“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн асан Р.Раш уригдлаа.
-МАН-ын толгой дахь цөөн хүн жирийн гишүүдээсээ тасарч, тэр бүү хэл гадаадад хурлаа хийдэг болсон гэх юм. Энэ намын ахмад гишүүний хувьд ямар бодолтой байна?
-Ажил хийж байгаа хүнд алдаж онох юм зөндөө байдаг. Түүнээс илүү улс төрийн нам гэдэг бол асар том, өргөн хүрээг хамардаг. Манай нам хэзээнээсээ олон түмнийх байсан. Одоо ч түүнийгээ хадгалах ёстой. Олон түмний санаа бодлыг эзэмдэж байж үйл ажиллагаа нь жирийн гишүүд, ард иргэдэд хүрч байж сая улс төрийн томоохон хүчин мөн гэдгээ харуулах учиртай. Гэтэл нам доторх хэсэг бүлэг хүн олноосоо тасарчихсан, тэр нь жирийн иргэд, гишүүдээс дэмжлэг аваагүйг өнгөрсөн сонгууль нэгэнт харуулсан шүү дээ. Гэхдээ манай нам гол горхиор бол шавхагдашгүй ундрагатай юм. Өөрөөр хэлбэл, нөөц бололцоо асар их бий. Түүнд гишүүд, дэмжигчдийн итгэх итгэл мохоогүй байгаа. Сүүлийн үед манай намын зарим хүн гадагшаа явсан, тэнд уулзалт хийсэн гэх яриа гарсныг хэвлэлээс харсан. Явалгүй яах вэ, уулзалгүй яах вэ. Нам нууж сэм хуйвалдаагүй гэж бодож байна. Би бодохдоо намынхаа их хурлыг болж өгвөл нэг их хугацаа сунгалгүйгээр хуралдуулчихвал зүгээр юм шиг. Ер нь намын гишүүдийн хүлээлт тийм байгаа гэж үзэж байна. Энэ тухайгаа ч хэлсэн. Олноороо ярьж байгаад ойрын үед намын Удирдах зөвлөл хуралдана биз. Тэндээс улс төрийн шийдвэр гарна биз.
-Ирэх зун Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ардын нам алдаж болохгүй гэдэг үгээр ташуур хийж байгаа ч бодлого нь сул, хүмүүсийн хэлж байгаагаас үзэхэд нэр дэвших лидер алга гэцгээж байна?
-Манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд сайтар бэлтгэж оролцох нь гарцаагүй. Нам дотор улсын Ерөнхийлөгч болох аавын хөвгүүд байлгүй яах вэ. Тэр дотроос харин хүнээ зөв шодож, бодлого, мөрийн хөтөлбөрөө тодорхойлж, зөвхөн намын гишүүд төдийгүй Монголын ард түмний дэмжлэгийг авах хүнийг гаргаж ирэх ёстой. Цаг нь болоогүй байхад зарлаж, цоллох хэрэггүй. “Их хүн даруу, их мөрөн дөлгөөн” гэсэн үг байдаг шүү дээ. УИХ-ын сонгуулийн хувьд сонгогчид аль ч намд дийлэнх олонхийн байр сууриас санал өгөөгүй. Өөрөөр хэлбэл, аль ч нам хангалттай үнэлгээ аваагүй гэсэн үг. Тэгэхээр бүгдэд нь асуудал байгаа биз. Иймд үүнийг аль, аль талдаа бодох л зүйл. Намууд өөрсдөдөө дүгнэлт хийж, үг хэлээ ололцож дөрвөн жил улс орныг авч яв гэж ард түмэн хэллээ шүү дээ. Харин орон нутгийн сонгуулиар сонгогчдын зүгээс манай намд зэгсэн санал өгсөн. 21 аймгийн есөд нь, нийслэлийн есөн дүүргийн дөрөвт нь ялалт байгуулсан. Үүнээсээ урам авч урдах ажлаа улам зоригтой, олны санаа сэтгэлд нийцсэн байдлаар явуулах учиртай.
-Улс төрд удсан, бүлэглэл фракциар талцаж намаа хувааж хүчгүйдүүлсэн, янз бүрийн асуудлаар нэр сэвтсэн хүмүүсээ хөөж их цэвэрлэгээ хийх саналыг жирийн гишүүд нь гаргасан гэсэн. Цаашид яах бол?
-Тэр яриа өчигдөр, өнөөдрийн асуудал биш шүү дээ. Ийм яриа намын хамт олны дунд бий. Гол нь намын хүрдийг эргүүлж, түүнийг жолоодож авч яваа, ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлдэг гэж өөрсдийгөө үзэж байгаа хүмүүс үүнийг нухацтай бодох учиртай. Таны түрүүнд асуусантай зарим талаар санал нийлнэ. Зарим хүн жирийн гишүүдээсээ нэлээд тасарсан. Миний хувьд намаа хоёр хуваагдсанд сэтгэл дундуур явдаг. Эргээд ойрын үед нэгддэггүй юм гэхэд ядаж ойртох ёстой. 1920-иод онд ч манай хувьсгалчид Эрхүүгийн гудамжинд бас тэгж зөрөлдөж явсан юм гэнэ лээ. Түүнийг давтаж болохгүй. Олон юу гэж байна, түүнийг л чиг зүг болгох учиртай.
