-Юуны өмнө баяр хүргэе. Сэтгэл хэр догдолж байна вэ?
-Баярлалаа. Маш том ажлын ард гарлаа. Өнөөдөр киноныхоо нээлтийг хийчихвэл уртаар амьсгаа авна. Хүмүүс хэрхэн хүлээн авах бол гэж маш их догдолж байна.
-Өөрийгөө “Ану хатан”-ы дүрийг хэр сайн бүтээсэн гэж бодож байна вэ?
-Би мэргэжлийн жүжигчин биш. Гэхдээ олон сайн жүжигчид, хамтран ажилагсдынхаа ачаар дүрээ боломжийн бүтээсэн болов уу гэж бодож байна. Үзэгчид өөрсдийн дүгнэлтээ өгөх байлгүй.
-Анх киноны саналыг хэрхэн хүлээж авав?
-Зохиолч маань пробонд уриад л орсон л доо. Гурван удаагийн видео проб, хоёр удаагийн гэрэл зургийн проб өгсөн. Тэр үед би өөрийгөө энэ кинонд тоглоно гэж бодоогүй. Хүн болгоныг дуудаад пробонд оруулж байна л гэж бодсон. Би жүжигчин хүн биш дуучин учраас кино мэдэхгүй шүү дээ. Сүүлд нь өөрийгөө тэнцсэн гэж сонсоод шоконд орсон. Тэгээд бүх талаас нь бодоод өөрийгөө зоригжуулан зураг авалтад орсон. Маш талархалтай хүлээж авсан. Мэргэжлийн бус хүнд итгэл хүлээлгэж, ийм том дүр өгнө гэдэг бас л бөх зүрх шүү. Миний хувьд түүхэн кино гэдэг утгаар нь шууд л зөвшөөрсөн. Надад итгэл хүлээлгэсэн учраас уран бүтээлчдийнхээ итгэлийг алдахгүйн тулд маш их хичээсэн. Бүгдээрээ “Ану хатан” киног ирж үзээрэй гэж урьж байна.
-Дүрээ бүтээхэд хамгийн хэцүү зүйл нь юу байв? Мөн сайхан зүйлс нь?
-Хэцүү гэвэл надад сэтгэлзүйн хүнд драмтай хэсгүүд байсан. Гуниг зовлон, үхэл хагацал гээд. Би чинь харьцангуй залуу хүн учраас амаргүй байсан. Амьдрал дээр тийм зүйлс тохиолдож байгаагүй ч гэсэн энэ бүхнийг кинонд үзүүлэхэд би яаж өөртөө хүлээж авах вэ гэдэг хүнд байсан. Мэдээж маш удаан хугацаанд бясалгаж, маш олон хүмүүсийн тусламж, дэмжлэгтэйгээр бүтээсэн. Мөн эрэлхэг байдлууд нь илүү сонирхолтой, бүр илүү хүндийг ч хийх юмсан гэсэн эрмэлзэл төрүүлэхээр гоё байсан. Зураг авалтын хамгийн сүүлийн их тулаанд нөхрийгөө аврахаар тулааны талбарт сэтлэлт хийж байгаа тэр хэсгийг авахад кино эхлэхээс л энэ хэсэгт би үхнэ гэдгээ мэдэж байсан учраас маш их сэтгэл хөдөлж байсан. Ер нь манай киноны бүх л зураг авалт сайхан болсон. Кино багийнхан маань сайхан хүмүүс байсан учраас зураг авалт болгон сонирхолтой сайхан байсан. Хэдийгээр зураг авалт дууссан ч инээд хөөрөөр дүүрэн тийм л хүмүүстэй хамтран ажилласан даа.
-Хөгжилтэй зүйлс их тохиолдоно биз?
-Цэвээнравдангийн хойноос хөөдөг жижиг тулааны зураг авалт хавар эртээр Хустайн даваанд болсон юм. Сүүлийн зураг авалтад миний малгайг шинэчилсэн. Тэгэхэд миний малгай дангаараа долоон кг гаруй байсан. Тэгээд зураг авалтын явцад яалт ч үгүй ядраад мориноосоо унаад. Босоод ирсэн чинь малгайгаа даахгүй бөхийгөөд /инээв/. Малгайныхаа бүчийг тайлангуут толгой өндийгөөд ирсэн. Зураг авалтад заримдаа үгээ андуурч хэлэх үе гарна. Киноны багийнхан харьцангуй залуу хүмүүс байсан учраас тэрийг маань гуйвуулж мушгих гээд хөгжилтэй зүйлс их тохиолдоно оо.
-Дүрээрээ юуг илэрхийлж гаргахыг эрмэлзэж байсан бэ?
-Ану хатан романд маань түүнийг маш сайхнаар бичсэн шүү дээ. Хатны маань дүр нинжин сайхан сэтгэлтэй, холч уужим ухаантай, Монгол хатдад байдаг сайхан шинжүүдтэй. Нэг ялгаатай тал нь түүхэндээ хоёрхон Монгол хатан зэвсэг агсан дайсныхаа өмнөөс байлдаж байсан. Мандухай хатан болон Ану хатан л байлдаж байсан учраас эх орон, газар шороо, хайрт ханийхаа төлөө амь биеэ золиосолж чадсан ийм гайхалтай хатны дүрийг гаргахыг хичээсэн.
-Киноноос их зүйл сурсан болов уу?
