Thursday, 17 January 2013

Сурах бичиг гэдэг их мөнгөний том асуудал байна

Монгол Улсын боловсролын салбарын бодлого хэрхэн шинэчлэгдэх нь олон нийтийн сонирхлыг татсан, нэн чухал асуудлын нэг билээ. Энэ талаар МУИС-ийн багш, “Монгол гэрийн сургууль” ТББ тэргүүн Ч.Баттулгатай хөөрөлдлөө.

-Шинэчлэлийн гэх то­дотголтой Засгийн газар бай­гуулагдаад бараг хагас жил боллоо. Танай салбарт шинэчлэл хэр мэдрэгдэж байна.
-Засгийн газрын 100 хо­ногийн хүрээнд БШУ-ы сайд Л.Гантөмөр яам­ны ажлын тайлан, цаашид хэрхэн ажиллах бодлогоо салбарын­хандаа танилцуулсан. Сал­барын сайдын ярианаас сонсоход яамны бодлого зөв зам руу орчихов уу гэж бодсон. Шинэ бодлогын үндэс­лэлийг Монголын уламжлалт сургалт, өвөө эмээ­­гийн сургаалтай холбон сонин гаргана лээ. Жишээ нь: ЕБС-д хүүхдийг V анги хүртэл тоон үнэлгээгээр дүгнэхгүй. Энэ нь маш зөв. Хоёрдугаар ангийн хүүхдийг чи муу байна гэхээр тэр хүүхэд “Би угаасаа муу юм чинь” гээд итгэчихдэг, магадгүй амьдралд дээр ч тэр. Маш хортой.
Дан ганц мэдлэг олгоход чиглэгдсэн, дүнд шүтсэн одоогийн сургалтын тогтолцоог өөрчлөх нь гэж маш их олзуурхав. Бас бидний хийж буй судалгааны ажилтай уялдсан болохоор илүү чухалчилсан.

-Судалгааны ажил гэснээс та сүүлийн үед ямар чиглэлийн судалгаа хийж байна вэ? 
-Ойрын үед боловсрол судлал, тэр дундаа эх хэлний экологийн талаар нэг ном бичиж байна. Цагаан сараас өмнө гаргачих санаатай. Гол агуулга нь иргэншил, даяаршлын энэ их давалгаанд хүн ам цөөтэй манайх шиг үндэстний хувьд эх хэл соёл, уламжлалаа хадгалж үлдэх нь маш чухал. Бид, эх хэл, соёлын дархлаа суларч байна гэж мөн их ярилаа, их ч хуралдлаа. Одоо бодит ажил хийе.
Хэвлэл мэдээллийн хэл найруулгыг сайжруулья гээд олон зүйл байна. Хэвлэл мэдээллийн хэл найруулгыг сайжруулах чухал уу гэвэл чухал. Гэвч хамгийн чухал зүйл биш.

-Хамгийн чухал зүйл нь?
-Өнөөгийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын тогтолцоог цогцоор нь өөрчлөх явдал. БШУЯ-ныхны яриад байгаа “Авьяас” хөтөлбөр гэдэг бол шинэ зүйл биш. Хүний авьяас чадварыг хөгжүүлэх, хүн хүнд тохирсон боловсрол олгох сургалтын онол арга зүйг АНУ-д аль 100 жилийн өмнө боловсруулчихсан. Манай ард түмэн 1000 жилийн тэртээгээс монгол гэрийн сургуулиар, дээрх аргаар хүнээ хүн болгоод, сургаад ирсэн.
Харин бид энэ өөрчлөлтийн цөм нь эх хэлний хичээл байх ёстой гэж үзэж байгаа юм. Хүүхдийг багаас нь зөв хүн болж төлөвшүүлэхгүйгээр эрдэмтэн, математикч, англи хэлтэн болгоно гэж зүтгэсээр өнөөдрийн байдалд хүрчихлээ. Хүүхдүүд эх хэлний хичээлд дургүй байна. Зөв бичдэг, эх хэлээрээ зөв сайхан ярьдаг хүн үгүй боллоо. Монгол хүний сэтгэлгээ өөрчлөгдөж, хүний зан чанар хувьсч байна. Товчхондоо одоогийн сургалт үр дүнгүй байна.

