Монголын рок, попын урлагт 18 жил уран бүтээлээ сонсогч, фенүүддээ хүргэсэн "Камертон" хамтлагийн дууг олон түмэн сонсох дуртай. Тэд залгамж халаа болсон шинэ "Камертон"-ыг "төрүүлээд" байгаа. Энэ хамтлагийн продюссер, Төрийн соёрхолт, дуучин Д.Болдтой ярилцлаа.
- Танд энэ өдрийн мэнд хүргэе. "Камертон 2" төслийн үр дүнгээс ярилцлагаа эхэлье?
- Танай сайтыг уншиж байгаа хүмүүст энэ өдрийн мэнд хүргэе. Нэг жилийн хугацаанд үргэлжилсэн “Камертон 2” шоуны гол зорилго нь залуучуудыг дэмжих, монголын рок, попод шинэ дуу хоолойтой хамтлагийг байгуулах. Шинэ хамтлагийн дөрвөн гишүүд маань тодорлоо. Цаашлаад олон зүйл хийхээр төлөвлөж, түүнийгээ ч амжуулахын төлөө ажиллана даа. Ер нь шилдэг 16-д шалгарсан залуучууд бүгд л авьяаслаг.
- Шинэ хамтлаг, дуучдыг бэлтгэх телевизийн нэвтрүүлэг олон болсон. Шинэ "Камертон" тэднээс юугаараа илүү давуу талтай вэ?
- Нэгдүгээрт, мэргэжлийн түвшиний хамтлаг байгуулах зорилготой. Шинэ уран бүтээлийн ажилдаа орсон байгаа.
Дөрвөн хоолой салгаж дуулдаг, амьдаар дуулж чаддаг, мэргэжлийн байх ёстой гэсэн шалгуур тавьж байна. Бусад телевизийн нэвтрүүлгийг харахад бүх хүмүүс оролцох боломжтой эсвэл телевизийн гоё шоу нэвтрүүлэг хийх зорилготой юм шиг санагддаг. Мөн сонирхогчийн түвшний хамтлагууд гарч ирж байгаа.
- "B продакшны" дэргэдэх олон уран бүтээлчид байдаг. Продакшн одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
- Өнгөрсөн жил монгол поп урсгалыг дэлгэрүүлэх, хөгжүүлэхээр ажилласан. Одоогоор "Гурван охин" хамтлагийн шинэ цомог, шинэ "Камертон" хамтлагийн цомог гээд ачаалал ерөнхийдөө нэмэгдэж байна. Мөн өөрийнхөө бие даасан “Монгол поп 2” цомог болон хуанли худалдаанд гаргасан. Удахгүй R&B поп цомгоо гаргана.
- 18 насны төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэх вэ?
- Хамтлагийнхаа 11 дэхь бие даасан цомог болон хуучин цомгоо дахин хэвлэж, худалдаална. Энэ жил "Камертон" хамтлагт зориулсан олон ажил зохион байгуулахаар ярьж байна.
- Та нэлээн олон дууны ая зохиосон. Шинэ хамтлагийнханд дуу зохиож өгөх үү ?
- Шинэ хамтлагийнхаа уран бүтээлийн ажлыг эхэлчихсэн явж байна. Хамтлагийн гишүүдийг ирэх зургадугаар сард Сингапурт хэлний сургуульд суралцуулаад дараагаар нь шинэ цомгоо гаргана.
-Хамтлагийн нэр нь ямар байх бол оо. Та нар хамтлагийнхаа нэрийг өвлүүлэх юм уу?
-Хамтлагийн нэр өөрчлөгдөх байх. Нэрээ хоорондоо ярилцаж байгаад сонгоно.
Би дууны аяыг нь ихэвчлэн зохиодог. Харин яруу найрагчдаа дууныхаа хэмнэлийг ойлгуулж, өөрийн санаагаа хэлж үгийг нь бичүүлдэг юм . Харин "Монгол поп 2" цомогтоо өөрийнхөө зохиосон шүлгэнд ая хийж дуулсан байгаа . Бас нэрт яруу найрагчдын шүлгийг дуу болгосон.
- Эдгээр шүлгүүдийг албан ёсны зөвшөөрлөөр авсан уу?
- Р.Чойном, Б.Лхагвасүрэн, Ш.Гүрбазар зэрэг нэрт яруу найрагчдын шүлгийг албан ёсны зөвшөөрлийг нь авч дуулсан . Миний хувьд “Хайрын хүч” цомгоос хойш зоохиогчийн эрхийн зөвшөөрлийг авч, албан ёсоор гэрээ байгуулж ажиллаж байгаа.
Манай урлагийнхан хүний бүтээлийг ашиглахдаа гэрээ байгуулж, худалдаж авч албан ёсоор ашиглах эрхээ авдаг болох хэрэгтэй.
- Ам барьж дуулдаг дуучдыг их шүүмжилдэг боллоо. Камертон хамтлаг ер нь хичнээн удаа ам барьж дуулж байв?
- Бид 1995 оноос хойш ер нь амьдаар дуулсаар ирсэн. Тэр үед өнөөдрийх шиг олон шоу нэвтрүүлэг, бичлэгийн студи байгаагүй. Бид дөрөв байнгын бэлтгэлтэй, амьдаар дуулдаг байсан. Бие даасан тоглолтод амьдаар дуулах хэрэгтэй гэж боддог.
