Friday, 18 January 2013

Ц.Оюунгэрэл: Хөрөнгийг нь хураах биш, нээлттэй болгосон эсэхийг л Ж.Батзандан ярих ёстой

УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулч­лалын сайд Ц.Оюун­­гэрэлтэй ярилц­лаа.
-Та ардчиллын тө­лөө тууштай тэмц­сэн цөөн бүсгүйчүү­дийн нэг. Таныг ард­чилал, эрх чөлөө рүү юу тэгтлээ түлхэж байсан юм бол?
oyungerel-Ер нь хүний эрх, эрх чөлөөний төлөө л явж ирсэн. Би 1987 онд нө­хөртэйгөө гэрлэхдээ алтан бөгж авахаар болж билээ. Миний хань нис­гэгч байсан болохоор ту­хайн үедээ өндөр цалин­тай байсан хэрэг. Ингээд гэрлэхээсээ тав, зургаа хоногийн өмнө алтан бөг­жөө авахаар дэлгүүрт очлоо. Гэтэл худалдагч нь "Алтан бөгж авбал НАХЯ-ны ажилтнаас "Алт ху­далдаж авч болно" гэсэн бичиг авчир" гээд өгөөгүй. 20-хон настай залуу хос тэр үед л алт авах эрхгүй гэдгээ мэдэж билээ. Бид хоёрын хувьд НАХЯ-нд байцаалт өгч алтан бөгж авах эсвэл мөнгөн бөгж зүүх сонголт л үлдсэн. Энэ мэтээр маш олон зүйл дээр эрхээ хаалга­даг байсан. Жи­шээлбэл, манай хөгшин ээжийнх малтай атлаа сүү, тараг нь хүрч ядсан айл байлаа. Хөгшин ээж маань тав зургаахан үнээ­ний сүүгээ бидэнд хүргэх гэж яддаг л байж. Амьдрал нь яагаад ийм байгааг судлаад үзэхээр тэр үед хувь хүн зургаа­гаас дээш тооны малтай байхыг зөвшөөр­дөггүй байсан. Малтай, хувийн өмчтэй байхыг зөвшөөр­дөггүй, алт зүүж бол­дог­гүй нийгэм бай­лаа. Тий­мээс худалдаа наймаа, бизнес хийж, гадаад руу чөлөөтэй явах эрх чө­лөөтэй нийгмийг бай­гуулж өгье гээд л ард­чи­лалд эргэлтгүй орчих­сон шүү дээ. -Хувьсгал хийхээр тэмцэнэ гэдэг тэр бүр эмэгтэй хүний хийгээд байх зохимжтой ажил биш гэж хүмүүс боддог байх. Чухам ингэж бод­дог байв уу?
-"Цөөн хэдэн сахил­га­гүй хүнтэй нийллээ" гэж хэлэх хүн олон байсан. Гэхдээ тэд цөөн сахил­гагүй хүн биш боогд­мол, хязгаарлагдмал нийг­мийг өөрчлөх гэж зүтгэсэн хүмүүс байсан. Тиймээс ч би зүтгэсэн зүйлдээ тууштай байсан. 1992 онд Хөвсгөл аймагт байхдаа  ардчиллын тө­лөөх үйл ажиллагаа эхэлж байлаа. Тэр үед Хөвсгөлд ардчиллын тө­лөөх шинэ намуудын дарга болж улс төрд ор­сон. "Эрх чөлөө төв" тө­рийн бус байгууллагыг ажиллуулж байхдаа үг хэлэх эрх чөлөөний тө­лөө маш их тэмцсэн. Хэв­лэл мэдээллийг хорьж цагдах, хүнийг хэлсэн үгнээс нь болж эрүүгийн хэрэгт татах зэрэг зүй­лийн эсрэг явж, хүний эрхийн төлөө тэмцэж бай­сан. Хүн бүр эрхээ мэддэг байгаасай. Эрхийг нь зөрчсөн л бол "Миний эрхийг зөрччихлөө" гэж гомдол гаргадаг байгаа­сай. Тэр гомдлыг нь төр авч хэлэлцээд эрхийг нь хангадаг байгаасай. Ийм зүйлийг л бий болгохын төлөө "Эрх чөлөө төв"-д ажиллаж бас тэмцэж бай­лаа.