-Тэгвэл эх хэлний сургалтыг үр дүнтэй болгохын тулд юунаас эхлэх вэ?
-Хичээлийн нэрнээс эхэлнэ дээ. Монгол хэлний хичээл гэдэг нэрийг өөрчилж эх хэлний хичээл гэх. Агуулгын өөрчлөлт их, энд яриад дуусахгүй. Эх хэлний хичээлээр нь дамжуулж эх оронч, ёс суртахуунтай, сайн монгол иргэнийг төлөвшүүлнэ. Бидний ойлгодог, хүүхдүүдийн дургүй монгол хэлний хичээлээс тэс өөр.

-Эцэг эхчүүд хүүхдүүддээ багаас нь гадаад хэл сургаж байна. Таны яриад байгаа зүйлтэй энэ яаж уялдах вэ?
-Нэг талаас хүний эрх боловч үүнийг хязгаарлах хэрэгтэй. Боловсролын тухай хууль журамд тодорхой өөрчлөлт орж таарна. Онолын хувьд хэл сэтгэлгээ хоёр салшгүй холбоотой. Хар багаасаа харь хэл сурна гэдэг тэр хүүхдийн сэтгэлгээ өөрчлөгдөнө гэсэн үг. Тодорхой насны хязгаар заагаад бага ангид гадаад хэл заахыг хориглох хэрэгтэй. Дунд ахлах ангид сонгосон гадаад хэлээ “яг сурдаг” тогтолцоонд шилжмээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, ЕБС-иудад 7-8 жил англи хэл сурсан атлаа хэдэн өгүүлбэр холбоод ярьчихаж чадахгүй л хүүхдүүд их сургуульд ирж байна. Хайран цаг. Дээр нь заавал англи хэл сур гэдгийг бодолцох учиртай.

-Яагаад?
-ЕБС-ийн монгол хэлний багш нар эх хэл, уран зохиолын хичээлийн цаг бага байна гэж их ярьдаг. Үнэхээр гайхмаар. Яагаад, эх хэлний хичээлийн цаг хомсддог билээ. Хэн тэрийг нь тогтоодог юм. Яахаараа VII ангид 17 хичээл ордог юм. Арай дэндүү байна. Тэгсэн атлаа англи хэл заавал үз гээд байдаг. Нэг л учир байгаа биз. Их сургуульд хүртэл англи хэлний хичээл олон кредитийн орж байна. Гадаад хэл суралгүй яах вэ. Гэхдээ яагаад бусдаар заалгах гэж.

-Таны бодлоор ямар учир байх шиг байна?
-Эзэн Чингис хааны “Сэтгэлийг нь хурааваас бие нь хаа одох вэ” гэсэн мэргэн сургаал байдаг. Эсрэгээр, сүүлийн үед бидний сэтгэлийг хэн нэгэн хураагаад байна уу гэж хардах боллоо. Хардах ч үндэстэй. Хэл нь, соёл нь монгол хүний сэтгэлгээ, хүн чанар нь устаад ирвэл энэ том газар нутаг, газрын доорх баялаг хүний гарт орох нь тодорхой биз. Гадны соёлын довтолгоон ширүүсч байна. Манай улсад үүний эсрэг ямар бодлого байна. Соёлын яам аль зүг рүүгээ чиглэхийг хэлэхэд бэрх байна.

