Thursday, 24 January 2013

Л.Болд: Иргэн хүний өмнө хоёр сонголт байна

Зүүн Европын ардчиллын уугуул орон болох Польш Улсад хийх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн албан ёсны айчлалын бүрэлдэхүүнд явахаас нь өмнө УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болдтой ойрхон болсон үйл явдлууд, ажил үйлсийнх талаар ярилцсан юм.

-Та саяхан, 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Энэтхэгт албан ёсны айлчлал хийгээд ирсэн. Айчлалын хүрээнд яригдсан, хэлэлцсэн, шийдэгдсэн ямар ажил, үр дүнгүүд байна вэ?
-Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг “Иж бүрэн түншлэл”-ийн зарчмаар хөгжүүлэх хүрээнд Монгол, Энэтхэгийн улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, Ази, Номхон далайн бүс нутгийн интеграцчлалд нэгдэх зорилтод БНЭУ-ын дэмжлэгийг авахад айлчлалын маань зорилго оршиж байлаа. БНЭУ-ын Eрөнхийлөгч Пранаб Мүкержид бараалхаж, Гадаад хэргийн сайд Салман Куршидтэй өргөтгөсөн уулзалт хийлээ. Монгол-Энэтхэгийн ЗГХК-ын Энэтхэгийн талын дарга, Гадаад хэргийн төрийн сайд Принийт Каур болон Худалдаа, үйлдвэр, нэхмэлийн аж үйлдвэрийн сайд Ананд Шарма, Иргэний агаарын тээврийн сайд Ажит Сингх, Олон улсын парламентын холбооны Ерөнхийлөгч асан, Парламентын дээд танхимын гишүүн буюу Бахаратия Жаната (BJP) намын гишүүн Нажма Хептүлла, Маяа Сингх нарын олон хүнтэй уулзаж ярилцлаа.Түүнчлэн Азид хамгийн анх байгуулагдаж, өдгөө дэлхийд дээгүүрт ордог Бомбейн хөрөнгийн биржид зочилж, энэтхэгийн томоохон пүүс компаниудын төлөөлөлтэй уулзан, Шинэчлэлийн Засгийн газрын эдийн засгийн бодлого, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, Монгол, Энэтхэгийн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар илтгэл тавьлаа.
Айлчлалын үр дүнд Монгол Улсад Энэтхэгийн хөрөнгө оруулалттай гангийн үйлдвэр барьж байгуулах болон Мэдээллийн технологийн сургалт, аутсорсингийн хамтарсан төв байгуулах ажлыг эхлүүлэх, хоёр орны хооронд агаарын шугам нээх, манай улсын англи хэлний сургалтын чанарыг дээшлүүлэх, багш мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр энэтхэгийн талтай хамтарч ажиллахаар тохирлоо.
Түүнчлэн Дели хотноо “Ардчиллын боловсрол” сэдвээр зохион байгуулсан  Ази, номхон далайн бүсийн бага хуралд оролцон үг хэлж, БНЭУ-ын Хүний нөөцийн хөгжлийн сайд Мангапати П.Ражутай уулзаж, бүс нутагт ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хоёр орны боловсролын салбарын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх асуудлаар санал бодлоо солилцов.
-Их нааштай, чухал асуудлууд яригдаж шийдэгджээ. Та энэ том айлчлалаас ирэнгүүтээ Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд 1 дүгээр сарын 19-нд оролцож байхдаа өөрийн санаачилсан Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дурдаж сануулж байсан. Ерөнхийлөгч ч энэ төсөлд анхааралтай, нухацтай хандахыг анхааруулж байгаа нь харагдсан.
-Засгийн газрын тэр хуралдаан агаарын бохирдлыг бууруулах асуудлаар энд хамааралтай албан тушаалтан, ажлын хэсгүүдийг байлцуулан Ерөнхийлөгч оролцсон өргөтгөсөн хуралдаан байсныг бүгд санаж байгаа байх. Тэнд хэлэлцсэн, яригдсан асуудлууд, өнөөгийн байдал, хийгдсэн дүгнэлтээс ажихад энэ бохирдол маань эрчимтэй хотжилт, хот төлөвлөлтийн алдаа, эцсийн дүндээ газар өмчлөлтэй холбоотой болж байгаа нь тодорхой байсан. Хэрэв захиргаадалтын дэглэмтэй байсан бол агаарын нам урсгалын эхэнд байрлах гэр хорооллынхныг нүүлгэх, гал түлэхийг хориглох зэргээр шууд хатуу арга хэмжээ авах замаар шийдэж болох талтай. Гэвч Монгол Улс ардчилсан, иргэний шийдэлтэй орон учраас хэзээ нэгэн цагт амьдрахыг нь зөвшөөрөн эзэмшүүлсэн, тодорхой хэмжээгээр дасч тохижсон айл өрхүүдийг газраас нь хэзээ ч хүчээр нүүлгэхгүй юм. Иймд хурдтай шийдэл, зөв эрх зүйн орчин шаардлагатай байгаа юм. Хөгжил дэвшил, ухрал бохирдол бүгд газар дээр л өрнөж байна шүү дээ.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таны санаачлан хэсэг гишүүдийнхээ хамт боловсруулан өргөн барьсан төслийн чанар, цааш хэлэлцэгдэх явцад санаа нь зовниж зарим нэг санаа оноог гаргаад байх шиг байсан?
-Тийм шүү. Ерөнхийлөгч өмчлөх газрын хэмжээ 3 шатлалтай, харгалзан 0.07, 0.35, 0.5 га гэж төсөлд тусгасан байгааг 5 шатлалтай болгохыг тухайлбал санал болгож байсан. Хууль санаачлагчийн хувьд би ийм саналыг хүлээн авах боломжтой гэж үзэж байгаа. Энэ хуулийг Ардчилсан намынхаа мөрийн хөтөлбөр, иргэдийнхээ хүсэл зорилгод нийцүүлэн боловсруулсан. Би УИХ-ын гишүүн болсны маргааш нь л энэ хуулийн төслийг боловсруулахыг санаачилсан, хуульч, мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулсан, одоо ч мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө, саналыг авч байгаа, цаашид ч батлагдах хүртэл нь авсаар байх болно. Энэ хуулийг яаралтай хэлэлцүүлж батлуулахгүйгээр олон асуудал хойшлогдсоор байх болно. Энэ хуулийн төсөл хэлэлцэгдээд батлагдвал хөгжлийн олон асуудлууд нэг мөр цэгцэрч, эдийн засгийн дэвшлийн хурд эрс нэмэгдэх болно. Түүний дотор агаарын бохирдол ч алга болно. Газраа өмчилж авсан иргэдтэй харилцан тохиролцож төр хөрөнгө оруулалт хийх,цэвэр, бохир ус болон дулааны хоолой, зам гээд дэд бүтцийг нь барьж байгуулж өгөх боломжтой болох юм. Одоо гэр хороололд байгаа нэг хашааны газрын эзэмшил маш тодорхойгүй байна шүү дээ. Ийм нөхцөлд яаж хөрөнгө оруулалт яригдах билээ? Барилга, хот байгуулалтын яам хуулийн төслийг дэмжсэн санал өгсөн, хотын дарга энэ хуулийг тэсч ядан хүлээж байгаагаа илэрхийлсэн нь хууль санаачилсан бидэнд урамтай сонстож байлаа. Ер нь бол суурь төсөл маань муу төсөл биш, гэхдээ хэлэлцэх явцад сайжруулах, боловсронгуй болгох боломж байхыг үгүйсгэхгүй ээ. Сайн зүйл хийнэ, зөв үр дүн гарна гэсэн бодолгүйгээр хэн ч юуг ч санаачилдаггүй. Санаачиллаа ч үр дүнд хүрдэггүй тал бий. Хамгийн гол нь сайн зүйл бүтээхэд цагаа олох, орон зайгаа мэдрэх нь чухал байдаг шүү дээ.

