Sunday, 27 January 2013

З.Алтай: Хэрэв би намд элссэн бол гишүүн болчих байсан гэх нь зохисгүй хэрэг

УИХ-ын гишүүн асан, MN-25 телеви­зийн зөвлөхЗ.Алтай­тай ярилцлаа.

 -УИХ-ын сонгууль өн­гөрөөд багагүй хуга­цаа өнгөрчээ.Та энэ хугацаанд юу хийж, ямар ажил амжуулж бай­надаа?
-Яахав дээ, сонгуу­лиас хойш тэнгэр бүрхэж, амь амьдрал байхгүй юм шиг болоод, сэтгэлээр унан, боож үхмээр санаг­даад, олс хайж давхилаа (инээв). Тэгснээ ямар УИХ-ын гишүүн биш бол­лоо гээд амьдрал дуусах гэж байгаа биш гэж бо­доод байж байна даа. Амьдрал сайхан, амьд­рах бүр сайхан шүү дээ. Хийх ажил зөндөөн бай­на. 
Мэдээж, миний хийж чадах ганц зүйл бол теле­виз. Эндээ ирээд худлаа үнэн ярин, хүн загнаад, муухай сайхан хараад л орон тооны бус зөвлөх гэдэг албан тушаал ха­шиж байна. Өнөө цагт хүнийг дэвшүүлэн эсвэл магтан зайлуулахдаа зөв­лөх гэдэг болсон юмдаг уу даа. Ажилтай ч юм шиг, ажилгүй ч юм шиг хүн л байна.
Гэхдээ хүнд хийх ажил байлгүй яах вэ. Ирж байгаа цаг, шинэ засгийн хийхээр төлөвлөж бай­гаа юмнууд нь бас ч үгүй бо­ломжийн юм болов уу гэж бодож байгаа. Бид өнгөр­сөн дөрвөн жилийн турш хүн амьтнаар шоо­луу­лан байж дуусдаггүй яриа ярь­даг байлаа. Уг нь бидний ярьсан зүйл маань хэрэг­жээсэй билээ гэж үзэгч, ард олонтойгоо санал бодлоо ху­ваалц­сан нь тэр байсан юм. Түрүүчийн парла­мен­тын үед бидний ярьсан зүйл бүрэн хэрэгжээгүй. Харин одоогийн төр бид­ний амаа цангатал ярь­сан зүйлийг ажил хэрэг болгоё гэж байгаад би их баяртай байгаа. Хэдий­гээр би төрд ороогүй ч гэсэн иргэн хүний хувьд энэ ажилд нь өөрийн хэм­жээгээрээ тус болчих юмсан гэж бодож байна. Нэг их тус болоод сүйд болдоггүй юм аа гэхэд яаж гай болчихгүйгээр өөрийн болон телеви­зийн хэдэн залуусынхаа амьдралыг аваад явчих вэ гэж л бодож сууна. Энэ бол том хариуцлага. Ир­гэн бүр өөрт ногдсон ха­риуцлагаа хал балгүй хийгээд төрд гай болж, гуйлга гуйхгүйхэн шиг явж байвал улс орон, засаг төрд тусалж байгаа том гавьяа юм ш дээ. Иймэр­хүү жишгээр л ажиллая гэж бодож байгаа. Гэхдээ хөндлөнгөөс хараад суух­гүй. Хэвлэл мэдээл­лийн байгууллага гэдэг бол тэртэй тэргүй улс төртэй хутгалддаг. Хүс­сэн ч хүсээгүй ч шүүмж­лэгчийн байр сууринаас ханддаг. Тиймээс хэл ам нь хөдөлдөггүй, байгаа байхгүй нь ч мэдэгдэхгүй гишүүдээс хэдэн хувь илүү ажилтай л боллоо гэж өөрийгөө ойлгоод байгаа шүү. 

