Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугартай ярилцлаа.
-Сүүлийн үеийн дуулианы эзний нэг болоод байгаа болохоор чинь уулзъя гээд ирлээ...
-Хэвлэл мэдээллээс харахад Монголд урьд нь байгаагүй нүсэр том бүлэглэлийн нууц ноёнтон болж ойлгогдохоор байна. Гэхдээ үүний төлөө хэвлэл мэдээллийг шүүмжлээд гомдоллоод байх юм алга. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ард түмнийг мэдээллээр хангах ёстой. Тэр үүргээ л биелүүлж байгаа байх. Хэвлэлд гарсан мэдээллийг уншаад, судлаад сууж байна даа.
-Тантай нэр холбогдоод байгаа Ч.Хоролсүрэн гэж хүн танай нутгийнх юм шиг байна лээ. Тантай ямар хамаатай хүн юм бэ?
-Хамаатай. Хамаатай гэдэг нь өөрийн чинь асууснаар нутгийн хүн л дээ. Их л сүрхий бизнесмэн, МИАТ-ийг авч явах менежментийг хамгийн зөв хийгээд байгаа юм шиг санагдсан. Тийм л залуу. Бид судалж байгаад л боломжтой юм гээд ажилд томилсон. Нутгийн дүү гэдгээр нь нэлээд ойр байсан. Олон жил хамт ажилласан юм чинь бие биенээ сайн мэднэ.
-Ажлаас өөрөөр бүр өмнө нь таньдаг байсан юм биш үү. Та энэ хүнийг албан тушаалд очиход нь дэмжсэн үү?
-Дэмжсэн, яагаад гэхээр намайг эхлээд очиход МИАТ-ийн дэд захирал байсан ш дээ. Тэгээд халчихсан юм, би. Дараа нь шинээр томилогдсон даргатайгаа учраа олсон юм байлгүй, "Ажлаа мэддэг хүн байна. Буцаагаад ажилд нь авъя" гэхээр нь зөвшөөрөөд "томил" гэж хэлээд томилуулсан. Орлогч захирлыг МИАТ-ийн захирал нь л өөрөө томилдог ш дээ. Би бол томилохыг зөвшөөрсөн л байх.
-Байх гэдэг нь зөвшөөрсөн гэсэн үг үү?
-За тэгж ойлгож болно. Яагаад гэвэл хууль зүйн хэлбэрийн хувьд ерөнхий захирлын асуудал. Амьдрал практикт бол зөрөлддөг л дөө. Томилсон байхаар нь би "Зөвөө томил" л гэж хэлсэн байх. Энэ асуудлыг зөвлөлөөрөө ярьж байгаад л шийднэ ш дээ. Би ганцаараа шийдэх асуудал биш.
-Төрийн өмчийн хорооны дарга байсан хүн төрийн өмчит компанийнхаа дэд захиралтай мэдээж ажил хэргийн холбоотой л байдаг байлгүй дээ. Одоо хэвлэлээр бичигдэж байгааг харж байхад бизнесийн ч юмуу, ашиг сонирхлын холбоотой байсан гэж ойлгогдоод байгаа. Үүнийг та юу гэж хэлэх үү?
-Ажлыи хамтрагч гэдэг бол тодорхой. Гэр бүлийн ч холбоотой. Эхнэртэй нь, гэр бүлтэй нь танилцаж байсан. Хоол унд иддэг холбоо бий, бий. Бизнесийн гэхээр тийм том юм байхгүй.
-Хоролсүрэн мөнгөтэй залуу юу. Зүгээр л төрийн албанд байж байгаад гэнэт баяжсан гэх юм?
-Зохих хэмжээний мөнгөтэй л байх, миний ойлгосноор бол. Өмнө нь бизнес хийж мөнгөтэй болсон гэж ойлгосон.
-Гадаадад байдаг том том хауснууд ямар учиртай юм.
-Тэрийг бол би мэдэхгүй.
-Танд байна уу?
-Надад бол байхгүй.
-Японд хүүхдүүд чинь сурдаг юм уу. Эхнэр хүүхэд нь Японд байдаг гээд л ярих юм?
-Японд сурдаг хүүхэд байхгүй ээ. Японд манай эхнэр бүтэн жил эмчлүүлсэн юм. Тэрийг л хэлээд байгаа байх.
-Та одоо ямар байшинд амьдардаг вэ?
-2002 онд барьсан хувийнхаа байшинд л амьдардаг.
-МИАТ-ийг хувьчилж авахын тулд "Монголиан Эйрлайнес" компанийг байгуулсан гэдэг. Гаргалгааг нь харахаар нээрээ ч тийм юм уу гэж бодогдохоор.
-Тэрийг би мэдэхгүй. Ч.Хоролсүрэн халагдаад явсан шүү дээ. Тэгээд сүүлд хувийн компанитай болсон гэж дуулдсан.
-МИАТ-ийн мөнгийг угаадаг гээд ярих юм. Тэр нь ямар учиртай юм бэ?
