Үндсэн хуулийн ой тохиох бүрт сэтгүүлчид Б.Чимид гуайн эрэлд гардаг. Үндсэн хуулийн эхийг барьж, 20 гаруй жил түүнийгээ манаж, соён гэгээрүүлж ирсэн, дээр нь “мөлжүүр”-тэй ярьдаг учраас тэр юм. Ялангуяа, Үндсэн хуулийн өдрөөр үгийг нь сонсох ёстой хүмүүсийн ноён оргил нь Б.Чимид гэдэгтэй хэн ч маргахгүй байхаа. Би энэ эрхэмтэй хэд хэдэн ярилцлага хийж байсан бөгөөд энэ удаа түүнийг эрж хайсангүй. Харин түүнтэй хийсэн ярилцлагуудаа нэхэж уншиж үзлээ. Хамгийн сонин нь түүний хэлсэн үг өнөөдөр огт хуучраагүй, үнэ цэнээ огт алдаагүй байх юм.
УИХ бол хүч түрэн “чи би” гэж хэн чанга дуугарсан нь дийлдэг монгол бөхийн барилдаан шиг болсны, Төрийн ордон бол намын шийдвэрийг шивж гарын үсэг зурдаг газар болсны, Үндсэн хуулийн биш, Засгийн газрын хямрал улстөрд дээд төвшиндөө нүүрлэдэгийн оношийг, бас яаж эмчлэх ёстойг Б.Чимид гуай яг өнөөдрийг харсан шиг хэлжээ. Тэр битгий хэл, одоогийн МАН-ыг аль эрт хоёр салж, хуучнаараа үлдэх коммунимтууд нь дэлхийн коммунист ажилчны намд данслагдсан нэртэйгээ, шинэчлэгчид нь өөр нэрээр явахгүй бол харьж яваа нам ирж яваа цагийн дууг дуулах боломжгүй тухай дөрвөн жилийн өмнө ярьсан нь өчигдрийн юмшиг шинээрээ байх.
Тиймээ, хэлж ярьсан нь өнөөдрийнх, хийсэн нь 2009 оны энэ ярилцлага таныг “хэрэггүй уншлаа” гэх харамсал төрүүлэхгүй гэдэгт итгэлтэй байна.
-Өнөөдөр УИХ, Засгийн газрын төвшинд бужигнаан гацаа үүсч, үүнийг төрийн дампуурал, эрх баригчдын дампуурал, Үндсэн хуулийн хямрал гэж янз бүрээр тайлбарлаж байна. Та энэ үйл явцыг юу гэж харж, дүгнэж байна вэ?
-Сүүлийн өдрүүдэд болж байгаа улстөрийн хэрэг явдлын талаар би бараг мэдээлэлгүйтэй адил байна л даа. Хөдөө гадаа явж, хотод ирээд сургууль байгуулна гэж хөөцөлдөөд онц анхаарсангүй. Ойрмогхон нам, хөдөлгөөний тоо л өсч байх шиг. Хоёр ч нам байгуулагдаад орхив уу, үгүй юү. Бас дөрвөн сайдын хувь заяаны асуудал яригдаж байх шиг байна. Энэхэн хүрээнд яривал Үндсэн хуулийн хямрал гэх ямар ч үндэслэлгүй юм. Үндсэн хууль оршин байгаа, бий болох гэж буй нийгмийнхээ үндсийн үндэс болсон суурь зарчмуудыг хамгаалж чадахгүй болохыг л Үндсэн хуулийн хямрал гэж хэлнэ. Түүнээс биш, хуулийг элдвээр гуйвуулаад байгаа улстөрчид, улс төрийн хүчнүүдийн бусармаг, балмад явдлыг Үндсэн хуулийн хямрал гэхгүй. Одоо болж буй үйл явцыг улстөрийн, түүн дотроо Засгийн газрын хямрал гэвэл илүү ойртоно.
-Энэ хямрал юунаас болоод байна вэ, эх үүсэл нь гэвэл?
-Надаас давсан асуулт байна даа. Үндсэн хуулиа гүнзгий ухаарч ягштал дагаж биелүүлэх улстөрийн байр суурь, хуучны хэллэгээр бол улстөрийн ухамсар сахилга дорой, тэвчээр дутуугаас л үүсэлтэй. Ялангуяа, манай төрийн байгууллагын тогтолцооны талаархи Үндсэн хуулийн гол үзэл баримтлалыг 2000 онд өөрчилж, хуучин тогтолцоо руу нь шууд эргүүлж оруулсан явдалтай ихээхэн холбоотой.
УИХ, Засгийн газрыг тойрсон бужигнаан бол өөрөө өөртэйгөө орооцолдсон нэг л юмны ялзрал, доройтлын илрэл, УИХ дотор л болж байгаа үзэгдэл. Яагаад гэвэл, Засгийн газар бараг бүхэлдээ УИХ-ын гишүүдээс, УИХ нь Засгийн газрын гишүүдээс бүрддэг болсон. Ингэж эрх мэдэл хуваарилах, хариуцлага, хяналтыг зааглах Үндсэн хуулийн зарчмыг үгүйсгэсэнд харамсавч барахгүй. Өмнөх Засгийн газрын арав гаруй, одоогийн 17 сайд бүгд УИХ-ын гишүүн байгаа. Нэг харвал Засгийн газрын гишүүн, нөгөө харвал парламентын гишүүн.
