Найруулагч Б.Бадар-Ууган агсны хүү хөгжмийн зохиолч, продюссер Б.Наранзунтай амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Юуны өмнө шинэ оны мэнд хүргэе. Шинэ оноо сайхан угтсан уу?
-Баярлалаа. Хүйтний харшилтай болохоор гадуур удаан явж чаддаггүй, тэгээд гэртээ шинэ оноо угтсан.
-2012 он хэр үр бүтээлтэй жил байв, таны хувьд?
-Хүмүүс ер нь шинэ оныг тэсэн ядан хүлээж, угтдаг. Миний хувьд хуучин ондоо талархах хэрэгтэй юм шиг санагддаг. Өнгөрсөн оноо эргээд харахад амьдралын хамгийн сайхан дурсамжууд өнгөрсөн байдаг шүү дээ. Хань ижил, ойр дотны хүнээсээ хагацсан зарим хүний хувьд тийм биш байж болно. Гэхдээ цаг хугацаа бүхэнд хүмүүс амьдралдаа ямар нэг зүйлийг амжилттай даван туулсан байдаг. Тэр утгаараа 2012 он миний хувьд маш сайхан жил болж өнгөрлөө.
-Тэгвэл өнгөрсөн онд хамгийн том хийсэн зүйл тань юу вэ?
-Мэдээж байлгүй яах вэ. Төрийн албанд ажиллаж байхдаа хийсэн ажил олон бий. Хамгийн сүүлд динозаврын ястай ноцолдох шив дээ. Манай улсаас хууль бусаар гаргасан “Батаар”-ыг эргүүлэн авчрахад амжилттай ажилласан. Сүүлийн мэдээг сонсоод байх нээ манайх гэдэг нь батлагдсан байна лээ. Бас нэг сайхан мэдээ гэвэл “Батаар”-ын асуудлын ачаар археологийн олон өв хууль бусаар хил гарсан нь илэрч байгаа юм билээ. Энэ утгаараа зөвхөн Монголынхоо гэлтгүй дэлхийн дахинд соёлын өвийг хууль бусаар наймаалцах асуудлыг таслан зогсооход манай “Батаар”-ын асуудал нэлээдгүй эерэг өөрчлөлт авчирсан байх.
Өнгөрсөн онд хийсэн томоохон өөр ажил гэвэл соёл урлагийн салбарт өрнөсөн. Өнгөрсөн сард гэхэд ОХУ-ын шилдэг балетчид манайд ирсэн. Энэхүү сонгодог тоглолтыг ард түмэнд үзүүлэх ёстой байсан ч ихэвчлэн дарга нар үзсэн тал бий. Энэ тал дээр бага зэрэг шүүмжлэлтэй байгаа даа.
-Та төрийн албанаас яагаад чөлөөлөгдчихөв. Ажлынхаа үр дүнг үзэхгүй байсан юм уу?
-Гурван жил БСШУ-ны яаманд ажилласан. Аав маань соёл урлагийн салбарт хүчин зүтгэж байсан гэдгийг надаар хэлүүлэлтгүй хүмүүс мэдэх биз. Энэ утгаараа надад аавынхаа адил соёл урлагийн салбартаа хүчин зүтгэх нь сайхан байсан. Засгийн газраас ажиллаач ээ гэдэг санал тавихад бага зэрэг санаа зовсон хэдий ч бэлэгшээгээд ажиллахаар шийдсэн. Би чөлөөт ертөнцийн хүн. Төрийн алба цаг нартай уралддаг, их хүнд гэдгийг мэдэж байсан ч өөрийн мэдлэг боловсрол, хүч чадлаа зориулахаар орсон. Эхний жил олон шүүмжлэлтэй тулгарсан. Гурван жилийн хугацаанд ажиллахдаа өөрийгөө нэлээд үр бүтээлтэй ажилласан гэж дүгнэж байгаа. Бусад хүмүүс юу гэж бодож байгаа нь хамаагүй. Төрийн албанд ажилласнаараа олон найз нөхөдтэй болж, аливаа асуудлыг харах, хүлээж авах үзэл маань ч өөрчлөгдсөн. Төрийн ажил хийх нь хүнийг их хүмүүжилтэй болгодог юм байна. Өмнө нь энэ албыг мэдэхгүй байж их шүүмжлэх дуртай хүний нэг би байсан. Харин дотор нь орж ажилласнаараа олон зүйл сурч, эх орноо хайрлах үнэ цэнийг өөртөө гүн суулгасан. Мөн хүнд захирагдаж, захирч сурсан. Хүнд захирагдаж сурна гэдэг маш чухал юм шүү. Тэр утгаараа надад их сайхан байсан. Бүтцийн өөрчлөлтөөр миний ажиллаж байсан газар татан буугдсан. Төрийн албаны ажилтанд ямар нэг цензур шалгуур өндөр тавигдах ёстой. Гэтэл одоо ямар ч шалгуургүй болчихсон юм шиг санагддаг. Би чөлөөлөгдсөн нь уран бүтээлээ чөлөөтэй хийхийг хүссэнтэй холбоотой. Төрд ажиллаж байхдаа Соёлын яамтай болгохыг хүсч байсан. Энэ талаар Засгийн газарт олон удаа санал тавьж байлаа. Яагаад гэвэл соёл урлаг өөрөө асар өргөн хүрээтэй салбар. Одоо харин Соёлын яамтай болчихлоо.
