Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам Америкийн философич, алдарт зохиолч Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг Монголын тайзнаа анх удаа тавилаа. Өчигдөр орой “Од” кино театрын тайзнаа амилсан, 101 мянган төгрөгийн тасалбартай уг жүжгийг эхлэхтэй уралдан, Со гавьяаттай хэдэн хором ярилцсан юм.
-Дэлхийн хэмжээнд 18 театрт тавигдсан “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг Монголын тайзнаа анх удаа амилуулах гэж байна. Гэвч том тайз, олон үзэгчдэд хүргэх гэж эрмэлзсэнгүй?
-Айн Рэнд 1933 онд энэ жүжгийг анх “Пентхаус” нэртэйгээр бичсэн юм. Түүнийг амьд ахуйд Лондон, Лос-Анжелес, баруун Европын тайзнаа жүжиг болгон тавьсан ч Айн Рэндэд огт таалагдаагүй гэдэг. Учир нь, жүжгийн найруулагчид хэтэрхий гоёчлон, уран сэтгэмжээр чимсэнд тэрээр дургүйцсэн юм билээ.
“Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг бага тайз, нягт орон зайд тавихаар шийдсэн минь учиртай. Ийм л орчинд үзэгчид харц, амьсгалаараа хүртэл биесээ мэдрэх боломжтой. Ингэж л Айн Рэндийн философийг жинхэнэ шүүлтүүрээр зөв шүүн тунгаана.
-Жүжгийн багаа бас бодолцож сонгосон уу?
-Өнгөрсөн жил найруулан тавьсан “Төгс” жүжгийг орчуулсан Б.Цацралын орчуулгаар “Нэгдүгээр сарын 16-ны шөнө”-ийг тавьж байна. Мөн “To be or not to be” шоуны эхний гурван байрт шалгарсан дөрвөн залуу, шилдэг 12-т багтсан нэг оролцогч гээд таван шинэ залууг “Х-ТҮЦ” хамтлагийн уран бүтээлчидтэй сүлэхээр шийдсэн маань ч учиртай. Залуусаа дэмжиж, соргог шинэлэг зүйл, аливаа үзэгдэл юмсыг олон талаас нь хардаг байвал энэ улсын хөгжилд хэрэгтэй болов уу гэсэн бодол маань намайг хөтөлсөн юм.
“Х-ТҮЦ” хамтлагийнхан бол бор зүрхээрээ баялаг бүтээж яваа залуус. Тэд бусдад сайн, муу хэлэгдэхээс айлгүй хийж туурвиж байна. Алдахаас айдаггүй хүмүүс л аливааг босгож чаддаг юм. Нөгөө талаас энэ продакшныхан залуу уран бүтээлчдийг дэмжиж, хамтарч ажилладаг. Өөрсдийнхөө хүчээр баялаг бүтээж, өөрсдийнхөө чиг мөрөөр хорвоог туулж яваа хүмүүстэй хамтарч ажиллах таатай байдаг. Энэ ч утгаараа сэтгэлгээний бүтээлд хамтарч ажиллая гэж энэ залуусыг урьсан юм.
-Айн Рэндийн зохиолуудын өрнөл тун сонирхолтой боловч нийгмийн массад зориулагдаагүй байдаг?
-Тийм ээ. Би энэ жүжгээр “Бид үнэнд хэр ойр байдаг юм бол” гэдэг асуултыг хөндөж байгаа юм. “Хамгийн гол нь сэтгэлээ чагна” гэсэн санааг ч дэвшүүлсэн. Айн Рэнд “Төгс” жүжгээрээ “Хүн эхээс төрсөн цагаасаа эхлэн өөрөөсөө ямх ямхаар урвасаар байдаг. Яг л цоорхой халаасаар задгай мөнгө цувран унах мэт өөрийгөө эмтэлсээр байдаг. Төгс төгөлдөр хүний шинж бол өөрөөсөө урвадаггүй байх явдал юм” гэж хэлсэн. Энэ бол түүний жинхэнэ үзэл бодол.
-Та ер нь хэнд зориулж жүжиг тавьдаг юм бэ?
-Би ямар нэгэн цаг хугацаа эсвэл улстөрийн ашиг сонирхолд зориулж жүжиг тавьдаггүй. Сэтгэл зүрхийнхээ дуудлагаар л амьдардаг хүн. Энэ хэмнэл, итгэл үнэмшил, амьдралд хандах хандлага маань л Айн Рэндийн жүжгийг тавих сэдэл болдог.
Д.Урианхай гуайн шүлэг, найргийг тайзан дээр амилуулсан жүжигчин байхгүй.