Нэг нь санаатай, са­намсаргүйгээр хүний эр­хийг зөрчиж болдог. Ха­рин өөрийнх нь эрхийг зөрчиж байхад дуугүй байх нь хамгийн хариуц­лагагүй зүйл. Хүн өөрийн­хөө төлөө дуугарч байж эрх нь баталгааждаг. Тий­мээс хүмүүст өөрийгөө өмгөөлөхөд их тусалдаг, хэвлэл мэдээллийг хам­гаалж ажилладаг байсан.
-Одоо эргээд хара­хад хүсээд байсан нийг­мээ бүрдүүлж чадаж уу. Таны хүссэнээр хүн бүр эрх чөлөөтэй байж чадаж байна уу?
-Ганц хүний хүслээр нийгэм өөрчлөгдөхгүй л дээ. Олон хүний хүслээр нийгэм нэг чиг рүү явдаг. Монголчууд олуулаа эрх чөлөөтэй байхыг, олуу­лаа ардчиллыг хүссэн. Улс төрийн хувьд бие даасан, хараат бус бай­хыг хүссэн. Иргэн нь өөрөө эрх чөлөөтэй, ха­раат бусаар амьдарч чад­даг, тэгш оролцоогоо хүлээн зөвшөөрч чаддаг нийгэмд ардчилал ор­шин тогтнодог.
-Өнгөрсөн сонгуу­лиар ардчиллыг олуу­лаа сонголоо. Гэтэл ир­гэний нийгмийг төлөөлж байсан Ж.Батзандан ги­шүүн төрийн өндөр албан тушаалтай хү­мүү­сийн эрхийг хяз­гаарлах хуулийн төсөл боловсруулжээ. Түү­нийхээр төрийн өндөр албан тушаал хашиж байгаа бол гадаадад хөрөнгөтэй байх, олон улсын банкинд данстай байх эрхгүй юм байна. Энэ ардчилал мөн үү?
-Өмнөх парламент багагүй ажил хийсэн шүү дээ. Үүнийг Ж.Батзандан гишүүн судлах ёстой. Жишээлбэл, З.Энхболд гишүүнийг 2005 онд УИХ-д орж байхад би "Ардчил­сан, эрх чөлөөтэй ний­гэмд гадаад, дотоодод өмч хөрөнгөтэй хүн олон бий. Хүн өмчтэй байх нь гэмт хэрэг биш. Харин өмчөө мэдүүлдэг байх ёстой. Тийм учраас та хөрөнгө орлогын мэдүү­лэг гэдэг зүйлийг ил тод, олон нийтэд дэлгэдэг бол­гоод өгөөч" гэж цаас ба­риад хөөцөлдөж байлаа. Парламентын гадна та­лаас нөлөөлж ч чадсан гэж боддог. З.Энхболд гишүүнийг УИХ-д сонгог­дохоос өмнө хөрөнгө ор­логын мэдүүлэг төрийн нууцад байсан. Харин бид хүн өмчтэй байх эрх­тэй, харин түүнийгээ ил тод байлгах үүрэгтэй бол­гооч гэдэг асуудлыг тавьж эхэлсэн. Тухайн үеийн АН-ын бүлгийнхэн маш хүчтэй ажиллаж 2006 онд хөрөнгө орлогын мэдүүл­гийг нээлттэй болгож чад­сан.
-Одоо харин хөрөн­гөтэй байж болохгүй гэж яриад эхлэх шиг бол­лоо...