-Соёлын хосгүй үнэт өв их алдагдаж байна. Байсхийгээд ийм өв алдагджээ гээд хэвлэлээр гараад ирдэг. Үүнийг таслан зогсоохын тулд хэрхэн жиллаж байв. Сэтгэл эмзэглэдэг байв уу?
-Мэдээж соёлын өвөө устгана гэдэг хамгийн эмзэглэх асуудал. Манайд нийтээрээ хамгаалдаггүй, хувь хүмүүс ч хамгаалдаггүй, зөнд нь хаягдчихсан олон өв, соёл байдаг. Тиймээс өв, соёлын өмчлөлийн асуудлыг сайтар харах шаардлагатай болсон. Мөн зохиогчийн эрхийн асуудлыг хурц тавих ёстой. Тухайлбал, яагаад нийтийн эзэмшлийн зам, талбай үргэлж эвдэрч байдаг юм бэ. Гэтэл хувийн эзэмшлийн зам шинээрээ шахуу, хажуугаар нь цэцэг ногоо тарьчихсан байдаг. Энэ бол гол нь өмчлөл нь зөв байгаад л байгаа юм шүү дээ. Хүн мэдээж өөрийнхөө юманд ариг гамтай хандана. Цаана нь хариуцах эзэн байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр аливаа асуудлыг хааж нуух их буруу. Засан залруулахын тулд ард иргэдэд харуулж, таниулах хэрэгтэй. Ялангуяа соёлын өвийн асуудал дээр. Биет бус өвийг өөрийн бүтээл мөн гэдгийг олны өмнө байнга батлах хэрэгтэй.
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад нэлээд хэдэн сар өнгөрлөө. Таны бодлоор “Шинэчлэл” гэдэг үгийг ямар утгаар нь хүлээж авч байна?
-Шинэчлэл гэдэг миний бодлоор энэ одоо хэрэггүй, хуучирсан гээд ашиглаж байсан компьютерээ цонхоор гаргаж хаячихаад, оронд нь шинийг авна гэсэн үг биш. Харин тухайн компьютер дотор байгаа зүйлийг сэргээх, нэмэлт программ суулгах, өөрчлөх гэж ойлгож байгаа. Компьютерээр ярих юм бол “update”хийх гэж ойлгож болно. Түүнээс биш үндсэн үйл ажиллагааг өөрчлөх гэсэн үг биш.
-Эргээд уран бүтээлдээ орох гэж байгаа юм байна. Шинээр ямар уран бүтээл хийж байна?
-Төлөвлөсөн ажил олон бий. Хэсэг хугацаанд уран бүтээл хийсэнгүй. Төрийн алба хашиж байхад “шанага барих” ч зав гардаггүй гэж ярьдаг үнэн санагдсан. Уран бүтээлдээ энэ сараас эхэлж орж байна. Төрийн албанд орохоосоо өмнө хэд хэдэн хүнд дуу хийж өгнө гээд мөнгийг нь аваад идчихсэн байсан. Ажлын хажуугаар хийчихье гэж бодсон ч үнэхээр амжаагүй. Одоо өрөө дарна даа. Тэр хүмүүст тэвчээртэй хүлээсэнд баярлалаа гэж хэлье.
-Рок попын ертөнцөд залуу уран бүтээлчид олон боллоо. Чанар болон мэргэжлийн хувьд хэр байдаг юм бол?
-Буруу юм байхгүй гэж бодож байна. Уран бүтээл хийж байгаа залуус хулгай хийгээгүй, худлаа яриагүй тохиолдолд яагаад дуу хөгжим оролдоод явж болохгүй гэж. Энэ чөлөөт нийгэмд өөрөө юу хийх нь өөрсдийнх нь дур.
-Техник их хөгжсөн болоод ч тэр үү, дуундаа эффэкт оруулж үндсэн хоолойгоо гаргахгүй байгаа. Мөн амьдаар дуулах нь хүртэл ховордчихлоо?
