Thursday, 24 January 2013

Д.Лүндээжанцан: АН аавынхаа хөрөнгөн дээр орж ирсэн сагсуу залуу шиг аашилж болохгүй

lundee
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай ярилцлаа.
-Энэ удаагийн УИХ эхний чуулганаа тун удахгүй өндөрлүүлэх гэж байна. Таны бодлоор намрын чуулган хэр үр дүнтэй ажилласан бол?
-Анхдугаар чуулган зохион байгуулалтын олон асуудал хэлэлцлээ. Бас мундахгүй олон хуульд өөрчлөлт оруулсан байна. Би хувьдаа бүх зүйлийг үгүйсгэх, харлуулах байдлаар ярихыг хүсэхгүй байна. Нааштай шийдсэн асуудлууд бий. Тухайлбал, нэгэнт олонхи бодлогоо гаргадаг учир Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө гаргасан. Үүнд манай МАН-ын мөрийн хөтөлбөрөөс нэлээд олон зүйл орсон. Харамсалтай нь бүлэг байгуулж чадаагүй учир зарим зүйлээ оруулж чадаагүй. Нааштай зүйл гэвэл 2013 оны төсөв, үндсэн чиглэл, бодлогын баримт бичгүүдэд бидний санаа оноо нэлээд орсон. Иймээс сонгогчдынхоо өмнө бас хэлэх үгтэй сууж байна. Гэхдээ 2013 оны төсөвт задаргаагүй зүйлүүд олон орж ирэн, шүүмжлэл хэлэнгүүт тоймлож задалсан явдал бий. Харин хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг гурван жилээр гаргая гэдгийг нааштай үнэлж байгаа. Аливааг гурав, дөрвөн жилээр харж эхэлж байна гэдэг сайн хэрэг. Хамгийн гол сэтгэл дундуур үлдсэн зүйл бол анхдугаар чуулган дээр манайх бүлэггүй байсан. Засгийн газрын болон бусад хуулиудад өөрчлөлт оруулж, яам, тамгын газрын орон тоог олшруулж, төрийн эрх мэдлийг хуваарилах үндсэн зарчим алдагдсан.
-Гэхдээ тухайн үед танай нам өөрсдөөсөө болоод бүлгээ баталгаажуулж чадаагүй шүү дээ?
-Би саяхныг болтол 1992 оны Үндсэн хуульд оруулсан дордуулсан долоон өөрчлөлт гэгчийг өмөөрч ирсэн. Гэтэл энд маш том алдаа байсан байна. Энэ нь төрийн эрх мэдлийг хутгасан явдал буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн хавсран хийх явдлыг нээж өгснөөрөө маш том алдаа байж. Би өмнө нь уг өөрчлөлтийг органик хууль болон бусад хуульд өөрчлөлт оруулах замаар засч болно гэж үзэж байсан. Миний энэ бодол их гэнэхэн байжээ гэдгийг ухаарсан. Ийм ч учраас УИХ-ын гишүүн 18 сайд гарч ирээд бүгд гурав гурван байнгын хороонд ажиллаж байна. Засгийн газраас хуулийн төслөө өргөн барингуут, УИХ, байнгын хороонд орохоороо гишүүний хувиар дүгнэлтээ уншдаг. Түүнийг бусад Засгийн газрын гишүүд нь орж ирээд баталдаг. Ингэж л гүйцэтгэх эрх мэдэл хууль тогтоох эрх мэдлийнхээ дээр гарчихсан байна. Энэ тогтолцоог нэн яаралтай засахгүй бол сэтгэл маань маш их зовж байна. Юу ч болж болно. Үндэсний аюулгүй байдал, Монгол Улсын эрх ашигт хохирол учирч болохуйц нөхцөл байдал үүсээд байна. Ийм үед бид Монгол Улсын төрийн тэргүүн Ерөнхийлөгчид их найдлага тавьж байгаа. Ямар ч байсан бүлэгтэй болсон. Гэхдээ эрх баригчид гол гол зүйлээ хийж авсныхаа дараа манайхыг бүлэгтэй болгох асуудлыг шийдсэн. Энэ мэтчилэн намрын чуулганы сөрөг болон ололттой талыг жингийн туухай дээр тавьж үзвэл 60:40 л байна даа. Ингэхдээ сөрөг тал нь 60 хувьд хүрч байгаа.