-МИАТ-ийн мөнгө угаадаг, гадаад дотоодын компанийн талаар ямар ч мэдээлэл байхгүй. Мөнгө угааж байна гэдэг мэдээлэл бас байхгүй байлаа. Харин 2011 он, 2012 оны заагаар энэ мэдээллийг дуулсан. Тэгээд хууль хяналтын байгууллага үүнийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Хууль хяналтын байгууллагад дэмжлэг үзүүлээд Төрийн өмчийн хорооноос шалгах хүн томилж өгч байлаа. Тэгээд шалгалт хийсэн. Би 2012он дөнгөж гараад ажлаа өгсөн. Түүнээс хойш би мэдэхгүй. Энэ талаар намайг ажлаас халах үед би сонссон. Их цочирдсон. Шалгалтынх нь комисст төрийн өмчийн хорооноос хүн оруулсан гэж түрүүнд хэлсэн. Би нэгдүгээр сарын 10-нд халагдсан. Би өөрөө өргөдлөө өгч халагдсан. Тухайн үед би Эрдэнэс таван толгойн ажлыг хариуцан зохион байгуулж байсан. 536 ширхэг хувьцааг ард түмэнд хуваарилах ажлыг би хийсэн. 536 хувьцаагаа олон улсын зах зээл дээр мөнгө болгох ажлыг би хөөцөлдөж байсан. Өөрийнхөө хийж байгаа ажилд итгэлтэй байсан учраас ард түмэнд би зарлаж байсан. Ард түмэндээ амласан ажил маань бүтэхээ больсон. Тэгээд энэ ажил явахгүй бол би халагдъя гээд ажлаа өгөөд гарчихсан.
-Шалгалтын үр дүнгийнх нь талаар та мэдсэн үү?
-Би мэдээгүй ээ. Ажлаа өгчихсөн байсан.
-Таныг Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байх үеийн МИАТ-т ажиллаж байсан хүмүүс шалгагдаж, баривчлагдаад байгаа. Тэгэхээр таныг цагдаа дуудаж асуусан л байх..
-Дуудаагүй ээ.
-Одоо цагдаа шалгаад энэ асуудал босоод ирлээ. Мэдээж таныг өнөөдөр дуудаагүй байгаа ч маргааш дуудах л байх. Тийм хүлээлт танд байна уу?
-Асуугаагүй ээ. Дуудаж уулзвал их дуртай очно.
-Та Бат-Эрдэнэ гэж хүнтэй та ямар холбоотой юм бэ?
-Би ажилд авч дараа нь халсан. Энэ хүнийг танина. Би хүнтэй хамт ажиллахаараа нээлттэй ил тод, найз болчихдог талтай хүн. Тэгэхээр гайгүй л харьцаатай байсан гэсэн үг.
-Хоролсүрэнтэй адил бизнесийн нарийн ширийнийг нь мэдэх үү?
-Мэдэхгүй.
-Хөндлөнгөөс харахад энэ хэрэгт та яалт ч үгүй та холбоотой байгаа юм. Таны удирдаж байсан ажилтай чинь ч хамаатай байсан.
-Намайг одоо өөрийгөө өмөөрөөд л гэнэ. Би өөгүй цагаан гээд хэлбэл бусдад итгэл үнэмшил төрөхгүй л дээ. Хэвлэл мэдээлэл миний талаар нэгэнт ийм мэдээлэл цацсан юм чинь үүнийг би эргүүлэх оролдлого хийж байгаа юм шиг харагдана гэж бодсон юм. Ер нь бол ийм байдалд орсон хүн "Би буруугүй. Улс төрийн золиос боллоо" гээд л эхэлдэг шүү дээ. Тэгэхээр өөрийгөө цагаатгасан утгатай болчихно.
-Та өөрийгөө буруугүй гэж ярьж болно ш дээ. Тийм эрх нь таньд байгаа.
-Ер нь бол тэр их мөнгө, зөрчлийн талаар ойлголт алгаа. Тэр дундаа цаана наана нь мөнгө угааж байгаа талаар ямар ч ойлголт алга. Ажлаа өгснөөс хойших асуудлыг би сайн мэдэхгүй. Миний ганц хэлэх зүйл бол тэр эргэлдээд байгаа, угаагдаад байгаа мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй ээ. Энэ үгийг шалгадаг газар нь шалгаад, шалгалт дууссаны дараа олон түмэнд сануулаарай. Би үүнд итгэлтэй байна.
-Ийм том хэрэг таны ажиллаж байсан салбартай холбоотой сөхөгдөөд байхад огт буруугүй байж болох уу?