-Тэгвэл та шинэ Засгийн га­зарт таатай хандаад байгаа юм аа даа?
-Гол нь хийнэ гэсэн ажлаа яриад тунхаглаад битгий орхио­сой л гэж бодож байна. Дөрвөн жил гэдэг бага хугацаа учир ядах­даа их зүйлийг эхлүүлчихээсэй гэж бодож байна. Эхлүүлнэ гэдгийг би үзлээ, зарим юмыг биелүүллээ, ханалаа, цадлаа гэдэг шиг ажиллах хэрэгтэй дээ. Үүнээс иргэн хүн эрч хүч авч, нийгэм, амьдрал сайхан болох нь гэдэг итгэлийг авна. Энэ бол том хөшүүрэг. 

-Гэтэл парламент маань өнөөд­рийг хүртэл бүрэн бүрэл­дэ­хүүнээрээ ажиллаж чадахгүй бай­на...
-Энэ бол цөөхөн хэдэн хүний асуудал. Ганц, хоёр хүн парла­мен­тад орсон ч яалаа, ороогүй ч яалаа. Өнөөдөр 70 гаруй гишүүн байна. Шүүх цагдаагаар яваад байгаа улсууд ном журмынхаа дагуу асуудлаа шийдээд ороод ирнэ л биз. Харин өнөөдөр тэднийг байхгүй байлаа гээд байгаа хэдэн гишүүд нь өнчин хүүхдүүд шиг нүдэндээ нулимстай байгаа гэж би ерөөсөө бодохгүй байгаа. 
Ерөөс орлоо эсвэл гарлаа гэнэ. Урвалаа бас шарвасан л гэнэ. Энэ бүхнээс хэн нь хэн бэ гэдгийг сонгосон ард иргэд нь хараад, дүгнэлтээ хийгээд л байж байгаа шүү дээ. Тиймээс үүнд би нэг их санаа зовохгүй байгаа. 
Сая манай нөгөө муу экс Ерөн­хийлөгчийг бариад аваад явчих шиг боллоо. "Нөгөө хэд нь яадаг юм бол доо, жинхэнэ хүний мөс чанар одоо харагдах байх даа. Тэр хүний буянаар төрд гараад, зүүд­лээ ч үгүй албан тушаалд очоод амьдарч байгаа юм чинь одоо л нүүр царай нь харагдана даа" гэж бодсон чинь нөгөөдүүл нь юу ч болоогүй юм шиг л суугаад байх юм. Даргын суудалд ямар дуртай, хайртай хүмүүс вэ. Тэр муу дарга нь шоронд явна уу, байна уу тэдэнд санаа зовоод байх зүйл алга аа. Хүний амьдрал ер нь ийм л байдаг юм байна ш дээ. 

Парламентад олонхийн суудал авсан нам нь сөрөг хүчинтэйгээ тохиролцоо хийгээд л асуудлыгшийдчихдэг болсон гэсэн шүүмжлэл бий. Та ч гэсэн тэгж бодож байна уу?
-Өмнөх парламентыг бодвол энэ удаагийнх нэлээд эрээвэр, хураавар боллоо. Төрийн ажлыг гацаахгүй урагш явуулахын тулд тохиролцоо, наймаа байдаг байл­гүй дээ. Ер нь бол тас гэдийгээд байх нь буруу гэж боддог. Ямар нэг хэмжээгээр бид ойлголцох л ёстой. Тиймээс ганц нэг хүний асуудал дээр ханцуй дотроо юугаа хийж наймаалцана, буянаараа л болог. Ер нь наймаалцах гэдэг зөвхөн Монголд бус дэлхийн аль ч улсад улс төрийн хүчнүүдэд байдаг л асуу­дал. Тиймээс пүү паа, ямар заваан улсууд вэ гэж хэлмээргүй байна. 
Би нам бус хүн. Аль нэг намыг дэмжиж хашгираад гүйгээд байдаг­гүй. Аль алиныг нь гөвж л байсан. Гэхдээ яагаад шинэ засаг төрийг дэмжээд байна вэ гэхээр дээр хэлсэнчлэн тэдний яриад байгаа зүйл нь, хийх гээд байгаа зүйл нь  миний сэтгэлд хүрээд байгаа учир үйл хэргийг нь л дэмжээд байгаа юм. Түүнээс бус энэ намд хайртай эсвэл тэднээс сайдын суудал горь­дож, дараагийн улс төрийн амьд­ралаа бодоод тал засаад байгаа юм алга. Эдний зөв шүү дээ, их бүтээн байгуулалтыг эхлүүлэх хэрэгтэй. Юунаас айгаад хулчий­гаад байдаг юм. Гэхдээ бас ард түмний нэрээр авч байгаа энэ их хөрөнгө оруулалт, зээлийг багахан шиг л идээрэй гэж хэлмээр байна. 
МАН гэж 20 гаруй хүнтэй асар том хяналтын бүлэглэл байна. Одоо харин та нар минь жинхэнэ сөрөг хүчин болоод хааш нь ч гаргахгүй барих хэрэгтэй. Гэхдээ тэглээ гээд хийх гэж байгаа бүхэнд нь битгий тээг тавиарай. Зөв хяналт, зөв сөрөг хүчин байгаарай л гэж хэлэх байна. 