-Хөрөнгийг нь хураах биш, нээлттэй болгосон эсэх дээр л ярих ёстой. Тухайлбал, би 2007 онд анх хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөхдөө "Өөрийнхөө санаачилсан хуулийн дагуу хөрөнгөө ил болгож байна" гээд инээж байснаа санаж байна. Хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ гадаад, до­тоодод байгаа бүх хөрөн­гөө бичдэг. Миний ханийн амьдарч байсан байшин, хэрэглэж байсан данс нутагт нь бий. Миний Америкт сурч байхдаа нээлгэсэн данс бий. Яа­хав дээ, хааяа зуун ам.доллар хийчихдэг бай­сан юм. Би тэр бүх­нийгээ хөрөнгө, орло­годоо мэдүүлдэг. Удаа дараа мэдүүлсэн, хэнээс ч нуугаагүй хөрөнгийг Монголд татаж авчрах эсвэл хураах тухай ярих нь утгагүй. Харин бусдаас нууж гадаадад байшин барьчихаад хөрөнгө, ор­логын мэдүүлэгтээ бичих­гүй бол хууль зөрчсөн хэрэг. Ийм зарчим ард­чилсан бүх улсад байдаг. Америкийн парламент хүртэл Швейцарийн бан­кинд мөнгөө нуусан нөхдийн хөрөнгийг илчлэх гэж тэмцээд л байна. Ж.Батзандангийн яриад байгаа шиг тэмцэл тэнд ч байдаг. Гэхдээ хүн өмчтэй байж болно гэсэн Үндсэн хуулийн зарчмаа хүндэтгэх ёстой. Ил тод, шударга байлгахдаа Үнд­сэн хуульд заасан эрхийг хүндэтгэх учир­тай. Шударга байхыг би хувьдаа зуун хувь дэм­жинэ. Гэхдээ шударга байх, эрхээ зөрчүүлэх хоёр өөр. Миний 2005 онд хөрөнгө, орлогоо ил болгохын төлөө тэмцэж байсан тэмцэл Ж.Бат­зандангийн толгойд бай­гаа байх. Гэхдээ улстөрч­дийнхөө хийсэн өмнөх алхмыг хараач, цэргийн дэглэмийн журам авчрах гээд хэрэггүй. Хэвшээд эхэлчихсэн зүйлийг гүнз­гийрүүлэхэд залуу нас­ныхаа эрч хүчийг зар­цуу­лаач гэж хэлмээр байна.
-Төрийн өндөр албан тушаалтан болсон л бол гадаадын компа­нийн хувьцаа эзэмшигч байж болохгүй тухай Ж.Бат­зандан гишүүн яриад байна. Магадгүй та оюу­тан байхдаа ашиг­лаж байсан АНУ дахь дан­саа хаалгах шаардлага гарах нь дээ?
-Би "Ногоон нүдэн лам" номоо барууны зах зээлд зараад эхлэхэд орлого олно. Гадаадад орлого олбол гадаадад татвар төлнө. Энэ то­хиол­долд гадаадын номын дэлгүүрүүдээс мөн­гөө яаж цуглуулах вэ гэдэг асуудал гарна.
Га­даадад төлөө­лөг­чийн газар томилоод тэд ми­ний мөнгийг явуулах нь ашигтай шүү дээ. Тэр утгаа­­раа гадаадад данс нээж л таарна. Энэ мэ­тээр зөвхөн Монголдоо биш дэлхийд танигдах тухай ярьдаг атлаа олон улсын зах зээлд гарах эрхийг нь хааж болохгүй. Би ном зохиогч гэдэг ут­гаа­раа гадаадын зах зээлд гарах туйлын со­нирхолтой этгээдийн нэг. Киночдоо ч гадаадын зах зээлд гараасай гэж хүсдэг учраас яамны зүгээс "Дэл­хийн зах зээлд тэн­цэх киног дэмжинэ" гэсэн бодлоготойгоор техни­кийн үзлэг хийж байгаа. Зохиолчдоо ч номоо англи, герман хэл дээр орчуулж гадаадын зах зээлд гарга гээд байгаа биз дээ. Гадаадын зах зээлд гар гэж уриалж бай­гаа нь гадаадад банкны данс эзэмш, тэнд мөнгөө цуглуулж баяж л гэсэн үг.  Өөрөөр хэлбэл, Мон­го­лын бизнесменүүдийг то­мор гэж л байгаа бол гадаадад данстай бай гэсэн үг. Оюуны бүтээлээ ч тэлье л гэж байгаа бол гадаадын данстай хол­богдохоос өөр аргагүй. Гагцхүү төрийн албан хаагч бол тэр бүх дансаа ил тод л мэдээлэх, төрөөс хулгайлаагүй гэдгээ л нот­лох ёстой.  
-Ж.Батзандан ги­шүүн төрийн өндөр албан тушаалтны эр­хийг хязгаарлах тухай хууль ярьснаараа эр­гээд ардчиллаасаа ухарч, даяаршлыг үгүйс­­гэж байна гэж ярих хүн ч олон байна.