Төрийн эрх мэдлийг ингэж хутгаснаас болж парламентаас Засгийн газарт тавих хяналт зэрэглээ төдий болсон. Засгийн газрын гишүүдийн эрхэлсэн ажлын талаар ноцтой баримтууд хэвлэлээр гардаг, түүний мөрөөр хянаад шийдэж байгаа юм өнөөдөр парламентад алга. Жишээ нь, Засгийн газрын нэлээд гишүүн төсвийн мөнгийг тэрбум, тэрбумаар нь хэтрүүлсэн баримтыг аудит гаргаад ирсэн. Гэтэл түүнийг ултай судлаад ард түмэнд хариу өгсөнгүй. Бид сайд байхдаа ажилтнууддаа томилолтын найман төгрөг илүү өгчихөөд цалингаараа төлж, төсвийн сахилгыг “төмөр” мэт сахиж байлаа шүү дээ. Гэтэл өнөөдөр энэ их мөнгийг бие бие рүүгээ чихээд сууж байгаа нь тэвчишгүй. Энэ мэтийн жишээ олныг хэлж болно. Ингээд үзэхээр шалтаг, шалтгаан бол асуудал бүр дээр байгаа. Гэхдээ л хямралын цаад эх нь Үндсэн хуульд хийсэн 2000 оны өөрчлөлт мөн шүү.
-УИХ бол ард түмний төлөө биш, төрийн нэрээр улстөрийн намд үйлчилдэг бүтэц болчихсон юм биш үү. Энэ нь хуультай холбоотой юу, эсвэл хувь хүмүүстэй нь үү?
-Байдал тиймэрхүү л харагдах болж. Гэхдээ УИХ гэх үү, УИХ-ын гишүүд гэх үү гэдэг ялгаатай. УИХ-ын гишүүд тухайн тойргоос илгээсэн ард түмний элч. Ард нийтийн нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах ёстой. Гэтэл өнөөдрийн УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн энэ зарчим, заалтаа биелүүлэхийн оронд нам талаасаа намын идэвхтэй гишүүн, төр талаасаа намын дуулгавартай зарц болсон байна. Энэ нь УИХ-ын гишүүнээр дахин сонгогдох гэсэн атгаг намын элчүүд УИХ-д ахархан санаа бодолтой нь холбоотой нь ажиглагддаг. Гай ч тарихгүй, гавьяа ч байгуулахгүй, нам юу гэнэ, түүнийг нь дагаад явж байдаг олон болжээ. Сонгогдсон дээрээ ард түмнийхээ тусын тулд томоохон асуудал шийдчих юмсан гэсэн иргэний байр суурь, зориг тэдэнд дутаж байна. Би Калифорнийн Сенатын гишүүний сонгуулийн өмнөх уулзалт дээр сууж байлаа. Нэр дэвшигч нь ердөө “татварыг багасгахын төлөө ажиллана” гэсэн ганцхан өгүүлбэртэй мөрийн хөтөлбөр дэвшүүлж байгаа юм. Гэтэл манайхан яадаг билээ, хуучнаар намын хөтөлбөр шиг худаг ус гаргана, сургууль засна, хөгжимтэй болгоно гээд баахан юм бичдэг шүү дээ. Уулыг тал болгоно гэж арай бичихгүй байх шиг байна. Учир зүггүй уралдааны үүрэг авчихдаг. Сонгогдсон хойноо нөгөө амлалтаа мартаад намын даалгавар гээд явчихдаг.
-УИХ-ын гишүүд намын зарц байх ёстой гэдгийг бараг хуульчилчихсан юм биш үү?
-Намын тухай хууль, УИХ-ын дэг зэрэг хоёр дахь чанарын хуулийн зарим заалттай холбоотой юмнууд бий. Үүнийг харин Үндсэн хуультай холбож авч үзэж болохгүй. Намын гишүүн бөгөөд УИХ-ын гишүүн хэмээх нэг хүн тодорхой хэмжээгээр сонирхлын зөрчилд орох тохиолдол цөөнгүй бий. Энэ бол дэлхий нийтийн жишиг, амьдрал дээр байгаа зүйл. Жишээ нь, сонгуульд дахин ялахын тулд тойрог бүрт гишүүдийн нэрээр 250 сая буюу нийт 19 тэрбум төгрөгийг төсвөөс хуваарилуулахыг намаас бодлого болгож гишүүддээ даалгаж байна. Гэтэл хуулиар манай улсын төсвийг төвлөрсөн, орон нутгийн гэж хуваадаг. Түүнээс биш, тойргийн төсөв гэж огт байхгүй. Ийм үед л УИХ-ын гишүүд намаасаа зөрж төсвийн хөрөнгийг үрлэгэн зарлага болгохгүй, улс орны хаана хэрэгтэй газар нь ард түмэнд ашигтай хөрөнгө оруулалтад зарцуулахын төлөө ажиллах ёстой. Үүнийг л хууль дээдлэх гэж байгаа юм.
-Нам нь тэгж гишүүдээ өөрсдийнхөө эсрэг дуугаргахгүй шүү дээ?
-Тийм бололтой юм. Намуудын өөрийнх нь баримталж байгаа байр суурь, хэм хэмжээ нь гишүүдийг намын дуулгавартай зарц болгоод байна. Би одоогийн парламентад голлож байгаа зарим намын дүрэм журмыг үзэж байсан. Нийтэд нэг их дэлгээгүй дүрэм, журам л даа. Тэнд, намын удирдах зөвлөлийн шийдвэрийг УИХ дахь намын бүлэг биелүүлнэ. Намын бүлгийн шийдвэрийг УИХ-ын гишүүн биелүүлнэ гэж бичсэн байсан. Ийм учраас МАХН-ын цагаан байр, эсвэл АН-ын байр болох хүзүүвчинд ямар шийдвэр гарна, гишүүд яг тийм байдлаар УИХ дээр дуугардаг. Намынхаа байранд гарсан шийдвэрийн төлөө УИХ-ын танхимд “үхтэл үздэг”. Улс орон, ард түмэн, ирээдүйнхээ төлөө дуу гаргах зүрх, зориггүй. Хэрэв ингэж дуугарвал нам дээр очоод намын шийдвэрийн эсрэг дуугарсан гэж банга хүртдэг, хөөх туухдаа хүрдэг. Одоо бүр, лавшраад ард түмний элч байх учиртай УИХ-ын гишүүдийг намын ёс суртахуун гэдэг юман дээр авчраад, зөрчих юм бол дахиад нам руу харах нүүргүй болгож магадгүй байх шив дээ. Сахилга, ёс суртахуун ярих нь зөв боловч хальтираад УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж болохгүй шүү.
