Sunday, 27 January 2013

Ц.Хонгорзул: Уртын дуунаасаа урвахгүй ээ, итгэж болно гэж багшдаа амласан

Монгол Улсын гавьяат жүжигчин, “Улаанбаатар чуулга”-ын уртын дуучин Ц.Хонгорзултай ярилцлаа.
-"Улаанбаатар чуулга"-даа ажиллаад хэр удаж байна?
hongorzul-Чуулга маань бай­гуулагдаад зургаа дахь жилдээ үйл ажиллагаа­гаа явуулж байна. Анхны дуучнаар нь орж бай­лаа. Олон сайхан уран бү­тээлчид­тэй, өгөөжтэй сайхан чуулга гэж ба­хархаж явдаг. Шинэ залуу чуулга ч өнгөрсөн хуга­цаанд чамгүй олон бүтээл хийсэн. Манай­хаас дөр­вөн гавьяат төрсөн. Чуул­гадаа ороод удаагүй байхдаа анх­лан гавьяат гэх эрхэм цолыг хүртэж байлаа. Дараа нь С.Ган­зориг, Д.Ширмэнтуяа, Т.Баяраа эгч нар маань энэ цолоор шаг­нуулсан юм. Чуулга бүрт хүссэн зоргоороо ороод ирдэг гавьяа шагнал биш байх. Уран бүтээлч­дийн хичээл зүтгэл, удирдлагын чиг хандлага нөлөөлсөн гэж боддог. Чуулга маань миний хоёр дахь гэр юм. 
-Монгол Улсын гавьяат жүжигчин гэх эрхэм хүндтэй цолны эзэн болох үед танд юу бодогдож байв?
-Би 2008 онд гавьяа­таа аваад Төрийн ордны урт шатаар Ц.Түв­шин­төгс даргыгаа сугадаад бууж байлаа. Үгээр илэр­хийлэхийн ар­га­­гүй мэд­рэмж төрдөг юм билээ. "Хүнийг бурмаар тэт­гэхээр урмаар тэтгэ" гэдэг үгийн утга учир энд л байдаг байх. Хүнийг хийж бүтээх идэр насанд нь урам зориг хайр­лана гэдэг ухаалаг, нүдээ олсон шагнал юмаа гэж бодсон. Манай чуулгын хамт олон, иргэд ч хадаг барьчихсан уухайлж, хурайлаад л. Уртын дуундаа эзэн байж, үр шимийг нь хүртэнэ гэдэг яасан сайхан юм бэ гэж бодогдож бай­лаа. Түм­нийхээ энэ их гавьяа шагнал, итгэл сэтгэлийг нь хөсөр­дүүлчихгүй юм­сан гэж хичээж явна даа. Гараад ирэхэд хамт олон, олон түмэн минь угтана гэдэг аав, ээжгүй өнчин надад элэг бүтэн юм шиг л санагдаж байсан. 
-Гавьяатаа авс­ны­хаа дараа тог­лолтоо хийсэн дээ?
-Гавьяа цолыг ард түм­ний­хээ хайр хүн­дэтгэл, итгэл найд­варын дор л авч байгаа ш дээ. Ард түмэн, авсан гавьяа цолондоо хүндэтгэл илэрхийлж, сайхан тог­лолт хийсэн. Өмнө хийж байсан шигээ үндэс­ний­хээ их найрал хөгжим, оркестр­той. Уртын дууг чинь фонаграмм тавьж  дуулах боломжгүй. Хөг­жим­тэй, өөрийнхөө хоолойгоор дуул­даг­­ даа. Тэгээд ч сайхан уртын дуу, ардын дуугаа сонсох гэж ирсэн хүмүүст өөрийн бодит сэтгэлгээгээр дуу хуураа хүргэснээр зөв энерги солилцдог гэж ойлгодог. 
-Дүрсжүүлсэн уртын дуу их байдаггүй. Дүрсжүүлнэ гэдэг тийм амар биш байх?