-Би ажил хариуцаж, хариуцлага хүлээж сурсан хүний хувьд тэгж хэлж чадахгүй нь ээ. Яах аргагүй би энэ бүх захирлуудыг томилдог, халдаг, хянаж шалгадаг хүн байсан. Ер нь бол төрийн өмчийн хорооны 80-аад компанийн амжилт ололтын талаар ч ярьж явлаа, Алдаа дутагдлын талаар ч энэ тэнд дуудагдаж л явлаа. Тэгэхээр өөрийгөө буруугүй гэж хэлж чадахгүй. Ганцхан хэлэх зүйл бол эиэ яригдаад байгаа том мөнгөний хувьд бол сонин дээр бичигдээд байгаа шиг миний оролцоо байхгүй. Тиймээс төр өөрөө асууж тодруулбал би очиж хамтарч ажиллана. Ер нь Төрийн өмчийн хорооны үе үеийн дарга нарт сайн нэртэй хүн үзээгүй юм. З.Энхболдоос эхлүүлээд л... Дараа нь Зоригт нээх удаагүй болохоор гайгүй байсан. Л.Пүрэвдорж гуай үйлээ үзлээ. Би бас. Дан л хардлага. Одоо яах вэ дээ.
-Одоо энэ яригдаад байгаа асуудалд Санжийн Баяр холбогдсон явж байна лээ. Та яаж холбогдсоныг нь мэдэх үү?
-Би Баяр гуайн өмнөөс хариулах боломжгүй. Бас л миний маягаар холбогдох байх даа. Хэвлэлд мэдээлснээр энэ хэрэгт холбоотой Орхон, Бат-Эрдэнэ гээд Хөвсгөлийн гаралтай хүмүүс байна лээ. Бодвол тусалсан байх гэдгээрээ л холбогдож байгаа байх.
-МИАТ-т өндөр үнэтэй бензин шахдаг гээд л "Сод монгол" компанийг ярьдаг. Үүнд тухайн үедээ ямар бодолтой байсан юм бэ. Ганцхан компанид давуу эрх олгож байсныг өөрчилж болоогүй юм уу?
-Тэрийг чинь тийм биш болгох гэж олон янзаар үзэж байлаа шүү дээ. Тухайн үеийн Зам тээвэр, аялалын жуулчлалын сайдтай ч ярьж ч байсан. Шалгаж ч байсан. Өрсөлдөөний журмаар хангагдах ёстой гэдгийг ярьж хөөцөлдөж байсан.
-Энд улс төрийн нөлөө байсан уу?
-Магадгүй. Надад ч бас тэгж санагддаг байсан.
-Энэ хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс сүүлийн үед тантай холбогдсон уу?
-Ерөөсөө холбогдоогүй, Хоролсүрэи нэлээд хэд хоногийн өмнө гадаадад эмчилгээнд явж байгаа гэж байсан.
-Энэ хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс тайлбар мэдүүлэг өгөхдөө таны тухай ямар нэг но-той мэдээлэлл хэлсэн юм биш үү?
-Тэгэх ёсгүй. Тийм юм байхгүй юм чинь.
-Ардын намын үед олон луйвар, булхай, уусан идсэн асуудал дарагдаж байсан юмуу гэмээр...
-Би тэрийг ингэж ойлгохгүй байгаа. Хуулийн байгууллагынхан тодорхой бодлоготой ажилладаг.
-Ажлын хувьд, нутгийн ахын хувьд холбоотой гэж л та тайлбарлах юм. Гэтэл зүгээр нэг залуу төрд ажиллаад гэнэт баяжсан байхад та гайхаагүй хэрэг үү?
-Надад бол баяжаад сүйд болсон зүйл алга. Хоролсүрэнгийн хувьд өмнө нь бизнес эрхэлж байсан байх шүү.
-Хувь хүнийхээ хувьд та энэ асуудал сөхөгдөөд эхлэхэд хэцүү байв уу?
-Хэцүү байна. Аймаар юм болчихлоо шүү дээ. Нийгмийн сэтгэл зүйд хэвлэл яаж нөлөөлдгийг би мэднэ. Залруулах гэдэг хүнд асуудал. Энэ асуудлаа шалгаж хянаж дуусгаад надаас асуухаа асуугаад дүн гарна. Тэр дүнг хүлээж байна. Дүн гарна гэдэг цаг хугацаа шаарддаг ажил. Энэ хүмүүсийг томилсон, хянах үүрэгтэйгээ би үгүйсгэхгүй. Танил тал гэдгээ ч үгүйсгэхгүй. Харин тэр мөнгө угаасан талаар ямар ч ойлголт байхгүй. Үүнд бүрэн итгэлтэй байна.
-Та МИАТ-ийг хувьчилж авахын тулд "Монголиан Эйрлайнес"-ийг байгуулах саналыг Хоролсүрэнд хэлж өгсөн юм биш үү?
-Компани байгуулах санал гаргаж, Хоролсүрэнд даалгасан гэдэг худлаа.
-"Вест велф"гэдэг цаасан дээрх компани ямар учиртай юм бэ?
-Тийм компанийн талаар би ерөөсөө сонсоогүй. Одоо л сонсч байна.
-Таныг ажиллаж байхад МИАТ-ийн захирлууд мөнгө угаагаад байгаа нь мэдрэгдээгүй гэж үү?
-Юм идээд, уугаад байна гэдгийг анзаараагүй. Ер нь үр ашиг муутай ажиллаж байсан. Үүнийг өөрчлөх асуудлыг байнга ярьж төлөвлөөгөө боловсруулж байсан.
http://mungundalai.niitlelch.mn
No comments:
Post a Comment