Wednesday, 16 January 2013

Ж.Батзандан: Гадаад эхнэр, нөхрөөсөө сал гээгүй

Манай улстөрийн өндөр албан тушаалтнууд Америкт эдлэн газартай, Чежүд усан онгоцтой, Хайнаньд байшинтай, гадаадын улс орнуудад хадгаламж болон харилцах дансандаа их хэмжээний мөнгө байршуулсан тухай маш их мэдээлэл ирж байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан улстөрийн өндөр албан тушаалтны зарим эрхийг хязгаарлах тухай хуулийн төсөл боловсруулсан талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ асуудлаар дараах тодруулгыг хийлээ. 

-Төрийн өндөр албан тушаалтнуудын зарим эрхийг хязгаарлана гэж байна. Яг ямар хязгаар тавих вэ? 
-Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар улстөрийн өндөр албан тушаалтан 100 гаруй хүн байна. Олонхи нь УИХ-ын гишүүн, сайд дарга. Төсөлд төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад үл хөдлөх хөрөнгө эзэмших, гадаадын компаниудын хувьцааг эзэмших, гадаадын компанийн үнэт цаасыг худалдан авах, эзэмших, гадаадын банкинд харилцах болон хадгаламжийн данстай байх, гадаадын банкинд зээлтэй байхыг хориглож байгаа. Мөн төрийн өндөр албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийнгишүүний нэр дээр архи тамхины үйлдвэрлэл эрхлэх, энэ чиглэлийн импорлогч аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшихийг хорилгоно. Гадаад, дотоодын казино, төлбөрт тааварт бооцоот мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлэхийг хориглоно. Бас нэг заалт бий, магадлан итгэмжлэл бүхий эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээр гадаадад эмчлүүлэхээс бусад тохиолдолд гадаадын эмнэлэгт улсын зардлаар эмчлүүлэхийг хориглож байгаа. 

-Улстөрийн өндөр албан тушаалтан нь гадаад нөхөртэй, эхнэртэй байх нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна. Тийм учраас энэ асуудлыг хуулийн төсөлд багтаана гэсэн. Энэ юу болж байгаа вэ? 
-Дэлхийн олон орны хуульд гадаад нөхөртэй, гадаад эхнэртэй, үр хүүхэд нь гадаадын иргэн байгаа тохиолдолд тэднийгээ өөрийн орны харьяат болгож байж төрийн өндөр албан тушаал хаших эрх нь нээгддэг. Нэг ёсны сонгуульд нэр дэвших бол эхнэрээ, нөхрөө, хүүхдүүдээ өөрийн орны харьяат болго гэдэг шаардлага тавьдаг. Тийм учраас би энэ заалтыг оруулах уу гэдэг асуудлаар твиттер, фэйсбүүк ашиглан санал асуулга явуулж байна. Зарим нэг хүн иргэний суурь эрхийг зөрчиж байна гэдэг асуудал тавьсан. 

-Гэхдээ эдгээр шаардлага нь эцэстээ хүний эрх зөрчсөн хэрэг болж Үндсэн хуулийн цэц дээр очих юм биш байгаа? 
-Хууль санаачлагч хүний хувьд төрийн өндөр албан тушаалтан нь иргэний зарим нэг суурь эрхээс татгалзах хэрэгтэй гэдэг шаардлага тавьж байгаа. Яагаад гэвэл тэд Монгол Улсын төрийн нууцыг мэддэг, төрийн өмнөөс шийдвэр гаргадаг. Тийм болохоор хуулийн зорилго үндэслэл бол Монголд олж авсан өмч хөрөнгөө гадаадад байршуулдаг, гадаадад байгаа эхнэр хүүхдийнхээ нэр дээр шилжүүлдэг байдлыг энэ хуулиар зогсоохыг хүсч байгаа юм. Яагаад төрийн өндөр албан тушаалтан нь Монголоо гэсэн сэтгэл байдаг юм бол ингэж болохгүй гэж.. 