-МАН хэсэг хугацаанд бүлэггүй байлаа. Одоо зогсонги байдлаас гарснаар ямар алхмууд хийх бол?
- Бүлэгтэй болсон нь намын төдийгүй, УИХ-ын амжилт. УИХ нэг хэсэгтээ доголон байлаа. Их хурал 20 гаруй суудал авсан том намыг тоохгүй явж болохгүй шүү дээ. Хүссэн хүсээгүй бүлгийг зөвшөөрөх ёстой байсан. Тэр дагуу оны өмнөхөн шийдвэрээ гаргалаа. Бүлгийн ажил ч идэвхжиж байна. Манай залуучуудын зүгээс улс, нийгмийн шинж чанартай томоохон асуудлуудыг хөндөж ярьж байгаад талархаж сууна. Тухайлбал, манай Я.Содбаатар байна. Яриад байвал сайн ажиллаж байгаа цөөнгүй залуус бий.
-Та УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, салбар хариуцсан сайдаар олон жил ажилласан. Одоогийн УИХ, шинэчлэлийн Засгийн газрын тухайд, хийж хэрэгжүүлж байгаа ажилд ямар үнэлэлт дүгнэлт өгөх бол?
-УИХ-ыг ард түмэн өөрсдөө сонгож байгуулсан, төрийн эрх барих дээд байгууллага. Үйл ажиллагаа нь ч олны нүдэн дээр байгаа. Тэд сайныг нь хэлж, саарыг нь шүүмжилж л байгаа. Тиймээс би ийм байна, тийм байна гэх илүүц. Олон түмний шүүлтүүрээр явж байгаагаа гишүүд өөрсдөө ч анзаарч, анхаарч байдаг биз. Улсын сайчууд цугласан байх ёстой газар шүү дээ, УИХ чинь. Түүнийгээ л сайн бодох ёстой. Засгийн газрын хувьд өөрсдийгөө “Шинэчлэлийн” гэж нэрлэсэн, байгуулагдаад ч удаагүй байна. Энэ нэр өнгөц л битгий байгаасай. Бямбасүрэнгийн Засгийн газрыг ч тухайн үед тиймэрхүүгээр нэрлэж байсан. Хийх гэж хичээж мэрийж байгаа ажил зөндөө байх шиг. Хамгийн гол нь том мөнгө босгох, их бүтээн байгуулалт хийх, эдийн засаг нийгэм, оюун санааны чиглэлд маш олон ажил байна. Түүний төлөө зүтгэх ч биз. Харин надад бодогдож буй нэг зүйл бол сонгуулиас хойш ард түмнээ хэтэрхий алагчлаад байх шиг. Сонгуулийн өмнө бол яах вэ, тэртэй тэргүй улс төрийн намуудын өрсөлдөөн ид өрнөж байдаг. Харин түүний дараа Монголын ард түмний эв нэгдэл, монгол түмний нийтлэг эрх ашгийн төлөө явах ёстой. Төрийн алба нэлээд хямдгүй тал руугаа явж байна уу гэж харж байна. Мэдлэг, дадлага туршлага муутай хүмүүсийг ажилд томилсноор төрийн ажил цалгардах, төрийн үйлчилгээ сулрах вий дээ. Төрийн алба бол жинхэнэ мэргэшсэн түшмэд, аппарат байх ёстой. Энд төрийн хүний эрхэмсэг чанар гэж байх ёстой юм шүү. Ажлаа мэддэг, сүр хүчтэй ч байх учиртай. Гэтэл тэр нь өнөөдөр жолдох тал руугаа явж байна. Үүнд би сэтгэл гонсгор яваа. Манай улс том биш. Тэгсэн атал үзэл бодлоороо талцаж би, чи гэх утгагүй. Магадгүй үүнийг цаашид Үндсэн хуулийн хүрээнд авч үзэх хэрэгтэй санагдана. Зарим үед сонгууль хийгээд ч хэрэггүй юм биш үү гэсэн бодол төрөх боллоо. Тэртэй тэргүй дараа нь шүүхээр шийднэ гээд гурван хүн сууж байгаад алх цохиод ард түмний санаа бодлыг өөрчлөөд хаячих юм. Бид шүүх засаглалаа дээд зэргээр хүндэтгэх ёстой. Шүүхийн бэлэг тэмдэг нь хүртэл үнэн худлын дэнсээр дүрслэгдсэн байдаг. Түүндээ хүрч, үнэхээр үнэний дэнс болж яваасай гэмээр байх юм.
-Их мөнгө босгох, бүтээн байгуулалтын ажилд Засгийн газар зүтгэх ёстой гэлээ. Бондын тухайд та юу хэлэх вэ. Иргэдийн зүгээс бонд бондойлгочих вий дээ гэх юм?