-Гадаадад данстай байх эрхгүй юм бол Таван толгойн хувьцааг авах эрхгүй гэсэн үг. Таван толгойн хувьцаа Лон­дон­гийн бирж дээр гарах гэж байна. Монголчууд Лон­донгийн бирж дээр арил­жаа хийж, хувьцаа авахын тулд тэнд данс­тай байх ёстой биз дээ. Төрийн өндөр албан ту­шаалтан гэж ярьж байгаа ч эрхийг нь зөрчсөн асуу­дал бизнесменүүдэд ч халдана. Яагаад гэвэл, нэг хүний эрхийг зөрчи­хөд дуугарахгүй байгаа бол дараагийн хүний эр­хийг зөрчихөд амархан болдог. Улстөрчдийн эр­хийг зөрчиж байхад бид дуугарахгүй бол бизнес­ме­нүүдийн эрхийг маш амархан зөрчинө. Тэд­ний эрхийг зөрчихөд дуу­гарахгүй бол үйлд­вэрч­нийхний, ард түмний эр­хийг зөрчихөд амар болно. Тиймээс 100-хан хүний эрхийг зөрчинө гэж ярьж байгаа бол ууч­лаа­рай. Ганц хүний эрхийг ч хамгаалах ёстой. Энэ нь өөрөө ардчиллын батал­гаа.
-Төрийн өндөр албан тушаалтнуудыг нэг бол тоймгүй баян гэх. Эсвэл бүх эрхийг нь хяз­гаар­лах ёстой гэх юм. Ер нь УИХ-ын гишүүн, сайдын ажлыг ямар хүн хийх ёстой юм бол?
-Уг нь төрийн өндөр албан тушаалтан иргэ­дийн төлөөлөл байх ёс­той. Ардчилсан нийгэмд төгс хүнийг биш өөрийгөө төлөөлөх хүнийг сон­го­хын төлөө байдаг. Би ч төгс биш гэдгээ сонгогч­додоо хэлж л байсан. Сонгогчид маань ч на­майг төгс биш гэдгийг мэдээд сонгосон. Төгс сайхандаа, эсвэл бус­даас илүүдээ сонгог­доо­гүй. Бусад хүний төлөө­лөл болж чадах юм байна гээд л сонгосон. Түүнээс УИХ-д ортлоо жирийн хүн, гишүүн болсны да­раа гэнэт төгс хүн байж болохгүй.
-Ханилсан ханиа бас заавал Монгол Улсын иргэн байлгах ёстой гэж байгаа. Ханиа хүртэл бусдаар заалгана гэвэл төрийн өндөр албан тушаалыг хүсээд байх хэрэггүй бололтой.
-Манай хүн Монгол Улсын байнгын оршин суугч. Монголын аюулгүй байдлаа хамгаалах тог­тол­цоо маш сайн шүү дээ. ДОХ-оос эхлээд бүх төрлийн шинжилгээ өгч, цагдаа, тагнуулын бай­гууллагаар тав, зургаан сар судлагдсаны дараа гурван жил оршин суух эрхтэй болдог. Дахин судлагдаад таван жил амьдрах эрх авдаг. Таван жил надтай амьдарсны дараа байнга оршин суух эрхийг өгдөг. Манай хүн Монголд амьдрах бүх шал­галтыг давчихсан. Байнгын оршин суугчаас илүү зүйл шаардах нь хэрэгтэй юм уу даа. Цэ­дэнбал Фила­това хүртэл Монгол Улсын байнгын оршин суугч байсан юм билээ. Орос руугаа бүрмө­сөн нүүгээд явахад нь байнгын оршин сууг­чийнх нь үнэмлэхийг ху­раа­гаад авчихсан. Ер нь ихэнх улс гадаадын иргэ­нийг авъя гэж зорь­доггүй. Үнэхээр хараад, муугаар бодлоо гэхэд тагнуулч бол аль болох хурдан Монгол Улсын иргэн бо­лохыг бодно биз дээ. Тий­мээс үнэхээр аюулгүй байдлаа бодвол улсын­хаа иргэн болгох шаард­лагагүй. Харин ч өөр орны иргэн байсан нь аюулгүй байдалд ашиг­­тай. Түүнээс Монгол Улсын бүх зүйлд нэвтэрч, мэдье гэвэл төрийн өндөр албан тушаал­тан­тай гэр­лээд л болчихно байна шүү дээ.
 -"Гишүүний нөхөр байхын тулд Монгол Улсын иргэн болох юм байна шүү" гэж ханьдаа хэлэв үү?