-Энэ олон уран бүтээлчдээс сайн уран бүтээл хийж байгаа нь өөрөө аяндаа ялгараад гарчихна. Угаасаа энэ салбарт сайн явж байгаа нь бүгд мэргэжлийнх байдаг. Надад манай уран бүтээлчид зах зээлийнхээ судалгаагаа зөв гаргах л хамгийн чухал юм шиг санагддаг. Сонсох хүрээлэл нь хэр байна, тоглолт үзэх боломжтой хүн хэд байгаа билээ гээд олон зүйлийг судлах хэрэгтэй. Үүнийг зөв гаргачих юм бол чанарын хязгаарлалт хийж болно. Одоогоор манайхан зах зээлийн судалгаагаа ойлгож амжаагүй болохоор дуртай болгон нь уран бүтээл хийгээд байгаа гэж би ойлгодог. Манайд 20, 200, 2000 дуучин хэрэгтэй юм уу.
-Шоу нэвтрүүлгийг юу гэж бодож байна. Тухайлбал Universe best songs, Making the band, Monster гэдэг ч юмуу. Энэ тал дээр?
-Аливаа уралдаан тэмцээн юмыг их хөгжүүлдэг. Олон дундаас онцгойг нь шалгаруулж гаргаж байгаа гэдэг утгаараа ч тэр шоу нэвтрүүлгүүд чухал. Харин тухайн уралдаанд тэргүүлсэн бол тэр хүмүүс цаашдаа яах нь өөрсдийнх нь дур. Мэргэжлийн хүмүүс шүүгээд, шалгаруулаад гаргачихсан байна гэдэг нь л хамгийн чухал.
-Гадаад дууны аяыг бага зэрэг өөрчлөөд өөрийн бүтээл болгодог тохиолдол манайд цөөнгүй гардаг. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ. Танд тэгж санаа авсан тохиолдол бий юу?
-Энэ бол өөрийгөө хуурч байгаа хэрэг. Мэдээллийн эрин зуунд хэн ч, хаанаас ч хэрвээ ийм юм хийсэн бол мэдчихэж болно. Хулгай хийсэн хүн насаараа хулгайч нэр зүүдэг. Засарсан ч хулгай хийж байсан даа гэдэг нэр арилахгүй. Би ийм зүйлээс их айдаг. Гэхдээ зарим аялгуу төстэй болох тал байдаг. Долоохон нот дотор төстэй болох тохиолдол олон гардаг. Тухайлбал хуучин “Хар чоно” гэж хамтлаг байсан. Энэ хамтлагийн Отгоо ах нэг ая зохиож байгаад дуусгаагүй орхичихсон гэнэ лээ. Гэтэл дараахан нь попын хаан Michael Jackson-ны дуулсан “We are the world”гэдэг дууны аятай маш адилхан болчихсон байсан гэж Отгоо ах ярьсан.
-Ямар дуу нь байсан юм бол?
-Одоо санахгүй байна. Гэхдээ тэр дуугаа олонд хүргээгүй гэсэн. Michael Jackson-ны “We are the world” гарахаас хэдэн жилийн өмнө хашир тэр дуугаа хийчихсэн байж л дээ. Тэглээ гээд энэ миний зохиосон ая гээд Michael Jackson-той заргалдахгүй биз дээ. Ерөнхийдөө ая зарим талаараа давтагдах тохиолдол гарахгүй гэх баталгаа байхгүй. Гэхдээ дууны бадаг, дахилт гээд бүхлээрээ адилхан байна гэж хэзээ ч байхгүй. Энэ ая, дуу хулгайлах гэдэг асуудлаас болоод жинхэнэ уран бүтээлчид байнга хардлагад өртдөг. Миний хэлэх дуртай үг байдаг юм. Би хийсэн зүйлийнхээ хариуцлагыг хүлээнэ, хийгээгүй зүйлийн хариуцлагыг хүлээхгүй.
-Таны аав Б.Бадар-Ууган агсны төрсөн өдөр хэдхэн хоногийн өмнө тохиосон. Аав, хүү хоёрын сайхан дурсамжаас сонсьё гэж бодлоо?
-Аавтайгаа хамт өнгөрүүлсэн цаг хугацаа маш бага. Яагаад гэвэл намайг төрөхөд аав, ээж хоёр оюутан байсан юм. Намайг өвөө, эмээ дээр үлдээгээд сургууль руугаа явцгаачихсан. Тийм болохоор аавынхаа сургаалиар гэхээсээ илүүтэй өвөөгийнхөө үгээр хүн болсон хүн дээ, би. Миний өвөө Ж.Бадрааг ааваас минь дутахгүй хүмүүс сайн мэдэх байх. Багаасаа өвөө эмээ дээрээ өссөн болоод ч тэр үү тэр хоёрынхоо гараас холдохыг хүсдэггүй байсан. Нас биед хүрээд яг амьдралыг харах үзэл бодлоо хуваалцая гэх тэр үед аав минь намайг орхиод бурхны оронд одсон. Миний хувьд маш их харамсалтай хувь тавилан байсан.
