Monday 28 January 2013

М.Батчимэг: Хэвлэлийнх гэдэг хэний эрх чөлөө болохыг ярих цаг болжээ



М.Батчимэг: Хэвлэлийнх гэдэг хэний эрх чөлөө болохыг ярих цаг болжээ Гадаадад явсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцүүлгийн явцад эргүүлэн татсан. Ийнхүү татах ямар үндэслэл, шалтгаан байсан нь асуулт дагуулж байна. 
Энэ талаар хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй ярилцлаа. 

-Ерөнхийлөгч өөрийн санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг эргүүлэн татсан. Ямар шалтгаанаар татав гэдэг нь ихээхэн анхаарал татаж байна? 
-Ерөнхийлөгч Давосын эдийн засгийн чуулганд оролцож байхдаа хуулийн төслөө эргүүлэн татах болсноо хэлсэн. Би холбогдоогүй учраас ямар шалтгаан байсныг нь лавлаж чадаагүй. Хэвлэлээр дамжуулж хэлсэн байр суурь, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын байр суурийг нь бол сонссон. Тэд “УИХ-ын танхимд хэвлэлийн эрх чөлөөний эсрэг чиглэсэн уур амьсгал маш ихээр өрнөсөн учраас Ерөнхийлөгч татаж авсан. Энэ хуулийн зорилго өөр болох вий гэдэгт эмээсэндээ тэр” гэж байна лээ. 
Үнэхээр хэлэлцүүлгийн явцад маш хүнд байсан. Зурагт, сонин, радиогоор олон нийт харсан байх. УИХ-ын чуулганы танхимд хуулийг хэлэлцэх явцад “Хэвлэлийн эрх чөлөөг хааж боосон, торгож шийтгэсэн хууль гарах нь. Ийм хууль хэрэггүй” гэсэн мэдэгдэл хийлээ. Зарим нь “Сэтгүүлчдэд ногдуулах хариуцлага сул байна” эсвэл “Сонирхлын зөрчилтэй хууль гарч байна” гэх зэргээр улстөржсөн мэдэгдлийг маш их хийсэн. Харамсалтай нь, мэдэгдэл хийсэн гишүүдээс “Аль зүйл заалт нь хэвлэлийн эрх чөлөөг хааж боож байна. Үндсэн хуулийн ямар үзэл санаатай зөрчилдөөд байна” гэхэд ажил хэрэгч тайлбар хийх хүн олдоогүй. Хариултгүй атлаа ямар ч нотолгоогүйгээр том, том мэдэгдэл хийсэн дээ. Энэ бүхнээс дүгнэхэд олон хүн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг гаргахыг хүсэхгүй байгаа юм байна. Тодорхой шалтаг гэхээс илүү хуультай болохыг хүсэхгүй байгаа гэсэн үг. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн зовнил бодитой байжээ гэж дүгнэж байгаа. Яагаад гэвэл Хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах гэж хууль оруулж ирж байхад танхимын уур амьсгал өөр байна гэдэг бас санаа зовоох зүйл мөн. 
Тэгэхээр цаашид нэлээд ажиллах ёстой юм байна. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь хэний эрх чөлөө болохыг ярих цаг болжээ. Ер нь хэвлэлийн эрх чөлөө гэдэг аль нэг салбарынханд зах хязгааргүй анархист буюу зохицуулалтгүй байдал олгох тухай биш. Энэ бол Монголын хөгжлийн эрх ашигт нийцсэн иргэдийн мэдээлэл авах эрх чөлөө юм. 

