Tuesday, 29 January 2013

Бин Ладеныг устгахад ухаанаа уралдуулсан монгол математикч

МУИС-ийн Математик, компьютерийн сургуулийн Математикийн хүрээлэнгийн захирал, профессор Р.Энхбат.  Түүний математикийн ухааныг дэлхий хүлээн зөвшөөрч, тооцон бодох, оновчлолын онолын салбарт шинэ чиглэл, хандлагыг бий болгосон нь монголчууд бидний бахархал. Монгол хүний оюуны чадавхийг дэлхийд таниулж  яваа  түүнтэй уулзаж ярилцсанаа уншигч танд толилуулж байна.
 -Юуны өмнө танд оныөмнө Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэнд баяр хүргэе.Математикийн шинжлэх ухаанд ямар шинэ онол дэвшүүлсэн гэж шагнасан юм бэ?
-Манай математикчдийн баг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2012 оны Төрийн соёрхол хүртсэн. Энэ бол бидний хөдөлмөрийг төр өндрөөр үнэлж байгаа хэрэг. Биднийг орчин үеийн математикийн шинэ чиглэл, түүний дотор хэрэглээний математикийн тооцон бодолт, оновчлолын онолын шинэ чиглэл, хандлагуудыг үүсгэж, Монгол хүний оюуны цар хүрээг дэлхийд харууллаа гэж үнэлсэн.
Уг бүтээл маань МУИС-ын Математикийн хүрээлэнгийн дөрвөн математикч эрдэмтэн багшийн  гаргасан онол юм. Тодруулбал, хэрэглээний математикийн хоёр гол салбар болох тооцон бодох, оновчлолын чиглэлээр бид судалгаа хийсэн. Энэ чиглэлээр МУИСийн харьяа Математик, компьютерийн сургууль, Математикийн хүрээлэнгийн баг олон жил ажилласан. Математикийн ухааны хүмүүс Төрийн шагнал хүртэж байгаа нь манай улсад анхны тохиолдол болсон. Бидний дэвшүүлсэн ажилд 10-аад монограф бий. Бид энэ судалгаа шинжилгээнийхээ чиглэлээр “Спрингер” хэвлэлийн газарт гурав, дэлхийн математикийн салбарт урдаа барьдаг мэргэжлийн 50 гаруй сэтгүүлд эрдэм шинжилгээний 180 гаруй өгүүлэл хэвлүүлсэн. Энэ чиглэлээр шинэ теором, томъёо, аргачлал гаргасан гэдэг утгаар нь хөндлөнгийн шүүмжлэгчдийн шүүлтүүрээр орж, салбартаа шинэ чиг хандлага бий болгосон хэмээн “Спрингер” сэтгүүлд хэвлүүлэх зөвшөөрөл өгдөг. Мөн бүтээлийн чанар чансааг шалгадаг нэг шал гуур, бас нэг том үзүүлэлт нь ишлэл авсан байдал. Бидний ажлаас эрдэмтэн, судлаачид 800 гаруй удаа ишлэл авсан байна.
-Хэрэглээний математикийн тухай ойлголтыг тайлбарлаач?