Би түүний бүх номыг уншсан. Тайзан дээр амилуулах гэхээр ойр дотныхон маань “Хүмүүс ойлгохгүй шүү дээ” гэдэг. Тэгэхээр нь миний ааш хөдөлчихдөг. Хожим тайзнаа амилуулахад бүгд уулга алдаж байсан.
Би нийгмийн масс, сүргийн бүтцэд зориулж юм хийгээд байвал өөрөө мөхнө шүү дээ. Харин сүргийн массаас нэг ч гэсэн хүнийг суга татаж гаргаж ирвэл сайн. Хэдий хүртэл нохойн амьдралаар амьдрах юм бэ. Хүн юм бол хүний амьдралаар л амьдрах хэрэгтэй.
Либертари үзлийг Монголын хүн амын цөөхөн хувь нь л хүлээн зөвшөөрнө. Гэхдээ энэ үзэл бодолтой санал нийлдэг, бие дааж амьдрах хүсэлтэй, хэн нэгний халаасанд орох дургүй залуус олон бий. Хүн боловсролтой байж болно. Гэхдээ өөрийнхөөрөө байж чадахгүй бол түүн шиг эмгэнэл үгүй. Өндөр боловсролтой, олон гадаад хэл мэддэг, зөндөө ном уншсан, мэдлэгтэй ч өөрийнхөөрөө байж чаддаггүй хүн олон. Тэд уншсан номынхоо юм уу, эсвэл ажлынхаа газрын хэн нэгний боол болчихсон байдаг нь даанч өрөвдмөөр.
-Айн Рэндийн санаа таны баримталдаг зарчим, ертөнцийг үзэх үзэлтэй яг тохирдог юм аа даа?
-Би “Өөр хэний ч биш, зөвхөн өөрийнхөө л боол бай. Эзэн байвал зөвхөн өөрийнхөө л эзэн бай. Хэнийг ч бүү боолчил, мөн хэнд ч бүү боолчлогд. Хэнийг ч бүү эзэгнэ, мөн хэнд ч бүү эзлүүл” гэдэг зарчим баримталдаг.
Би эрх чөлөөтэй байхыг хүссэнийхээ хэрээр үргэлж эрх чөлөөтэй байдаг. Социализмын үед эрх чөлөөтэй байх хүслийг минь боомилж байсан ч гэсэн би эрх чөлөөтэй л байсан. Би тэр аргамжаанаас тасрах ёстой байсан. Тиймээс ч 1990 онд аргамжаагаа тас цохисон. Монгол Улсад хөгжиж байгаа ардчилал, эрх чөлөөг би хэзээ ч чамладаггүй. Өнгөрсөн хугацаанд бид их ололт олсон. Тэгсэн атлаа одоо ухарч байна. Монгол Улс 23 жилийн турш хөгжих, ухрах хоёрыг зэрэгцүүлж явлаа. Харамсалтай нь, сүүлийн үед ухрах нь давамгайлж байна.
Бэлэн юман дээр уначих санаатай, хүнээр хөтлүүлж байж л юм хийдэг, хүний шүдээр зажлуулж байж л хоолоо идэх санаатай улстөрчид Монголын төрд гарчихаж. Ард түмнийхээ ядуугийн зовлон дээр дөрөөлөөд, дарангуйлал тогтоох хандлага давамгайлж байна.
Би энэ жүжгийг огт санамсаргүй тавиагүй. Үнэхээр бухимдмаар зүйл олон байна. Гэхдээ цаг үеийн захиалга гэж хэлж болохгүй. Бидний сэтгэл зүрхний дуудлага л гэмээр байна.
-Айн Рэндийн жүжгүүдийг Монголд тавьж байгаа нь сайшаалтай ч хүссэн хүн бүр үзэж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, жүжгийн тасалбар хэтэрхий үнэтэй байна. Хүлээн зөвшөөрөхгүй, ойлгохгүй ч гэсэн шинэлэг зүйл үзэхийг хүсч байгаа хүн олон шүү дээ?
-Ийм жүжгээр Монголд л лав ашиг олно гэж байхгүй. Гэхдээ нэг их алдагдал гараагүй. Яг энэ үзлээр өөрийгөө үргэлж өндөрт өргөж, тэтгэж явдаг залуус ивээн тэтгэж байгаа. Ийм л хүмүүс үзэл бодлоо хамгаалахын тулд хөрөнгө оруулалт хийж байна шүү дээ. Ивээн тэтгэж байгаа хүмүүсийг би хохироож болохгүй биз дээ. Үзэл бодол, санаанд нь нэрэм болдоггүй юм гэхэд гай болохгүй, урам дэм өгч явах хэрэгтэй. Оюун санаа, сэтгэлгээнд тэсрэлт хийж байгаа нь л энэ жүжгийн хамгийн том ашиг ололт.