-Хоёулаа бодлого ярилаа. Бодлогын хэрэгжилт ямар байх бол?
-Үнэндээ хамгийн чухал, хамгийн сэтгэл зовоосон асуудал. Ний нуугүй хэлэхэд эргэлзэж байна. Боловсролын салбарт бугшсан үзэгдлүүдийг арилгахгүйгээр шинэчлэл хийнэ гэдэг бол хэцүү. Боловсролын салбарт ч “хурандаа” нар байна. Тэд хүүхдийн бус хувийн эрх ашгаа чухалчилдаг нь нууц биш. Ил далд бүгд мэддэг хирнээ гаргаж ярьдаггүй. Одоо гаргаж ярих цаг болсон. Цаашид монголын ирээдүйн төлөө гаргаж ярина. Боловсролын салбарын шинэчлэл “хурандаа” нараас их шалтгаална.

-Тухайлбал?
-Сурах бичиг гэдэг их мөнгөний том асуудал байна. Би сурах бичгийг, ялангуяа эх хэлний сурах бичгийг яамны харьяа боловсролын хүрээлэн гэж газарт байнгын ажиллагаатай мэргэжлийн баг, эрдэмтэд зохиох ёстой гэсэн хатуу бодолтой явдаг. Сурах бичиг зохиогоод мөнгийг нь аваад болдог энэ гаж тогтолцоо өөрчлөгдөх болсон.
Гаргасан сурах бичиг амьдрал дээр юу болж байгааг хянадаг, ажилладаг, засаж сайжруулдаггүй. Эрдэмтэн багш нар ч одоо ухамсарлах цаг болсон. Энэ нь мэргэжлийн байгууллагын салбаруудын зааг ялгаа, уялдаа холбоог нарийвчлах учиртайг харуулж байна.
Багш бэлтгэдэг нь сайн багш бэлдэх, сурах бичиг зохиодог газар нь сурах бичгээ зохиох, багш нарын мэргэжил мэдлэгийг дээшлүүлдэг нь тэр үндсэн ажлаа л хий. Харин байгууллагуудын уялдаа холбоо яг ямар байхыг журамламаар байгаа юм.

-Их дээд сургуулийн сургалтын талаар юу хэлэх вэ. Та өөрөө багш хүний хувьд?
-Манай улс ардчилал,чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжээд 20 гаруй жил боллоо. Харамсалтай нь, дээд боловсрол бараг төвлөрсөн төлөвлөгөөтэй хэвээр. Зарим нэг сургуулийг эс тооцвол. Кредит систем гээд л яриад байна. Үнэндээ150 орчим жил ийн хэрэглэж эхэлсэн, одоо зайны сургалт энэ тэр гээд хоцрогдох тийшээ хандлаа. Гэтэл бид бүрэн шилжээгүй байна. Боловсролын үйлчилгээ гэдэг бүр ярилтгүй.

-Монгол хэлний багштай уулзсаных асуухгүй байж болохгүй нэг зүйл байна. Зөв бичгийн дүрмийн асуудал сүүлийн үед хурцаар тавигдах боллоо. Хүүхэд залуучууд маш их алдаатай бичиж байна. Яах вэ?
-Нэгдүгээрт дээр өгүүлсэн сургалтын агуулгыг өөрчлөх, хоёрт, Ц.Дамдинсүрэн гуайн 1983 онд боловсруулж батлуулсан дүрэм одоо болтол хүчинтэй. Гагцхүү тэрхүү дүрмийн хэрэгжилтийг хянадаг газар байхгүй. Уг нь “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулиар Төрийн хэлний зөвлөл энэ үүргийг гүйцэтгэх ёстой. Соёлын яаманд харьяалагдах болсон гэсэн. Тэнд нэг Магнай очиход сарын дотор цэгцэрнэ. Бас кирилл үсгийн дүрмээ сайжруулаад улсын стандарт батлуулаад явж болно л доо.
Гэхдээ кирилл бичгээр төгс зөв бичнэ гэж байхгүй. Учир нь энэ үсгийн дүрэм. Бүх үсэг нь дүрэмтэй. Тэгэхээр яваандаа нийгэм, улс төрийн байдал сайжрах цагт монгол бичигт шилжих нь гарцаагүй. 
Өглөөний сонин

No comments:

Post a Comment