-Хууль гарчихаагүй, ярианы түвшинд байгаа асуудлыг хэлж, хүний сэтгэлийг самууруулаад яах вэ дээ (инээв). Тэртэй тэргүй бид хоёр гэрлэхдээ би АНУ-ын иргэн, манай хүн Монголын иргэн хэзээ ч болохгүй гэдгээ хэлсэн. Бие, бие­нийхээ үүсэл гарал, эх орныг хүлээн зөвшөөрнө гэдгээ тохир­чихсон. Манай гэрт Америкийн зочид ирчихээд Монголыг муулбал би шууд зочид буудал руу нь хөөдөг. Угаасаа манай гэрт, миний цайг ууж байхдаа Монголыг муулж болохгүй гэдэг дүрэм үйлчилдэг. Тиймээс миний хань Монголыг дээд зэргээр хүндэлдэг. Би ч Аме­рикт оччихоод тэндэхийг шүүм­жилмээр байвал гардаг. Бид хоёр гэр орноо, эх орноо ингэж л хүндэт­гэдэг.
-Хэдийгээр монгол хүнтэй гэрлэсэн ч эх орныхоо харьяа­таас гарахыг хүсэх хүн ховор. Тэгэхээр ер нь гадаад хүнтэй сууж болохгүй гэсэнтэй адил болов уу?
-Ж.Батзандан гишүүн хүний эрхийг давхар, давхар зөрчих санаа агуулаагүй байлгүй дээ. Ёстой гэнэн цагаанаар ийм үр дагавартай зүйлийг ярьчихлаа гэж бодож байгаа.
-Намынхаа нөхөртэй энэ та­лаар ярилцаж үзэв үү?
-Эсрэг байр суурьтай байгаагаа хэлсэн.
-Та хэвлэлийн эрх чөлөөний төлөө багагүй дуугарч байсан. Гэтэл Засгийн газар цахим мэ­дээллийн хэрэгслийн сэтгэгд­лийг зохицуулахаар болж байна. Үүнд заавал төр оролцох хэрэг байна уу?
-Засгийн газрын хуралдаан дээр ярьж байхад хэвлэлийн эрх чөлөөтэй яаж зохицох вэ, нэрээ нууцлах эрх зөрчигдөж байгаа юм биш үү гэдгийг санаачлагчаас нь асуусан. Харин Засгийн газрын нэгдмэл байр суурь бол нэрээ нууцлах эрх хадгалагдана гэдэг байр суурьд хүрсэн. Харин нэгийнхээ бичсэн нийтлэлийн дор доромжлох нь ёс зүйд нийцэхгүй. Тиймээс ёс зүйд захирагдахгүй орон зайд хүнийг доромжлох, гүтгэхээс  сэргийлэхийн тулд арга зам хэрэглэж байгаа. Барууны ёс зүй сахидаг хэвлэлүүд ч бүгд нэртэй сэтгэгдэл авдаг. Тиймээс дэлхийн хэвлэл мэдээллийн ёс зүйд нийцүүлье л гэж байгаа юм.
-Сэтгэгдлийг хянах, нэртэй болгохыг сайтууд өөрсдөө яа­гаад шийдэж болохгүй гэж. Төр заавал журам гаргах хэрэг бай­гаа юм уу?
-Сэтгэгдлийг хариуцах эзэнгүй болчихсон. Вэб сайт бүрт "Сэт­гэгдлийг хариуцахгүй" гэсэн өгүүл­бэр байдаг. Цаашид Засгийн газ­рын тогтоолыг өөрчлүүлье гэвэл сэтгэгдэл хянах, ёс зүйг сахиулах хороо байгуулах ёстой. Эсвэл өөрсдөө ингэж зохицуулна, ийм дүрмийн дагуу ажиллана гэдгээ Засгийн газарт ирүүлж болно.
-Сэтгэгдэл бичсэн хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, аюулгүй байдалд нь бас эрсдэл учрах юм биш үү?
-Өөрийгөө бүртгүүлээд сэтгэг­дэл бичнэ. Тэр хүн рүү хэн ч хандаж болно. Ингэсэн тохиолдолд хэдэн сая хүн уншдаг орон зайд айлгүй сэтгэгдэл бичсэн шалтгаанаа хэлнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, сэтгэгдэл бичнэ гэдэг хувь хүний харилцаа биш нийтийн орон зайн харилцаа учраас нээлттэй байх ёстой гэж үзэж байгаа. Хэрвээ нэрээ нууцалж үзэл бодлоо илэр­хийлмээр байвал блог гаргаж, twitter, facebook эсвэл сонины орон зай ашиглаж болно шүү дээ. Түү­нээс сэтгүүлчийн бичсэн нийт­лэлийн орон зайд өөр нэг нь нэрээ нууцалж бусад руу дайрч давшилж болохгүй.