-Ерөнхийлөгч хэлэлцүүлгийн явцад өөр утга оруулж хуулийн гол санааг өөрчлөх вий гэдэгт эмээсэн гэж байгаа. Тэгвэл байнгын хороод болон бусад хэлэлцүүлгийн явцад утга санаа нь өөрчлөгдсөн зүйл байгаа юм уу? 
-Хууль санаачлагчийн концевцээс зөрсөн зүйл байхгүй. Хууль санаачлагчийн төлөөлөл буюу зөвлөх нь Ажлын хэсэгт байгаа. Хуулийн гол зорилго нь хүмүүсийн мэдээлэл авах эрх чөлөөг хангахын тулд сэтгүүлзүйн салбар дахь захиалгат нэвтрүүлэг нийтлэл болоод улстөр, эрх мэдлээс хамааралтай байдгийг нь зогсооход чиглэсэн. Гэвч хуульгүй олон жил явчихсан, хуульгүй ажиллаад сурчихсан, хаалтын гэрээ гэх айхтар юмыг гадаадын компани, улс төрчидтэй хийдэг эздэд бол энэ хууль хэцүү санагдаж байгаа юм. Хууль гарахаар орлогын эх үүсвэр хаагдах учраас тэр биз. Мэдээж хэлэлцүүлгийн явцад эрх ашгийн зөрчил гарна гэдгийг урьдчилан тооцоолж байсан. 
Гэхдээ улстөржсөн мэдэгдэл хийнэ гэж төсөөлөөгүй. Хууль тогтоогчид үндэсний эрх ашиг, иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдлэх ёстой болохоос хэсэг хүний орлого хаагдах вий гэдэгт санаа зовох ёсгүй. Хэрэв яримаар байгаа бол ард түмний нийтлэг эрх ашгийн дараа ярих ёстой. Олон дунд сайнтай, муутай гэдэгчлэн арилжааны хэвлэл мэдээллийн байгууллагууд дотор өөрсдийнх өө хичээл зүтгэлээр боссон, хуулийн дагуу ажиллаж байгаа, захиалгат сэтгүүлзүйгээс хол мэргэшсэн хамт олон бий байх. Хувийн өмчийг хүлээн зөвшөөрч хамгаалах ёстой. Хөдөлмөрийн харилцаа буюу хөрөнгө оруулагч сэтгүүлчдээ шалгаруулж авдаг, хөдөлмөрийн гэрээ байгуулдаг, шинэ орлого нэмэгдүүлэхийг нь хуулиар хамгаалаад явна. Гэтэл үүний цаана хуульг үйгээр хязгааргүй эрх чөлөө хүсэх гээд байгаа бол “Уучлаарай. Боломжг үй” гэхээс өөр арга алга. 

-Нэгэнт татчихсан хуулийг яах ёстой вэ. Хэзээ дахин өргөн барих бол. Хуультай болох гарц нь юу байна? 
-Дахин өргөн барих эсэхэд Ерөнхийлөгчийн зүгээс байр сууриа илэрхийлэх байх. Үүнийг нь хүлээж байна. Ер нь цаашид хэвлэлийн эрх чөлөөний үзэл санааг хүмүүст ойлгуулахын тулд, үзэл баримтлалаа мэдрүүлэхийн тулд соён гэгээрүүлж ойлгуулах ажил хэрэгтэй. Соён гэгээрүүлэхээс гадна улс төрчдийн ёсзүйг ярих цаг болсон байна. Манай улс Сонирхлын зөрчлийн хуультай. УИХ-ын танхимд байгаа улс төрчдийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй нь цөөнгүй. Зарим нь ч хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байсан тал бий. Гэхдээ тэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хөрөнгө оруулагч, ойр дотно байсан гээд ард түмний төлөөлөл гэдгээ мартах учиргүй. Ард түмний төлөөлөл болсон улстөрчид хувийн эрх ашгийг хойш нь тавьж том эрх ашгаа харж шийдвэр гаргах ёстой. Үүнийг нь ойлгуулсан хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатай гэж бодож байна. 

-Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаатай холбогдуулан хуулиа татлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд сонгуулийн үеэр сөрөг мэдээлэл гаргах вий гэдэгт эмээлээ гэж шүүмжлэх хүн байна? 
-Сонгууль гэхээс илүү Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуульд гишүүд яаж хандаж байгааг нь хараад санаа зовжээ гэж дүгнэж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газраас тодорхой байр суурь илэрхийлсэн байгаа. Яагаад гэвэл УИХ-ын танхимд өрнөсөн уур амьсгалыг хэн хүнгүй мэдэрсэн шүү дээ. Хэвлэлийн эрх чөлөөний хууль дахин гарах шаардлагагүй. Хэвлэлд хэтэрхий их мэдэл өгчээ гэнэ. Эсвэл хэвлэлийн эрх чөлөөнд хэтэрхий их халдах гэж байна гэх зэрэг ойлгомжгүй байр суурь, улстөржилт явагдсан. Энэ нь хууль өөрийн үзэл баримтлалаар батлагдаж чадахгүй нь гэсэн зовнилийг хууль санаачлагчид төрүүлсэн биз. Энэ ч утгаараа Ерөнхийлөгч “Хэвлэлийн эрх чөлөөг дордуулсан хуультай байснаас байгаагүй нь дээр” гэж хэлсэн байх. Цаашид хэвлэлийн эрх чөлөө гэж юу болохыг намын бүлэг, гишүүдийг ойлголттой болтол нь ажиллана. Эрх чөлөөг баталгаажуулсан хууль батлагдах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй гэж бодож байна. 