Энэ удаагийн парламентын гишүүд дотроос өөрийн бодол санаагаа хүчтэйхэн хэлчих хүн ховор юм уугэсэн бодол байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Манай муу Ганбаа л жаахан ган ган хийх юм даа. Уг нь гудам­жинд айхтар хашгирдаг хүмүүс л тийшээ орсон ш дээ. Ханцуй шам­лаж байгаад л үзэж тардаг, ам нь ард түмнийхээ төлөө хэмээн дуу­гүй байдаггүй хүмүүс саарал ор­донд орсон. Гэтэл тэд дулаан суудалд суугаад л таг болчихсонд би их гайхаж байна. Тэгвэл ерөө­сөө эх орон, ард түмний төлөө гэж хашгирч байсан хүмүүс гэж хэн байсан юм, юу юм гэж асуумаар байна. 
Манай АН-ынхан ч бас тэнэг улсууд биш л дээ. Цор цор гээд байдаг хүмүүст үзээгүй, мэдрээгүй албан тушаалыг нь амсуулж, зөөлөн суудал өгч, арга эвийг нь олохоо мэднэ л дээ. Иймэрхүү байдлаар л амыг нь таглачихлаа. Уг нь бол тэд ийм юманд таглуулах ёсгүй. Ард түмэн тэдэнд том итгэл хүлээлгэж сонгосон шүү дээ.
Одоо гудамжийг харъя. Чив чимээгүй, нам гүм байгаа биз. Гэхдээ би үүгээрээ хашгир гээгүй. Аль ч улс оронд иргэдийн дуу хоолойг хүргэх иргэний хөдөлгөөн байх ёстой. Иргэний хөдөлгөөн бол төр засагт болохгүй зүйл дээр нь шахалт дарамт үзүүлж, айлгаж байдаг маш хэрэгцээт механизм. Ийм хэрэгцээт зүйл Монголын нийгэмд үгүй болсонд маш их харамсаж байна. Нээрээ шүү, энэ бол зайлшгүй байх ёстой зүйл байсан. 

-Д.Арвин гишүүн АН-д орсон явдлыг та юу гэж бодож байна?
-Аливаа нам, хүчний удирдах дээд хурлаар ороод "Энэ намын мөрийн хөтөлбөрийг тууштай дэмжинэ, дөрвөн жилийн хуга­цаанд урваж шарвахгүй, эцсээ хүртэл дэмжинэ" гэсэн тангараг маягийн зүйл дээр гарын үсгээ зурж, сонгуульд нэр дэвшсэн байж таарна. Гарын үсэг бол тийм хамаагүй зүйл дээр зураад байдаг зүйл биш. Гэтэл сонгуульд ялалт байгуулсныхаа дараа "Над руу нэг ч хүн ярьсангүй, намайг дэм­жиж шальтай зүйл хийсэнгүй, аймаар гомдож байна. Тиймээс намаа солино" гэдэг улстөрч хүний амнаас гарах үг мөн үү. Тэр тусмаа Д.Арвин гишүүн бол тухайн үеийн МАХН, одоогийн МАН-аас олон удаа нэр дэвшиж, энэ намын ач буянаар төрийн хоолыг олон жил идсэн хүн. Гэтэл өөр намд орлоо, одоо л амьдралыг зөв ухаарч байна гэх нь муухай ш дээ. Энэ байдал нь надад өрөвдөлтэй са­нагдсан. Ядахдаа хэлж байгаа тайлбар нь арга ч үгүй юм даа гэхээр байх ёстой байсан. 

