-“УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс МҮАН гарах нь” гэдэг мэдээлэл цацагдах боллоо. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас МҮАН гарах нь гэдэг мессежийг шууд өгч байгаа. М.Энхсайхан даргыг “Монголын төмөр зам”-ын захирлын албан тушаалаас чөлөөлсөн учраас танай намынхан эрх баригчдад сануулга өгч байгаа хэрэг үү?
-М.Энхсайхан дарга телевизэд ярилцлага өгөхдөө “Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр үндэсний эрх ашигт нийцэж байх ёстой. Хэрвээ үндэсний эрх ашигт үл нийцэх бодлого хэрэгжүүлбэл бид Засгийн газрын асуудлыг эргэж харж болно” гэсэн утгатай байр суурь илэрхийлсэн. Энэ байр суурьтай холбоотойгоор л таны асуугаад байгаа мэдээллүүд цацагдсан болов уу. Ер нь бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл нь Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа нь үнэн ч, тодорхой хэмжээнд хяналт тавьж ажиллах нь зүй ёсны шаардлага. Өөрөөр хэлбэл, М.Энхсайхан даргын зүгээс “Чингис бондоос босгосон мөнгийг ирээдүй хойчдоо хөрөнгө оруулалт болж үлдэх төсөлд зарцуулах ёстой. Үр ашиггүй төсөлд зарцуулах юм бол бондын мөнгийг салхинд хийсгэсэн хэрэг болно” гэдэг агуулгаар хатуухан мэдэгдэл хийгээд байгаа нь ийм учиртай. Гэхдээ юу, юуны туханд хүрэлгүй засгаас гарна гэдэг ч юм уу, эвслээс гарна гэдэг шийдвэр гаргахыг яарахгүй байна. Нөгөө талаас манай намын гишүүд Бүгд их хурлыг зарлан хуралдуулахыг шаардсан. Болж байгаа энэ бүх үйл явдлаар мэдээлэл өг, тэрүүхэндээ УИХ-ын гишүүд хоорондоо асуудлыг ярьчихаад биднийг үлдээж байна. Тийм учраас бүгд нэг дороо цуглаад болж байгаа үйл явдал бүрээ яръя гэдэг санаачлага гарсан. Мэдээж гишүүд маань намын даргыг ямар ч үндэслэлгүйгээр, ямар ч шалтгаангүйгээр гэнэт ажлаас халахаар эгдүүцэж л байгаа. Тийм болохоор энэ бүхнийг Бүгд их хурал дээрээ ярьж байж шийдэх учраас сэтгэлийн хөөрлөөр шийдээд ярих зүйл биш гэж л хэлэх байна даа.
-Бүгд их хурлаа хэдий үеэр хуралдуулах чиг барьж байна вэ?
-МҮАН-ын Бүгд их хурлаа бол жил бүрийн цагаан сарын шинийн найманд зарладаг. Гэхдээ намын гишүүд “Цагаан сараас урьтаж Бүгд хурлыг хуралдуул” гэдэг шаардлага тавьж байгаа юм билээ. Одоогоор хурлын тов гараагүй байна, удахгүй Удирдах зөвлөл хуралдаж шийдэж таарна.
-М.Энхсайхан даргын урд хөршийнхөнтэй уулзаж, төмөр замын асуудал ярих гэж байгаа тухай хуралдааны бичлэг youtube.com д тавигдсан нь нэг хэсэг шуугиан дагуулсан. Намын тань дарга “Монголд нууц зүйл байхгүй болжээ” гэж мэдэгдсэн бол Зам тээврийн сайд А.Гансүх “Зам тээврийн яаманд болсон хурал. Нууцлаад байх асуудал биш ээ” гэж хариу өгсөн. Та эл бичлэгийг үзсэн байлгүй, үнэхээр тэр хуралдаанаар нууц асуудлыг ярьсан гэж үзэж байгаа юу, эсвэл өөр бодолтой байна уу?
