Sunday, 6 January 2013

О.Лхагва: Харамсалтай нь өрнийн эрдэмтэд нүүдлийн соёлыг ултай судлаад үлдээсэн ул мөргүй юм

МУИС-ийн ФЭС-ийн багш, физикч онолч, тооч,  гүн ухаан судлаач, Олон улсын Эйнштейний шагналт(2010), Монголын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Физмат ШУ-ны  доктор, профессор О. Лхагватай түүний монголын билиг эрдмийн квант физик ба мөнх тэнгэрийн судалгааны талаар ярилцлаа.
-          Таныг Квант физик, синергетикийн цогц үзлийг  Мөнх Тэнгэр эрдэмтэй холбож шинэ санаа дэвшүүлсэн гэж ойлгож байна. Энэ тухай яриагаа эхэлье. Хоорондоо асар зайтай  эрдмийн холбоо нь юунд байна вэ?
-           Асуудал  үнэхээр ер бус нь үнэн шүү.  Сэдвийг  “Монголын билиг эрдмийг квант физик синергетикийн цогц үзлээр гийгүүлэхүй” гэмээр ч юм шиг санагдаж байна. Квант физик бол молекулаас чанад(хумхи) ертөцийн жамыг илэрхийлдэг ухаан. Синергетик(ний үйлдэхүйн) эрдэм нь Орчлонгийн хувьслын язгуур үндсийг хүмүүний гарт атгуулж буй ухаан.  Эл хоёр тулгуур эрдмийн охь үзлийн өндөрлөгөөс монголын билиг нарийн учиг үзүүрийг гэрэлтүүлэн тодруулахыг хичээсэн юм.
-          Ямар санаа дүгнэлт тунав?
-          Нартад байгаль , ахуй, амьдарлын нөхцлөөс эх авч хоёр эрс ялгаатай танихуй, сэтгэлгээ  хөгжиж, түүнийгээ дагалдаж бас  жаяг өөр төр улс, нийхэм үүсэн бүрэлджээ. Нэгд, суурин  түмэн нь  дарж номхотгох  хууль цааз, бишрүүлэн сөгдүүлэх шажин, илийг эвдэж, онч сэтгээд эвлүүж бүтээхүйн соёлтой   газрын хаант улс бүрэлдүүлж. Энэ бол эдүгэ дэлхий даяар дэлгэрсэн  засаглалын угшил  гараа юм.  Хоёрт, нүүдэлчид нь  Орчлонгийн ухаарал, сэрэхүйн ундрага- сүнс тэнгэрт онгод хөглөн хүрээд ил, далдын нууцыг билгээр мэдэрч таних увьдсыг олоод улмаар тэнгэрийн зарлиг доор “тэнгэрийн” нэгэн хүмэн- үндэстэнд  нягтарч, шажингүй, шоронгүй  их засагт төр  улсыг  мандуулсан байна.
-   Дүгнэлт жинтэй бас жигтэй сонсогдож байна. Үндэслэл нь чухам юунаас эхтэй   вэ?
-  Сүрхий хашиж ээрсэн асуулт чинь зангилааг онож байна.  Төгс төгөлдөрт нь эрдэмтдийнх нь сэтгэл бүрэн цадсан өрнийн эрдэм бодис, хоосон  хоёроос цөмийн бөмбөг, интернет бас феодализмыг империализмд хүргэж дэвжүүлсэн юм. Үнэхээр ч бахадмаар даа.  Харамсалтай нь өрнийн эрдэмтэд монголын нүүдлийн соёлыг ултай судлаад үлдээсэн ул мөргүй, онч сэтгэлгээгүй юм.  Тэгэхлээр нүүдэлчид ердөө л “зэрлэг дээрэмчид” байж хэмээн дүгнэжээ. Энэхүү “нээлт” нь  хожим хар домог гэгдэх болсон аж.
- Тэгвэл та яагаад нүүдэлчдийг  тэнгэрийн үндэстэн  гэж дүгнэв ээ
-  Жаахан хүлээгээрэй. Өлгөж сэдэх  зангилаа руугаа дөхөж байна.  Сонгодог физик нь хумхи(молекулаас чанад) ертөнц рүү нэвтрэхдээ таг мухардаад, зовж байж квант жамын учгийг атгасан юм. Тэр ертөцөд бүхий л юмс шүтэлцэн ний амьсахуйн заяатай учир дан тусдаа юм үгүй.  Бас хувьслыг бодис юмсын эгэл нийлэх салах мэт төсөөлж байсныг синергетик эрдэм  жинхэнэ дээ хуй, хуйврал уймарлаа өрнөдөг болохыг илрүүллээ.Энэ бол эрдмийн шинэ хөтөч үзэл. Жинхэнэдээ бол Орчлонгийн ил хийгээд далд(энериги, сүнс-ухаарал сэрэхүй) оршихуй нэг амь сүлбэлдээн юм шүү дээ.
-  Шинэ үзэл нүүдлийн соёлд ямар хамааралтай юм бэ?
- Сонгодог физикийн хөтөч үзэл өрөөсгөл байж. Орчлон бол тус тусдаа юмс, хоосноос бүрдэнэ гэх нь  хөтөч үзэл   шүү дээ. Эндээс санаа өлгөж авсан юм. Хар домог- “нээлт” туурвисны үндэс нь сонгодог эрдмийн хөтөч үзлийн өрөөсгөлийн харгай байж.