-Өвөөгөөсөө юу сурав, өвөөгийн сургааль юу байв?
-Их олон зүйл сурсан. Морин хуур, төгөлдөр хуур сурсан. Өвөө минь бас намайг урлаг судлаач бол гэсээр байгаад болгосон. Ерөнхийдөө уламжлал, өв соёлтой холбоотой өвөөгөөсөө сурсан зүйл их бий. Өвөөгөөсөө хамгийн гол нь ном уншихыг сурсан даа. Орчин үеийн урлаг болон аавтай холбоотой зүйл их заалгаагүй ээ. Өвөө, аавынхаа нэрийг авч явдаг айлын том хүү болохоор хүмүүс намайг их хардаг юм шиг санагддаг. Бадраагийн ач, Бадар-Ууганы хүү гээд л надад их хариуцлага ногддог. Их сайн хүү байхгүй бол болохгүй.
-Таныг аавынхаа талаар дурсамжийн ном гаргахаар бэлтгэж байгаа гэж сонсож байсан, гаргасан уу?
-Яг сарын өмнө “Ууган” гэдэг ном гарсан байгаа. Энэ номны агуулга нь миний аавын талаарх дурсамж яриа юм. Аавыг маань хүндэлдэг найзууд нь, багш нар, танилуудынх нь дурсамж яриануудыг багцалсан ном болсон. Мөн сэтгүүлч Г.Золжаргал ах маань тусгайлан аавын минь талаар бас нэг ном гаргасан байгаа.
-Нэрнийхээ утгыг тайлбарлахгүй юу. Их ховор нэр байх?
-Манай өвөөгийн өгсөн нэр. Энэтхэгийн их эрдэмтэн, филиософич Нагаржунай гэж хүн байдаг. Надад эхлээд шууд Нагаржунай гэж нэр өгөх гэж байгаад болиод Наранзун болгосон гэсэн. Бага байхдаа нэрнээсээ их ичдэг байсан. Том болоод “Наранзун өвөө” гэж дуудуулна гэхээр онигоотой санагддаг байж. Одоо бол харин ч их бахархдаг. Нөгөө талаар их хариуцлагатай нэр. Буруу юм хийвэл шууд Наранзун гээд баригдчихна. Нараа, Сараа, Баяраа шиг элбэг нэр биш шүү дээ.
-Уран бүтээлээ тоолж үзсэн үү. Хэд орчим байгаа бол?
-Үзсэн. Хамгийн сүүлд 226 дуутай болчихсон байсан. Түүнээс хойш 20-иод дуу хийсэн гэхээр 240 гаруй уран бүтээл бий гэсэн үг.
-Таны хообий?
-Усанд сэлэх. “Живдэг” хочтой доо. Яг жинхэнэ хообий гэвэл аялах дуртай. Хөдөө гадаа явж, газар үзэх их сайхан байдаг. Мөн хоол хийх хообийтой. Гэртээ байнга өөрөө хоолоо хийхийг хичээдэг. Заримдаа шинэ хоол зохиож, зочин урих дуртай. Ирсэн зочид хоол идээд дууссаных нь дараа царайны хувирлыг нь их аждаг. Царайнаасаа сайхан хоол идсэн шинж харагдаж байвал, тавганд юм үлдээхгүй бол их кайф авдаг шүү.
-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-Өө, зөндөө л ном уншиж байна. Дэйл Карнегийн илтгэх урлагийн тухай ном уншсан. “Чонон сүлд”-ийг уншихад надад их таалагдсан. Нүүдэлчин хүмүүс ямар зоригтой юм бэ гэж тэр номыг уншаад их бахархсан шүү. Ялангуяа эмэгтэй хүнийг ямар хүчирхэг, ихэмсэг гэдгийг тэр номд гайхалтай дүрсэлсэн байдаг.
-Гэр бүлтэй болоо юу?-Одоо нэг хүнтэй учирсан байгаа. Хувьсгалын ажил гэсээр байтал хувийн амьдралаа нэлээдгүй хойш тавьсан байна. Одооноос ажил амьдралаа хослуулна даа.
-Та ямар дуу сонсох дуртай вэ. Өөрөө дуулсан дуу хэд бий бол?
-Этник дуу сонсох сайхан санагддаг. “Арга билэг”, “Никитон” хамтлаг их зүгээр. Сайн дуулж чадахгүй л дээ. Хэрвээ дуулвал сэтгэлээрээ дуулах хүнд их хүрдэг юм билээ. Оюутан байхдаа “Мишээл” хамтлагт дуулдаг байсан. Сая аавын нэг дууг сэргээж дуулсан. Хэд хэдэн дуулсан дуу бий.
Ч.СУВДАА
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДН" сонин
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДН" сонин
No comments:
Post a Comment