлогын уламжлал гэж байдаг. Шинэчлэлийн Засгийн газар гэж одоогийн энэ нөхдүүдийн өөрсдөдөө өгсөн өргөмжлөл болохоос ард иргэд шинэчлэлийн гэж хэлээгүй байгаа. АН-ын гол сайд нар нь МАН-ын Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан хүмүүс. Тэгсэн хэрнээ өөр ертөнцөд амьдарч байгаад Монголд ирсэн юм шиг өнөөдөр шинэчлэл энэ тэр алдаа дутагдал яриад яваа нь өөрөө утгагүй. Жишээ нь төмөр замын асуудлаар бүх будлиан гарч байхад Н.Алтанхуяг Монгол Оросын комиссыг толгойлоод Таван толгойн хэлэлцээрийг хийгээд сууж байсан хүн шүү. Төмөр зам дээр миний ярьж байсан бүх юм үнэн. Баримт бичгүүд бүгд байгаа. Одоо дахиад төмөр зам энэ засгийн үед будилж эхэлж байна. Тэгэхээр наадах чинь зүгээр л улс төрийн зорилготой үнэнийг ард түмнээс нуусан үйлдэл болохоос биш цаад талд нь сүртэй шинэчлээд байгаа юм байхгүй. Тэрнээс хийж чадаж байгаа зүйл юу байна. Жишээ нь төмөр замд бий болсон бодит үнэн “шинэ төмөр зам” төсөл дампуурсан шалтгаан, цаашид хэрхэх тухай М.Энхсайхан үнэнийг хэлээд эхлэнгүүт түүнийг зайлуулж байна. Эд нэг л зүйлийг хийж чадаж байгаа юм байна.
-Тэр нь юу гэж?
-Төрийн албан хаагчдыг хоморголон халаад, оронд нь ямар ч чадваргүй хүмүүсийг түр орлон гүйцэтгэгч гэдэг байхгүй албан тушаалд тавьж л таван сарын хугацааг өнгөрөөлөө. Үүнийг бол элбэг хийж чадаж байна. Цаад талд нь юу болж байна гэхээр төрийн өөрийнх нь чадавхи боловсон хүчнүүдээрээ дамжин суларч байна. Ажил хэргээ дээд зэргээр мэддэг, гаршчихсан албан хаагчдыг халаад оронд нь дөнгөж их сургууль төгссөн хамаатан садангаа, эсвэл сонгуульд явж байсан юу ч хийхээс сийхгүй этгээдүүдийг тавьж байна.Саяхан зурагтаар БШУЯ-ны газрын дарга гээд нэг хүүхэн гарч байна. Тэр хүн юу ярьж байгаагаа өөрөө ч ойлгохгүй сууна лээ.Тэгээд Монголын боловсролын системийг удирдаж байна гээд байгаа юм. Ингэж л төрийн боловсон хүчнийг тогтворгүй болгож, улс төрийн зорилгоор өчнөөн хүнийг ажил, амьдралаас нь салгаж байгаа. Оронд нь сайн мэргэжилтэн авчраад тавихын оронд дандаа дордуулсан томилгоонуудыг хийж байна.
-МАН-ыг Засгийн эрх барьж байх үед ч намын үзэл суртлаар төрийн албан хаагчдыг олноор халж, ажилгүйчүүдийн эгнээ рүү шилжүүлээгүй гэх гээд байна уу даа?
-Улс төрийн зорилгоор тавьсан, баруун зүүнээ мэдэхгүй, чадваргүй юмсыг өөрчилсөн нь үнэн. Би хувьдаа бусад салбар дээр ярьж чадахгүй, өөр дээрээ ярья. Би хэзээ ч тийм үйлдэл хийж байгаагүй. МАН, АН хоёрт нэг л ялгаа бий. Манайх төрийн албаар дамжиж гарч ирсэн, ажил хийж, удирдаж чадах хүмүүсийг томилдог угшилтай нам.