- Математикийн шинжлэх ухаан бол бүх шинжлэх ухааны хаан гэгддэг. Зүгээр нэг хаан гээд гайхуулаад явахдаа гол нь биш ч бүх шинжлэх ухааны үндэс нь математик байдаг. Жишээ нь, хиймэл дагуул хөөргөх процесс нь тэр чигтээ оновчлолын онол дээр тулгуурладаг. Хэдэн км цагийн хурдтайгаар яваад хаана очихыг нарийн тооцоолно. Та бид хоёрын одоо ярилцаж байгаа энэ процесс ч математик. Тайлбарлавал, миний дуу авиа диктафонд бичигдээд компьютерт холбоход шууд үсэг болон уншигдаж, команд өгч принтлээд ном болгоод гаргаж болно. Энэ бол математик. Тиймээс хэрэглээний математик гэдэг маань эмнэлэг, биологи, эдийн засаг, уул уурхай, даатгал санхүүгийн салбарт математикийг ашиглаж хэрэглээнд нэвтрүүлэхийг хэлж байгаа юм. Хаана хэрэглэнэ тэр салбарынхаа нэрээр нэрлэгддэг. Ер нь бол математик өөрөө цул нэгдмэл ойлголт. Дотор нь онолын ба хэрэглээний гэж хуваадаг. Гэхдээ математик бол ганцхан тусгал. Онолоо гаргаад хэрэглээнд нэвтрүүлж болно. Хэрэглээнд нэвтрүүлээд онолын асуудлыг шийдэж болдогоороо цул ойлголт юм. Манай багийн гишүүн академич Жанлав тооцон бодох чиглэлийг боловсруулсан. Харин тооцон бодох математикийн цөмийн хэрэглээг доктор Чулуунбаатар тооцсон байгаа. Бидний боловсруулсан шинэ аргаар цөмийн техникийн нарийн тооцоог гаргаснаараа илүү давуу, боловсронгуй арга юм. Энэ аргаа олон улсын программын санд шилжүүлж, патент авсан. Монголын эрдэмтэдийн патент авьсан найман бүтээл бий. Алтаннар бид хоёрын хувьд оновчлолын онолын судалгаа хийсэн. Бидний гол бүтээл дэлхийд алдартай “Springer” сэтгүүлд хэвлэгдсэн . Одоо цагийн эрдэмтэн судлаачдын гол хүсэл мөрөөдөл бол “Springer”-ээс гаргаж буй сэтгүүлд өөрийн дэвшүүлсэн онол, судалгаагаа  хэвлүүлэх байдаг.  Энэ сэтгүүлд миний “Оновчлол симуляци, онол тооцоо”  бүтээл хэвлэгдэсэн. Дараа нь “Кавази гүдгэр програмчлал” нэртэй онолын судалгааны материал хэвлэгдсэн.  Энэ бүтээл нь оновчлолын онолд шинэ хувьсал болсон. Тодруулбал, өмнөх үеийн судлаачид маань анзааралгүй орхисон зүйлийг олж хараад шинэ онолыг дэвшүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн явдал юм. Энэ бол миний 30-аад жилийн хөдөлмөр. Оюутан байх үеэс л эхэлсэн. Энэ онол нь хэрэглээний математикийн салбарт хэрэглэсэнээрээ хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Өмнөх үеийн судлаачид тооцон бодох аргыг тухайн салбарт хэрэглэж, пүүс компанийн зардал буурч, үр ашгийг хэрхэн нэмэгдүүлэх аргыг тогтоож байсан. Энэ тооцоолох аргыг “Төгс оюун ухаан” киноны гол дүрийн жүжигчин жинхэнэ утгаар нь харуулж чадсан. Харин зах зээл дээрх хэрэглэгчийн сэтгэл ханамжийн асуудал орхигдсон байсныг миний “Кавази гүдгэр онол”-оор  нөхөх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, олгеполи зах зээлийн хэрэглэгчийн сэтгэл ханамж, үр ашигтай байх нөхцлийг тооцоолсон нь Нобелийн шагналтнууд 130 жилийн туршид  олж хараагүй тэр зүйлийг дэвшүүлсэнээрээ онцлог юм. “Кавази гүдгэр программ”-ын оновчлолыг  утасгүй сүлжээний технологи буюу бидний хэрэглэж бауй гар утас, бусад утасгүй сүлжээг хэрэглээнд ашиглаж байна. Мөн Шинжлэх ухаан, технологи, хими, биологи, гар утасны технологи ашиглагдаж байна. Онол маань үйлдвэрт нэвтэрлээ. Солонгосын “Самсунг” дэлхийд гар утасны технологиор тэргүүлж байна. “Самсунг”-ийн үйлдвэрт миний дэвшүүлсэн “бараг шударга зарчим” гэсэн шинэ нэр томъёо утасгүй мэдээлэл харилцааны салбарт технологи болж буусан. Уг онолыг гар утсанд ашигласанаар хэрэглэгчдэд мессэж хурдан шуурхай  дэс дараалалтай цаг алдалгүй очиж байна.
-Ер нь дэлхийн хэмжээнд монголын эрдэмтэн судлаачдыг хэр үнэлдэг вэ?
