-Одоо нийгэмд хоёр том эмнэлгийн асуудал нэлээд маргаан дагуулж байна. Ялангуяа хүний эрх зөрчигдөж байна гэж ялтнуудын талд нэг хэсэг нь, нөгөө хэсэг нь эмчлүүлэх эрх бүхий хүмүүсийн талд орж байгаа нь эрх зүйн хувьд яг ямар байх ёстой юм бэ гэдэг талаар тодруулж өгнө үү?
-Хоёрдугаар эмнэлгийн тухай асуудал байгаа юм. Энэ эмнэлэгийн асуудал гэдэг бол ерөнхийдөө Монгол Улсын Ерөнхийлөгч төдийгүй төрийн бүх өндөрлөгт байсан хүний эрүүл мэндийн асуудалтай холбоотой. Юу вэ гэхээр яг бодит байдлаар аваад үзэх юм бол Н.Энхбаяр даргын хувьд жишээ татахад анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа өмгөөлөгчид нь ШШБЕГ-т хүсэлт тавьсан юм билээ. Хүний эрүүл мэнд үнэхээр муу байна уу, муу биш байна уу тодорхой өвчний талаар дүгнэлт гаргаж өгөөч ээ гэж. Гэтэл ШШБЕГ-ын удирдлага Дээд шүүхийн шийдвэр гартал эмнэлгийн ямар нэг дүгнэлт хийх боломжгүй байна гэсэн юм. Харамсалтай нь ШШБЕГ-ын хувьд эмнэлгийн дүгнэлт гаргахгүй хүлээж байгаад Дээд шүүхийн шийдвэр гарангуут Энхбаяр даргыг хар масктай хүмүүсээр эмчилж байсан эмчээс нь булаагаад аваад явчихсан. Өөрөөр хэлбэл, энэ хүн яг ямар өвчнөөр өвдсөн юм бэ, эмчлэх ёстой юм уу, үгүй юу гэдэг дээр нарийн дүгнэлт гаргаж амжаагүй байтал ийм явдал болсон. Тэгээд хоёрдугаар эмнэлгийн эмч нар бухимдсан. Монгол киноны “Нөгөө нэг мам нь аваад явсан” гэдэг шиг та нар наад хүнээ авч явснаараа эмчил гэжээ. Тэгэнгүүт шинэ жилийн өмнө ЭМЯ-аас таван эмчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилоод энэ хүнийг зайлшгүй нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байлгаж эмчлэх ёстой гэсэн дүгнэлтийг ШШБЕГ-т гаргаж өгчээ. Хэдийгээр хоригдож байгаа ч гэлээ Ерөнхийлөгч байсан хүн учраас хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлэх эрх нь хаагдаагүй. Манай эрүүгийн болон бусад хуульд хүн эмчлүүлэх асуудал нээлттэй байдаг шүү дээ. Хоёрдугаар эмнэлэг гэж тусдаа эмнэлэг байх ямар хэрэгтэй юм бэ гэж зарим хүмүүс ярьдаг.
Дэлхийн бусад улсад ч ийм төрлийн эмнэлэг байдаг. Наад зах нь аль нэг улсын ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн Монголд айлчилж байгаад гэнэт бие нь өвдвөл яах вэ, аль нэг эмнэлэг дээр л очиж таарна. Тэр эмнэлгийг нь урьдчилж үзэж стандартыг нь тогтоогоод энэ эмнэлэг болж байнаа гэж үзвэл очдог л байхгүй юу. Энэ хүний биеийн байдлын тал дээр нэгэнт коммисын дүгнэлт гарчихсан учраас хоёрдугаар эмнэлэгт эмчлэх ёстой гэсэн дүгнэлтийг Эрүүл мэндийн сайд Удвал шууд гаргах ёстой байсан. Түүнээс биш ердийн нэг эрүүгийн ялтан мэт хэм хэмжээнд авч үзээд, журам энэ тэр хөөцөлдөөд явж байгаа нь буруу байхгүй юу. Яагаад вэ гэхээр жирийн иргэдийн тухайд ийм онцгойлсон нөхцөл байдаггүй. Ерөнхийлөгч байсан хүн насан туршдаа хоёрдугаар эмнэлгээр үйлчлүүлнэ, тодорхой хугацаанд бие хамгаалагчтай байнаа гэж хуульчлаад заасан байна шүү дээ. Ял авчихлаа гээд бие хамгаалагчгүй болгож болохгүйтай адил хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлэх нь ч гэсэн онцгой нөхцөлөөр яригдах ч ёстой асуудал шүү дээ. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байна гэсэн үндсэн утга нь тэр хүн хэн байхаас үл хамааран, эдлэх ёстой эрхээ эдлэх л ёстой гэсэн санааг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүн бүр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болоогүй. Тийм учраас хуулиа л дагах ёстой. Хуульд Ерөнхийлөгч байсан хүнд үзүүлэх онцгой эрхийг заасан. Тэр хүн ял авсан уу, аваагүй юу гэдгээс үл хамаарах асуудал. Үүн дээр нь хүйтэн цустай хүмүүс тоглолт хийж, аль болох энэ хүнийг адгийн болгож харагдуулах гэсэн зорилго харагдаад байгаа юм.