-Дүрсжүүлсэн дуунууд байдаг. Гэхдээ уртын дууг зохиолын, боги­но дуу шиг амархан дүрс­жүүлээд байх боломжгүй, амаргүй л дээ. Түүх, хүн судлал талаас нь ухаа­лаг, гүн сэдэвтэй хийхгүй бол ойр зуурын гарын дор юмаар эвлүү­лэхэд хэцүү. Бусдын хийснийг үгүйсгэж байгаа юм биш. Хамгийн гол нь уртын дуу гэдэг маань олон жилийн түүхтэй. Хүний амьд­ралын баяр жаргал, гуниг зовлон, амьд­ралд юу тохиолддог уу тэр бүхэн уртын дууны яруу найраг, ая аял­гуу, бүтцэд шин­гээстэй байдаг болохоор их гүн сэтгэлгээгээр хийхгүй бол болохгүй эд. Тиймдээ ч ойр ойрхон уртын дуу дүрсжээд байдаггүй байх. Амьд­рал­даа би хоёр клиптэй хүн гэж найзууддаа хо­шигнодог юм. Дуучин болсон цагаас хойш нэг нь ээжийн тухай дуу, нөгөө нь "Урьхан хонгор салхи" гэсэн дуунуудаа дүрсжүүлсэн. 

-Монгол уртын дууг нарийн тоолсон тоо байдаг юм болов уу?
-Уртын дуу яндашгүй баялаг өв сан­тай. Гурван мянга түүнээс дээ­шээ л гэж ярина. Монголд олон үндэстэн ястан байгаа шүү дээ. Тэд бүгд өөр өөрийн уламжилж ирсэн уртын дуутай. Бидний дуулж бай­гаа дуунууд хэдхэн тоонд эргэл­дэж байгаа. Сонсож үзээгүй, мэдэх­гүй өчнөөн дуу бий. Уртын дууг түгэн дэл­гэрүүлэхэд их хувь нэмэр оруу­лах соёлын өв, хоёр дэвтэр том бүтээл гар бичмэлээрээ олдоод бай­гаа гэсэн.  

-Таны хувьд энэ их яндашгүй баялгаас хичнээнийг нь дуулаад байна вэ?
-Миний хувьд дуулаад бичүүл­сэн гэвэл 30 дотор л эргэлдэнэ. Зах зухаас нь аялдаг 50 орчим л дуу бий. 
-Уртын дуучин болох хүсэл­тэй хүмүүс их болсон юм шиг са­нагддаг?
-Намайг СУИС-д орж байхад одоогийнх шиг уртын дууны бие даасан тэнхим гэж байсангүй. Нэг ангид нэг, хоёр хүүхэд л элсдэг, уртын дуу, сон­годог гээд хамт элссэн хүүхдүүд нэг бүлэг бо­лоод л явдаг байлаа. Одоо уртын дууны ангид жилдээ 20-иод хүүхэд су­ралц­даг болж. Залуусын сонирхох хүрээ ч тэлэг­дэж байна гэж би ойлгож байгаа. Энэ нь нэг бодлын сайхан хэрэг. Уламжлалт язгуур өв соёлууд нэгэн үеэ бодвол сэргэх тал руугаа орж байна. Нөгөө талаа­раа сөрөг үр дагаврыг да­гуулж байгаа юм шиг санагддаг. Нэг хүүхэд над дээр ирээд "та надад хурдан уртын дуу яаж дуулахыг заагаад өгчих" гэлээ. Чи уртын дуу үнэхээр сурах сонир­холтой байна уу гэхэд "би богино хугацаанд хоёр, гурван дуу сураад л гадагшаа явж тоглолт хийж, мөнгө олмоор байна" гэж байгаа юм. Энэ нь тийм арил­жааны хэлбэртэй зүйл биш. Залуу­чууд амархан од болж, олны танил бо­лохыг хүсэх болж. Нөгөө талдаа энэ маань хүний хувь заяатай холбоотой асуудал бо­лохоор их хор хө­нөөлтэй. Бүх биеэрээ уртын дууг мэдэрч, ойлгож байгаа хүн л дуулж байгаа юм шүү дээ. Энэ нь гарт баригдахгүй, тархийг маань ухаад арилжиж болохгүй, үнэ­тэй алт юм. Хүнийг ховс­дох хүч чадал­тай. 
-Танд байгалиас сайхан хоолой заяажээ. Хүн бүхэн ийм сайхан хоолойтой төрдөггүй байх?
