Thursday, 31 January 2013

Р.Гончигдорж: Ардчилал бол хувь хүний хувьд эрх чөлөө, төрийн хувьд дэглэм, журам юм

УИХ-ын гишүүн Р.Гончигдоржтой ярилцлаа.
-Өнөөгийн пар­ла­мен­тын гишүүдийг нэг өглөө сэрээд бараг зүү­дэндээ үзсэн, эсвэл бодсоноороо хууль са­наа­чилдаг болсон гэх шүүмжлэл бий. Энэ бай­дал юунаас болж үүсээд байна гэж та үзэж байна вэ?
-Олон түмний дунд ийм яриа гарч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг нь бичиж байгаа бол овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэгтэй ижил нөхцөл бай­дал байна гэсэн үг л дээ. 
Хууль санаачлах эрх мэдээж УИХ-ын гишүүдэд байгаа. Гэхдээ ихэнх гол хуулиудыг Засгийн газар санаачилж, УИХ түүнийг батлах учиртай юм. Ха­рин эргээд хэрэгжилтэд нь Засгийн газартаа хяналт тавьдаг байх меха­низмын цаад углуурга нь эрх мэдлийг салган ху­ваа­рилах, хууль тогтоох, хяналтын чиг үүргээ чад­варлаг хэрэгжүүлж чадах асуудалтай холбоотой юм. 
УИХ-ын гишүүд бол улс төрийн харилцаан дээр буюу сонгуулийн хууль, Дэгийн тухай гэдэг ч юм уу, эсвэл улс төрийн онцгой нөхцөл байдал үүссэн үед холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр хууль санаачлах нь зохистой. Түүнээс бус бүхэл бүтэн цогцоор нь хуулийг өөр­чилнө гэдэг бол Засгийн газрын л ажил байгаа юм. Түүнчлэн УИХ-ын ги­шүүн хяналтын шуга­маар байн­­гын хороо­гоо­роо дам­жуулан Засгийн га­зарт эдгээр хуулиудыг өөрчлөх, шинэчлэх шаард­лагатай гэдэг чиг­лэл өгөөд явах юм бол илүү ач холбогдолтой болно. 
Хууль гэдэг бол гэ­нэтхэн нэг заалт бо­дог­доод босчихдог зүйл биш. Манайх хэдэн зуун хууль­тай. Энэ бүхэн чинь цаад язгуураараа хоорондоо сүлжилдэж боссон, ха­рилцан хамааралтай зүйл. Тиймээс нэг хуулийн нэг заалтыг өөрчлөхөд бусад хуулиудын өөрч­лөлтийн асуудал ч мөн гарч ирдэг. Ийм л цогц байдал гардаг учир бүхэл бүтэн Хууль зүйн яамтай, хуулийн харилцаа ха­маар­лыг зохицуулж байх Засгийн газартай байгаа юм шүү дээ. 
 
Тиймээс хэдийгээр УИХ-ын гишүүдэд хууль санаачлах эрх мэдэл нь хадгалагдаж байгаа ч гэсэн үүнийг бодох зайлш­­­гүй шаардлагатай юм. -Гишүүдийг хуулийн зарим зүйл заалтад л өөрчлөлт оруулах нь зохимжтой гэлээ. Гэх­дээ хэлэлцүүлгийн яв­цад ч юм уу хэн нэгэн гишүүн горимын санал гэж оруулж ирээд шигт­гэчихдэг. Энэ нь эргээд иргэдийн эсрэг хууль болж хувиран тухайн гишүүний ашиг сонир­холд нийцэх тохиолдол байж болох юм?
-Гишүүд олноороо хууль санаачлаад ирэхийн болзошгүй аюул нь энэ л дээ. Тодорхой ашиг сонирхолд үйлчлэх агуулга руу гишүүний са­наачилга чиглэж магадгүй юм. Гишүүн өөрөө түү­нийгээ мэдэхгүй байж болно. "Энэ хуулийг ин­гэж өөрчилмөөр байна" гэж тухайн үед янз бү­рийн сайхан тайлбар хийж, "Та нэг хууль са­наа­чилчихгүй юу" гээд то­дор­хой хүмүүс зөвлөсний дагуу, бүр төслийг нь боловсруулж өгч байж ч болох юм. Өөрөөр хэл­бэл, тодорхой сонирхлын бүлгийн хүмүүс өөрийн­хөө эрх ашгийг хуулиар хамгаалуулах давуу байд­лыг бий болгож бай­на гэсэн үг. Тиймээс хууль санаачлах эрхээ эдлэх­дээ нэлээд болгоомжтой, цогцоор хандах ёстой. Ингэхдээ Засгийн газрын хууль санаачлах эрх мэ­дэлд нэлээд дулдуйдсан байдалтай хандах нь илүү зохимжтой гэж би боддог юм. 
 
