Thursday, 24 January 2013

Б.Лхагвасүрэн: Монголын уран зохиол олуулаа байх ёстой

Монголын залуу зохиолчдын холбооноос ахмад зохиолчдод хүндэтгэл үзүүлж байгаа юм. Тэд өнөөдөр Ардын уран зохиолч, Төрийн шагналт Бавуугийн Лхагвасүрэнд хүндэтгэл үзүүлж, өөрсдийн бүтээлийн дээжээсээ өргөн барьлаа. Энэ үеэр зохиолч Б.Лхагвасүрэн “Ном шиг том бэлэг байхгүй. Уламжлалыг умартаж, шинэчлэлийн тухай ярьж байгаа салхитай үед уламжлалаа хүндэтгэж байгаад баяртай байна. Энэ хүндэтгэлтэй хамт бид нарыг уншаарай гэсэн шаардлага давхар ирлээ гэж ойлгож байна. Би хичээнгүйлэн номнуудыг чинь унших болно” хэмээн хэлсэн юм. Бид энэ үеэр Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнтэй цөөн хором хөөрөлдлөө. 
-Залуучуудын санаачлан хийж буй хүндэтгэлийн талаарх сэтгэгдэлээ хуваалцаач?
-Он цаг гэдэг бол маш хурдан өнгөрдөг. Биднээр тоглож байдаг учраас бидэнд сургамж хэлэхээсээ илүү дурсамж үлдсэн байна. Ахмад биднийг хүндэтгэж номын дээжээ барьж байгаад баяртай байна. Би чинь залуучуудынхаа номыг их уншдаг юм ш дээ. Харин байнгын үйл ажиллагаа явуулж ил далд нэг зантай байгаасай гэж л хүсмээр байна. 

-Таны анх Монголын зохиолчдын эвлэлтэй холбогдож байсан үе их сонирхолтой байх?
Би бол 1968 оноос МЗЭ-д “Утга зохиол, урлаг” сонины сурвалжлагч, зураач, үлгэрийн танхимд ажилтан гээд зохиолчдын эвлэлээс салаагүй хүн. Ахмад зохиолчдынхоо хэзээ уйлж, хэзээ дуулж, тэр бүү хэл хэзээ шараа тайлдагийг мэднэ. Их олон амьдралтай нь холбогдож явсан болохоор нилээд том дурсамж бичнэ гэж боддог. Миний залуу нас, яруу найргийн нас тийм амархан нас байгаагүй. Анхны шүлгээ 1962 онд хэвлүүлчихээд 1982 он хүртэл номоо гаргаж чадахгүй явсан, нилээн бүдчихсэн яруу найрагчийн нэг. Гэхдээ амьдралд алдаж бүдэрсэн биш өөрийн алмай, хэнэггүй байдлаараа өөрийгөө хэлмэгдүүлж явсан нэгэн. Би чинь их хожуу буюу 1980-аад оны сүүлээр зохиолчдын эвлэлд элссэн. 1990 онд хоёр жижиг номоороо Төрийн шагнал хүртсэн юм. Миний ном нилээн хожуу гарсан мөртлөө Монголын уран зохиолд  нилээд төвөргөөнтэй орж ирсэн гэж хүмүүс ярьдаг. Давхиж яваа морь өөрийн хэмнэлээ мэдэхгүй ш дээ. Түүн шиг би өөрөө ямар айзам хэмнэлтэй уран зохиолд орж ирсэн бэ гэдгээ мэддэггүй юм. 

-Уран зохиол хаанаас эхэлдэг юм бэ?
-Би бол хүндлэхээс эхэлдэг байх гэж боддог. Миний сурсан, мэдсэн бүхэн дуурайхаас эхэлсэн гэж би ярих дуртай. Багш нарынхаа заасан юмыг сурч сүйд болоогүй мөртлөө багш минь ийм хүн байсан даа гэж дуурайн хүн болсон байх гэж санадаг. Уран зохиолын өндөр, өндөр оргилуудтай хамт байж, тэдний хэлж ярьж, хийж байгаа нь надад нилээд их тод шингэсэн болохоор би өөрийгөө их азтай хүн гэж бодож байгаа юм. Яруу найрагч болсноос минь илүү яруу найрагчидтай ойр байсан минь илүү том аз юм. Монголын уран зохиол олуулаа байх ёстой. Уран зохиолын цэцэрлэгт ямар өнгийн цэцэг ургана, тэр бүгдийг тордож, ургуулж л байх ёстой. Тэгэхдээ бас ахмадуудаас залуучууддаа үзүүлэх хүндлэл гэж байдаг. Би үүнийг их хичээж явдаг. 