-Ер нь бол Ерөнхий сайдын өрөөнд тэр асуудал яригдсан юм билээ. Хэрвээ М.Энхсайхан гэдэг хүн нууц хуйвалдаан хийгээд түүнийг нь цацсан бол өөр хэрэг л дээ. Гэтэл тэр хуралд Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь, салбар хариуцсан сайд нь оролцоод “Монголын төмөр зам” компанийн дарга нь “Төмөр зам гэдэг асуудал бол хоёр хөрштэйгээ хэл амаа ололцохгүйгээр хийдэг ажил биш байна. Тийм учраас урд хөрш рүү ухасхийгээд тодорхой төвшний хүмүүстэй нь уулзаж, ажлаа урагшлуулах талаар ярих хэрэг байна” гэж ярьсан. Харамсалтай нь, энэ яриаг нь М.Энхсайхан гэдэг хүн хятадуудтай хувийн уулзалт тохироо хийх гэж байгаа юм шиг муухай харагдуулах зорилгоор гаргаж тавиад, түүгээр зогсохгүй Ерөнхий сайдынхаа өрөөнд болсон үйл явцыг энд тэндгүй өгч цацуулсан нь нэг л сонин санагдаад байгаа юм. Ийм хөгийн юмаар төрийн өндөр дээд албан тушаалтнууд өөр хоорондоо хэрүүл тэмцэл хийгээд сууж байгаа нь Монгол төрийг муухай харагдуулж, сульдаах тал руу л татаад байна даа.
-Тэгэхдээ танай намын даргыг Монгол төрийг сульдуулах бодлого барьж ажилладаг байжээ гэж үзэх хэсэг байна шүү дээ?
-М.Энхсайхан даргатай олон жил хамтарч ажиллаж байна, би. Тэр хэзээ ч Монголын төрд хар буруу санаж байгаагүй, харин Монгол төрийг хэрхэн хүчирхэг болгох, яавал улс орноо хөгжил дэвшилд хүргэх вэ гэдгийг байнга бодож толгойгоо ажиллуулж явдаг улстөрчийн нэг. Мөн М.Энхсайхан дарга элдэв асуудалд ч орооцолдоогүй, хэн нэгний барьцаанд байдаггүй цөөн улстөрчийн нэг гэж би хувьдаа ойлгодог. Төмөр замын талаар барьж байсан бодлого, бүх үйл явцаа бидэнд мэдээлдэг байсан. Тэгж ярих юм бол урьд нь ийм ийм бодлого барьж ажиллаж байсан, ийм алдаа гарсан, одоо ингэвэл зөв болох юм, эдийн засгийн үр ашиг талаасаа ийм байгаа юм гэдэг бүх мэдээллийг өгч байсан учраас бид бол М.Энхсайхан дарга төмөр замын талаар зөв бодлого барьж иржээ гэдэгт итгэл төгс байгаа. Ард түмэн ухаантай хэнийх нь зөв, хэнийх нь буруу байсныг аль хэдийнэ шүүн тунгаагаад ойлгочихсон байгаа шүү дээ. Харин одоо ард түмнийг бужигнуулж талцуулсан байдлаар үйл явдал өрнүүлээд байх нь хэр зөв юм бэ гэдэг дээр л бодож сууна.
-Таны хэлснээр М.Энхсайхан гэдэг хүнийг муухай харагдуулахын тулд Ерөнхий сайдын зүгээс иймэрхүү тоглолт хийгээд байна гэж та үзэж байна уу. Эсвэл А.Гансүх сайдаар дамжуулж, Х.Баттулга сайд тоглолт хийгээд байна гэж харж байгаа юу?
-Ерөнхий сайдын зүгээс гэж бодохгүй байна. Яагаад гэвэл Ерөнхий сайдын зүгээс М.Энхсайхан даргын Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл нарийн царигтай төмөр зам тавих тухай байр суурь нь зөв юм аа гэдгийг тухайн үед ярьж байсан. Ер нь ч М.Энхсайхан дарга хувийн тоглолт хийж ийм байр суурь бариагүй, төрийн гурван өндөрлөг, хариуцлагатай бүх улс төрийн албан тушаалтнуудад үүнийгээ хэлж явсан. Гэсэн ч эцсийн шийдвэрийг М.Энхсайхан гэдэг хүн гаргахгүй УИХ, Засгийн газар л гаргах байсан. Үүнийгээ ч мэтгэлцээд байгаа сайдууд мэдэж байгаа байлгүй. Шуудхан хэлэхэд, энэ бүхнийг сайд Х.Баттулга, төмөр зам хариуцсан салбарын сайд А.Гансүх нар л хийсэн гэж бодож байна.
-Тэгвэл та Төрийн өмчийн хороо Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын мэдэлд харьяалагддаг ч гэлээ “Монголын төмөр зам” компанийн захирал М.Энхсайханыг чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайдтай зөвшилцөж байж, шийдвэрлэх байсан гэж үзэж байгаа байх нь ээ?