-Бонд босгох асуудлыг эргэж харах учиртай юм шиг ээ. Олон нийт тэгж үзэж байна шүү дээ. Ийм учраас Засгийн газар иргэдийн хэлж ярьж буйг анхаарах ёстой. Бонд ирээдүйдээ тавьж байгаа өр. Үнэхээр Монголын ард түмний идэх хоол, дээл хувцас болох зүйлд зарцуулвал сайн. Тэгж чадалгүй шальдир булдир юманд үрээд дуусвал түүн шиг буруу зүйл байхгүй. Саяхан нэг сонин дээр Тлейхан гишүүн бондыг төмөр зам, цахилгаан станц барих зэрэг томоохон асуудлуудад хандуулах шаардлагатайг хэлсэн байсан. Бонд ашиглах сонирхолтой компаниуд сүрхий булаацалдаж байх шиг байна.
-Сүүлийн үед төмөр замын асуудал ихээхэн анхаарал татаж байна. Өргөн, нарийн царигаас үүдсэн маргааны учир юунд байв, М.Энхсайхан яагаад ажлаа өгөв гээд олон асуулт байна?
-Маргаж байж үнэн гарна. Төмөр замын бодлогод царигийн тухайд Засгийн газар УИХ-д саналаа танилцуулж шийдүүлнэ гэж бий. Гэтэл тэгэхгүй, чи буруу гэж ханцуй шамлаж заамдалцах гээд байх юм. Шинэ төмөр замын хувьд Өмнөговийн төмөр зам төвтэйгээ холбогдох зайлшгүй шаардлагатай. Тэгж байж улс хөгжинө. Болж өгвөл Монгол Улсын зүүн бүс нутаг мөн адил төвтэйгээ төмөр замаар холбогдох нь чухал. Тамсагбулгаас газрын тос соруулаад шууд гаргаад байна шүү дээ, тэнд. Тэр бүх асуудалд төмөр замын зохицуулалт хэрэгтэй. Энэ нь өргөн цариг байхаас өөр арга байхгүй. Ер нь төмөр замаа бид дахин хадалт хийж, нарийн болгоно гэдэг лөөлөө. Хэрэв тэгвэл, Наушкийн өртөөнд Эрээн-Замын-Үүдийнх шиг шилжүүлэн ачилтыг хийх болно. Тэгэхээр өргөн байх ёстой. Харин бодлогод юу гэж тусгасан бэ гэвэл, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний борлогдох зах зээлтэйгээ уялдуулж тийш нь тавих төмөр замын цариг ямар байхыг нь авч үзэх ёстой гэсэн. Тэр бол төрийн бодлого. Тэгэхдээ төмөр замын царигийг өргөн хий, нарийн болго гээгүй.
-Төмөр замд манайтай хамтардаг ОХУ ямар байр суурьтай байгаа юм бэ?
-Одоогийн төмөр зам бол ОХУ-тай хамтарсан төмөр зам. Үр ашгаа өгсөн, өгч байна, өгөх ч болно. ОХУ-ын талаас Улаанбаатар төмөр замын өргөтгөл маягаар цаашдын шинэ төмөр замын ажилд чинь оролцъё гэсэн байдлаар ярьдаг. Ийм практик өмнө нь ч байсан. Тухайлбал, Эрдэнэт, Багануур, Бор-Өндөрийн төмөр зам байна. Тэд бол гол замаасаа салаалсан төмөр замууд. Баянтүмэнгээс- Тавантолгой хүрэх төмөр замаа ийм байдлаар хийгээд, харин Тавантолгойгоос цааш тавих шинэ замаа нарийн царигаар барьж болно. Тэр нь “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өмч байж болох. Энэ нэг хувилбар байж болох юм. Орост өөрт нь ийм тушлага бас бий. Калининград мужид Польш руу орсон нарийн царигтай төмөр зам байдаг. Тэнд ажиллаж байсан мэргэжилтнүүд ч манайд ажиллаж л байсан. Тэдний яриа хөөрөөг би бишгүй сонсч байлаа.
-Өнөөдөр Орос-Монголын хамтарсан төмөр замын ашиг, орлого хэр байдаг вэ. Яаж хувааж ирсэн юм бэ?
-Бүх зарлагаа хасаад ногдол ашиг гэж гарна. Түүнийг нь хоёр талд хуваадаг. Гэхдээ тэр нь шалихгүй. Хамгийн гол нь эдийн засгаасаа илүү нийгмийн ихээхэн ач холбогдолтой салбар шүү дээ, төмөр зам. Жишээ нь, Тавантолгойгоос цааш алийн болгон машинаар нүүрс зөөх вэ. Түүнээс үүдэж өдөрт хэчнээн удаа осол аваар гардаг, тоосжилт, байгаль орчны нөхцөл нь хүн, мал оршин тогтнох аргагүй гэж ярьж, бичээд байна шүү дээ. УБТЗ-гүйгээр өнөөдрийн Монгол Улсыг бодох хэрэггүй шүү дээ. Бидэнд асар их буян өгөөжөө өгсөн газар. Маршал Х.Чойбалсангийн дэргэд мундаг орос зөвлөхүүд байсан гэдэг. Тэд төмөр асуудлыг шийдэхэд их тусалсан юм гэнэ лээ.
No comments:
Post a Comment