-Монголын математикчид дэлхийд танигдаж, өндрөөр үнэлж байна. “Спрингер”-т  судалгааны бүтээлээ хэвлүүлж, олны хүртээл болон ишлэгэжд байгаа нь баталгаа. Ишлэгдэнэ гэдэг нь аль нэг салбарт боловсруулсан онол нь хэрэглэгдэж байгаа явдал юм. Ингэснээр тэр хүн шинэ юм хийж үү, үгүй юу гэдгийг харуулна. Манай багийнхан л гэхэд дэлхийн хэмжээний 50 гаруй сэтгүүлд 180 гаруй эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлёсэн. Ишлэлийн тоо 830 гаруйд хүрч, 10 гаруй монограф хэргэлээнд нэвтрээд байна. Би Жанлав багштайгаа хамтраад Ньютон төрлийн шинэ арга дээр тулгуурласан программ хангамжийг боловс руулж, олон улсын программын санд наймыг нэвтрүүлсэн. Олон улсад энэ бүтээлийг “Тооцон бодох физикт гарсан шинэ үзэгдэл” хэмээн дүгнэсэн. Төрийн соёрхолт Ч.Алтаннарын хэвлүүлсэн “Парето оновчлол, тоглоомын ба тэнцвэрийн онол” гэсэн бүтээлийг дэлхийн шинжлэх ухааны шилдэг хэвлэл “Спрингер”-т хэвлүүлсэн. Энийг  спортоор зүйрлэвэл олимпийн алтан медал авсантай адил тохиолдол юм.
 -Тооцоо судалгаа хийж суухад их бага хэмжээгээр санхүүгийн хүндрэл гардаг л байх. Ер нь төрөөс судалгаа хийхэд зориулсан төсөв, санхүү баталж өгдөг үү?
- Бид багшлахын хажуугаар судалгаа хийдэг. Ер нь Монгол Улсын шинжлэх ухааны өнөөгийн байдал их гунигтай л даа.  Дэлхий нийтэд тухайн улс орон шинэлжх ухааны салбарт хичнээн хувийн санхүүжилт олгож байгаагаар нь хөгжил дэвшлийг нь үнэлж дүгнэдэг.  Манайд дотоодын нийт бүтээгдэхүүний 0,1 хувь оногддог нь хүрэлцдэггүй. Гэтэл Кувейт орон шинжлэх ухааны салбартаа дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг зориулдаг. Монголын эрдэмтэн судлаачид дэлхийн жишгээс 30-40 дахин бага төсөвтэй, 20-30 дахин бага цалингаар эрдэм шинжилгээний ажил хийж байна.
үрх сэтгэлийн дуудлагаар л ажиллаад байна гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав, зүрх сэтгэлээрээ зах зээлийн хуулийн дагуу  л ажиллаж байна. Зах зээлийн нийгэмд шилжсэн тэр хүнд хэцүү цаг үед манай математикчид ганзага үүрээд наймаанд явсангүй, тоогоо бодоод л сууж байсан. Судалгааны ажлаа хийж, бүтээлээ хэвлүүлсээр өдийг хүрлээ. Бидэнд өөрсдийгөө рекламддаг хүмүүжил байхгүй. Математик бол цэвэр ариун, үнэн бодитыг тогдоог гэдэг утгаараа бид ч бас шударга үнэнч хүмүүс.
-Дэлхийд танигдсан эрдэмтэн судлаач болчихлоо. Тэр хэрээр өндөр цалин хангамжтайажлын санал их  ирнэ биз?