Нөгөө төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлгийн асуудал бол шал өөр юм л даа. Нэгэнт хууль дүрмээ мэдэх ёстой хүмүүс нь санаатай мэдэхгүй царайлж байгаа тохиолдолд заавал хуучин сайд нарын гэгддэг хоёрдугаар эмнэлгийн талаар тайлбар хийх онцын хүсэл алга байна.
-Экс Ерөнхийлөгчийн өмгөөлөгч байсан хүн эрхэм гишүүн болсон учраас тэр өнцгөөс яриад байна гэж хүмүүс ойлгоод байгаа. Хоёрдугаар эмнэлгээс гадна төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг мэдээж экс Ерөнхийлөгч, эсвэл эрхэм гишүүдтэй холбоогүй асуудал хэрнээ олны анхаарлыг илүү их татаад байна л даа.
-Би экс Ерөнхийлөгчийн өмгөөлөгч байгаагүй шүү дээ. Хүмүүс юмыг их амархан мартах юм. АТГ-ын ажилтан Цоодолсэнгээ гэдэг хүн намайг өмгөөлөгч нь байж болохгүй гэсэн бичиг гаргаж өгсөн үеэс эхлээд энэ хүний төлөө өмгөөллийн ажил явуулах эрх маань хаагдсан. Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийн талаар тодоруулах юм бол намайг УИХ-ын гишүүн болохоос өмнө Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэг барьяа гээд төсвөө батлуулсан юм билээ. Төсөв батлуулна гэдэг маань хууль батлуулсан гэсэн үг. Зөвхөн энэ эмнэлгийн асуудлаар дөрвөн удаа хууль батлуулсан байдаг юм. 2009 оноос эхлээд л явсан гэж үзэж байна л даа. Төсвийн тухай хуулийн зургаа, арав, дөчиннэгдүгээр зүйлийн тодорхой заалтууд байна л даа. Тэр нь нэгэнт батлагдсан төсөв байгаа бол төсвийн ерөнхийлөн захирагч зориулалтын дагуу зарцуулах ёстой. Өөр зүйлд зарцуулах эрх байхгүй гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг нь өөрөө Хууль зүйн сайдын, эсвэл Хууль зүйн яамны өмч биш байхгүй юу. Яагаад гэвэл төсвийн гүйцэтгэлээр баригдаж байгаа барилга шүү дээ. Түүнийг төсвийн гүйцэтгэлээр баригдсаны дараа Төрийн өмчийн хороо бүртгэж аваад аль нэг яаманд харъяалуулна. Мэдээж сайдын багцаар дамжуулан хөрөнгө гаргасан гэдгээрээ Хууль зүйн яаманд хуваарилагдах байх. Одоохондоо өмч болоогүй, төсвийн гүйцэтгэлийн дундуур ороод зориулалтыг нь өөрчилж байгаа нь буруу.
Түүнээс биш тэнд ажиллаж байгаа эмч нарын тухай яриагүй л дээ. Миний хэлээд байгаа зүйл болохоор Хууль зүйн яам, Засгийн газар нэг яамаар нөгөө яамны эмнэлэгтэй нийлүүлж байгаа асуудал бол миний эрх мэдлийн асуудал биш. Тэр бол Засгийн газрын бүрэн эрхийг асуудал. Судалгаа гүйцэтгэлтэй л хийсэн байх. Миний хэлээд байгаа зүйл бол би УИХ-ын гишүүн учраас төсвийн гүйцэтгэлийг хянах эрх мэдэл бол байгаа. Тэр утгаараа хуулийг хянах эрх мэдэл бий. Тиймээс хуулийг хэрэгжүүлэхийг би шаардаад байгаа юм. Наад барилга чинь эмнэлгийн зориулалтаар баригдах учраас эмнэлгийн зориулалтаар нь ашигла гэсэн. Гэтэл үгүй ээ бид эмнэлгийн зориулалтаар ашигламааргүй байна. Яагаад гэвэл илүү зардал гарах гээд байна гээд байгаа юм. Тэгвэл наад өмчөө ЭМЯ руу шилжүүлээ, ЭМЯ илүү зардал гаргахгүйгээр ашиглаж болох байхгүй юу.