Харин хүссэн хүн бүр үзэж чадахгүй байна гэдэгтэй санал нийлэхгүй. Учир нь, “Сайтар эргэцүүл”, “Төгс” жүжгүүдийг дараа нь телевизүүдээр гаргасан. DVD ч болгосон. Энэ жүжгийг маань NTV телевизээр шууд дамжуулна. Жүжгийг орон даяар шууд дамжуулж байгаагаараа Монголд анхдагч гэж бодож байна. Бүх телевизтэй яриад зэрэг дамжуулж болно. Хүмүүсийн сонголтыг хүндэтгээд тийм алхам хийсэнгүй. “UBS” телевиз ч бас жүжгийн давталтыг дамжуулна. Тиймээс энэ жүжгийг нэг хэсэг хүн биш нэлээд олон хүн үзэж чадна. Бас удахгүй DVD болгож гарна.
-Дараагийн тайзны бүтээл тань ч бас Айн Рэндийнх үү?
-Тийм ээ. Таван эмэгтэйн тухай жүжиг байгаа. Талх барьдаг ч талхаа хүнд өгдөггүй нэг эмэгтэй бий. Хүн түүний барьсан талхыг идэх гэхээр “Яагаад миний хийсэн талхнаас идэх гээд байгаа юм бэ. Чи өөрөө яагаад талхаа барьдаггүй юм бэ” гэдэг. Энэ мэт таван өөр амьдрал, ааш араншин, үзэл бодолтой таван эмэгтэйн тухай өгүүлэх юм.
-Жүжигчдээ сонгосон уу?
-Аль хэдийнэ сэтгэл дотроо харчихсан. Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Эрдэнэцэцэг, “ТВ коктейл”-ийн Н.Цэнд-Аюуш гээд сайн жүжигчид бий.
-Дууны уран бүтээл тань орхигдоод байна уу даа?
-Үгүй шүү. Хоёрдугаар сарын 8, 9-нд долоон хамтлагийг нэгтгэсэн томоохон тоглолт хийхээр төлөвлөж байгаа. Өнгөрсөн жилийн тоглолтод оролцсон таван хамтлаг дээр “Тэнгэр аялгуу”, “Бөртэ” хамтлаг нэмэгдэнэ. Хүүхдүүддээ ажлын чиглэлийг нь өгчихсөн, тэд маань бэлтгэлээ базааж яваа.
-Хоёулаа одоо уран бүтээлээс арай өөр зүйл яръя. Аливаа хүн итгэл үнэмшлээ бурхнаар илэрхийлдэг. Таны бурхан юу вэ?
-Миний шүтдэг ганцхан бурхан бол ээж. Бусад бурхдыг анзаарч, хүндэтгэдэг ч шүтэж залбирдаггүй.
Би ээж, эмээ хоёртоо хүн хүнээс илүү хайртай. Эмээгийнхээ сүү гардаггүй хөхийг л харж “Ганц хөхчихье, тэгэх үү” гэж гуйж, хүн болсон хүн шүү дээ, би. Нөгөө талаар би өвөө, эмээ хоёр дээрээ өссөнөөрөө их оножээ. Хүний ухаан, мэдлэг, мэдрэмж, ижий, аав хоёрын олдсон заяанаас жаахан өгөөж, байгалиас заяагдмал юм байсныг эмээ, өвөө хоёр маань баяжуулж өгсөн. Тиймээс ч тэр хоёртоо эгэлгүй их хайртай. Үүрд тэдэнтэйгээ л хамт байх юм шиг боддог байлаа. Харин аавыгаа бурхан болсны дараа “Амьд бүхэн үхдэг юм байна” гэдгийг ойлгосон доо. Аавын малгай, хөлсний үнэр бусдынхаас их онцгой. Тамхины бохь нь хүртэл онцгой үнэртдэг байлаа.
-Аав, ээж гээд ярихаар л нутаг нүдэнд харагддаг даа?
-Тэгэлгүй яах вэ. Би нутаг амьтай хүн. Жил бүр Товгорын бууцандаа очиж хөрвөөнө. Надад нэг сонин араншин байдаг юм. Нутагтаа очихоор багадаа морь унаад давхиж явсан толгодуудаараа заавал явна. Болж өгвөл ганцаараа явах дуртай. Гэвч би хэзээ ч нутгархдаггүй. Хэт нутгархах үзэл хамгаас хортой. Цөөхөн монгол битгий хэл хүн төрөлхтөнд хортой.