-Бас намын дарга нь Ерөнхий сайд байхаар гишүүд нь даргынхаа тэргүүлсэн Засгийн газрыг хянаж чадахгүй байх шиг байна?
-Одоогоор Засгийн газрын тэргүүн нь олонхийн намын дарга байгаа. Уг нь энэ маань гадаад орнуудад байдаг намын хүндэт даргын хэмжээний хүндэтгэлийн шинжтэй тогтолцоо. Гэтэл манайд намын өдөр тутмын удирдлагын системтэй хольчихсон. Манай улсад байдаг намын дарга нар бол ерөнхий нарийн бичгийн даргын дээр байдаг өдөр тутмын удирдлагын тогтолцоо. Гадаад орнуудад намын байгууллагаа үндэсний, парламентын гэж хоёр хуваадаг. Парламентын намын байгууллагын дарга нь парламентдаа байдаг, ямар албан тушаал хашина, түүнийгээ хийгээд л. Харин намын үндэсний байгууллагын дарга нь парламентаас гадуур тусдаа, намынхаа дотоод үйл ажиллагааг эрхлээд явдаг. Гадаадын ийм өөр тогтолцоог манайд байдаг бас өөр тогтолцоотой холиод нэг болгочихоор шүдтэй байна араатны хаан болно, далавчтай байна жигүүртний хаан болно гэсэн сарьсан багваахайн үлгэрийг санагдуулж байгаа юм. Дүгнээд хэлбэл, манайд өнөөдөр намын монопольчлолыг халсан 1990 оны хууль, түүнийг баталгаажуулж бэхжүүлсэн Үндсэн хууль хэрэг дээрээ хэрэгжихгүй, нам нь төрийг удирддаг хуучин тогтолцоо дээрээсээ доор хүртлээ сэргэчихсэн байна. Гаднынхан “Монголд асуудлыг хууль биш, нам шийддэг” гэж тайлбарласан байна гэсэн нь ортойдог. Намын шинэчлэл гэж хүмүүс яриад байна. Намын шинэчлэл бол дарга нарыг солих, олшруулах, цөөлөх тухай биш, зарчмын асуудлыг л ярьж шийдээсэй билээ гэж горьдож сууна.
-Үндсэн хуульд тунхагийн чанартай заалт олон байна аа. Жишээ нь, засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт гэдэг. Бас УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гэдэг. Гэтэл ард түмний байгуулсан парламентад олонхи болсон нам л төрийн эрхийг барьж, энэ намын удирдлагад байгаа цөөхөн хүний гарт л засгийн эрх мэдэл байсаар ирлээ шүү дээ?
-Өнгөц харвал тунхагийн чанартай заалт бий. Ухаж бодвол өөр шүү дээ. УИХ бол ард түмний мэдэлд байгаа засгийн эрхийг хэрэгжүүлдэг төрийн эрхийг барих дээд байгууллага. Харин өнөөдөр энэ өндөр дээд чанараа алдаж хэлбэрийн төдий байгууллага болчихлоо. Засгийн эрх ард түмний мэдэлд байна гэдгийг ард түмэн хуулиа батлаад л өдөр тутмын зохицуулагч байх мэтээр ойлгож болохгүй л дээ. Барууны орнуудын Үндсэн хуульд бол засгийн бүх эрх мэдэл ард түмнээс үүсмэл байна гэж бичсэн байдаг. Эх булаг нь ард түмэн. Засгийн анхдагч байгууллага нь парламент. Парламент нь ард түмний нэрийн өмнөөс тэдний төлөө ажиллах учиртай. Өнөөдөр төрийн удирдлагын буюу засгийн хэлбэр парламентын байх уу, эсвэл Ерөнхийлөгчийн засаг уу гэдгийг улстөрийн намууд л ярьж, ингэж тэгж өөрчилье гээд төсөл хөтөлбөр зохиож явна гэсэн. Тийм байж таарахгүй ээ. Үүнийг Үндсэн хуулийн байгууллын эсрэг үйлдэл гэж хэлж болно.
1992 оны Үндсэн хуулиар Монгол Улс парламентын Бүгд найрамдах улс байна гэдгийг ард түмний санал асуулгаар, 900 мянган хүний олонхийн саналаар шийдсэн. Ард түмний энэ шийдлийг ямар нэгэн улстөрийн нам, улстөрийн зүтгэлтний хүслээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад шийдчих асуудал биш. Хэрэв тэгвэл жинхэнэ төрийн эргэлт болно. Ингэж төрийн эргэлт хийх хүн байхгүй л болов уу гэж би найдаж байгаа. Төрийн удирдлагын хэлбэр бол дан ганц төрийн биш, харин бүхэл бүтэн ард түмний бүрэн эрхт байдлын асуудал юм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, ард түмэн өөрсдийнхөө төрийн хэлбэрийг тодорхойлох, Засгийн газраа өөрсдөө байгуулах, өөрсдийнхөө төлөө ажиллуулах, хэрэв тэгж ажиллаж чадахгүй бол ардчилсан эсвэл хүчирхийллийн аргаар Засгийн газраа устгах эрхтэй төдийгүй үүрэгтэй байдаг. Дэлхийн том том баримт бичгүүдэд энэ талаар дурайтал бичсэн байдаг. Жишээ нь, 1776 оны Америкийн тусгаар тогтнолын тунхаг, Францын хүний эрхийн тухай тунхаглал, Германы Үндсэн хуульд ийм санаа бий.
-Үндсэн хуулийн одоогийн заалтдаа баригдахгүйгээр яривал таны хувьд Монголд ер нь ямар засаг илүү тохиромжтой вэ?