-Олон сайхан зүйлийг сурсан. Морь гэдэг хийморьтой сайхан амьтныг унаж сурлаа. Мөн орлон тоглогчийнхоо буянаар нум сум сайн харвадаг боллоо. Дээр үед халх монголчууд эрхийвчилж харвадаг байсан юм билээ. Тэр нь одоогийн харваанаас хүнд ч тэрийг сурлаа. Яг одоо Монголд ажиллаж, амьдарч байгаа алдартай сайхан жүжигчидтэй хамтран тоглож олон зүйл суран нэг кинонд мөнхөрлөө. Энэ бол уран бүтээлч хүний хувьд хамгийн сайхан зүйл шүү дээ.
-Таны охин ч бас “Ану хатан” кинонд тоглосон гэсэн. Хэний дүрд тоглосон бэ?
-Галдан бошигт Ану хатан хоёр маань гурван хүүхэдтэй. Юмжихайн бага насны дүрд миний охин тоглосон. Хөөрхөн, сэргэлэн байна гэж киног маань эхний ээлжинд үзсэн хүмүүс дүгнэсэн байсан. Та бүхэн маань өөрсдөө киног маань үзээд дүгнэх байлгүй.
-Киноны ажил дуусч, дэлгэц рүү шилжлээ. Үргэлжлүүлээд ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Үзэгчид таны дууны шинэ уран бүтээлийг хүлээж байгаа байх?
-Би 2012 он гарангуут “Өнө мөнх орон” бие даасан тоглолтоо хийсэн. Тэгээд кинондоо тоглолоо. Бид тоглолт хийхдээ нэг хоёр сар бэлтгээд хийдэг бол кино тийм биш юм байна. Цогц том бүтээлд хугацаа их шаарддаг гэдгийг ойлгосон. Энэ жил би дуулаачийнхаа чиглэлээр олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа. Ирэх хоёрдугаар сарын 1-нд Эрдэнэтэд “Өнө мөнх орон” тоглолтоо хийнэ. Гуравдугаар сарын 7, 8-нд Улсын филармонийн гоцлол дуучид болох А.Эрдэнэжаргал, Д.Отгонжаргал, С.Баттулга нартай цоо шинэ сонгодог тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Ерөнхийдөө дандаа тоглолтын бэлтгэлтэй байна даа.
-Зохиолч Б.Шүүдэрцэцэг та хоёрын хооронд байгуулсан нэг том гэрээ байгаа гэж дуулсан. Дахин өөр ямар ч кинонд тоглохгүй “Ану хатан” дүрээрээ үлдэх ёстой гэсэн?
-Бид хоёрын дунд тийм яриа өрнөсөн л дөө. Би чинь дуучин хүн учраас үндсэн ажлаа хийхийг маш их зорьж, тэмүүлж байна. Үеийн сайхан найз, нөхөд маань гадаад дотоодын тэмцээн, уралдаанд оролцоод амжилт гаргаж байна. Дуучин хүн юм чинь хор шар хөдөлж байна. Өөрийгөө тэдний адил соймоор байна. Кино бол хүнд урлаг байдаг юм байна. Мэргэжлийн жүжигчид маань илүү хүнд нөхцөлд ажиллаж, амьдардаг. Бүүр байхгүй зүйлийг байлгадаг. Боломжгүй зүйлд хүртэл ажиллаж хүчээ сорьж байдаг тийм хүмүүс. Гэтэл бид нар чинь тухтай байранд унтаж амраад тайван байж тайзнаа гараад дуулахад хоолой сайхан гардаг. Тэгж ажилладаг хүмүүс чинь тэр орчинд очих юм бол дуулаачийн форм эвдэрч, эвдэгдэх, алдагдах магадлал өндөр юм шиг санагдсан. Тийм учраас одоо бол үндсэн ажлаа хийнэ.
-Орчин үеийн ямар ч киноны санал ирсэн зөвшөөрөхгүй гэж үү?
-“Ану хатан” кинотой холбогдоогүй байхад надад зургаан киноны гол дүрд тоглох урилга ирж байсан. Тэд дандаа орчин үеийн кинонууд, хоёр нь ч олон ангит бүтээл байсан. Бүр нэг удаа кинонд нь тоглох гээд гэрээ хийчихээд “болъё, би чадахгүй юм байна” гээд гэрээгээ цуцалж байсан. “Ану хатан” кинод тоглох гээд л тэр бүх юм урдаас цуцлагдаж байсан болов уу гэж боддог юм. Гэхдээ ахиж киноны санал ирсэн ч тоглохгүй ээ. Мэргэжлийн уран бүтээлээ л хийнэ.
-“Хурд” хамтлаг “Ану хатан” киноны дууг үзэгчдэд хүргэсэн. Та дуучин хүн учраас тоглосон киноныхоо бас нэг дууг дуулъя гэсэн бодол байсан болов уу?
-Шүүдэр эгч бид хоёр ярьсан. Сая киноноос өмнө амжсангүй. Эх орон, хайрын сэдэвтэй дууг кино зураг авалтуудаа ашиглаж байгаад хийе гэж ярьсан байгаа. Эхний ээлжинд нэг дуу сонгоод оранжировк нь хийгдчихсэн байгаа. Ажлын ачааллаас болоод киноны нээлтээс өмнө арай л амжсангүй. Кино маань өнөөдөр гараад, сар гараад зогсчихгүй “Мандухай сэцэн хатан” кино шиг цэнхэр дэлгэцээр үргэлж гарч байна байх аа.
Г.ДАША
No comments:
Post a Comment