Яаж ашиглаж болох вэ гэхээр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт гэхэд өнөөдөр ямар ч хүүхдийн эмнэлэг байхгүй. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг гэж байдаг ч барилга байшин нь ашиглах бараг боломжгүй болчихсон. Тийм учраас манай бүх эмнэлэг дээр асуудал үүсчихсэн байгаа. Ачааллаа дийлэхгүй гэхчлэн. Миний танил хэлж байна шүү дээ. Гэмтлийн эмнэлэг дайны байдалтай болчихож гэж. Эмч нар нь үүдэндээ өвлийн хувцастай хүнд нөхцөлд ачааллаа дийлэхгүй хэцүүхэн байна шүү дээ. Сонголтгүй ганц эмнэлэг шүү дээ. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн байшин илүүдээгүй учраас үүнийг энэлгийн зориулалтаар нь ашигла гээд байгаа юм. Төрийн бодлого, төрийн албан хаагчдад үйлчилдэг болго гэх нь миний ярьдаг сэдэв биш л дээ. Би энэ сэдвээр ярьж болохгүй. Яагаад гэвэл би Хууль зүйн сайд биш, бодлогод нь оролцдог хүн биш. Харин тангараг өргөсөн гишүүний хувьд төсвийн гүйцэтгэлийг зориулалтын дагуу ашиглаж дуусга, дуусгасныхаа дараа ачааллаа дийлэхгүй байгаа ЭМЯ-нд нь олго гэж хэлж байгаа юм.
Би нэг юман дээр хувь хүнийхээ хувьд жаахан эмзэглэдэг л дээ. Нэг юм ярихаар л Энхбаяр даргатай холбоод байдаг. Саяхан жишээ нь Амаржаргал гишүүн хүртэл тааралдаад “Чи Энхбаяр даргатайгаа л уулзаад байгаа юм уу” гэж байна лээ. Би бол эр хүн. Эр хүн ханилж яваад нөхрөө, унаж яваад морио хаядаггүй. Дарга сайд байхад нь уулзаад явж байсангүй. Энэ хүн өнөөдөр ямархуу байдалтай байна, Энхбаяр гэдэг хүний нэрээр гараагүй хүн УИХ-д хэн байгаа юм бэ, эрх мэдэлд хүрээгүй хэн байгаа юм бэ. Тэд өдий зэрэгтэй явж байгаа нь Энхбаяр дарга ямар нэг байдлаар нөлөөлсөн л байхгүй юу. Тэр утгаараа хүний олон хүнээ барьж идэх гэж байгаа юм шиг аашилж байгаад гайхаж байна л даа. Тэгээд ч өнөөдөр би хуульч хүн учраас шударга талаас нь хараад байгаа юм л даа. Энхбаяр даргыг ялласан зүйлийг хараад үнэхээр гайхаад байгаа юм. Ц.Батбаяр, Н.Болормаа гэдэг хоёр хүн одоохондоо шүүхээс ял аваагүй байгаа биз дээ. Гэтэл Энхбаяр даргыг ялласан Дээд шүүхийн тогтоол дээр Ц.Батбаяр, Н.Болормаа нартай бүлэглэн хотын өмчийг шамшигдуулсан гэж байгаа юм. Болормаа, Батбаяр гэдэг хүмүүст эчнээ ял өгчихсөн байна. Тэгэхээр нөгөө хүн нь анхан шатны шүүх дээр цагаадна гэсэн найдвартай орох юм уу. Энхбаяр гэдэг хүний тогтоол дээр Батбаяр, Болормаа нартай бүлэглэн хотын өмчийг хууль бусаар авсан гээд ял ногдуулсан. Одоо нөгөөдүүл нь шалгуулж байгаа гэнэ л дээ. Шалгуулна гэдэг чинь тэгсэн гэсэн үг биш шүү дээ. Шүүх хуралд хоёр өнцгөөс ордгийн нэг нь надад цагаадах боломж юу байна л гэж ордог биз дээ. Өөрийгөө өмгөөлөх эрхгүй болгоод тавьчихсан ёс зүйгүй юм хийгээд байгаа юм. Жишээ нь, Энхбаяр дарга зохион байгуулагчаар яллагдсан юм байна лээ. Тийм юм бол гүйцэтгэгч нь хаана байгаа юм бэ. Би бол эрхзүйн онолын үүднээс л яриад байгаа юм. Ийм л байна даа. Яахав дээ нөгөө монголчууд доошоо орвол улам дардаг, дээшээ гарвал өмнөөс нь гүйдэг гэдэг шиг.
-Монголд янз бүрийн гэмт хэрэг гарч байна. Томоохон нь дандаа зохион байгуулалттай, нууц ноёнтон нь голдуу илэрдэггүй, ард нь үлддэг. Хэн нэг нь ял аваад тэжээлгэж байгаад гараад ирдэг тухай та хэд хоногийн өмнө хэлж байсан. Үүнийг “хэрэг угаах хэрэг” гэж Таны хэлсэн нэр томъёог үндсэндээ анх удаа сонслоо. Та юун дээр тулгуурлаж ингэж хэлсэн юм бэ?