-Ард түмэн нэгэнт шийдчихсэнийгээ л тордож парламентын засгаа л хүч чадалтай болгомоор байна. Хэрэв Ерөнхийлөгчийн засагтай болно гэвэл Засгийн газрыг Ерөнхийлөгчөөр толгойлуулах тухай Үндсэн хуульд өөрчлөлт оруулж төрийн дуулал эгшиглүүлээд л шийдчих юм шиг яриад байх юм. Үгүй шүү дээ, бүх тогтолцоогоо хөндөнө. Шүүхээ яах вэ, орон нутгийн хурал, захиргаа, төсвөө, гадаад бодлогоо гээд бүх системээ хөндөнө. Одоо байгаа 330-аад хуулиа бүгдийг ямар нэгэн хэмжээгээр өөрчилнө. Ийм хэмжээний өөрчлөлт хийнэ ээ гэж байгаа бол эцсийн шийдвэрийг ард түмэн л гаргана, мэднэ. Яагаад гэвэл, парламентын энэ засгийг ард түмэн өөрсдөө сонгосон юм. Бид ард түмнийг хуурч мэхлээгүй. Гурван сар ард түмнээр хэлэлцүүлж, Бага Хурлаар дөрөв, АИХ-аар хоёр удаа, нийтдээ 70-аад хоног хэлэлцэж байж баталсан хууль шүү дээ.
Түүхийн энэ цаг үед бид хоёр дахь хувьсгал хиймээргүй байна. Монгол чинь үндсэндээ 1924 оноос эхлээд л нам руу гажсан ч гэсэн парламентын засагтай яваа улс. Харамсалтай нь, парламентын эрх мэдлийг нам л булааж авчихаад байх юм. Нэг хэсэгхэн, үүлэн чөлөөний нар шиг 1990-2000 оныг хүртэл парламентын засагтай явлаа. Шууд хэлэхэд 2000 оны тэрхүү өөрчлөлтийг хүчингүй болгочихвол Үндсэн хуулийн уг эх сэргээд ирэх юм. Ер нь бол Цэц хүчингүй болгочихсон өөрчлөлтийг л мөрдөөд байгаа. Энэ бол үндсэндээ дээд хэсгийн улстөрийн дампуурал шүү дээ. Ерөнхийлөгчийн засагтай болно гэдгийг төрийн дээд албан тушаалтан, улстөрийн нам хэлдэг ч юм биш.
-Яагаад, тэд үзэл бодол, байр сууриа л илэрхийлж байгаа шүү дээ?
-Хувь хүний хувьд бололгүй яах вэ. Эхнэртэйгээ ярьж буй биш л бол төрийн өндөр албан тушаал хашиж байх үедээ, бас улстөрийн намын байр сууринаас ингэж ярьж болохгүй. Яагаад гэвэл, Үндсэн хуулийн байгууллыг хүлээн зөвшөөрсөн намыг Дээд шүүх бүртгэж авах ёстой. Үндсэн хуулийн байгууллын эсрэг сурталчилгаа хийж байгаа намыг шууд татан буулгаж, ийм юм ярьж байгаа төрийн дээд албан тушаалтныг огцруулах ёстой. Үндсэн хуулийн байгууллыг хамгаална гэдэг бол албан газрын эд хогшил манахтай адилгүй. Аугаа их Аристотель төрийн дээд албан тушаалд орохыг эрмэлзэгчид гурван шинж чанарыг эзэмшсэн байвал зохино. Нэгд, оршин буй төрийн байгууламжаа дэмждэг байх, хоёрт, албан тушаалыг дагалдан холбогдсон үүргийг биелүүлэх ихээхэн чадвартай байх, гуравт, төрийн байгууламжийн дүрс бүхэнд тохирсон сайн үйл, шударга чанараараа шалгарсан байх ёстой гэснийг дурдахад бидний хэлснийг тоодоггүй хүмүүст хэрэг болж магад.
-Тэгвэл Япон, Англи шиг сонгодог парламентын засагтай болж Ерөнхий сайд нь парламентаа тараадаг эрхтэй байя гэж ярьдаг?
-Японд Ерөнхий сайдыг Эзэн хаан томилж, хааны бие төлөөлөгчийн хувьд гүйцэтгэх засгаа тэргүүлдэг. Ер нь Англи, Япон гэж яриад байгааг би тэднээс авах юм байхгүй гэж байгаа юм биш. Тэгвэл парламентын хаант засагтай болгочихгүй юү. Хаан болох хүсэлтэй хүмүүс бас байдаг юм шүү. Профессор Дашдорж хөгжиж байгаа, цөөн хүн амтай, бага буурай 93 орны засгийн хэлбэрийг судалсан байна лээ. Тэнд олонхи нь парламентын засагтай л байна. Гэтэл бид том гүрнүүд, парламентын хаант засагтай Япон, Англи, холбооны улс болох АНУ, Германыг л дуурайх гээд байх юм. Тэгж дээгүүр сэвж, дэнгийн эрвээхэй шиг дэрвэж байх хэрэг юун. Өөртөө тохирсон, цомхон бүтэцтэй ухаалаг парламент, хариуцлагатай Засгийн газар, шударга шүүхтэй, өөрөө удирдах ёсны сумдтай л байвал Монгол Улс хөгжинө. Тэгээд нам нь болхи бүдүүлэг биш бол шүү дээ.
-УИХ төрийн эрхийг барих дээд байгууллага байхад эрх мэдэл нь дутаад байгаа учраас л ийм яриа гардаг байх, тийм үү?