-Та залуусын номыг хэр уншиж байна.
Зав чөлөөгөөрөө залуучууд надад номоо их авч ирж өгдөг. Би тэр болгоныг чадлаараа уншдаг. Тэдний шинээр хэлсэн зүйлийг давхардуулчих вий гэж их бодож уншдаг. Бусдын бичсэн нэг мөр миний шүлэгт явж байх вий гэдгээс би насаараа айж яваа. Харин уншихдаа шүлгүүдэд нь тав хүртэл оноо өгч уншдаг. Надад ирсэн, миний цуглуулсан номон дотор уншаагүй, эргүүлээгүй ном үлдчихвэл би чинь авсан дотроо ч ичих хүн.  

-Залуучуудыг их уншдаг юм чинь залуу зохиолчдын талаар өөрийн бодлоо хэлээч?
Залуу зохиолч гэдэг бол давтамж биш, шинэ юм. Шинэ гэдэг үг залуугаасаа илүү утга агуулж байгааг хүмүүс ойлгох хэрэгтэй л дээ. Би ч одоо залуу зохиолчиддоо ямар нэмэр болж чадах биш. Яагаад гэвэл хожмын уураг тархи, өмнөх уураг тархиараа заалгадаггүй. Гагцхүү уламжлалыг авч явдаг. Тийм болохоор уламжлалын өмнө сөгдөж яваарай, ирээдүйн тухай төсөөлж яваарай л гэж хэлнэ дээ. Харин би залуусдаа үхэн үхтлээ сайн юм хийх юмсан, чанартай бүтээл гаргах юмсан гэсэн холын үлгэр байж байгаад дуусах юмсан гэж боддог. Бас хичээдэг ч юм. 

-Зохиолчид бол соён гэгээрүүлэх үүрэгтэй гэдэг. Тэгэхээр залуучууд нийгэмд юу хэлэхийг зорьж явах ёстой вэ?
-Би яруу найрагчийг зовлонгоо тоочигч гэж боддоггүй юм. Тэгээд ч зовлонгоо тоочдог хүмүүсийг яруу найрагч гэдэггүй. Яагаад гэвэл өөрөөсөө гарсан тархины гэрлээ бусдын тархинд тусгахыг соён гэгээрүүлэх гэж яриад байгаа. Яруу найраг өөрөө тэртээ тэргүй тансаг учраас уул найргийг хийж чадсан л бол тэр шүлэг соён гэгээрүүлж л таараа. Тийм учраас залуус маань чанарт их анхаарал хандуулах хэрэгтэй. Өрнийн урсгалууд бол аль хэдийн буурал болсон. Тэр буурал урсгалуудыг шинэ юм шиг авч ирчихээд шинэ юм шиг үзэж түүгээрээ түрий барин хашгирах сайн юм биш. Янз бүрийн урсгалаар бичиг. Гэхдээ тэр чинь өөрийн чинь бодлын эцсийн туйл, хүмүүсийн хүлээж байсан туйл хоёрын уулзвар байх ёстой гэж боддог. Үүнийг би соён гэгээрүүлэх гэж үздэг. Хүн өөрийгөө ойлголгүй үхдэг юм гэнэ лээ. Тийм болохоор яруу найрагчдыг эрт битгий өөрийгөө ойлгоосой гэж хүсдэг. Бичиж байхдаа “би“ байдаг бол бичсэн хойноо бол “чи” л болдог байхгүй юу. Би залуу зохиолчиддоо баярладаг. Олон болох тусам нь баярладаг. Харин тэд маань ил далд нэг үгтэй байх ёстой. 
Т.ДАРХАНХӨВСГӨЛ

No comments:

Post a Comment