-Эрх зүйн онолд мафи, олигархи бүлэглэл гэсэн хоёр ойлголт байдаг. Мафи гэдэг нь эрх мэдэлдээ хүрэхийн тулд хууль бус үйл ажиллагаа явуулдаг. Олигархи бүлэглэл гэдэг нь тодорхой бүлэглэлүүд өөрийнхөө эрх ашгийг хамгаалахын тулд төрийг мафижуулдаг хувилбар юм л даа. Тэгэхээр маш олон гэмт хэрэг илэрч байгаа нь сайн. Хамгийн сүүлд жишээ нь мөнгө угаах хэрэг илэрлээ гэж байна. Нийгэм байгаа юм чинь хэргүүд илрэх л байх. Хамгийн гол нь энэ хэргийг зохион байгуулалттай илрүүлээд жинхэнэ эзэд нь ард нь үлдчих вий дээ гэж бодоод байгаа юм л даа. Жишээ нь Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэг гээд аваад үзье. Ард түмэн Чимэдцэрэнгээс гадна өөр хүмүүс байгаа гэж хардаад л байсан. Тэгээд л Чимэдцэрэн ганцаараа ял аваад л явчихсан. Гаалийн Баатарын хэрэг гээд л аваад үзье. Бас л хэсэг хүмүүс байгаа байх гээд иргэд хардаж байсан. Баатар ганцаарахнаа тэр мөнгийг идчихсэн болоод л явсан. Одоо ашигт малтмалын Батхуягийн хэргийн ард нүдний шилтэй гадаад хүн ард нь байгаа л гээд байсан. Гэтэл Батхуяг ганцаараа ял аваад явж магадгүй байна. Мөнгө угаах хэрэг дээр ч үнэхээр илрээд эзэд нь олдвол сайн. Үүнийг илрүүлсэн нэрээр ард нь дахиад л хэдэн хүн үлдчих вий гэж санаа зовоод байгаа байхгүй юу. Нэг хэрэг дээр нэг хүн ял аваад явахад жинхэнэ эзэд нь сугар ч үлдээд байгаа явдлыг хэрэг угаах гэмт хэрэг гэдэг юм. Массаар нь авч үзэж байж л энэ гэмт хэрэг байсан гэдгийг тогтоож чадна. Тэгэхгүй бол өнөөдөр үүнийг тогтооход тун хэцүү шүү.
-Та мэргэжлийн хуульч. Нэлээд боловсролтой эрхэм гишүүдийн тоонд орж байгаа. ОХУ-ын Ерөнхий сайд Медведев Орост 50 мянган авлигын хэргийг мөрдөн шалгаж байна гэж зарласны дагуу Швейцарийн нэгэн сонин ярилцлага авахдаа асуусан байна л даа. Энэ бол авлигатай тэмцэж байгаа шинэ давалгаа гэсний дохио юу гэсэн чинь үнэн хэрэгтээ авлигын дуулиант хэргүүд үүнээс ч хавьгүй их гэсэн байна. Тэгэхээр хууль зүйн түвшинд манайд илрүүлж байгаа авлигын хэрэг ардчиллыг хөгжүүлж байгаа бусад орнуудтай харьцуулахад ямар байдаг юм бол. Шийдвэрлэх арга зам, ач холбогдлоороо манай улс хаахна нь явдаг юм бэ?
-Ингэж л ойлгох хэрэгтэй. Ард түмэн юмны үнэ буувал авлига багасч байна гэж бодох хэрэгтэй. Төсөвт гаргаж байгаа нийт үнийн дүнгийн 10 хувь нь авлига руу явж байна гэж ойлгогддог. Тэр чинь эргээд буухаараа жижиглэнгийн үнэд очдог. Юмны үнэ буухгүй л байвал авлига байгаад л байна гэсэн үг. Маш олон хүчин зүйл ярьж болно л доо. Барилгаар аваад үзье. Би барилгын ажлын хэсгийг судалсан. Барилгын үнэ өсөөд байгаад эдийн засгийн талаасаа олон гоё тайлбар хийж болно л доо. Өсөөд байгаа гол шалтгаан бол тэд илүү зардал гаргаад байгаа юм биш. Өөрөөр хэлбэл, шохойны үнэ, ажилчны хөлс, цашилбал тоосго, газрын үнээс шууд шалтгаалаагүй. Газар үнэгүй шүү дээ. Манай улсад дуудлага худалдаагаар авсан газар цөөхөн байгаа. Ихэвчлэн нэгнээс нөгөөд шилжүүлсэн байдаг. Хуульд бол яг газар үнэлчихсэн юм байхгүй байгаа. Тэр утгаараа газрыг үнэгүй гээд ойлгох хэрэгтэй. Газраа сая доллараар авдаг энэ тэр гэдэг чинь зохиомол юм. Жинхэнэ газрыг метр квадрат нь төд гээд хуульчилсан юм хаана ч байхгүй. Дуудлага худалдаагаар авсан цөөхөн газар байдаг. Гэхдээ шударгаар авсан бол жаахан л үнэ төлөх байхгүй юу. Өөрөөр хэлбэл, барилгын үнэ өсөөд байгаа нь газраас болоод орон сууцны үнэ өсөөд байгаагаас илүү авлига байгаатай л холбоотой юм. Нэгэнт авлигатай газарт үнэтэй байгаа юмыг авлигагүй хүн хямдхан хийхээр хүн гайхна шүү дээ. Зохиомлоор үнэ өсгөөд байгаа юм. Авлига гэдэг бол асар их хор хөнөөлтэй юм. Авлигыг устгах гол арга нь зөвхөн дээрээс нь устгах. Дээрээс нь өөрчилж чадвал доошоогоо өөрчлөгддөг. Түүнээс биш доор байгаа хүмүүсээ шалгаад л шорон гянданд хийснээр авлига буурахгүй. Харин ч нарийсдаг юм. Аливаа зүйлд шалтгаант холбоог нь л олох хэрэгтэй. Сайхан юм яриад муухайг хийгээд байвал нийгэм цэвэршихгүй. Хувь хүнийхээ хувьд үүнд л маш их санаа зовж байна даа.