-Бас кабелийн 20 гаруй теле­визийг хаах тухай ярих боллоо. Үзэгчдийн эрхэд хүртэл хал­даад байгаа юм биш үү?
-Гурван сарын хугацаатай үүрэг өгсөн юм билээ. Би телевизүүдийг хаах тухай сонссон даруйдаа Харилцаа, холбоо, технологийн газрын дарга Ц.Жадамбаатай утсаар ярьж хэвлэл, мэдээллийн хэрэгслийг хаахын эсрэг байгаагаа хэлсэн. Техникийн болон оюуны өмчийн шаардлага тавих боломж­той байх, гэхдээ цензурдах хаах нь илүү том асуудал шүү гэдгээ ч хэлсэн. Тэгэхэд "Хэвлэлүүдийг хаах тухай огт яриагүй шүү" гэж байна лээ.
-Газар албадан чөлөөлөх хуулийн төсөл ярьж байна. Малыг нь төр авч байсан шиг өмчилсөн газрыг булаах нь ээ?
-Хуулийн төсөл Байгаль орчны байнгын хороон дээр орж ирэхэд нь зарчмын зөрүүтэй саналаа хэлсэн. Эхний ээлжинд Газар өмчлүүлэх тухай хэлэлцэж то­дорхой болгосны дараа юуг хураах вэ гэдгийг ярих ёстой. Бүх улсад нийтийн эрхийн төлөө бусдын газрыг худалдаж авдаг. Хувьчилж амжаагүй газрыг төр үнэгүй ав­чихна шүү дээ. Тиймээс эхлээд газраа хувьчлах нь чухал. Ялан­гуяа газар өмчлөлийн асуудлаа шийдэхгүйгээр дахин төлөвлөлт хийвэл олон хүний эрх зөрчинө. Тиймээс зарчмын хувьд Газар өмчлөлийн хуулийг Газар албадан чөлөөлөх тухай хуулийн өмнө ярих ёстой гэдэг байр суурьтай байгаа. Мөн албадан чөлөөлөх гэдэг нэ­рийг өөрчлөх санал гаргасан. Ардчилсан улсуудад газар алба­дан чөлөөлөх тухай хууль байдаг. Гэхдээ энэ хуулийг хэрэгжүүлэхийн өмнө газраа өмчилдөг. Хувийн өмчийн газрыг худалдаж авах замаар газрыг чөлөөлдөг. Мөн хүний газрыг авах гэж байгаа бол зөвхөн нийтийн зориулалтаар ашиглах ёстой.
-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслөөр хэвлэл, мэдээллийн хэрэгслийн эздийг зарлахыг шаардаж байгаа. Бас байнгын хорооны хуралдааны үеэр алдаа гаргасан сэтгүүлчийг мэргэжлээр нь ажиллуулахгүй байх яриа гарч байсан. Ингэс­нээрээ хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах уу?
-Байнгын хорооны хурал дээр байгаагүй учраас юу ярьсныг нь мэдэхгүй юм. Гэхдээ эздийг зарлах нь олон улсын жишиг. Эзэд зар­лагдахаас айх хэрэггүй. Харин "Чи хэвлэлтэй байж болохгүй" гээд эрхийг нь хаахаас өөрсдийгөө хамгаалах ёстой.
-Ардчилсан намынхан засаг барьснаас хойш хаана, эрхийг нь цуцална, цагаан сараа хүртэл ингэж тэмдэглэ гэж хориглох, зааж ажиллах боллоо. Ийм хатуу шийдвэрүүд гаргаснаараа иргэ­дийн шүүмжлэлд өртөж байгаа­гаа анзаарч байна уу?
-Иргэдийн байр суурийг сайн илэрхийлэх ёстой. Ингэж байж улстөрчид хүмүүжнэ. Төрд олон нийтийн дуу хоолой хүрч л байх ёстой. Ардчилсан засаг гарчихсан юм чинь ардчилсан замаар явж болно гэж найдаж болохгүй. Тий­мээс ч иргэдийг сайн шүүмжилж, өөрсдийгөө төлөөлж гарсан хү­мүүсийг зөв ажиллуулаасай л гэж бодож байна.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

No comments:

Post a Comment