90-ээд жилийн хугацаанд манай намд тогтсон зарчим энэ. Энэ хугацаанд боловсон хүчний шүүлтүүртэй болчихсон. Тэр утгаараа төрийн албанд гаршсан хүмүүсийг тавьдаг. Би жишээ нь арван жил сайдаар ажиллахдаа Д.Сандаг-Очироос өөр хүнийг ЦЕГ-ын даргаар тавиагүй. Жирийн цагдаагаас эхлээд цагдаагийн хурандаа болтлоо явсан, улс төр, бизнесийн муу бүлэглэлээс хол, мэргэжлийн хувьд хэний ч дор орохооргүй хашир, муу юманд оролцохооргүй гэдэг утгаар нь Д.Сандаг-Очирыг Цагдаагийн Ерөнхий газрын даргаар ажиллуулсан юм.
-Таныг намаасаа агентлагийн даргыг сонгож, томилсон тухай дуулддаг л байсан...
-Би намаас агентлагийн даргад хүн авчирч тавиагүй хүн шүү. Арваад жил сайд хийхдээ ганцхан Амарсанааг Иргэний бүртгэлийн даргаар зургаан сар ажиллуулсан. Бусад нь дандаа дотроос албан тушаалын карьераар дээшээ явсан, салбар салбартаа толгойлж чадахуйц хүнийг л би томилдог байсан. Энэ бүх бодлого алдагджээ. Өөр нэг жишээ хэлэхэд, миний үед Д.Мөрөн гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын дарга байсан. Одоо оронд нь Ховд аймагт махны наймаа хийж байсан хүнийг тавьчихаж байгаа юм. Д.Мөрөн хэн билээ, тэр шинээр томилогдсон хүн нь хэн бэ гэдэг хоёрын хооронд дэндүү их ялгаа байна.
-Долдугаар сарын 1-ний хэргээр ял сонсоод байгаа хурандаа нарын томилгооны тухайд ярихгүй юу?
-Миний дараа хийгдсэн томилгоо шүү дээ. Ч.Амарболдыг буцаад цагдаад авна гэхэд нь би “Ч.Амарболдыг сайд болго, агентлагийн дарга, эсвэл Элчин сайд зэрэг албанд томил. Наад хүнийг чинь цагдаад л буцааж тавьж болохгүй” гэж хэлээд дийлээгүй.
-Яагаад тэр үед та Ч.Амарболдыг цагдаад буцааж тавьж болохгүй гэж хориод байсан юм бэ?
-Тэрийг нь хэлж хэрэггүй байх. Болохгүй гээд байхад надаас зөрөөд Ч.Амарболдыг томилсон. Лайтай юм шиг долдугаар сарын 1-нд цагдааг удирдаж байгаад энэ асуудалд орооцолдсон. Гэхдээ Ч.Амарболд нарыг цэргийн гэмт хэргийн зүйл ангиар шийтгэсэн нь буруу шүү. Энэ бол цэвэр хэлмэгдүүлэлт. Цагдаагийн дарга, дотоодын цэргийн командлагч гэдэг утгаараа дотоодын цэрэг командалж байх үед алдаа гаргах юм бол цэргийн зүйл ангиар явдаг. Долдугаар сарын 1-ний албадан дарах ажиллагаанд дотоодын цэрэг оролцоогүй. Дандаа цагдаагийн хэв журмын алба орсон. Дотоодын цэрэг ороогүй учраас Ч.Амарболд нарт цэргийн зүйл ангиар ял ногдуулсан нь шинэ цагийн хэлмэгдүүлэлт. Энэ хэзээ нэгэн цагт цайрна.
-Шүүхийн шинэчлэлийн талаарх таны байр суурь юу вэ?