-Өргөн барьсан хууль тань УИХ-аар хэлэлцэгдэх шатандаа явж байгаа. Тэндээс ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Ер нь бол хуулийн төсөл маань дэмжигдэх байх гэж бодож байгаа. Одоо амьдарч байгаа газраа өмчлөх боломжтой, илүү том газрыг орон нутагт, төвлөрсөн хот суурингаас хол газарт өмчлөх боломжийг бас нээж өгч байгаа төсөл. Заавал газар өмчилж авах ч шаардлагагүй, үнэт цаас болгоод биржийн арилжаанд эргэлдүүлж болох боломжийг ч өгч байгаа юм.

-Биржийн арилжаа гэснээс иргэд заавал газраа авахгүйгээр хөрөнгөтэй болох санаа төслийн бас нэг амин сүнс гэсэн. Энэ тухайгаа тайлбарлахгүй юу?
-Хуулийн төсөлд газар өмчлөх сертификатыг иргэн бүр авахаар тусгасан. Зарим хүн батламж гэвэл зүйтэй ч гэж байгаа. Иргэн хүний өмнө хоёр сонголт байх юм. Тэрбээр Монгол Улсын нутаг дэвсгэрт 0.07-оос 0.5 га буюу хот, суурин газарт төсөөлүүлбэл 20 метр өргөн, 35 метр урттай, хөдөө орон нутагт 50 метр өргөн, 100 метр урттай дөрвөлжин газрыг өмчилж болох юм. Аль эсвэл газар бодитоор өмчлөхгүйгээр бирж дээр сертификатаа үнэ тогтоон арилжиж хөрөнгийн эх үүсвэртэй болох юм. Сертификатын үнэ одоо тогтсон ханшаас ажвал Улаанбаатар хотод 50-150 сая төгрөг байх боломжтой. Ингэж газрыг өмчилбөл хааш хаашаа 125 км урттай тэг дөрвөлжин талбайтай тэнцэх л газар өмчлөгдөх бөгөөд манай нутаг дэвсгэрийн нэг хувь хүрэхгүй юм. Одоогийн Улаанбаатар шиг 16 хотын дайтай нутаг юм. Иргэн хүн ирээдүйдээ итгэлтэй болох эрхийн бичиг бол энэ сертификат байх болно. Үүнийг хэн хүн өөр нэгэндээ үнэгүйдүүлж өгдөг энгийн нэгэн цаас гэж үзэж болохгүй. Зарим нэг хүний үзэж байгаа шиг шил архинаас өгчих аюул энд байхгүй. Энэ үнэт цаасыг зөвхөн Газрын корпорациар дамжуулан үнэ өртөг өндөртэйгээр арилжих юм. Аз нь шовойсон нэгэн нэг тэрбумаар сертификатаа арилжаалахыг үгүйсгэх аргагүй шүү дээ. Энэ сертификатыг өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбартай ч харьцуулж үл болно. Энэ бол үр ашиг, үнэлгээ нь тодорхой бус байдаг аль нэг компанийн хувьцаа шиг биш юм.  Ард нь бодитойгоор газар болж хувирах үнэт цаас, эзэмшигч нь ирээдүйгээ баталгаатай болгох хувь завшаан гэж ухаарах нь зөв юм даа.  Ер нь Монгол орон бол олон хүний хүсэл зоригт нийцсэн шийдвэр гардаг сонирхолтой, зөв газар л даа. Иймд энэ хууль батлагдчих байх гэж залбирч л явна даа.
Ярилцсан Ж.ГАНГАА

No comments:

Post a Comment