-Хүссэн хүн бүр уртын дуу дуул­даггүй. Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад, ардын жүжигчин Ч.Шархүүхэн багш нар маань ч хэлж байсан. Тэнгэрийн тамга­тай хүн л уртын дууг дуулдаг юм шүү. Уртын дуучин хүн түмэн олон дотроос төрдөг. Харин төрсөн юмыг өөрөө ар­чилж, хөдөлмөрлөж байж дуучин болдог гэж. Хүмүүс намайг чи их аз­тай хүн юм аа гэдэг. Гэхдээ би дотроо их хувь тавилан­тай хүн дээ гэж боддог. Энэ мэргэж­лийг эзэмшсэндээ баярладаг. На­майг төрүүлж өсгөсөн аав ээж, энэ авьяасыг минь нээсэн нутгийн түмэн олон, миний авьяа­сыг хөг­жүүлж өгсөн багш нартаа талар­хаж явдаг. Надад сэтгэлийн дэм, амьдралын баяр баясал хайр­ладаг ард түмэн­гүйгээр өөрийгөө тө­сөөлшгүй. 
-Ардын дууг орчин үеийн хэлбэрт оруулж дуулах болсон. Уртын дуунд ийм боломж хэр байдаг юм бол?
-Этник хэлбэрт оруу­лаад дуулж байгаа хүмүүс байна. "Шуранхай"-гийн гурван охиноос эхлээд. Уртын дууг ямар ч хөгжимтэй дуулж болно. Нүсэр олон хөгжимтэй дууллаа гээд хэзээ ч нүсэрдэж, ганцаараа огт хөгжимгүй дууллаа ч ганцаардаж сонсогд­доггүй. Өөрөө юунд ч автан уусахааргүй том ай. Хөгжим нь л өөрчлөгдөнө үү гэхээс уртын дуу хуви­рахгүй. Ямар хэлбэрээр, яаж дуулах уу гэдэг тухайн хүний авьяа­саас шалтгаална. Хэт ном­чирхоод байж болохгүй. Гэрийн сургалт, аман уламжлалаар дамжиж ирсэн болохоор. Миний хувьд үндэсний­хээ хөг­жимтэй л уртын дуугаа дуулах дуртай.
-Ихэнх дуучид уртын дуу гэхээсээ илүү нийтийн дуу дуулах сонирхолтой байдаг. Танд өөр чиглэлээр дуулъя гэсэн бодол төрж байв уу?
-Нийтийн дуу надаар дутаагүй. Олон хүмүүс энэ төрөлд түрэн гарч ирж байна. Миний хувьд эзэмш­­­­­­­­­­­сэн мэргэжилдээ үнэнч бай­на. Уртын дууг зүрх зориг гаргаж, хүч хөдөл­мөрөө дайчлан, насаа­раа дуулж байж сурдаг. Тухайн хүний сэт­гэ­лээс их шалтгаална. Н.Норов­банзад багш минь "одоо л уртын дууны учрыг нь ойлгох гэж байна шүү" гэж хэлж байсан. 
-Н.Норовбанзад багш танд их итгэл хүлээлгэсэн гэдэг. Ард түмэн ч таныг түүнтэй адилтгах дуучин гэж үнэлдэг?
-Адилтгаж байгаа ард түмэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Баг­шийнхаа хүсэл, захиасыг нь биелүүлэхийн төлөө явж байгаа. Тэр мундаг хүнтэй өөрийгөө жишиж хэзээ ч чадахгүй. Өөд болохоосоо өмнөхөн багш минь нөхөртэй маань хамт гэртээ дуу­дуулж захиас үгээ хэлж билээ. Би багшдаа амла­сан юм. Уртын дуунаасаа урвахгүй ээ, итгэж болно. Таныхаа хэмжээнд хүрч, алдартай дуучин бо­лохгүй байж магад. Гэлээ ч өөрийнхөө авьяас билэг, хүч чадлаа уртын дууны төлөө зориулна аа гэж ам­лаж байсан. "Уртын дуугаа битгий орхиорой, үнэнч яваа­рай. Би ча­майг л нэг уртын дуундаа үнэнч явчих хүүхэд гэж дотроо итгэдэг юм. Ц.Дэлгэр багштай чинь ч олон удаа уулзаж ярьж байсан. Энэ хүн ч чамд итгэл хү­лээлгэдэг юм билээ. Олон сайхан дуучин төрнө өө. Гэхдээ яагаад багш нь чамайг гэртээ дуудуулсан бэ гэвэл чи их талын хүн шүү. Тал нутгаас л уртын дуучин төрнө гэж бодож явдаг. Бусдыг нь үгүйсгэж байгаа юм биш. Хамгийн гол нь сэтгэл зүрхээ зориу­лаад яваа хүүхэд юм уу гэж их итгэл хү­лээлгэлээ шүү" гэсэн. Би чинь Хэнтий аймгийн хүн л дээ. Хүний итгэл гэдэг бол маш үнэтэй. Юугаар ч үнэлэхийн аргагүй. 