Уран бүтээлчид амьдаар дуулж байж дуу нь олон түмэнд хүрч, тоглолтын танхимын уур амьсгал ч доргио болно шүү дээ. Заримдаа техникийн шаардлагаас болж шоун дээр бичлэг тавьж дуулах үе байсныг нуухгүй.
Монголд мэргэжлийн түвшний тоглолтын танхим байдаггүй. Үзэгчид тухтай суугаад тоглолт үзэх боломжгүй, дуучид хувцсаа солих тухтай өрөө ч байдаггүй нь хамгийн том дутагдал. Мөн тоног төхөөрөмж мэргэжлийн түвшинд байх хэрэгтэй л дээ. Зарим жижиг шоунд зайгүй микрофон авчирсан байх жишээтэй.
- Та Төрийн соёрхолт шагналыг "Монгол поп" бүтээлээрээ хүртсэн. Та энэ бүтээлээ тодорхойлвол?
- Манай эртний уламжлал, монгол гэсэн тодотголыг шингээсэн орчин цагийн хөгжмийн урсгал юм. Морин хуур, уртын дуу, хөөмийг орчин цагийн биет бөмбөр, хөгжимтэй хослуулна гэсэн үг. Мөн үндэсний дээл, хувсаа орчин цагтай хослуулсан, хөгжим, загвар зэргийг багтаасан цогц бүтээл. Түүнчлэн үндэсний урлаг, хувцас эд хэрэглэл зэргийг сурталчилж байгаа юм.
- Энэ шагналыг хүртэхэд хүмүүс янз бүрээр ярьж байсан. Та энэ цолыг хэр дааж явж байна гэж боддог вэ?
- Би ер нь цолны сүрэнд дарагдах дургүй, харин ч шинэ бүтээл туурвиж илүү ихийг хийх хүслээр жигүүрлэсэн гэхүү дээ. Тиймээс энэ шагнал надад урам, зориг өгч байгаа маш том дэмжлэг гэж ойлгож байна. Илүүг хийх, бүтээх, чадал, сэтгэлийн тэнхээ надад бий. Хүмүүс "Цол нь хүндэдсэн байна, Д.Болд авлаа" гэж ярьж байсан. Энэ нь монгол залуу хүнийг хэтэрхий басамжилсан хэрэг гэж бодож байна. Яагаад гэвэл Монголын залуучууд хүчирхэг, хийморьтой, аливаад тэмүүлэх сэтгэл зүрхтэй гэж боддог. Тиймээс том зүйлийн төлөө зорилго тавьж ажиллаж яваа. Гэхдээ миний хийсэн "Монгол поп" бүтээл бол Монгол Улсынх, үүнийгээ өөр хамтлаг дуучидтай хамтран үргэжлүүлж, хөгжүүлнэ.
- "Би чамд хайртай 2" кинонд тоглосноос хойш кинонд тоглох санал их ирэв үү?
- Саналууд ирсэн. Гэхдээ надад кинонд тоглох сонирхол байдаггүй. Харин хааяа компаний нүүр царай болж реклам, сурталчилгаанд тоглодог.
- Таны машины дугаар, утасны дугаар 4-ийн тоотой холбоотой байдаг. Ямар бэлэгдэл агуулдаг юм бэ?
- Би 4-ийн тоог их хүндэлдэг. Миний дуртай тоо. Ер нь миний амьдрал дөрвийн тооноос эхэлсэн. Миний төрж өссөн гэр дөрвөн давхарт байсан, анх тоглож сурсан хөгжим маань дөрвөн утастай, хамтлаг дөрвөн гишүүнтэй, дөрвөн хоолойгоор дуулдаг гээд анхны юм бүхэн маань 4-ийн тооноос эхэлсэн болохоор их билэгшээдэг юм.
- Та мөрөөдөлдөө хүрсэн үү? Сэтгэл тайван, сайхан амьдралдаа хүрсэн гэж боддог уу?
- Сайхан амьдрахын төлөө л явж байна. Хүний хүсэл мөрөөдөл гэдэг хязгааргүй . Би үргэлж мөрөөдөж, түүнийгээ зорилго болгон, тэрэндээ хүрэхийн төлөө ажиллаж, амьдрах дуртай. Бид социализмаас ардчилсан нийгэм рүү шилжих үед бүгдийг давж хамтлагаа байгуулсан нь мөрөөдлийн минь эхлэл байсан.
- Таныг хошин урлагийнхан нөхөрсөгөөр шоглож, пароди хийдэг. Энэ талаар?
- Энэ талаар нэг их юм боддоггүй. Пароди урлаг өөрөө дэлхий нийтэд хөгжчихсөн урлагийн нэг төрөл болохоор байх ёстой зүйл гэж боддог.
- Таны гаднах дүр төрх, үсний засалтыг залуучууд их дуурайдаг шүү?
- Би өөрөө их уйдамтгай зантай. Үргэлж аливаа зүйлийг шинэлэг байлгахыг хүсдэг. Ер нь урлагийн хүн уран бүтээл, стиль, имидж, гадаад дүр төрхөөрөө ч гэсэн дандаа шинэ зүйлийг сэтгэж, шинэлэг байхыг шаарддаг.Өөрийнхөө имижийг өөрөө л бүрдүүлчихдэг дээ.
- Таны бас нэг гоёл шивээс байдаг. Хэдэн шивээстэй вэ?
- Хоёр шивээстэй. Одоо харин арилгая гэж бодоод байгаа. Шивээс бараг сонирхохоо болиод байгаа.
Г.Батцэцэг
www.times.mn
No comments:
Post a Comment