-Шүүх өнөөдөр олигархиудын гарт орчихсон. Тэдний хүссэн шийдвэрийг гаргаж өгдөг. Ийм байхад гоё болж байна гэх үү. Баруун гараараа шинэчлэл ярьчихаад, солгой гараараа завхруулаад байна. Шүүх одоо улстөрчдийн зэвсэг боллоо. Өвөрхангайн сонгуулийн талаар шүүх ямар шийдвэр гаргаж байгааг та нар харж байгаа биз дээ. Хан-Уулд авчирч нэг шийдвэр гаргуулаад, тэр нь нурангуут Өвөрхангайд шийдвэр гаргуулаад л. Өвөрхангайнх нь болохоор Хархоринд очиж шийдвэр гаргуулаад л. Би шүүхийн шинэчлэлд нэг л юман дээр санал нийлдэг. Сэтгэлгээний шинэчлэл үнэхээр хэрэгтэй. Яагаад гэхээр, дандаа мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн талд үйлчилдэг болчихсон учраас тэр. Одоо энэ шинэчлэл гэж эхэлснээс хойш бүр дордсон. Хэзээ Монголын шүүх сонгуулийн луйварт оролцож байсан юм бэ. Хэзээ Монголын шүүгч цагаан дээр хараар бичсэн хуулийг зөрчиж, шийдвэр гаргадаг байлаа. Энэ МАХН гэдэг юмыг бүртгэх өдөр “Монгол шүүхгүй, хуульгүй боллоо” гэж би хэлж байсан. Одоо мөрдөж байгаа улс төрийн намуудын хуулинд намууд нэрээ өөрчлөх юм бол тэрнийг бусад иргэн, хуулийн этгээд хэрэглэж болохгүй гээд 15 дугаар зүйлд нь заачихсан байдаг юм. Манай нам нэрээ өөрчлөөд МАН нь МАХН-ын зүй ёсны эхлэл, үргэлжлэл мөн гэсэн заалтыг дүрмэндээ хийж өгсөн чинь Дээд шүүх бүртгэсэн. Тэгж бүртгэсэн атлаа сүүлд МАХН-ыг давхар бүртгэсэн. МАН-ыг задалж, хорлохын тулд улс төрийн захиалгаар Дээд шүүхийн хийж байгаа ажил энэ. Шүүхийн шударга ёсны тухай одоо бүр мартсан нь дээр. Дээд шүүхийн одоогийн энэ удирдлага, бүрэлдэхүүн хэвээр байсан цагт шүүхийн ялзрал улам эрчтэй явагдана. Ер нь Дээд шүүхийг бүрэн бүрэлдэхүүнээр нь солих хэрэгтэй. Би шүүхийн шинэчлэл ярихын тулд бүх насаар нь томилдог Үндсэн хуульд гар хүрэх хэрэгтэй гэж үздэг хүн. Бүх насаар нь томилдог энэ зарчимд дулдуйдсан, цадиггүй хэсэг нь дээр нь гарч ирчихээд Монголын төрийг, хуулийг, засаглал хуваарилах зарчмыг алж байгаа юм. Арга ядаад 2003 онд би Шүүхийн хуулийг оруулахдаа Дээд шүүхийн корпусыг бүрэлдэхүүнээр нь өөрчилье гэж бодсон. Ганц арга нь шүүгчдийнх нь тоог цөөрүүлж 17 шүүгчтэй байсныг 14 болгоод, сонгон шалгаруулалт явуулах гэсэн чинь тэр үеийн Дээд шүүхийн удирдлага өөрсдөд нь таалагддаггүй гурван шүүгчийг сольж, бусдыг хэвээр нь батлаад орхисон. Одоо Дээд шүүх улаан цайм нүдэн дээр хууль хулгайлж луйвардаж байна. Наана чинь нэг юм байгаа. Жирийн ардын хэрэг болохоор манай шүүгч нар юунаас ч илүүтэйгээр шударга шийддэг. Улстөрчид, мөнгөтэй хүмүүс ороод ирэхээр бүгдийг нь нураадаг. Жишээ нь, 17 чингэлэг спиртийн хэрэг, Солонгосын “Номаранг” компанийн 60 сая ам.доллар залилсан хэргүүд бий.
-Таныг Хууль зүйн сайд байхдаа Эрүүгийн хуулийг чангатгаж, шоронжсон Монголыг бий болгосон тухай Х.Тэмүүжин сайд шүүмжилдэг байсан. Одоо Эрүүгийн хуулийн тэдгээр хатуу заалтуудыг шинэчлэх гэж байна?