-Энэ парламентад нэг үеийн боловсролтой хуульчид орж ирлээ л дээ. Жишээлбэл эрхэм гишүүн Баасанхүү, Батзандан, Тэмүүжин нар. Та нар нэгэн цаг үед мэргэжил эзэмшсэн хүмүүс учраас эрх зүйн орчинд харьцангуй шинэ уур амьсгал оруулах байх гэж сонгогчид итгэл найдвар тээн харж байгаа. Ер нь парламентын баталчихсан хуулиудын хэдэн хувь нь шаардлага хангахгүй гэж үзэж болох вэ?
-Өөрийнхөө зүгээс хэлбэл, УИХ парламент байх ёстой. Түүнээс биш хэсэг бүлэг хүний бүлэглэл байж болохгүй. 76 хүн суугаад дуртай юмаа яриад, дур зоргоороо авирлаад, өөрийнхөө чиглэлээр хэвлэлийнхний өмнө од болох гээд гүйгээд байх хэрэггүй. Яагаад гэвэл энэ парламентын үндсэн чиг үүрэг нь хууль тогтоох шүү дээ. Хууль тогтооно гэдэг нь шинжлэх ухаанжсан онолтой байх ёстой. Тэгэхийн тулд өнөөдөр УИХ-ын Тамгын газар Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнг удирдан чиглүүлж байх ёстой. Та одоо хар л даа. Эрүүгийн хуулийг өөрчлөх гээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн санал оруулсан. Тэгэхэд өө бид гоё хуультай болно оо гээд өнөөдрийг хүртэл шийдэхгүй байна. Тэр гоё хуулийг Хууль зүйн яаман дээр хэдэн залуучууд хийж байгаа байхгүй юу. Шударга хэлэхэд тэд хийж чадахгүй ш дээ. Яагаад гэвэл аливаа хууль чинь амьдралаас ургаж гараад тэр харилцааг зохицуулдаг хэм хэмжээ болохоос биш Америкаас авчраад орчуулаад тавьчихсан юмыг хэлдэггүй байхгүй юу. Тэнд зөвхөн онол нь л байна. 2002 оны хууль бол муу хууль байгаагүй. 2008 онд муу болгосон байгаа юм. 2008 онд асар олон заалтыг нэмэлт болгож оруулсан. Жишээ нь 2008 оны хоёрдугаар сард 179 гэсэн заалт оруулсан, үймээн самуун дэгдээх гэсэн. Дараа нь тэр заалтаараа 300 хүнийг шоронд хийлээ шүү дээ. Зохион байгуулалттай юм шиг сонин заалтуудын нэмэлт орсон байгаа юм. Тэр долдугаар сарын нэгнээс хамаагүй өмнө гарсан өөрчлөлт. Тэр өөрчлөлт чинь энэ хуулийг жинхэнэ шоронжсон болгосон байхгүй юу.
Хууль төгс байгаагүй. Тодорхой хэмжээний дээрмийн хэрэг дээр ч гэдэг юм уу, шинэчлээд явсан бол болох байсан. Яагаад гэвэл эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр гээд 20 жилийн өмнөөс өнөөдрийг хүртэл олон улсын санхүүжилт, томоохон төслөөр хуулийн онолыг нэлээд гайгүй болгосон. Орондоо л жаахан засагдсан байж магадгүй юм. Иймэрхүү хуулиудаа бид шинэчлээд явах ёстой. Цоо шинэ хууль гаргах гэж байгаа бол цоо шинэ хууль гаргах нийгмийн харилцаа юу байгааг нь нийгмээрээ ярьж баталгаажуулах ёстой.
-Тэгвэл Эрүүгийн хуулийг яагаад шинэчлэхгүй удаад байгаа юм бэ?