-Ирэлгүй яахав. Манай багийн Чулуунбаатар л гэхэд  ОХУ –ын Цөмийн энергийн газар 14 дэх жилдээ ажиллаж байна. Доктор Алтаннар  АНУ-д магистр, докторын зэрэг хамгаалж, дараа  нь судалгааны ажил хийж нийтдээ 10 гаруй жил болсон.  Түүнд үргэлжүүлээд ажиллах санал тавьсан ч зөвшөөрсөнгүй “Танай шавь ямар сонин юм бэ” гэж АНУ- аас найз минь залгаж байсан. Учир нь Алтаннар ажлын санал тавьсанд нь талархал илэрхийлээд  “Манай улсад цалин бага, хангамж муу нь үнэн л дээ. Гэхд улс хөгжиж байна, миний математик эх оронд минь хэрэгтэй” гээд буцаад ирсэн. Миний хувьд арваад жилийн өмнө АНУ-д судалгааны ажил хийж байсан. Хоёр ч их сургуулиас судалгааны ажлаа үргэлжлүүлээд давхар ажиллахыг санал болгосон. Гэхдээ би эх орондоо ажиллахыг илүүд үзсэн. Учир нь мөрөөдөж явсан “Шавь сургууль “-ийнхаа үр дүнг үзэхийг хүссэн. Хэрвээ мөнгөний төлөө явсан бол АНУ-д сайхан амьдраад өндөр цалин аваад явах боломж бий. Хоёр жилийн өмнө л гэхэдАНУ-ын Иллинойсын их сургуулиас сарын 6700 ам.долларын цалинтай ажлын урилга ирсэн. Гол нь их мөнгөний хойноос явах юм бол ажлын бүтээмж буурна, судалгаа шинжилгээний ажлаа ч хийж чадахгүйд хүрнэ. Тиймээс мөнгийг хоёрт, математикийг нэгт тавьдаг.
-Тэгвэл таны хувьд гэр бүл нь хэддүгээрт байх бол?
-Мэдээж би эцэг хүн үр хүүхэд, гэр бүлдээ зориулж цаг гаргалгүй яахав. Гэхдээ гэр бүл нь хоёрт байдаг гэж эхнэр маань хэлдэг юм. /инээв/
-Таны амжилтын гол үндэс?
-Математикийн хувьд сайн суурь боловсролыг яаж эзэмшсэн нь их чухал. Сайн суурь боловсрол эзэмших нь чухал ч  гол нь авъяас билэг, салбартаа дурласан сэтгэл байх ёстой. Миний хувьд аль аль нь байснаараа л амжилтанд хүрсэн. Ер нь хүн өөрийнхөө хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ дурласан аяндаа амжилтанд хүрдэг.
-Хэзээнээс ер нь математикийг сонирхож, дурлах болсон юм бэ?
-Би Баян-Өлгий аймгийн Баян-Өндөр сумын хоёрдугаар арван жилд аймдугаар ангид сурч байлаа. Аав минь тухайн үед “Үнэн” сонины орон нутаг дахь сурвалжлагчаар томилогдон ажиллаж байсан юм. Хичээлдээ сайн, сурлагаар ч гайгүй хүүхдүүдийн нэг байлаа. Хөдөөний хүүхэд чөлөөт цагаа өнгөрүүлэх гол ажил нь спортоор хичээллэх. Би өөрөө ч бас спортод их дуртай. Гүйлт, чөлөөт бөх, боксийн тэмцээн их зохиогдоно. Яг тэр үед би чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан юм. Нэг удаа аймагт чөлөөт бөхийн хөнгөн жингийн аваргын тэмцээнд ороцохоор болж дэвжээн дээр өрсөлдөгчтэйгээ хэрхэн барилдах вэ гэж бяцхан тактик боловсруулаад зогсож байв. Тэгтэл дэвжээн дээр нэг хүн гүйхээрээ гараад ирлээ. Юун хүн гараад ирэв гээд хартал аав маань  “Би хүүгээ барилдуулахгүй. Ийм өндөр, том залуу хүүг минь хэмхэлчихнэ гээд дэвжээнээс хөтлөөд гараад явчихсан. Ичсэндээ дахиж чөлөөт бөхөөр хичээллээгүй. Дараа нь боксоор хичээллэв. Тэгсэн нэг өдөр өрөөсөн нүдээ хөхрүүлээд хавдар болгоод гэртээ ортол ээж уурлаад дахиж явуулаагүй. Гүйлтийн тэмцээн уралдаанд алгасалгүй орно. Ер нь одоо бодоод байхад өөрийгөө хайгаад явсан эрэл маань тэр байсан  бололтой. Тэгж явсаар шатарт дуртай болж, Шатрын мастер хүртлээ хичээллэсэн. Наймдугаар ангиа төгссөн жил аав дахин томилолт авч  бид