-Хуулийн төсөл орж ирээгүй байгаа учраас одоогоор энэ талаар хэлэхэд эрт байна. Нэгдүгээрт, би бусдын ажилтай зууралдах дургүй. Ер нь зарчмын хувьд хоёр, гуравхан юм байдаг. Монголын хууль, хяналтын байгууллагыг шинэчилдэг юмыг чинь хийсэн хүн би шүү. Хамгийн сүүлд 2004 онд яамны эрхзүйн байдлын, агентлагийн эрхзүйн тухай гэсэн хоёр хууль гараагүй байсан. Тэр хоёр хуулийг сайд байхдаа хийгээд, Эрүүгийн хууль, Иргэний хууль гэсэн том хуулиудыг 2002 онд батлуулсан. Одоо бол шинэчлэл хийхэд хэцүү. Шинэчлэл хийхэд Монголын нөхцөлийг мартаж болохгүй. Монголын нөхцөлд буруу юм хийчих юм бол зөв хийсэн гэж тооцож байгаа нь буруу тийшээгээ явчихдаг. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн Шүүх эрх мэдлийн тухай маш тодорхой бүлэг байдаг. Тэрэнд хүссэн ч эс хүссэн ч одоо гаргах гэж яриад байгаа тэр хуулиуд нь захирагдаж таарна. Миний 2002 онд батлуулсан арваад хууль бол эх газрын буюу Франц, Германы бичмэл хуулийн системээр батлуулсан хуулиуд. Наад хуулиудыг чинь боловсруулахад Германы шилдэг эрдэмтэд ирж оролцсон. Зүгээр л улс төрийн зорилгоор энэ хууль чанга болчихлоо гэж шүүмжилдэг л юм. Нэгт, хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг тэнсэхийг болиулчихсан. Хоёрт, гэмт хэрэг үйлдээд, хохирол учруулсан хүн хохирлоо төлөөгүй бол урьдчилан суллахыг болиулсан. Ийм л хоёр хатуу юм бий. Тийм ч хатуу биш байгаа биз.
-Одоо Х.Тэмүүжин Хууль зүйн сайд болчихлоо. Таныг шүүмжилж байсан шиг танд ч гэсэн Х.Тэмүүжин сайдад шүүмжлэлтэй хандах үе гарна биз?
-Залуу хүн алдаж, онохыг алийг тэр гэх вэ. Хамгийн гол нь алдсанаа ухаарах чадвартай л байх хэрэгтэй. Тэмүүжин бид хоёрт хуулчийн хувьд асар их зөрүү бий. Путин, Медведев бид гурав чинь багш нэгтэй юм шүү дээ. Би чинь арван жил Улсын прокурор, Дээд шүүхийн түвшинд хэрэг уншиж, хоёр удаагийн Эрүүгийн хууль хэрэглэж 2002 оны хууль батлуулж практик дээр ажилласан. Монголын хууль, хяналтын байгууллагуудын хаана нь ямар чулуу яаж хөдөлж байна гэдгийг мэддэг болчихсон байх үедээ сайдаар томилогдсон. Тэмүүжин бол их сургуулийн багшийн түвшний хүн. Хүссэн ч эс хүссэн ч Тэмүүжин Үндсэн хууль, Монголын нөхцөл, бичмэл хуулийн зарчим гуравт шахагдана, би ч шахагдаж байсан юм. Шүүхийн зохион байгуулалтыг өөрчилнө, Эрүүгийн шүүх, Иргэний шүүхтэй болно, давж заалдах шатны шүүхүүдийг тойргийн журмаар байгуулна гээд төсөл ороод ирчихсэн явж байна. Тэр нь дахиад амьдралаас хол явж байгаа. Заримдаа Х.Тэмүүжин Монголын бодит нөхцөлийг мэдрэхгүйгээр яриад байдаг нь анзаарагддаг. Х.Тэмүүжинтэй анх ажил авахаас нь өмнө уулзаж “Чи энэ салбарыг толгойлох нь ойлгомжтой боллоо. Ийм ийм юмыг, ингэж анхаарч ажиллах нь дээр байх” гэдгийг салбар тус бүрээр нь хэлж өгсөн. Би гэхэд Хууль зүйн яаманд хууль бичдэг хэдэн хүн байдгийг мэднэ. Энэ яаманд хамгийн олон томилогдож, хамгийн удаан хугацаанд удирдсан хүн нь би өөрөө. Богдын засгаас хойшхи зуун жилийн хугацаанд шүү. Хэн нь хуулийг яаж бичиж оруулж ирдэг, Эрүүгийн хууль, Иргэний хууль дээр хэн нь сууж чаддагийг би мэднэ. Ер нь бол Хуулийн сайдын ажил чинь чин шударгаар ажиллаж, жаахан эмх бусыг хуулийнх нь хүрээнд байлгая гэж зүтгэх юм бол хэн ч байсан миний тавиланг л дайрна. Тэр утгаар нь ойлгох л ёстой байгаа юм.