-УИХ бол төрийн эрхийг барих дээд байгууллага гэдгийг зарим хүн дутуу ухаараад байх шиг. Энэ тухай Үндсэн хууль хэлэлцэж байх үед Улсын Бага Хурлын гишүүд их маргаж байсан, бид их зүтгэж байж үлдээсэн. Манай төрийн байгууллагын систем урьд нэг ишт үзэл дээр байсан. Одоо бол эрх мэдэл хуваарилах зарчим дээр байгаа санаатай. Төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэж гурав хувааж байгаа. Гэхдээ энэ нь нэг улс гурван засагтай, гурван толгойтой байна гэсэн үг биш. Монгол Улс бол нэгдмэл нэг засагтай, тэр нь парламентын байна гэдэг утга агуулгыг “УИХ бол төрийн эрхийг барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэдгээр илэрхийлж байгаа юм. Төрийн эрх барих дээд байгууллага гэдэг нь ард түмний өмнөөс засгийн нэгдмэл байдлыг хангах, өөрөөр хэлбэл төрийн бодлого, зарчмыг эцсийн дүнд гагцхүү УИХ тодорхойлно. Энэ гагцхүү гэдэг үг бол гацаагаа арилгах гэсэн ээрүү хүний үг биш л дээ. Үг нь байтугай таслал нь утгатай байдаг юм, хуульд. Засгийн нэгдмэл байдал гэдэг маань Монгол Улс стратегийн хувьд нэг бодлоготой байна гэсэн үг. Стратегийн нэг бодлогоор үндэсний эв нэгдэл илэрч байх ёстой. Үндэсний эв нэгдлийг УИХ хангаж, Ерөнхийлөгч түүнийг бэлгэдэж, илэрхийлж байх учиртай. Одоо бол эв нэгдэл байхгүй гурван тийшээ харчихаад байна шүү дээ. Эцсийн эцэст бодлогыг УИХ тодорхойлж байгаа бол тэр парламентын засаг, Ерөнхийлөгч тодорхойлж байгаа бол Ерөнхийлөгчийн засаг. Энэ гол шалгуурыг бид ярихгүй, авч үзэхгүй, наахнуур нь гурван засаг гэж яриад төрийн гурван өндөрлөг гэж завхруулдаг. Энд хэвлэлийнхэн та нөхөд бас бодмоор. Засаг гэдэг үг байсаар байхад засаглал гэж бичнэ, нэг засаг байсаар байхад гурван засаг гэж ярина. Засаг бол нэгдмэл байдаг. Гэтэл манайд хоёр, гурав болгочихоод байна. Жишээ нь Онцгой байдлын газар гэхэд хоёр засагтай. Нэг сайд, нэг даргатай гэх мэт. Парламент бол намын өмнөөс биш, ард түмний өмнөөс төлөөлөн засгийн эрх барьдаг байнгын шинж чанартай байгууллага. Харин парламентаа ард түмэн яаж хянах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг яаж тавьж, яаж шийдэх байх гээд нарийн сөхөх ёстой юмнууд бий.
-Ер нь УИХ-ын төрийн байгууллага байх шинжийг алдагдуулж, намын дор оруулж, Үндсэн хуулийн заалтыг тунхаг төдий болгож байгаа хүмүүс бол гишүүд. Хэрэв тэд намын харьяалалгүй бол арай өөр байх байсан болов уу?
-УИХ-ын гишүүд намын гишүүний хувьд намынхаа бүлгийн саналыг УИХ-ын шийдвэрт тусгуулахын төлөө зохих хязгаарын дотор ажиллах нь зүйн хэрэг. Тусгуулахын төлөө шүү. Парламент бол ард түмний өмнөөс шийдвэр гаргана, намын өмнөөс биш. Ийм нарийн заагуудыг харж, мэргэшлийн үндсэн дээр парламентыг ажиллуулах явдал дутагдаж байна. Өнөөдөр бол УИХ зүгээр л нэг хуралдаж чи, би гэж маргаж байгаад хэн чанга дуугарсан нь дийлдэг, монгол бөхийн барилдаан шиг юм боллоо.
-Гэхдээ та засгийн эрхийг намууд барьж байгаа гэдэгтэй санал нийлж байгаа биз дээ?
-Хэрэв миний хэлж байгаагаар бодлогыг тодорхойлдог газрыг эрх барина гэж үзвэл өнөөдөр парламентаас гаргадаг шийдвэрийг намын олонхиор хүч түрж гаргаж байгаа нь хэтэрхий өрөөсгөл явдал юм. Уг нь намууд парламент дээр үзэл бодлоо уралдуулж, эцсийн дүндээ иргэний байр сууринаас шийдвэр гаргах ёстой. Гэтэл намын бүлгийн шийдвэрийг гишүүн биелүүлнэ, намын бүлэг нь намынхаа төв байгууллагын шийдвэрийг биелүүлнэ гээд журамлачихаар үнэн хэрэг дээрээ нам шийдвэр гаргаж УИХ түүнийг нь ёсчилж, Төрийн ордон бол намын шийдвэрийг шивж, гарын үсэг зурдаг л газар болжээ.
-Одоо энэ байдлыг яаж засах вэ?
-Төр, намын харилцааны зарчмын зааг ялгаа, арга барил, эв дүйг тодорхойлсон заалтуудыг зөв томъёолж УИХ, Засгийн газрын, Улстөрийн намын тухай хуульд нарийвчилж хийж өгмөөр байна. Хуулиудыг уялдуулж баланслуулж хиймээр байна. Нам бол урьдынх шиг нийгмийг удирддаг хүч биш.
-Та бол мэдээж, Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байгаа юу?