Архангайд нүүж очсон. Архангай бол улсдаа математикийн сургалтаар тэргүүлдэг аймаг. Энэ аймгаас олон арван физикч математикчид төрсөн байдаг. Энд нүүж ирсэн нь миний амьдралд маш том өөрчлөлтийг авчирсан. Уг нь би долдугаар анги хүртлээ радио физикч болох сонирхолтой байлаа. Одоо ч радио их сонссдог орчин үеийн дүүг сайн сонсдог болохоор охин маань шоолоод байдаг юм. Наймдугаар ангидаа анх удаа радио зохиосон. Антеннаа паараар газардуулаад, төмөр утсаа ангийнхаа ханаар гүйлгээд өөрийнхөө зохиосон хүлээн авагчаа халаасандаа хийж антентай холбосон дефузерээ гартаа атгааад сонсоод сууна. Ангийнхан мэднэ. Багш нар огт мэдэхгүй. Нэг удаа самбарын урд гарч асуугдах болоод  босох гэхээр радиогоо эвдэж, багшдаа баригдчих гээд худлаа хэлж байж босолгүй өнжиж билээ. Тэгсэн Архангайд очоод л математикт шууд урвасан. Үнэхээр математикийн өлгий болсон сургууль.  Монгол Улсын гавъяат багш  Э.Тунгалаг, Н.Тунгалаг багш нараараа хичээл заалгаж байсандаа үнэхээр бахархдаг. Баян-Өлгийд метамтикийн суурь боловсролыг зааж өгсөн Хонгороо багш маань ч мөн  миний амьдралын ач буянтай хүмүүсийн нэг гэж боддог. Математикт дурлаж, олимпиадад орж, амжилтаа ахиулсаар аравдугаар ангиа төгсөж, Эрхүүгийн их сургуульд хэрэглээний математикийн чиглэлээр суралцсанаар миний математикчин болох ажил маань эхэлсэн дээ.
 -Таныг террорист ажиллагааг таслан зогсооход оролцсон гэж дуулдсан энэ үнэн үү?
-Наад асуулт чинь шууд утгаараа биш юм аа. Олон улс дамжсан терроризмын сүлжээ гэж байдаг даа. Тэд сүлжээний толгойноос заавар авч цааш үйл ажиллагаагаа явуулж задардаг. Энэ сүлжээг задлахын тулд хамгийн бага зардлаар, хамгийн оновчтой аргаар илрүүлэхийг зорьдог.  Ингэхийн тулд сүлжээний толгойг илрүүлж, шаардлагатай арга хэмжээ авснаар сүлжээ зогсонги байдалд ордог. Жишээ нь, 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр гарсан террорист халдлагын буруутан Осама Бен Ладенг устгасанаар нэг хэсэг элдэв халдлага, гэмт үйлдэл гараагүй. Энэ сүлжээг задалснаас хойш дэлхий нийтээр Терроризмтэй тэмцэх шинэ аргыг боловсруулж, судлах болсон. Жишээ нь, афганистанд байгаа террористуудыг устгахын тулд пуужин харвана. Тэр харваж буй пуужин ямар зайнд яаж нисээд байгаа хэрхэн онох вэ гэдгийг тооцоолно. Энэ бүх тооцоо математик дээр суурилна. Тэрхүү сүлжээний гол бааз  руу алсын тусгалтай пуужин харвахад миний оновчлолын онолоор тооцоолон харваж байсан. Энэ нь сүлжээг хамгийн бага зардлааар оновчтой задлах тооцоолол юм. Ер нь амьдралын бүх асуудал өөрөө математик байдаг. Хэрэглээний математик нь шинжлэх ухааны гол түлхүүрийг зааж өгдөг. Тиймээс хэрэглээний математикийг ашигласнаар компани, албан газруудын ашигтай ажиллагааны түвшин сайжирна. Өртөг зардал буурна, эрсдэл багасна. Сансарт нисэх, хиймэл дагуул хөөргөх, орчин үеийн робот техник, гар утас, электроник бүгд математик загвар дээр суурилдаг. Технологийн бүх ололтууд математикийн тооцоолол дээр тулгуурлаж, дараа нь үйлдвэрлэлд ашигласан тохиолдолд сая амжилтанд хүрнэ. Тэгэхээр математикчид бид шинжлэх ухаан, техникийн дэвшлийн гол суурийг тавьж байна.
П.Нарандэлгэр

No comments:

Post a Comment