-Шинэчлэх гэж байгаа гээд Хууль зүйн яаман дээр л байгаад байгаа ш дээ. Манай хууль зүйн шинжлэх ухааны докторууд түүн дээр ажиллаж байгааг нь би бол мэдэхгүй байна. Тэр утгаараа өнөөдөр Монгол Улс 1924 оноос хойш эрх зүйн шинжлэх ухааны суурьтай болсон. Энэ суурин дээр үндсэлж л шүүх, цагдаа, прокуророо өөрчлөх ёстой. Уламжлалаа сайжруулах гэсэн үг. 1924 онд юун дээр алдсан юм бэ, 1940 онд, 1960, 1992 онд юун дээр алдаж вэ гэсэн байдлаар уламжлал дээрээ тулгуурлаж, цаашаа явах ёстой. Түүнээс биш, өө энэ болохгүй гээд үндсээр нь солиод байж болохгүй. Жишээ нь 1992 онд манайд англи хэл зааж байснаа дараа нь герман, дараа нь япон хэл гэхчлэн жил жил өөр хэл зааж байсан. Ингэж туршилтын туулай болгодог юмнаасаа салмаар байгаа юм.
-Таны бодлоор Монгол Улсын эрх зүйн орчинд яг одоо болохгүй байгаа ямар хууль байна вэ?
-Хамгийн гол нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулиуд албан ёсоор Үндсэн хуульд суурилж явах ёстой байтал манайх журманд суурилж яваад байгаа юм. Дүрэм журманд суурилж явснаас болоод өнөөдөр нийгэм гажуудалд ороод байна. Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулиар жишээ авахад, саяхан би эмэгтэйчүүдийн хорих ангид очсон чинь 10 ээж байж байна. Тэндэхийн хорихын дарга нар бүгд санаа зовчихсон. “хөөрхий энэ ээжүүдийг яая даа” гээд л. Наад хуулийн чинь 128,4 гэсэн заалт дээр маш тодорхой заалт байна шүү дээ. Дөнгөж жирэмсэн боллоо гэхэд гурван эмчтэй ч юм уу комисс томилох ёстой. Комисс нь очиж үзээд жирэмсэн гэдгийг нь тогтоогоод хоёр төрлийн дүгнэлт гаргах ёстой. Нэгт байрлах байр, хоёрт идэх хоолных нь дүгнэлтийг. Мэдээж гуравт нь эрүүл мэндийн дүгнэлт гаргаад явж байх ёстой. Намайг ингэж хэлэхээр юун дүгнэлт, юун комисс яриад байгаа юм бэ гээд гайхаж байна лээ. Тэнд нь дотрын нэг л эмч байдаг юм билээ. Тэр бүү хэл тэр хуулийг хэрэгжүүлэх юм бол тэр ээжүүдийг тусад нь өөр байранд байлгаж болно. Манайд өнөөдөр хөл нь хөл, гар нь гарныхаа үүргийг гүйцэтгэхээ больчихоод байгаа нь л эрх зүйн хямрал үүсгэчихээд байна. Жишээ нь эмнэлэгт хэвтэх эсэхийг прокурор, шүүх, хууль, УИХ ч шийдэхгүй, зөвхөн эмч л шийднэ. Эрүүл байна уу, үгүй юу гэдгийг бас л эмч шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл, тэр ээж нарын асуудалд мөн л эмч нар л оролцох ёстой байсан байхгүй юу. Гэтэл шүүхийн шийдвэр биелүүлэх газрын дарга оролцоно гэсэн журам байгаа учраас хорихын дарга нь санаа зовохоос өөрийг хийж чадахгүй сууж байна. Хүн ёсны хувьд авч үзвэл даргын санаа зовох нь буруу биш. Монголд өлсч байгаа хүний нүдэн дээр амттай хоол хийгээд үнэрлүүл гэсэн хууль байхгүй шүү дээ.
Тэгэхээр Монгол Улс Үндсэн хуулийнхаа гурван утгатай тунхгийн нэгийг нь л 20 жил ярьсан байна. Уг нь бол хүмүүнлэг, иргэний, ардчилсан байх ёстой. Гэтэл ардчилсан гэдэг үгэн дээрээ суурилаад л 20 гаруй жил явчихсан. Чи ардчилсан, энэ ардчилсан биш, МАН нам болон МАХН-ыг ардчилсан биш, АН бол ардчилсан гэхчлэн сүүлдээ механикаар ойлголтууд бий болгочихсон, үгүй шүү дээ. МАН болон МАХН ч ардчилсан л байхгүй юу. Яагаад гэвэл 1992 онд ардчилсан хувьсгалыг ард түмнээрээ хийсэн. Тэр дотор одоогийн МАХНын гишүүд ч байсан. Одоогийн АН дотор МАХН-ын гишүүн ч байгаа. Ардчилсан гэдэг үгийг 20 жил ярьсны хүчинд сайн ч бай, муу ч бай сууриа тавьчихсан. Тиймээс одоо хүмүүнлэг, иргэний гэдэг зүйлийг хэвшүүлэх шаардлагатай байна. Хүмүүнлэг гэж юу байх вэ, иргэний оролцоо ямар байх ёстой юм бэ. Энгийн жишээ хэлэхэд, орон нутгийн сонгууль дээр Ардчилсан нам 13, Ардын нам 15 гээд юу яриад байгаа юм бэ. Үндсэн хуульд иргэний тухай заасан байгаа шүү дээ. Баянгол дүүргээс АН-ын гишүүнчлэлтэй төдөн иргэн гэж ярих ёстой байхгүй юу. Иргэд яллаа гэж сурталчилж байх ёстой атал тэр нам ялчихлаа, энэ нь ялагдчихлаа гээд байгаа юм. Намчирхсан, туйлширсан байдлаа болих хэрэгтэй.