-М.Энхсайхан даргыг Монголын төмөр зам компанийн захирлаар тавихдаа Ерөнхий сайдтай зөвшилцөж томилсон. Чөлөөлөхдөө ч мөн Ерөнхий сайдтай ярилцах ёстой байсан. Сольж болно. Суудалдаа хадагдчихсан хүн энэ төрийн хаана ч байхгүй. Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай гэж үг байдаг байх аа. Гол нь чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайддаа хэлэлгүй нууцалж, хуйвалдааны шинж чанартайгаар гүйцэтгэсэн. Төрийн өмчийн хорооны даргыг дарамталж байгаад шийдвэр гаргуулж байна гэдэг бол Засгийн газрын түвшинд Монгол төрийн ажил явагдаад байна уу, хувийн компанийн ажил явагдаад байна уу гэж бодоход ч хүргэсэн. Засгийн газар чинь танхимын зарчмаар ажилладаг, дотроо асуудлаа шийдэж шийдвэрээ гаргах ёстой газар юм шүү дээ.
-Х.Баттулга сайдын хувьд Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл татах төмөр замыг өргөн царигтай тавих ёстой. Ингэхгүй бол нүүрсээ түүхийгээр нь урд хөрш рүү экспортлоод дуусна. Дээр нь аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй гэж мэдэгддэг. Нэг талаараа болгоомжлох л ёстой асуудал биш үү?
-Үндэсний аюулгүй байдлыг хүйтэн дайны үеийнх шиг цэрэг, зэвсэг, танк, их буу ачаад аваад ирнэ гэдэг байдлаар хардаг цаг өнгөрсөн шүү дээ. Улс оронд аюул тохиолдвол эдийн засаг талаасаа л тохиолдоно. Тэгэхээр өргөн цариг, нарийн цариг хоёрын аль нь монголчууд бидэнд ашгаа өгөх вэ. Эцэг өвгөдөөс өвлөгдсөн баялгаа яаж үр хойчдоо сайхан амьдрах хөрөнгө оруулалт болгож хувиргах вэ гэдэг л чухал. Хамгийн үр ашигтай хувилбар бол ашигт малтмалыг хүлээж авч байгаа орны төмөр замын цариг ямар байна, түүнийг тавих нь эдийн засгийн үр өгөөж, хугацаа хэмнэх талаасаа илүү ашигтай гэдгийг захын хүүхэд ч ойлгохоор байгаа шүү дээ. Гэхдээ тэр “Өргөн царигтай бол кранттай, нарийн царигтай бол крантгүй” гэдэг тайлбар хийгээд сууж байгаа нь хөгийн л асуудал байхгүй юу. Уг нь үүнийхээ оронд Монгол төр жилдээ хичнээн тонн нүүрс экспортлох вэ гэдгээ яриад сууж байх ёстой. Энэ жил 20 сая тонн нүүрс экспортолно гэсэн бол түүнийгээ гаргадаг. Түүнээс илүү экспортолдоггүй байх ёстой. Түүнээс биш хэмжээ хязгааргүй урсаад гарчихдаг юм гэж байхгүй. М.Энхсайхан дарга ч бас нэг зөв үндэслэлтэй юм хэлээд байгаа. Жишээ нь, өргөн царигтай мухар төмөр зам тавилаа гэхэд тэр олон вагон, тэр олон толгой зүтгүүрийг яаж аваачиж тавих гээд байгаа юм гэж... Авто машинаар тэр бүхнийг аваачиж тавихгүй нь ойлгомжтой. Тэр толгойнуудаа хятадын талаар оруулж ирээд тавъя гэхэд зөвшөөрөхгүй шүү дээ, гэх мэтчилэн олон асуудлууд байгаа. Дээр нь төмөр замын дугуй солих, шилжүүлэн ачих ажил гарч ирэхээр тодорхой хэмжээний зардал гарна. Нүүрсний экспорт бол жилдээ 5, 10 тонноор хэмжигдэхгүй, хэдэн сая тоннын асуудал учраас тонн тутамд гарч байгаа зардал нь эргээд монголчуудын хүртэх үр өгөөжөөс хасагдана. Энэ бүхнийг бодохоор Тавантолгойгоос-Гашуун сухайт хүртэл нарийн царигтай төмөр зам тавих нь л яах аргагүй зөв хувилбар болж буугаад байгаа юм. Хэрвээ Монгол Улс ОХУ-руу нүүрсээ экспортлох бол өргөн цариг чухал л даа. Гэтэл мэдээжийн зүйл дээр Орос нь бидэнд аюулгүй, Хятад нь аюултай байна гэж нэг хөршийгөө дайсан мэтээр харах нь өөрөө их аюултай л хэрэг байгаа юм. Бодоод үз л дээ, хойд хөрш асар их нүүрсний нөөцтэй. Нүүрсээ хааш нь гаргаж зарах бодлого барьж байна вэ гэхээр мөн л Хятад руу Азийн орон руу экспортлох сонирхол л байгаа байхгүй юу. Тэгэхээр Монгол өөрийн толгойгоороо явах уу, хүний толгойгоороо явах уу гэдэг асуудал л энд давхар шийдлээ хүлээж байна. Мэдээж оросууд өргөн царигтай байхыг хүснэ. Түүнээс биш монголчууд энэ чиглэлийн дэлхийн зах зээл дээр хурдан томроосой гэж хүсэхгүй л болов уу.