-Гол нь гадаад эхнэр, нөхөртэй бол гэдэг дээр хүмүүс нэлээд мэтгэлцэж байна? 
-Би бол улстөрийн өндөр албан тушаалтнуудыг гадаад эхнэр, нөхрөөсөө сал гэдэг шаардлага тавиагүй. Монгол Улсын харьяат болгохыг хүсэж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтан нь гадаадын харьяат эхнэр, хүүхдээ Монголын харьяат болгож чадахгүй бол Монголын төлөө зүтгэнэ гэдэгт би эргэлзэж байна. Энэ асуудал нийгэмд нэлээн маргаан дэгдээж байгаа нь үнэн. Гэхдээ төслийн гүйцэтгэл бол 100 гаруй төрийн өндөр албан тушаалтанд л үйлчилнэ. Нийт иргэдэд биш. Социализмын үед сайд нарын зөвлөлийн олонхи нь орос болон гадаад эхнэртэй байсныг бид мэднэ. Ямар үр нөлөө гарч байсныг ч мэднэ. Ер нь ч төрийн өндөр албан тушаалтан нь жирийн иргэн биш гэдгээ ойлгох хэрэгтэй.Тэр утгаараа зарим нэг даварсан дарга нарын хууль зөрчсөн үйлдлийг хязгаарлахад чиглэж байгаа юм.  

-Төрийн өндөр дээд албан тушаалтан 100 гаруй хүнээс хэд нь гадаад эхнэр, нөхөртэй байдаг юм бэ. Мөн хэд нь хөрөнгөө гадаадад байршуулчихсан юм бол. Энэ тооцоо судалгаа тодорхой юу? 
-Иргэдээс ирж байгаа мэдээллээр манай улстөрийн өндөр албан тушаалтнууд Америкт эдлэн газартай, Чежүд усан онгоцтой, Хайнаньд байшинтай, гадаадын улс орнуудад хадгаламж болон харилцах дансандаа их хэмжээний мөнгө байршуулсан тухай маш их мэдээлэл ирж байгаа. Хүний хувийн нууцыг би олон түмний өмнө дэлгэмээргүй байна. Хууль батлагдсан нөхцөлд гурван сарын хугацаа өгнө. Энэ хооронд гадаадад байршуулсан мөнгөө Монголдоо оруулж ирэг, үл хөдлөх хөрөнгөө зараад Монголдоо бүртгүүлэг. Гадны банкинд харилцах данс байршуулах шаардлагагүй Монголын банкуудаар үйлчлүүлэх бүрэн боломжтой. Яагаад ийм шаардлага тавиад байна вэ гэхээр одоогийн хуулиар 76 гишүүн бүгдээрээ гадаад эхнэртэй, гадаад нөхөртэй, гадаад хүүхэдтэй болох бүрэн бололцоо байгаа. Энэ бол ёс зүйн талаасаа байж боломгүй зүйл. 
Жишээ нь, аль нэг улсын тамирчин Германы нэр дээр олон улсын тэмцээнд оролцох бол Германы иргэн болох ёстой байдаг. Ийм шаардлагыг биелүүлэхийн тулд манай улсын буудлагын Г.Мөнхбаяр Германы иргэн болсон, Хакухог Японы иргэн болоо гэдэг энэ бол тэр үндэстэн өөрөө өөрийгөө хүндэтгэж байгаа хэрэг. Түүнээс хэн нэгний эсрэг чиглэсэн, хэн нэгнийг албан тушаалаас нь огцруулах гээд байгаа хэрэг биш. Монгол төрөө төрийн өндөр албан тушаалтнууд нь хүндэтгэдэг байя, Монголдоо хүндэтгэлтэй хандая л гэж байгаа юм. 

-УИХ-ын гишүүн Г.Уянгын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөлтэй таны энэ төслийг хамтад нь хэлэлцээд явах бололцоотой юу. Мөн хуулийн төсөл УИХ-аар батлагдсан нөхцөлд одоогийн төрийн албан тушаалтнуудад үйлчлэх үү. 
-Одоо төрийн өндөр албан тушаал хашиж байгаа болон ирээдүйд хаших хүмүүст хамаарна гэж ойлгох хэрэгтэй. Г.Уянга гишүүний төсөл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнтэй холбогдоно. Гэхдээ хамтруулж хэлэлцэх бололцоо боломж байгаа. Хамтаръя гэдгээ би Г.Уянга гишүүнд хэлүүлсэн, явцын дунд шийдэж болох байх. 

-УИХ-ын гишүүд дотроос таны төслийг дэмжиж байга юу? 
-Олон гишүүн амаараа дэмжиж байна, “Зарчмын хувьд зөв өө” гэж байгаа. Ямар ч байсан АТГ-аас санал авсан, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Тэгэхдээ дайралт бас ирж байна. Би тэдэнд төрийн өндөр албан тушаалтан юм бол казино тоглохоо боль. Монголын төрийн өндөр албан тушаалтан Монголынхоо үнэлэмжийг дээшлүүлэх ёстой гэж хэлж байгаа. 
Г.ДАРЬ

No comments:

Post a Comment