-Өвөрхангайн тойрогт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзоригийн тангараг өргөх асуудал юу болсон бэ. Энэ талаар МАН, АН-ын хооронд ямар нэгэн тохироо байгаа юм уу?
-Мэдэхгүй. Би тохироо хийгээд суудаг хүн биш. Чин үнэнийг хэлэхэд тохирооны сэдвээр ярих ч дургүй. Яалт ч үгүй Өвөрхангайд нэг нь 1500, нөгөө нь 6000 саналаар АН-аас нэр дэвшсэн хүмүүсийг ялсан нь үнэн. Тэрийг л Шүүхийн журмаар устгаж байна. Одоо энэ хүний хэрэг зарга нь юу болох юм бол. Ер нь цаашдаа баян хүнтэй сонгуульд өрсөлдөөд нэмэргүй юм байна гэж бодогдох боллоо. Жишээ нь, чи сонгуульд яллаа гэхэд жижигхэн шалтаг гаргаж, эсвэл өөрсдөө зохион байгуулаад чамайг тэр бүхнийг хийсэн болгож хувиргаад, Шүүхээр шийдвэр гаргуулаад, ялагдсан хүн нь гараад ирдэг ийм л жишиг тогтож байна. Өөрөөр хэлбэл шударга сонгууль “баяртай” гэх нь холгүй болж байна.
-УИХ-ын гишүүн Д.Арвин МАН-аас нэр дэвшиж сонгогдсон ч гишүүний тангаргаа өргөөд удалгүй АН-д элссэн. Яагаад МАН-ын гишүүд ийш, тийш нь урваж, шарваад байдаг болчихов оо?
-Хуучин эрчүүд нь урвадаг байсан бол одоо эмсүүд нь урваж эхэллээ. Д.Арвингийн явдал бол эрчүүдээс давсан үзэгдэл шүү. Би Д.Арвиныг МАХН руу явсан бол хүний ёсоор ойлгох байсан. Болсон ч бай болоогүй ч бай мах цусны тасархай гэх үү дээ. Ардын намын бүх даргын үед Д.Арвин тэдэнтэй яаж харьцдаг, яаж амьдардаг байсныг нь би мэднэ. Сонгогчид нь гомдож л байгаа ш дээ. Дээрээс нь цаад талд нь нэг юм байгаа. Урвуулж авч байгаа юмс нь урвагчаасаа хогийн харагдаж байна. Сандал, ширээн дээрээ жаахан тэсэхийн тулд бүх зарчмаа умартаад, бүх хууль, ном журмыг уландаа гишгээд, өчигдрийн дайсантайгаа өнөөдөр нэг хөнжилд орж хэвтчихээд, дарга царайлаад суудалдаа сууж байгааг нь хараад миний огиудас цутгаад байдаг юм. Д.Арвин цагтаа Э.Бат-Үүлийг юу гэж хэлдэг байлаа. Одоо болохоор Н.Алтанхуягийн намын өвөрт орчихоод байж л байна. Өнөөдөр эр, эмгүй л урвадаг болчихож. Энэ нь монгол төрийн сульдаа болж байна. Сонгуульд санал өгсөний, үзэл бодлын, улс төрийн нам, эрх чөлөөний утга учирыг алдагдуулж байна. Бүх юмыг утгагүй, давсгүй, амтгүй болгож байгаа юм чинь энэ их урвалт шүү. Манай намаас нэр дэвшиж төрийн тэргүүн болчихоод нэр дэвшүүлсэн намтайгаа тэрсэлддэг, нөгөө талтай хүч хавсардаг, юмыг л энэ 20 жилд нүдээрээ үзэж биеэрээ мэдэрлээ. Заримдаа сэтгэл шархираад сууж болохгүй юм. Энэ их урвалт эцсийн дүндээ, Монголд хүнгүйдэх, ёс жудаггүй байх явдлыг “зан заншил” болгох төлөвтэй байна. Өнөөдөр эд нар нэг намаас нөгөөд урваж явж байна. Маргааш мөнгөний хэрэгцээ гарвал эх орноосоо урваж ч мэднэ шүү.
-УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулгыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа солонгос, хятадуудтай төмөр зам бариулах асуудлаар нууц гэрээ хийсэн гэж та ярьдаг. Тухайн үед төмөр зам тавих ажилд энэ мэтээр таныг саад хийсэн гэдэг нь үнэн үү?
-Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гэж Х.Баттулгын батлуулсан эд л дээ. Тэр 1100 км замыг Оросуудтай тавина гээд баахан ярьж “Дэд бүтцийн хөгжил” гэж компани байгуулчихаад түүнийгээ хаясан. Яг тэр замыг барина гэж Гансүх сайд нь Хятадын төмөр замын дэд сайдтай санамж бичигт гарын үсэг зурсан. Дараа нь энэ замыг Солонгосуудтай барина гээд Батзаяа нь гэрээ хийсэн. Нэг төмөр замыг гурван улс оронтой хамтарч барина гээд бүгдийг нь хуурсан. Сүүлд нь Нямдорж төмөр зам бариулсангүй гэж худлаа яриад, хэдэн телевизэд мөнгө өгч захиалгаар над руу дайрсан. Одоо М.Энхсайханыг халчихлаа. М.Энхсайхан үнэнийг хэлсэнийхээ төлөө гудамжинд гарсан.
-М.Энхсайхан нэг үе таныг гадаадын тагнуул гэдэг байсан. Үүнээс болж та хоёр одоо ч таарамж муутай хэвээр үү?
-Бид хоёр таарамжгүй нь үнэн. Гэхдээ үнэн үг хэлж, мөнгө хувааж идэхээс татгалзаж, бодит үнэнийг төрд хүргэх гэснийх нь төлөө түүнийг өшиглөж байгаад нь дургүй хүрээд байна.
-Тэгэхээр таныг М.Энхсайханыг өмөөрч байна гэж ойлгож болох уу?
-М.Энхсайхан бол АН-д байсан хүмүүс дотроос төрийн тогооноос хулгай хийгээгүй хуруу дарам хүний нэг яах аргагүй мөн. Энхсайхан намын дарга болчихоод намайг гадаадын тагнуул гэж Л.Гүндалайгаар зарлуулсан нь бас үнэн. Тэр үед би Энхсайханд нэг захидал бичиж танай сонинд нийтлүүлж байсан юм. Түүнийг олж уншаарай. Улстөрчийнх нь үйлдэл, элдэв юмыг бодсон ч тэр хэзээ ч би М.Энхсайхантай нэг “хөнжилд” багтахгүй. Бид энэ хэвээр явж байгаад дуусах байх. Гэхдээ төрийн төлөө үнэн юм хэлж зарчмаа барьж байгаа тохиолдолд би түүний өмнө хаалгаа бас хаахгүй.
-М.Энхсайхан та хоёрын харилцаа энэ чигтээ явсаар байгаад дуусдаг юм байж. Хамгийн сүүлд Н.Энхбаяр та хоёр хоорондоо эв түнжин хагараад авсан. Таны дараагийн өстөн бас л гараад ирэх байх даа?
- Би энэ сэдвээр яримгүй байна. Би бол юу ч яриагүй. Над руу дайраад байхаар нь нэг удаа хариу хэлсэн. Дахиж дуугараагүй.
-Уучлаарай. Та хөлсний байранд амьдардаг хэвээр үү?
-Хэвээрээ. Би хүний байранд амьдардаг. Түрээсийг нь талууд хоорондоо тохирсон. Тохиролцож чадах л юм бол түрээс төлөхгүйгээр, хулгай оруулахгүйн тулд тэр байранд амьдарч болно. Тэгээд л бол оо. Бага хүү маань тусдаа гарахаар нь хуучин амьдарч байсан байраа өгчихсөн.
-Таныг Ухаа худагаас байр авсан гэж ярьдаг. Тэр байрандаа амьдардаггүй юм уу?