-  Энд Мөнх Тэнгэрийн холбоо нь юу билээ?
- Их талд тэнгэр- газрын хуйварлын үйлийг туулахдаа нүүдэлчид бие-сэтгэл- үйлсээрээ түүн лүгээ нэвчиж амин салаа нь болж. Тэгээд сүнс тэнгэрийн ундрагаас зөн шидээр эрдэм өвөрлөж, улмаар    билиг эрдэм цогцлуулж. Эл эрдэм бурхан ч үгүй, чөтгөр ч үгүй байгалийн жамыг тандаж цэгцрүүлсэн цогц билиг эрдэм бол Мөнх Тэнгэр мөн. Нотолгоог физикийн сүүлийн үеийн нээлтээс л олоод байна. Орчлонгийн бүх юмс алс хол, ойроос хамаарахгүйгээр эгшин зуур мэдээлэл солилцон сүлэлдэж байдгийг физикт туршилтаар нээжээ. Энэ нь синергетик хэлээр долгионы шугаман бус долгионууд үршин нийлэх үйлээр бүрэлддэг холограф төрх шинжээс үүдэлтэй.
-  Холограф гэж юу  вэ?
- Лазерын хурц найраг цацрагийг нийлүүлж  эдүгэ биетийн гурван хэмжээст бодит юм шиг зураг гаргадаг болсон. Зургийн тийм хальсыг хичнээнч хигэж үйрүүлсэн үйрмэг бүр нь өнөөх биеийн бүтэн дүрсийг агуулна. Нобелийн шагналт Д. Бом эндээс  өлгөж, аливаа биетийн бөөм бүр нь  орчлонгийн бүхий л мэдээ сэлтийг агуулна. Үүнээс миний санаанд нүүдэлчид онгодод хүрч, дотоод ертөнц рүүгээ нэвтрэхээрээ гүнээсээ билиг эрдмийг ундруулах шийдийг олж байж.
- Зөн билиг нүүдлийн соёлын эх ундрага болсон хэрэг үү?
- Зөв. Тиймээс нүүдэлчид сүнс тэнгэрийн  ухаарал сэрэхүйн ундрагаас билиг эрдэм, соёл Мөнх Тэнгэрийг цэгцрүүлжээ.
- Дээр дурьдсан тэнгэрийн нэг хүн гэдгийг яаж ойлгох вэ?
- Нүүдэлчин бүр бие-сэтгэл-амьдралаараа байгаль дэлхийдээ нэвчин нийлж, гагцхүү тэнгэрийн зарлиг( их засаг) дагаж  нягтарсан үндэстэн болсон байна. Үүнийг Л. Гумилев  үндэстэн дэлбэрэн бүрэлдсэн гэж үзсэн юм.
- Монголын язгуур урлаг соёлын зарим асуудлын  учрыг  квант физик, синергетикийн цогц үзлээр тодруулахаар юу хийж байна?
-  Бид чинь манжийн дараа нь социалист засаглалын үед үндэсний уламжлалаасаа хөндийрсөн түүгээрч барахгүй  тэнгэрийн сахилгаа гээж харийнших гэм бий болжээ гэмээр.  Гээж мартсан  өв уламжлал,  ёс дэгийг физикийн охь үзлээр гийгүүлж тодруулах нь эрдэмтний хийх нэг чухал ажил  байх. Үндэсний соёл, танихуйн уламжлал өв санг   квант физик, синергетикийн цогц үзлээр гийгүүлж өчүүхэн ч болов тодруулах сан хэмээсээр… Чухам ямар барьцнаас эхлэх нь битүү явсаар ирлээ. Саяхнаас Хөх Нохой овогтынхны (Ж. Нүрзэд) өртөөлж ирсэн Тулуйн хатан Сорхагтаны хэлмэл айлдварыг  уншихад үнэхээр монголчууд тэнгэрийн засаглалтай УЛС байгуулсан бас квант физик, синергетикийн цогц үзлээр гийгүүлж тодруулж болмоор өв соёлын улбаа  нь багцаалагдаад байна.
-  Энэ чиглэлд юу хийж байна.
-  Бодож бясалгаж  бага сага санаа товлон хурааж л байна. Завгүй л явна.  ДНХ- ийг нано голчтой цацраг бөөмийн урсгалаар буудахад  физик эвдэрлээр химийн олон ионт нэгдлүүд үүсээд дараагаар нь биохимийн урвал явж, эс сэргэх бас мөхөх цогц хувирлыг судлах олон улсын програмын хүрээнд ажиллаж байна.  Залуус мань сонирхоод байхаар толгойлж зүтгэмээр бодогдоод салж чадахгүй юм.
- Энэ судалгааны чинь хэт зорилт юу вэ?
- Цацрагаар хорт хавдартай молекулыг “хулхинд” нь буудаж эрүүл эд эсэд нь хор багатай  эмчлэх, цөмийн цацрагийн аюулаас хамгаалах, удамшлын өвчинг анагаах арга боловсруулах үйлсийн физик үндсийг тодруулна. Бас байгаль, нийгмийн үзэгдлийн 3D загвар бүтээх чиглэл үр дүнтэй цэцэрч байна.
– Танд баярлалаа.
www.num.edu.mn

No comments:

Post a Comment