-Ардчиллын ли­де­рүү­дээс өнөөгийн пар­ла­ментад ганцхан та л байна. Тиймээс ард­чил­лын дархлаа суларсан мэт харагдаад байдаг болчихлоо. Мөн өнөө­гийн парламентад бай­гаа гишүүд юу дуртай­гаа хийгээд байна гэх шүүмжлэл бий?
-Тэгж хэлж болохгүй юм. Өнөөгийн УИХ-д анхны бүрэлдэхүүнээс нь эхлэн сууж байгаа гишүүд олон бий. Тухайлбал, Р.Амаржаргал, С.Баяр­цогт зэрэг олон гишүүн бий. Ер нь Ард­чилсан намд барья гэж боддог, тодорхой хэмжээнд барьж байгаа зүйл бол ардчиллын үзэл санаа­гаа дараа дараагийн улс төрд гарч ирж байгаа хүмүүстээ үндсэн зарчим болгож өвлүүлэх, тэдгээр залуус маань өмнөхөө үгүйсгэж бус үргэлжлэл нь болж гарч ирэх зарчим чухал байдаг. Үүнийг ч би байнга хэлдэг. Гэхдээ шүүмжлэл байгааг би ойл­гож байгаа. УИХ-ын гишүүд сонгогдохдоо намын сонгуулийн мө­рийн хөтөлбөрийг үндсэн зарчмаа болгож, нийг­мийн олон асуудал дээр өөрийн байр сууриа илэр­хийлдэг. Улмаар сон­гог­дохдоо миний тэр байр суурийг сонгогчид дэмжсэн гэдгээ өөрөө мэдэрдэг. Тиймээс тэрхүү байр сууриа УИХ-ын ги­шүүн болсон ч гэсэн хад­галж байх ёстой гэсэн буруу ойлголттой байдаг хандлага харагдаад бай­даг юм. Гэхдээ үүнийгээ нэг зүйлтэй холбож ойл­гох учиртай юм л даа. Бид популизм буюу олон түмэнд таалагдахын тө­лөө хийж байсан үйл ажил­лагаанаасаа парла­мен­тын гишүүн болчи­хоод татгалзах хэрэгтэй. Үнэхээр ард түмний хү­сэл зориг нь болчихоод байгаа зүйлийг пар­ла­ментад орж  хэлсэн, хэ­лээгүй үүнийгээ баримт­лан хууль тогтоох үйл ажиллагаанд оролцож байх шаардлагатай бай­гаа юм. 
 
-Гэхдээ өнөөгийн УИХ-ын гишүүд ард­чи­лал гэдгийг арай л бу­руу тийш нь залаад бай­на гэдэгт та ямар ха­риулт өгөх вэ?       
-Ардчилал хумигдаж байна, хүч тамир нь та­сарч байна гэж ярих бол­жээ. Би үүнийг огтхон ч тэгж бодохгүй байна. Ард­чилал гэдэг бол хувь хү­ний хувьд эрх чөлөө, ха­рин иргэдэд үйлчилдэг төрийн байгууллагын ту­хайд ердөө дэглэм журам юм. Үүнийг Үндсэн хууль бусад хууль тогтоомжид зааснаар мөрдөж байж, тэдгээр нь иргэдэд үйлч­лэх үндсэн үүргээ хэрэг­жүүлж чадна. Өөрөөр хэл­бэл, ардчилал гэдэг нь хувь хүний хувьд эрх чө­лөө боловч нийтэд нь аваад үзвэл аль ч хүн, байгууллагын суурь эрх ашиг хөндөгдөхгүй бай­хыг хамгаалсан хамгаа­лал­тын зарчим юм шүү дээ. 
 
-Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн хэ­рэгслийн үйл ажил­ла­гааг хязгаарлах, бусдыг ямар эхнэр, нөхөртэй байх, эсвэл газрыг нь албадан чөлөөлүүлэх явдал байж болно гэж үү. Энэ нь ардчилал хумигдаж байгаагийн илэрхийлэл биш гэж үү?
-Гэр бүлийн асуудал бол Үндсэн хуулиар заагд­­сан эрх юм. Манай Үндсэн хуульд нэг онцлог бий. Хайр сэтгэлээр суу­сан эр, эм хоёр гэр бүл болж болно гэж. Цаа­гуураа нэг зүйлийг хяз­гаарласан байгаа юм. Энэ агуулгаар л гэр бүл болох эрх чөлөөний асуу­дал тодорхойлогдож байгаа. 
Бусад асуудал буюу сайтуудын сэтгэгдэл, те­ле­визийн зарим сув­гуу­дыг хаах асуудал нь нө­гөө гээндээ ч бий, гоон­доо ч бий гэдэгтэй л адил­хан. 
Өнөөдөр сайтуудын сэтгэгдлийг миний хоёр настай жаахан охин хэ­дийгээр уншиж чадахгүй ч гаргаад ирж л байна. Тиймээс миний ах, эгч үүнийг бичиж байна гэж мэдэхгүй ч гэсэн таны дүү гаргаж ирж байна гэж бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, соёлт, ардчил­сан, хүмүүнлэг нийгэмд амьдарч байгаа иргэн таны хэлсэн үг учраа мэ­дэхгүй байгаа хүмүүст очиж байгааг санах учир­тай. Эсвэл бүр таны аав, ээж шиг хүмүүст хүрч бай­гаа. Тэд яаж эмзэглэж хүлээж авах бол. Балчир хүүхдүүд маань үзээд хэрхэн дуурайх бол. 
Нөгөө талаас зарим хэвлэлүүдийн бичиж бай­гаа нь үнэн л дээ. Нийгэм дэх ёс зүй, соёлоороо зохицуулагдах асуудал мөн үү гэвэл мөн. Гэтэл нийгэмд соёл зүйгээрээ зохицуулагдахгүй байгаа асуудлыг ийм байдлаар зохицуулахаас өөр арга байхгүй. Тухайлбал, то­дор­хой насныханд хаалт­тай байдаг, тэнд тодорхой хүмүүс юугаа бичих нь эрх чөлөөнийх нь асуудал байдаг байж болох юм. Бидний ард­чил­лын үлгэр жишээ бол­годог орнуудад тийм жи­шиг аль хэдийнэ тогт­чих­сон байдаг юм билээ.
Ийм л юм байгаа юм. Тиймээс би уг асуудалд хандахдаа эрс тэсээр, аль нэг талыг буруут­га­мааргүй байна. Нөгөө талаас ингэлээ гээд ард­чиллыг хумилаа гэдэг ойлголтыг өмнөөс тавьж болохгүй. Ардчилал гэд­гийг үйлчилгээн дээр ярих юм бол хүний хэрэг­лээ­ний эрх, эрх чөлөөг хан­га­сан байх ёстой. Энэ бол үйлчилгээний алтан зар­чим. Тэр утгаараа төр иргэдийнхээ эрхийг хам­гаалах хуулиар олгогдсон үүргийнхээ төлөө асууд­лыг тавьж байна уу гэдэг үнэ цэнээс нь л харах ёстой шүү дээ.
 
-Гадны улс ор­нуу­дад парламентын ги­шүүдийн дор хаяж 10 хувь нь нийлж хууль санаачилдаг гэсэн. Хуу­лийн төслийг чанартай болгохын тулд манайд ийм байх боломж бий болов уу? 
-Хууль санаачлах бо­лон хуулийн санал гаргах эрх хоёр өөр л дөө. Ерөн­хий­лөгчийн санаачилсан нэлээд далайцтай явж байгаа асуудал бол шууд ардчиллын тухай. Өөрөөр хэлбэл, иргэд өөрсдийн болон улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд саналаа хэлдэг шинэ да­валгаа эхэллээ шүү дээ. Энэ л үзэл санаа юм. Швейцарь зэрэг улсад хамгийн жижиг нэг­жүү­дийн хуралдаанаар да­гаж мөрдөх журмаа иргэ­дийнхээ санал асуулгаар баталчих жишээтэй. Ма­найд бол энэ чиглэлийн хамгийн том жишээ нь ард нийтийн санал асуулга. 
Харин хууль санаач­лах эрхийн тухайд ма­найд гурван төрлийн субьектэд эрхийг өгчих­сөн байгаа. Тиймээс өнөө­дөр манайд шууд ардчилал ийм хурдацтай хөгжиж байгаа үед би итгэлтэй байна. Учир нь олон хүмүүс нийлж хуу­лийн санал гаргаж, мөн олон нийт хэлэлцсэний үндсэн дээр хууль са­наачлагч, Засгийн газар, эсвэл Ерөнхийлөгчөөр дамжаад батлагддаг цаг хугацаа тийм ч хол биш байна гэж бодож байна. 
 
Т.ГЭРЭЛМАА
Өдрийн сонин

No comments:

Post a Comment