-Та түрүүн Х.Баттулга Засгийн газрыг хувийнхаа компани шиг ойлгож байна. Дээр нь Төрийн өмчийн хорооны даргыг дарамталж байгаад халах шийдвэр гаргуулсан гэсэн. Дарамталсныг нь та яаж мэдээд байна?
-Сонсоход А.Гансүх сайд, Х.Баттулга сайд хоёр Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж гэдэг хүний өрөөнд сууж байгаад шийдвэр гаргуулсан юм билээ. Нууц юм гэж Монголд алга байна шүү дээ.
-Зарим улстөрч “Ерөнхий сайд Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийг чөлөөлөхөөсөө өмнө сайд Х.Баттулга, А.Гансүх нарт хариуцлага тооцох ёстой байсан” гэдэг асуудлыг хөндөх болсон. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна?
-Зүй нь бол Төрийн өмчийн хорооны дарга нь Монголын төмөр зам компанийн захирлыг чөлөөлөх бол тэр тухайгаа Ерөнхий сайддаа дуулгах үүрэгтэй. Нөгөөтэйгүүр, Засгийн газар бол танхимын зарчмаар ажилладаг. Тэгэхээр сайд нь хариуцлага хүлээж байгаа Ерөнхий сайдтайгаа санал солилцож бүх асуудлаа ярьдаг байх ёстой. Ажиглаад байхад ийм танхимын зарчим Шинэчлэлийн Засгийн газарт алга. Энэ Засгийн газарт том толгойтой сайдууд л зөндөө байна. Ерөнхий сайдыгаа үл тоодог, өөрийнхөө хувийн эрх ашигт нийцүүлж шийдвэр гаргадаг гээд яривал юм байна, иймэрхүү байдлаар цаашаа явбал сайн зүйл рүү хөтлөхгүй. Монгол төр захиргаатай замбараатай, эрэмбэтэй дараатай байх ёстой. Тэгж байж төр өөрөө хүчтэй, Монгол төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого хүчтэй байна. Энэ утгаар нь хариуцлагагүй сайд нарт хариуцлага тооцох ёстой гэж бодож байна.
-Танай бүлгийн төвшинд “Х.Баттулга сайд, А.Гансүх сайдад хариуцлага тооцох” тухай асуудал хөндөгдсөн үү?
-Бид асуудлын үнэн мөнийг олох гэж оролдож байна. Нэг талын тухайлбал, зөвхөн М.Энхсайхан даргаас мэдээлэл авчихаад огцруулах асуудал тавьж болохгүй. Нөгөө талаас ч мөн байр суурийг нь сонсч, бүх талаас нь асуудлыг боловсруулж, анализ хийгээд үнэхээр энэ хоёр сайд алдаа гаргажээ гэвэл огцруулах асуудал тавьж яагаад болохгүй гэж...
-Засгийн газар урд хил рүү өргөн царигтай төмөр зам тавья гээд хөрөнгө мөнгийг “Чингис бонд”-оос босгосон хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэчихлээ. Тэгэхээр үнэхээр нарийн цариг нь Монголд ашигтай юм бол энэ шийдвэрийг өөрчлөх гарц бий юу. Эсвэл нэгэнтээ галт тэрэг хөдөлсөн гээд орхих уу?
-УИХ-аас 2010 онд баталсан Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого гэж бий. Тэр бодлогод одоогийн төмөр замтай огтлолцох төмөр замыг өргөн царигаар баръя гэдэг шийдвэр гарчихсан юм билээ. Гэхдээ уурхайгаас хил рүү чиглэсэн төмөр замын царигийн асуудлыг Засгийн газар УИХ-д тухай бүрт нь оруулж ирж шийдвэрлэнэ гэсэн өгүүлбэр энэ бодлогын баримт бичигт бий. Тодруулж хэлбэл, УИХ-ын цэвэр эрх мэдлийн асуудал болж байгаа байхгүй юу. Тэгэхээр Тавантолгойгоос хил хүртэл нарийн царигтай төмөр зам тавина гэх юм уу, өргөн цариг байх уу гэдгийг УИХ шийдэх болохоос М.Энхсайхан гэдэг хүн ганцаараа яриад шийдэх асуудал ч биш л байсан юм л даа.
Г.ДАРЬ
No comments:
Post a Comment