-Үндсэн хуулийг өөрчил гэж би шууд уриалахгүй. Тодруулмаар юм энд, тэнд бий. Гэхдээ заавал Үндсэн хуулийг биш, харин үндсэн хуульчилсан хуулиудад тодотгож, бүр ихээхэн дэлгэрүүлж зааж өгмөөр зүйл их бий. Жишээ нь, АНУ 1787 онд гарсан Үндсэн хуульдаа 27 удаа нэмэлт хийсэн, өөрчлөлт оруулъя гэсэн төсөл бол таван мянга гаруй удаа орж ирсэн. Нэмэлт гэдэг бол байгаа юмыг тодруулдаг болохоос, байхгүй юмыг нэмдэггүй л байхгүй юү. Бид гайхалтай юм хийчихсэн, үүнийг хөдөлгөж болохгүй гэж байгаа юм биш. Хамгийн гол нь нийгэм, тэр дундаа улстөрийн харилцаа тогтвортой байх эсэх нь Үндсэн хуулиа яаж баримталж байгаагаас л хамаарна. Манайд тагнуулын байгууллага энэ тэр гэж байна аа даа, түүний чинь хийдэг хамгийн гол ажил нь Үндсэн хуулийн байгууллыг хамгаалах байдаг юм шүү дээ. Гэтэл манайд нэг улстөрийн нам гарч ирээд л Үндсэн хуулийг ингэж өөрчилнө, ийм засаглал тогтооно гэж тунхаглах юм. Би Ерөнхийлөгчийн талаар таагүй үг хэлдэггүй. Миний дэмжиж явдаг залуучуудын л нэг байсан. Би нэг удаа “онохдоо онож, алдахдаа алдаж сурч яваа” гэж хэлсэн нь санагдана. Арай даруу биш болсон байх. Сая их том алдаж байна лээ, Ерөнхийлөгч маань. Үндсэн хуульд УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гэсэн нь буруу болсоон гэж байна лээ. Тэр үгийг нь нэг мэргэжилтэн, зөвлөх нь бичээд өгсөн юм уу, бичсэнийг нь олж уншаад ярьж байгаа юм уу, мэдэхгүй, тэгээд ярьчихаж байна лээ. Гэтэл Үндсэн хуулийг үг дуугүй биелүүлнэ гэж дээр нь гараа тавиад тангараг өргөсөн Ерөнхийлөгч ямар ч тохиолдолд Үндсэн хуулиа хамгаалж байх ёстой байхгүй юу. Төр барих ёс гэж байна. Ард нь ч шүүмжилж л байдаг, төрийн тэргүүн нь ч шүүмжилж л байдаг навтас болгож болохгүй шүү дээ, Үндсэн хуулиа. Хууль дээдэлдэг юм бол түүний чинь дээд талд Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс гэж байдаг. Шүтнэ гэдэг нь мухар сүсэг биш л дээ. Үндсэн хуулиа тангарагтаа оруулаад мөргөчихсөн, хүндэтгээд залчихсан, уг эх мөөн гээд мутарлаад хадгалчихсан төрийн шүтээн байхгүй юу.
-Засгийн газрын ажлыг УИХ-ын өмнө Ерөнхий сайд хариуцна гэдэг. Гэтэл УИХ зарим сайдыг нэг нэгээр нь огцруулж хариуцлага тооцож байна. Энэ танхимын зарчим мөн үү?
-Засгийн газар бол төрийн гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага. Төрийн шийдвэр буюу хууль тогтоомжийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж, хангах үүргийг хэрэгжүүлдэг. Энэ ажлыг албан тушаалын хувьд Ерөнхий сайд дангаараа УИХ-ын өмнө хариуцдаг. Энэ бол хуучин хамтын удирдлагатай Сайд нарын Зөвлөлийг дангаар хариуцах кабинетийн зарчмаар шинэтгэх гэсэн үзэл баримтлалыг илэрхийлсэн юм. Энэ нь Ерөнхий сайд дангаараа салбарын сайд нарынхаа ажлын сайн мууг, тэдний зан төлөвтэй нь парламентын өмнө дангаараа хариуцна л гэсэн үг. Сайд нарт нэг нэгээр нь хариуцлага тооцох тухайд огцруулах асуудал байж болно. Улстөрийн хариуцлага тооцдог. Парламентын гишүүн, засгийн томчууд бол улстөр, ёс зүйн хийгээд зарим нөхцөлд материалын хариуцлага хүлээдэг. Жишээ нь, буруу тушаал өгч онгоц нисгээд, ан хөөж яваад унагачихсан бол материалын хариуцлага хүлээх тийш хандана.
Харин парламент өөрөө санаачилж Засгийн газрын гишүүдийг нэг нэгээр нь түүж огцруулах нь танхимын зарчмаас гажууд хандлага юм. Зүй нь ямар сайдаа яасны учир огцруулахыг Ерөнхий сайд өөрөө мэдэж, үндэслэлээ боловсруулж парламентад оруулах ёстой. Өөрөөр хэлбэл, яаж томилсон тэгж огцруулна. Хэрэв Ерөнхий сайдын огцруулахаар оруулсан сайдыг парламент огцруулах үндэслэлгүй байна аа гэж үзвэл УИХ эргээд Ерөнхий сайдтай хариуцлага тооцох үндэслэл гарч ирж болно. Энэ чинь хоёр тийшээ холбоо бүхий, танхимын зарчмаар хариуцлага хүлээдгийн илрэл байхгүй юу.
-Тэгвэл УИХ-ын гишүүд санал гаргаад салбарын сайдыг огцруулж байгаа нь буруу байх нь ээ?
-УИХ-ын гишүүд огцруулах санал гаргаж парламентын удирдлагад тавьж болно. Түүнээс биш, огцруулахыг санаачлахгүй. Санаачилгыг бол УИХ-д заавал хэлэлцүүлдэг юм. Харин огцруулах санал тавьж болно, тэр саналыг хүлээж аваад УИХ-д сайдынхаа асуудлыг оруулах эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрх. УИХ-ын гишүүний огцруулах санал тавьсан сайдын асуудлыг Ерөнхий сайд үндэслэлгүй гэж үзээд парламентад оруулахгүй байж болно. Хэрэв тэгвэл УИХ-ын гишүүд, намын бүлэг Ерөнхий сайдтайгаа асуудал ярьж, түүнийг огцруулах санаачилга гаргаж болно. Яагаад гэвэл анхдагч нь Ерөнхий сайд, сайд нар бол хоёрдогч нь. Ер нь бол Ерөнхий сайд ийм ийм хүнийг сайдаар томилноо гэхэд онцын зөрчилгүй л бол шууд томилоод өгөх хэрэгтэй. Тэгээд л юм юмыг нь уудалж тамираа бараад, ард түмэнд матаад байх хэрэггүй юм.
-Нэг сайд алдаа гаргалаа гэхэд тэр сайдын алдааг Ерөнхий сайд давхар үүрэлцэх ёстой юу?