-Төмөр замын нууц гэрээний цаана мөнгө идэх бөөн сонирхол явж байгаа. Үүнийг нь хэлсний төлөө өгч байгаа хариу нь тэр. Би Ухаа худагаас байр аваагүй. Энэ чинь УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн “Шунхлай” компанийн оролцоотой нэгдэл. “Танай Баттулга чинь намайг Ухаа худагаас байр авсан гэж олон нийтэд зарласан. Одоо байраа авъя” гээд Батхүүгээс “нэхээд” байгаа. Юугаа өгдөг юм. Худлаа л байхгүй юу. Үнэнийг хэлж чадах хүнийг өрсөж дарах, ярьсан үгийг нь үнэгүйдүүлэхийн тулд худлаа цуурхал тараадаг л байхгүй юу.
-Та орондоо хууль зассан нэр зүүсэн. Яагаад үе үе таны тухай ийм яриа дэгдээд байдаг юм бэ?
-Богдын, ардын хувьсгалын, шинэ цагийн төрийг оролцуулаад ярьвал энэ хугацаанд хамгийн олон хууль бичсэн хүний нэг нь би шүү. Жишээ нь, хуулинд “тэмээ ботголов” гэсэн утгатай үг орж ирэхээр нь “ингэ ботголов” гэж засчихсан. Тэгээд л бол оо. Цаад талд нь “Гандирас” хороолол барих нэрийн дор Монгол банкнаас 250 сая ам.доллар луйвардах гэж байсныг би хаасан. Тэр өрийн бичгийг гадагшаа гаргасан нөхрийг Монгол банкны ерөнхийлөгчөөс зайлуулах ажлыг гардан зохион байгуулсан. Битгий соль гэж олон дарга гуйсан. Хэнийнх ч үгэнд ороогүй. Тэрний хариуд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гаргуулсан түүхтэй. 1990 онд Монгол Улс 55 хуультай байсан. Одоо 850-иад хуультай. Үүнээс 430 нь бие даасан хууль болсон. Шинэ цагийн Монгол төрийн хуулийн байшин нэгэнт боссон гэсэн үг. Энэ хуулийн байшин босоход хамгийн их шавар цутгасан хүн нь гэвэл би. Арваад жил хуулийн сайд хийлээ. Бусад хуулиудыг Үндсэн хуулинд нийцүүлэх ажлуудыг хийсэн. 1992 оноос хойш хуультай зууралдаж бичиж байгаа хүн нь би байгаа юм. Хуулиудтай өдөр шөнөгүй, өглөө оройгүй ноцолдохдоо унтах гэдгийг мартсан. Тэрийг л хүмүүс орондоо, хөнжил дотроо хууль зассан л гэдэг юм. Орондоо ороод хэвтсэн байхад, хуулийн нэг үг орж ирэх юм бол босч нөгөөдөхөө төсөл дээр суулгадаг л байхгүй юу. Ингэж байж л хууль босдог. Би хуулийн бичээч хүн. Тэрийг орондоо, хөнжил дотроо, эсхүл ширээний хойно сууж байгаад бодох, бичих нь ялгаагүй. УИХ-ын гишүүд тийм л ажил хийх ёстой. Гэтэл өнөөдрийн УИХ-ын гишүүд бүгдээрээ бүхнийг мэдэж телевизийн өмнө ший үзэгдэл тоглож чалчих юм. Суугаад бич гэхэд юу ч гараас нь гарахгүй. Том том ярина, мэдэхгүй юм байхгүй. Нусаа гоожуулчихаад жаахан ааруул олдвол хүлхээд сууж байдаг хөдөөний “хэнхэг бацаан” шиг л харагддаг. Эцсийн дүнд төрд зүтгэж байгаа хүнээс нэг бол барилга байшин, нэг бол хууль үлддэг. Хууль бичнэ гэдэг чинь хүний сэтгэл зүрхнээс урсч гардаг чин сэтгэлийн үг, чадал чинь хүрвэл төрийн бодлого болж хувирдаг эд. Зохиолч, хуулийн бичээч хоёрын ялгаа нь энэ. Би Б.Чимэд багшийн бичсэн хуулийн төсөл дээр засъя гэсэн ч засах үг олддоггүй юм. Ийм л нарийн эд дээ. Хууль бичсэн, зассан, өөрчилсөн гэж шүүмжлэх биш өөрсдөө уншиж, бичиж, засаж өөрчлөх үүрэгтэй улс шүү энэ сайд, УИХ-ын гишүүд чинь. Зарим нь энэ үүргээ мэдэхгүй насаа элээж байна.
Ярилцсан Ч.АННА
No comments:
Post a Comment