Би орон нутгийнхаа байгалийн гоо үзэсгэлэнгээр цаг үргэлж бахархдаг. Энэ бол бидний эргэн тойрны хүмүүсийн шуналд зориулагдсан зүйл биш. Намайг амьд байлгах гэж энэ дэлхий оршиж байгаа юм. Миний амьсгалаар байгаль дэлхий эргээд амилдаг гэдгийг би мэдэрдэг. Тиймээс л би хэтэрхий нутаг амьтай.
-Хамгийн хайртай зүйл чинь ээж, эмээ. Харин дараагийнх нь нутаг уу?
-Хамгийн түрүүнд би өөрийгөө хайрладаг. Ингэж л бусдыг хайрладаг юм. Зарим хүн “Би чамайг их хүндэлж, хайрладаг” гэдэг. Өөрийгөө таньж мэдээгүй хүн бусдыг хайрлана гэдэг худлаа.
-Тэгвэл аливаа юмны үнэ цэн чухам юунд оршдог юм бол?
-Бид Монголын хөгжлийн үнэ цэнийг гэр бүлийн үнэ цэн гэж ойлгох ёстой. Гэр бүл доторх хайр энэрэл хүүхдэд нөлөөлнө. Монголчууд гэр бүлийн үнэ цэнийг дээдлэх ёстой. Эхнэрээ хайрлаж чадахгүй, эхнэртээ гар хүрдэг хүмүүс яаж төр барьж, яаж төвхнүүлэх юм бэ.
Залуустай таараад үерхдэг охин, залууг нь асуухаар “сольчихсон” гэдэг. 38-аас дээш насны хүмүүстэй уулзаад “Гэр бүл сайн уу” гэхээр “салчихсан” гэнэ. Хүнээс юм ч асууж болохоо больчихож. “Сольчихсон, салчихсан” гэдэг чинь бахархаад байх зүйл биш шүү дээ.
-Та өөрөө ингэхэд гэр бүлийнхээ үнэ цэнийг хэрхэн хадгалж, хамгаалдаг вэ?
-Чадлынхаа хэрээр хайрлаж, хамгаалдаг. Цаг үргэлж өмгөөлж, хамгаалах ёстой зүйл маань миний гэр бүл шүү дээ.
Би 28-тай хөгшин цэрэг албанд явсан. Ханийнхаа ачаар албаны хугацаанд дандаа л гэрийн хоол, цай идсэн дээ. Цэргүүд жагсаад гүйж явахад гэргий маань цай, ундаа бариад дагаад л гүйдэг байлаа. Дарга нар “Хүүе, охион. Чи яваад өгөөч. Цэргүүдийн анхаарал сарниад байна шүү дээ” гэж учирладагсан. Миний хань шиг хүн ховор шүү.
Ц.Баттуяа
-Бид Монголын хөгжлийн үнэ цэнийг гэр бүлийн үнэ цэн гэж ойлгох ёстой. Гэр бүл доторх хайр энэрэл хүүхдэд нөлөөлнө. Монголчууд гэр бүлийн үнэ цэнийг дээдлэх ёстой. Эхнэрээ хайрлаж чадахгүй, эхнэртээ гар хүрдэг хүмүүс яаж төр барьж, яаж төвхнүүлэх юм бэ.
Залуустай таараад үерхдэг охин, залууг нь асуухаар “сольчихсон” гэдэг. 38-аас дээш насны хүмүүстэй уулзаад “Гэр бүл сайн уу” гэхээр “салчихсан” гэнэ. Хүнээс юм ч асууж болохоо больчихож. “Сольчихсон, салчихсан” гэдэг чинь бахархаад байх зүйл биш шүү дээ.
-Та өөрөө ингэхэд гэр бүлийнхээ үнэ цэнийг хэрхэн хадгалж, хамгаалдаг вэ?
-Чадлынхаа хэрээр хайрлаж, хамгаалдаг. Цаг үргэлж өмгөөлж, хамгаалах ёстой зүйл маань миний гэр бүл шүү дээ.
Би 28-тай хөгшин цэрэг албанд явсан. Ханийнхаа ачаар албаны хугацаанд дандаа л гэрийн хоол, цай идсэн дээ. Цэргүүд жагсаад гүйж явахад гэргий маань цай, ундаа бариад дагаад л гүйдэг байлаа. Дарга нар “Хүүе, охион. Чи яваад өгөөч. Цэргүүдийн анхаарал сарниад байна шүү дээ” гэж учирладагсан. Миний хань шиг хүн ховор шүү.
Ц.Баттуяа
Өглөөний сонин
No comments:
Post a Comment