-Асуудал болгоноор биш л дээ, ямар асуудалд Ерөнхий сайд холбогдсон гэдгээр л болно. Жишээ нь, ноцтой асуудал гарвал хамт унахыг үгүйсгэхгүй. Тийм тохиолдол дэлхийн практикт байдаг. Засгийн газрын өөрийнх нь үйл ажиллагаа, Ерөнхий сайдын өөрийнх нь өгсөн үүрэг, чигээс хамаарсан, эсвэл танилцуулсаны үндсэн дээр шийдсэн асуудлаар Ерөнхий сайд хамт унах нь бий.
-Та бүхэн Үндсэн хуулийг хамгаалах холбоо байгуулсан гэсэн. Энэ холбоо юу хийж байна вэ, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгуулж чадах нь уу?
-Үндсэн хуулийн 15 жилийн ойгоор Үндсэн хууль тогтоогчид цуглаад ийм холбоо байгуулсан. Энэ холбооны үйл ажиллагаа эхлээд явж байгаа. Хамгийн түрүүнд Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлтийг хүчингүй болгож хуучин эхийг нь сэргээхийн төлөө ажиллаж байгаа. Хэрэв бидний саналыг хүлээж авахгүй бол улстөрийн өшөө хүнд аргаар тэмцэнэ гэж ярьж байгаа юм билээ. Гэхдээ би энэ холбоонд ороогүй. Яагаад гэвэл би Үндсэн хууль л гэвэл хөөсөө сахартал ярьж байдаг өвчтэй амьтан болж зарим хүнд харагдаад уурыг нь бараад байдаг бололтой юм. Үндсэн хуулийг дэмжих сан гэж бий, тэргүүн нь би. Энэ байгууллага нь Үндсэн хууль сурталчлахад арай ойр юм.
-Та МАХН-ын гишүүн байж басхүү өндөр албан тушаал хашиж байсан. Одоо энэ намд хийх шинэчлэлийн талаар ямар байр суурьтай явдаг вэ?
-МАХН-ын шинэчлэлийн тухай сэдэв бол Монголын улстөрийн харилцааны шинэтгэлийн язгуур асуудлын нэг юм. Яагаад гэвэл энэ нам улс орны түүхэнд том орон зай эзэлж байсан, одоо ч чамгүй байр суурьтай байгаа. Бас сайны хажуугаар саар үйлдлийг нэлээд гаргаж байгаа. Ялангуяа төрийн ажлыг будилуулсан томоохон хэд хэдэн зөрчил гаргалаа. Тэр бүхнийг нуугаад байх хэрэггүй юм. Энэ нь намын зохион байгуулалт, хуучин дадал, хуучин бүрэлдэхүүнтэй холбоотой байх. МАХН бол бусад намын этальон болж харагдаад байдаг. АН-ын жишээн дээр хараад байхад хүссэн ч, эс хүссэн ч МАХН-ын бүтэц зохион байгуулалт, арга барилд аяндаа автдаг. Дагахаас ч аргаүй байдалд хүрдэг байх. Тэнд үүр байгуулбал зэрэгцээд байгуулах, мөнгө тараавал өрсөөд илүүг тараах гэх мэтээр. Ийм учраас МАХН-ын шинэчлэлийг амжилттай болгоход улстөр судлаачид санаа оноогоо хэлж нэмэрлэбэл удирдлагуудад нь хэрэг болж юуны магад. Энэ үүднээс би урьд өмнө хэн нэгэнд цухуйлгаж байгаагүй ганц нэг зүйлийг хэлье. Энэнийг хэлэх цаг нь болсон шиг байна. 1996 онд нам сонгуульд ялагдахад энэ талаар Бүгд хурлаар ярьсан. Тэгэхэд би бүрэлдэхүүнд байсан. Би нэлээд хурцхан үг хэлсэн. Хүрэлсүх энэ тэр Чимид гуай салхи хагалж өглөө гэж хэлж байсныг санаж байна. Миний хэлсэн үгийг хэн нь ч гадагш цухуйлгаагүй, хав дарсан.
-Та яг юу гэж хэлсэн юм бэ, их л аюултай үг учраас хав дарсан байх даа?
-Нэг их аюултай юм байгаагүй ээ. Харин үнэн үг учраас л эмзэглэсэн болов уу. Тэнд би “энэ ялагдал бол зөвхөн намын дарга Даш-Ёндонгоос болоогүй ээ. Харин ирж яваа цаг, харьж яваа намын зөрөөнөөс боллоо” гэж хэлсэн. Тэр үед ирж яваа цаг, харьж яваа нам гэдэг хэлц нэг их аятайхан сонсогдоогүйг би өөрөө ч мэдэрсэн Ирж яваа, угтан буй улстөрийн шинэ харилцаанд нийцсэн улстөрийн хүчин болоход тэр үеийн МАХН-ын хурд гүйцэхгүй, цаг үетэйгээ зохицохгүй л байсан байхгүй юу. Тэгээд шинэтгэлийг яаж хийх вэ гэдэг дээр янз бүрээр ярьсан. Тэр үед би одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Гадаад явдлын яамны сайд байсан Ц.Гомбосүрэн, Шадар сайд асан, талийгаач Л.