-УИХ-ын нэр бүхий гишүүд Хэвлэлийн эрх чөлөөг хумисан хууль байна гэж мэдэгдсэний учир нь юу байв. Тийм үзэл баримтлал байсан юм уу? 
-Хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хууль гэж мэдэгдэл хийсэн гишүүдээс “Яг ямар заалт нь боомилоод байна. Хэлээд өгөөч” гэхээр тодорхой хэлэх хүн гараагүй. Тэгэхээр хууль гаргахыг хүсэхг үй байна гэсэн дүгнэлт хийхээс өөр аргагүй. 

-Хуулийн төсөлд дахин ажиллана гэхээр таны хүчин зүтгэл, зарцуулсан цаг хугацаа нурчихав уу гэж харж байна? 
-Ажил нурсан гэж бодохгүй байгаа. Ажлын хэсэг хангалттай сайн ажилласан. Хэлэлцүүлэг бүрт бэрхшээл тулгарч байсан ч ойлголцолд хүрээд явж байсан. Нэгэнт энэ хүртэл ажиллачихсан учраас цаашид илүү туршлагатай үзнэ шүү дээ. Хууль батлуулах гээд цоо шинээр эхэлснээс хамаагүй амар болсон гэж үзэж байна. Мэдээж дахин ашиг сонирхын зөрчил гаргагчид таарах л байх. 

-Та түрүүн хэлсэн. Хэвлэлийн эрх чөлөө гэдгийг иргэдийн мэдээлэл авах эрх чөлөө гэдэг утгаар нь харах ёстой гэж. Үүнийгээ тодруулахгүй юу? 
-Хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэдгийг юу гэж ойлгож байна гэдгээ бие биенээсээ асуух хэрэгтэй. Та ч гэсэн өөр нэг сэтгүүлчээс асуугаад үз. Эцсийн дүндээ хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэдэг бол иргэдийн мэдээлэл авах эрх чөлөө юм. Иргэдийн мэдээлэл авах эрхийг бүрдүүлэхийн тулд хэвлэл мэдээллийн байгууллага ажлаа хийх нөхцлийг нь бүрдүүлж өгөх нь чухал байна. Өөрөөр хэлбэл, олон нийтэд мэдээлэл түгээдэг сэтгүүлчид дарамт шахалт, улс төрийн цензураас хараат бусаар мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах боломжийг хангах тухай юм. Сэтгүүлчдэд байгаа зүйлийг байгаагаар нь мэдээлэх боломжийг олгоно гэсэн үг. Гэтэл өнгөрсөн хугацаанд тодорхой тооны хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд хаалтын гэрээ байгуулах, улстөрчидтэй сонгуулиар гэрээ байгуулж ирлээ. 
Тодруулбал, ил тод бишээр төлбөртэй нэвтрүүлэг, нийтлэл хийх зэргээр захиалгат сэтгүүлзүйгээс орлого олоод сурчихсан нэг хэсэг эзэд байна. Энэ хуулиар ийм хүмүүсийн эрх ашиг нь хөндөгдөж байгаа учраас тэд эсэргүүцэж бас эмзэглэж байгаа юм. Өнөөдөр сэтгүүлчдийн бие даан мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломж эздийн гарт боогдсон байна гэдэгт маш их санаа зовж байна. Хуулийг эргүүлэн татсан тэр үед чуулганы танхимаас гарч ирэхэд олон сэтгүүлчид “Хуулийг яагаад баталсангүй вэ. Цаашид бид яах вэ” гэхчилэн асууж, харамсч буйгаа илэрхийлсэн. Хэлэлцүүлгийн явцад ч сэтгүүлчид энэ хуулийг хүлээж байгаа нь надад мэдрэгдэж байлаа. Энэ утгаараа сэтгүүлчид биш эзэд энэ хуулийг эсэргүүцжээ гэж дүгнэх байна даа. 

-Нөхцөл байдлаас харахад Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль энэ парламентын үед батлагдах найдвар бараг байхгүй юм биш үү?

-Батлагдах ёстой. Энэ бол улс орны эрх ашиг, иргэдийн мэдээлэл авах эрхийн асуудал учраас хугацаагүй хойшлуулж болохгүй. 

Д.Болормаа
Зууны мэдээ сонин

No comments:

Post a Comment