-Уртын дуугаа өв­лүүлж үл­дээх талаар бодож байна уу?
-Багшилна гэдэг хү­ний хувь заяатай хол­боотой асуудал боло­хоор өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Өөрийнхөө сурсан мэдсэнийг бус­дад өвлүүлэлгүй яахав.
-Таны оюутан цагийн  хэрсүү амьдрал одоогийн залууст их сургамжтай, заримыг нь зоригжуулдаг болов уу?
-Би 1995 онд "Хан­ хэнтий" чуул­гадаа орж байлаа. 1998 онд СУИС-ийн уртын дууны ангид МУГЖ Ц.Дэлгэр багшийн­хаа шавь болж таван жил суралцсан. Анх уртын дуу заасан багш маань МУГЖ, одоо ч "Хан­ хэнтий" чуулгадаа ажил­лаж байгаа Нансалмаа багш маань юм. Нан­салмаа багш ардын жүжигчин Ч.Шархүүхэн багшийн маань шавь. Ц.Дэлгэр багш Н.Норов­­­­банзад багшийн шавь гээд бодохоор утга учиртай, ерөөлтэй са­нагддаг юм. Хэнтий аймгаас гур­ван есийн хүйтэнд гэрээ гуч машинд ачаад, аав дээр нь, ээж минь бие муутай болохоор кабинд сууж, хотод ирж байлаа. Хайлаастад айлын ха­шаанд гэрээ бариад, цасаар хаяа­гаа манаж байсан. Би дотроо их эмзэглэсэн. Төрөл садан, нутаг усаа орхиод түлэх түлээ ч байхгүй цаасан хайрцаг түлээд л амьдрах гээд л үзэж тарсан. Тэр үе надад хүнд санагддаг юм. Тавь гарсан хүмүүст ажил олдоход хэцүү ш дээ. Хэдэн дүү нартайгаа бүгдийг нь аваад ирсэн болохоор бүх ачаа миний нуруун дээр ирсэн. Сура­хынхаа хажуугаар хоёр ажил хий­гээд л ээж аав хоёрыгоо хоёр идүү­лээгүй ч гэсэн хоосон хонуу­лаагүй. Дараа нь амьдрал цэгцрээд сай­хан болсон. Халгиж цалгисан, бэлэн зэлэн амьдрал зарим хүнийг бэлэнчлэх сэтгэлгээнд оруулдаг юм шиг. Жаа­хан хатуухан юмыг үзэхэд хүн хэтийн зорилготой, хатууждаг юм болов уу гэж би ойлгодог. Аав, ээж хоёрыгоо цувруулаад алдсан ч амьд­ралын жам хойно үр хүүхэд бид сайн явах нь чухал гэж бодсон. Тэд маань таван хүүхэд төрүүлэх­дээ их зөв хү­мүүжүүлсэн. 
-Таны гарсан хам­гийн том тайз гэвэл?
-"Хан хэнтий" чуулгын болон, СУИС-ийн "Оюу­тан театр"-ын тайз миний амьдралдаа сүрдэж байсан хамгийн том, юугаар ч үнэлшгүй тайзууд. Анхны гэсэн юм бүхэн маань энэ хоёр тайзтай холбоотой. Багш нарынхаа зааж сур­гаснаар дуулаад олон тайзнаа гарч дуулж бай­сан. 2002 онд хөл­бөмбөгийн ДАШТ-ийг нээж, Японы Токио хотод дуулж байлаа. 2005 онд Нобелийн шагнал гар­дуу­лах ёслолыг Шведийн Сток­гольм хотод уртын дуугаараа нээ­сэн. Дээрх хоёр тайз шигээ тийм их сүрдээгүй. Миний Мон­голын уртын дуутай эн тэнцэхүйц уужим дуу хоолойг гаргах орон хаана ч байгаа билээ. Уртын дуундаа итгэж бар­дам ­гарсан даа. Урьж дуулуулж байгаа цаад санаа нь уртын дууг маань өндөрт үнэлсний л илрэл юм.
Л.МИНЖМАА

No comments:

Post a Comment