Та УИХын гишүүн байхдаа хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн талаар ярьж, бэлтгэх ажилд ньоролцож байсан. Гэтэл сая УИХ-д өргөн баригдсан хуу­лийн төсөл нэлээд маргаан да­гууллаа. Үүнийг тахэрхэн харж байв?
-Ийм хууль гарах хэрэгтэй. Гэхдээ олон талаас нь бодмоор юм шиг байгаа юм. Тухайлбал, хэвлэл мэдээллийн байгууллагын хувьцаа эзэмшигч 20 хувиас илүү хувьцаа авахгүй гэдэг зүйл орж байгаа. Энэ зөв үү, буруу юу. 
Хэвлэлийн хараат байдал гэж бий. Энэ мөн хоёр талтай юм. Нэг талаар хараат байх нь зөв. Нөгөө талаас буруу. Тэгвэл шударга хүн гэж хэн юм бэ? Сэтгүүлч болгон шударга, хүнийг гүтгэдэггүй, сэт­гүүлзүйн ёс зүйг баримталдаг гэвэл түүн шиг худал зүйл байхгүй. Тиймээс нэгэнт л мань мэтийн эзэмшил нь 20 хувь ч хүрдэггүй улсууд яагаад тухайн байгууллагыг байгуулсан юм. Битгий худалдаг­даасай, нийгэмд үнэн мэдээлэл өгөөсэй гэж хүсэх хувь хүний үзэл бодлын үүднээс л байгуулсан. Тийм байлгахын төлөө өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд арайхийн жаахан юм босголоо. Хэн нэгэн хүн орж ирээд л чи хэн юм, чиний үзэл бодол юу юм гээд нулимаад эхэлбэл ер нь би энд яах гэж сууж байгаа юм. Би ямар ма­наач юм уу. Тийм байж болохгүй. Тиймээс энэ бол хоёр талтай асуу­дал л гэж хэлэх байна.  

-Та ИЗНН-ын дэмжигч ги­шүүн. Одоо намынхантайгаа холбоотой байгаа юу?
-Би гишүүн биш. Зүгээр л дэм­жигч. Би чөлөөт иргэн. Ер нь бид намын хатуу гишүүнчлэлийг халах ёстой. Ингэж намаар талцдаг байдал байж болохгүй. Үүний тод жишээ нь төрийн байгуулла­гынх­ныг хоморголон ажилгүй болгож байгаа явдал. Би энэ хуулийг тухайн үеийн ангийн найз нартай­гаа нийлж өргөн барьсан. Харам­салтай нь хэлэлцээгүй. Одоо энэ парламент дөнгөж эхэлж байгаа үедээ хэлэлцээсэй гэж бодож бай­на. Намын аппаратын цөөн хэдэн хүмүүс гишүүнээрээ үлдээд бусад хүмүүсийн өвөрт намын батлах битгий хий гэж хэлмээр байна. Энэ санааг одоо МАН-ын гишүүд зөв юм байна гэж дуугарч эхэлж байх юм шиг байна лээ. Болж байна, хожимдоогүй шүү, найз нар аа. 

-Гэхдээ би үүний эсрэг зүйл асуух гээд байна. Хэрэв та аль нэг нам, тухайлбал, ИЗНН-аас өнгөрсөнсонгуульд нэр дэвшсэн бол өнөөгийн 76-гийн нэг болох байсан гэж бодож байв уу?
-Болоод өнгөрсөн зүйлийн хой­ноос гаслаад уйлаад байгаа юм алга. Болдог юм болдгоороо л боллоо. Би өөрийнхөө сонголтод итгэл үнэмшилтэй байх ёстой. Тэр хариуцлагыг би өөрөө л үүрнэ. Харин одоо бол өнгөрснийг эргэн санаад, шатар нүүж байгаа ч юм шиг  хэрэв тэгсэн бол би гишүүн болчих байсан юм байна гэх нь зохисгүй хэрэг байлгүй дээ.
Т.ГЭРЭЛМАА

No comments:

Post a Comment