-Намчирхсан асуудал юм болгон дээр мэдрэгдэж байна. УИХ-д ороод ирэхээр оны ялгаа ч юм уу, аль эсвэл би тойргоос сонгогдож, чи намын жагсаалтаар орж ирсэн гэх хандлага ажиглагддаг уу?
-Туйлын мэдрэгдэхүйц гэж хэлж чадахгүй. Гэхдээ туйлширсан бодолтой хуучнаа санагалзсан байдал мэдээж зөндөө л байгаа. Би бол өнөөдөр зөв зүйл хийж байгаа бол аль ч тал нь байсан хамаагүй дэмжээд явна. Буруу зүйл бол манай нам ч бай, бусад нам ч бай эсрэг л байна. Монгол Улсад хүмүүнлэг энэрэнгүй ёсонд суурилсан шударга ёсыг би хүсээд байгаа юм. Чадах эсэхээ мэдэхгүй байна. Сая Газрын тухай хуулийн төсөл оруулжж ирээд газар чөлөөлөх тухай асуудал ярилаа. Шударга ёсоо яривал наана чинь байшин барих гээд байхад газраа чөлөөлөхгүй яадаг юм бэ гэж болох ч энэрэнгүй ёсоор бодох юм бол хүний өмчийг чөлөөлнө гэж ярьж болохгүй. Нэгэнт газрыг нь өмчлүүлчихсэн шүү дээ. Таны өмчийг албадан чөлөөлүүлэх хэн бэ, худалдаж л авахаас өөр арга байхгүй. Худалдааг харин нэг талын шийдвэрээр хийх үү, хоёр талын шийдвэрээр хийх үү гэдэг л яриа байх ёстой. Тэгэхээр газар чөлөөлөх тухай биш, өмчлөлийн газрыг худалдаж авах тухай хууль гэсэн нэр томъёо хэрэглэмээр байгаа юм. Гэх мэтчлэн нэрнээсээ авахуулаад энэрэнгүй ёсонд суурилсан шударга ёсыг л бүх газарт хэвшүүлэх юмсан гэж л бодож байна.
-Английн философич Бэкон нийгэмд ашиг сонирхлуудын зөрчил ихэссэн үед л шударга ёсны шаардлага бий болдог гэсэн. Монголд өнөөдөр шударга ёсны тухай асар их ярьж байна. Энэ талаар амсгалах аргагүй болчихоод байна уу?
-Шударга ёс ус, агаар мэт хэрэгтэй байгаа нь үнэн. Гэхдээ энэрэнгүй ёс бол бүр орхигдож дуусч байна. Тийм учраас ёс суртахуунлаг, энэрэнгүй байдлыг өнөөдөр төлөвшүүлэх хэрэгтэй. Ёс суртахуунлаг хүн л шударга байдаг. Үүнийг төлөвшүүлэхийн тулд цагдаагийн тоогоо нэмээд хэрэггүй л дээ. Эсвэл шударга ёсыг нэмэгдүүлэхийн тулд хүчний байгууллагыг зузаатгаж, томруулаад байх шаардлагагүй. Хууль зүйн сайдын дор гүйцэтгэх ажиллагаа явуулдаг хуулиар баталгаажуулсан байгууллага байх хэрэггүй. Зүгээр л одоо бид энэрэнгүй хэм хэмжээг яаж бүрдүүлэх вэ гэж л ярих ёстой юм. Бодоод үз дээ. Өчигдөр би Ерөнхий сайдад асуулга тавьсан юм. Монгол Улсад ажилгүй, малчин, хувийн сектор, албан бус орлоготой иргэдийг яаж тэтгэврийн настай болгох вэ гэж. Түүнийг 76 гишүүний 10 нь л сууж сонсч байсан. Гэтэл түүний өмнө төрийн албан хаагчийг халах тухай асуудал ярихад МАН-ынхан бөөнөөрөө, АН-ын олонхи нь сууж байсан. Сонин байгаа биз. Албан тушаалын асуудал сонирхолтой байна л даа. Бид чинь хүн л юм чинь дал хүрэхээрээ 100 мянган төгрөгийн ч гэсэн тэтгэвэр авчих юмсан гэтлээ ядарна шүү дээ. Өнөөдөр нийгмийн бодлого тогтолцоог яаж ийш нь чиглүүлэх вэ. Мэдээж аль болох зүгээр тэжээгддэг хүмүүс байлгамааргүй байна. Гэхдээ өнөөдөр Монгол Улсад энэрэнгүй байдлаар хэн нэгнийг хохироохгүйгээр яаж амьдрах вэ. Сүүлийн үед шударга ёс гэдэг давалгаа чинь энэрэнгүй ёсоо орхиод энэрэнгүй бус шударга ёс гэж хэлэх юм уу, хаашаа юм бэ. Ийм л болчихсон. Хохь чинь гэдэг байдлаар хандсанаас болоод нийгэмд айдас бий болчихсон. Зүгээр нэг бизнесмэн хүн хэлж байна, би уг нь татвараа л төлдөг, айгаад байх юм, санаа зовоод байх юм гэж. Ингэж нийгмийг айдаст автуулах хэнд хэрэгтэй юм бэ. Миний хувийн бодол товчхондоо бол ийм л байдаг юм.