Пүрэвдорж гуравтай хамт уулзаж намыг шинэтгэх санаагаа дөрвөн зүйлээр хэлсэн. Нэгдүгээрт, нам үзэл баримтлалаа шинэчил. Нагаржунайн номлолоор хол явахгүй ээ. Дэлхий нийтийн жишигт нийцэх, хүлээн зөвшөөрөх үзэл баримтлалаар солихгүй юм бол бид улстөрийн шинэ хүчин болж чадахгүй. Хоёрдугаарт, намын дотор шинэ, хуучны туйлширсан хоёр бүрэлдэхүүн ялгарлаа. Шинэтгэлийг дэмжигч хүчин байна, хуучнаараа явах “коммунистууд” байна. Ийм хоёр хэсэгт хуваагдчихжээ. Тэгэхээр шинэтгэлийг дэмжигчдийг нь аваад хуучнаараа явъя гэсэн хүмүүсийг коммунист намаар нь үлдээчих. Ямар сонголт хийх нь гишүүдийн эрхийн асуудал. Коммунизм бол аймшиг биш шүү дээ, өнөөдрийг хүртэл байж л байна, Орост, бидний шүтээд байдаг АНУ-д хүртэл байна шүү дээ. Өнөөдөр Зүүний хүчний холбоо энэ тэр гэж хөдөлгөөн гарч байгааг би алсдаа ийм хуваагдал болох нь уу гэж тааж байгаа. Гэхдээ мэдэхгүй юм. Гуравдугаарт, нам алдаагаа ард түмний өмнө ил тод хүлээ. Зөвхөн 1930-аад оны хэлмэгдэл биш ээ, улс орныг буруу замаар хөтөлж явсан алдаагаа хүлээж, хуарангийн социализм явахгүй нь гэдгээ, буруу замаар хөтөлж явсан алдаагаа хүлээх нь зүйтэй. Хуучныг сэргээх горьдлого төрүүлж болохгүй. Дөрөвдүгээрт, намын нэрийг соль. Нэр бол хувь хүнд тохиолдлоор өгдөг. Байгууллагын хувьд нэр бол агуулгаа илэрхийлдэг. Тэгэхээр коммунист ажилчны намд данслагдсан нэртэй байх нь улстөрийн шинэчлэгдсэн хүчин болж харагдахгүй гэсэн. Энэ дөрвөн асуудлыг хамт уулзсан гурав маань гурвуулаа дэмжиж байсан. Эцэстээ би үүнийхээ төлөө намыг эсэргүүцэгч, урвагч энэ тэр гээд ямар л муу нэр хоч байна тэр бүхнийг зүүсэн л дээ. Намайг ингэж ярихад Л.Пүрэвдорж, Ц.Гомбосүрэн нар дэмжиж л байсан. Харин Н.Энхбаяр намын дарга болоод таг болсон. Л.Пүрэвдорж маань сүүлд бас намаас арга хэмжээ авахуулсан юм уу даа
-Хөөгдсөн гэж л бичдэг шүү дээ. Та ч бас хөөгдсөн юм биш үү?
-Тэгж ч нүгэл хураахгүй шүү хөөрхий. Би ч хөөгдөөгүй юм аа. 1990 онд олон намууд бий болж засгийн эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байх үед АИХ-ын Тэргүүлэгчдээс намайг намуудын хоорондохь зохицуулагчаар томилсон. П.Очирбат гуай л амаараа томилж явуулсан, бичиг баримт бол байхгүй л болов уу. Тэнд би төрийн хүний ёсоор өөрийн, өрөөлийн нам гэлтгүй мөргөлдөөнгүй, сөргөлдөөн гаргахгүйгээр ажиллаж байсан. Төрийн зохицуулагчийн үүргийг гүйцэтгэсэн. Энэ тухай баримтууд бий л дээ. Өөрийн намыг өмгөөлөхгүй, бусдын намыг булхайлж болохгүй хоёр талын буюу торгон галын дунд хавчуулагдаж аяыг нь олно гэдэг амаргүй байсан шүү. Хүний өөрийн гэлтгүй аль алинтай нь маргана, эсрэгүүцнэ, эвлэрүүлнэ, элдвээр хэлүүлнэ. МАХН-ынхан болохоор урваач гээд л, гэр рүү, авгай хүүхдүүд рүү хүртэл утас цохиж “танай өвгөн, танай аав урваач” гэнэ. Нөгөө намынхан болохоор МАХН-ын хуучин бурхи, дэглэгч, харгис гэнэ. Бас хажуугаар нь “ална, тална” гээд хэцүүхэн л байсан. Гэхдээ би хууль номоо барьж гүрийсээр эцэстээ сайхан ойлголцдог болсон юм. Энэ мэт элдэв хавчлагад суухаас гадна үзэл бодол таарахгүйн зовлон байлаа шүү дээ. Тэгээд өргөдлөө өгсөн.
-Хэдэн онд вэ?
-1997 оны гуравдугаар сарын 21-нд өргөдлөө өгсөн. Одоо бол урвагч гэдэг нэртэй яваад байгаа. Би бол урваагүй ээ, харин 1990 оныхоо сонгож авсан үзэл бодол, Үндсэн хууль, сонгосон замдаа үнэнч яваа. Номын хүнд нам биш, шударга иргэний байр суурь чухал юм аа. Ер нь шинжлэх ухаан намч, ангич биш болсон биз дээ. Тэгэхээр номын мөр хөөсөн хүн намын эргүүлэгт орохгүй чөлөөтэй амьсгалах сайхан.
-Ер нь өргөдөлдөө юу гэж бичдэг байсан бэ, жишээ нь та?
-Би дөрөвхөн санаа л бичсэн. Одоо ч минй цээжинд, бас дэвтэрт байдаг. Тэнд, ямарч нөхцөлд төрийг намаар, хуулийг үзэл суртлаар, шинжлэх ухааныг дур зоргоор, хүн чанарыг албан тушаалаар сольж чадахгүйг эрхэмлэн монгол төрийг улстөржүүлэхгүйн төлөө чадах ядахаараа эрмэлзэх борлно оо гэж бичсэн. Энэ бол миний тангараг. Үүнийг одоо урвалт гэх юм уу, бүү мэд. Би өөр намд ороогүй. Ер нь монголчууд хоёр урваж л болохгүй. Бид марксизмаас урван коммунизмаас татгалзсан. Одоо шинээр сонгосон үзэл, замаасаа дахиад гажвал жинхэнэ урвагч болно. Иймд ардчиллын зүгт сонгосон замаараа тууштай явж төрийг төвийлгөн намыг дор нь оруулж, төрийн дээр иргэнийг тавих хэрэгтэй байна. Төрийн ажлыг намын нэрээр хийдгийг одоохон зогсоож болимоор байна. Иймд намын төртэй харилцах харилцааг цаг үедээ нийцүүлж, хамгийн гол нь үзэл баримтал, үйл ажиллагааны зарчмаа шинэчилмээр байна.

No comments:
Post a Comment