-Асуугаагүй ч ам нээвэл уушиг нээ гэсэн үг байдаг.
-Ний нуугүй хэлэхэд дор нь баахан коммент бичээд байдгийг ойлгохгүй байдаг юм. Би буруу ойлгуулаад байгаа юм уу, эсвэл үнэхээр нийгэм болохгүй байгаа юм уу. Яагаад ийм байгааг нь үнэхээр хэлж чадахгүй юм. Би олон орноор явж байсан. Гадаадад очих бүртээ аль болох тэнд амьдарч байгаа монгол иргэдтэй уулзахыг эрмэлздэг байсан. Тэгээд харж байхад энэ Монгол Улсаа сайхан байлгах хүсэл бол бараг хүн бүрийн сэтгэл зүрхэнд байдаг юм билээ. Гэхдээ хүрд эргүүлэх боломж нь хүн бүрт тэгш ногдож өгөхгүй байна л даа. Түүнд л би их санаа зовоод байгаа юм. Уг нь бид иргэний оролцоо, нийгмийн тэгш байдлыг бий болгож чадвал бүх хүний оролцоогоор Монгол Улс сайхан болж чадна гэж боддог. Өнөөдөр нийгэмд зориуд нэгийг нь зориуд ганцаардуулах, нэгийг нь булан руу шахах, нэгийг нь гутаан доромжлох байдлаар зүрхийг нь үхүүлэх замаар хандах чинь одоо бол их утгагүй. Сая УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярыг ялласныг хараад Монгол Улсад хууль зүйн тогтолцоо, шүүхийн тогтолцоо ялзарч дээ гэж харсан. Яагаад гэвэл өнөөдөр бүх юм онол дээр суурилах ёстой. Муу гээд байдаг Орос гэхэд шинжлэх ухааны асар том суурь шүү. Гадаад харилцаа ч гэсэн зөв явах ёстой. Баасанхүү чи дэндүү олон салбар руу ороод яваад байна гэж зарим хүн хэлдэг. Болохгүй байна шүү дээ. Болохгүй байгаа юмыг чинь би хэлье, огт хэлэхгүй эсвэл үүнээс хойш огт хэлэхгүй дуугүй явъя гэвэл хэзээ нэг цагт хэлсэн үг маань үнэн болох нь харагдана. Нийгмийн харилцаанаас эхлээд болохгүй байгаа бүх зүйл өөрчлөгдөх болов уу л гэж найдаж байна. 22 жил болчихоод өнөөдөр гэнэт нойрноосоо сэрсэн юм шиг эргээд хар даа. 22 жилийн 10 жил нь Ардын нам, Ардчилсан нам хамтарч, үлдсэн жилүүдэд нь өөр хоорондоо ээлжилж л засаг төрийг барьж ирсэн. Гурав дахь хүчний төлөөлөл би орж ирээд л бүх зүйлийг харж байна. Үнэхээр нөхцөл байдал болохоо байчихсан байна. Нарийн төмөр зам, өргөн төмөр зам гээд л яриад байдаг. Өргөн замаа тавь гэхээр нөгөөдүүл нь нарийн төмөр зам тавих ёстой, нүүрсээ аваад л Хятад руу гаргах гэхээр дугуйг нь сольж чадахгүй гэх юм. Тэгвэл дугуйг нь Монголдоо соль л доо гэхээр бас нэг нөхөр нь өө би тонн тутмаас нь гуравхан долларыг нь л авъя гэж байх жишээтэй. Хэдэн сая тонноос авна шүү дээ. Түүнийгээ бас Монголдоо үлдээх хөрөнгө гээд нэрлээд байгаа байхгүй юу. Мэдэх тусам мэддэггүй хүмүүсийн хажууд тэнэг харагддаг гэж. Эсвэл мэдэх тусам мэдэхгүй хүмүүсийн боол болдог гэж үг байдаг даа. Өнөөдөр нийгэмд асар том бухимдал байна. Ядаж л энэ эмнэлгийг эмнэлэг чигээр нь байлгамаар байна. Яагаад гэвэл манайд эмнэлэг илүүдээгүй.
-Илэн далангүй ярилцсан Танд баярлалаа.
Г.Болор
No comments:
Post a Comment