-Энэ удаагийн чуулганаар шинэ хууль бараг баталсангүй. Баталсан хуулиудыг харж байхад ихэнх нь өмнөх парламентын үед өргөн барьсан эсвэл өөрчлөлт оруулсан хуулиуд байлаа?
-Богино хугацаанд олон шинэ хууль батлах нь бушуу туулай борвиндоо баастай гэгчийн үлгэр болно. Өнгөрсөн жилүүдэд хуулийн субботник хийгдсэн. Шинэ Үндсэн хуулийн дагуу нийгмийн цоо шинэ харилцааг зохицуулах шаардлага гарсан тул хоёр, гурван удаа шинэчлэгдэн, өөрчлөгдсөн хуулиуд ч байна. Бид босоо удирдлагыг хэвтээ болгох гэж олон жил хичээж ирсэн. Гэтэл өнгөрсөн хугацаанд баталсан хууль, тогтоолоор эргээд бараг бүгдийг нь босоо болгож байна. Эрх баригчид бодлогоо нэвт явуулна гэж яриад байгаа. Үнэн хэрэгтээ үүний хэмжээ нь хэтэрч байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Үүний жинг тааруулах хэрэгтэй.
-Шинэ УИХ анхны чуулганаа үдэж байгаа ч гэсэн хараахан бүрэн бүрэлдэхүүнээрээ болж амжихгүй нь бололтой. Өнөөдрийг хүртэл шүүх хуулийн байгууллагаар асуудал хэлэлцэгдэж байна. Сүүлдээ дахин санал хураалт болно л гэнэ. Гишүүн болчихсон хүмүүсээ эргүүлэн татна л гэнэ. Энэ бүхнийг та хэрхэн харж байгаа вэ?
-Энэ бол бидний бас нэг том алдаа юм. Ард түмний сонголтыг шүүхийн шийдвэрээр өөрчилдөг асуудал цаашид байж болохгүй. "Ард түмэн өөрсдийн сонгосон төлөөллийн байгууллагаараа дамжуулан засгийн эрхийг барина" гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Үүний дагуу ард түмэн сонголтоо хийгээд гаргаад ирсэн. Тэр битгий хэл 50, 60 хувиар сонгосон. Гэтэл шүүхийн журмаар сонгуулийн үр дүнг баллуурдаад байвал сонгууль хийсний утга учир алга. Тиймээс шүүх улс төрийн захиалгаар ажилладаг болчихоо юу гэдэг шүүмжлэл өөрийн эрхгүй төрж байгаа. Хүмүүсийн хайхрамжгүй үйл ажиллагаа байх юм бол түүнийг таслан зогсоож, хариуцлагыг тооцдог байх ёстой. Харин ард түмний хийсэн сонголтыг үгүйсгэсэн арга хэмжээ авч болохгүй. Энэ бол ёс зүй, шударга ёсонд ч нийцэхгүй. Тиймээс ма­най бүх шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ эрх зүйн ухамрыг удирдлага болгож, дотоод итгэл үнэмшлээрээ шийдээсэй гэж хүсч, гуйх байна. Өөр хэлэх үг олдохгүй байна.
-Гэхдээ асуудал хөдөлшгүй баримтаар нотлогдсон учир шүүх шийдвэрээ гаргасан юм биш үү?
-Увсын хоёр нэр дэвшигч хуулийн цоорхойгоор үйл ажиллагаагаа явуулсан гэж байгаа. Гэхдээ тэд ажиллахдаа хуулийн хүрээнд л ажилласан. Гэтэл үр дүн нь хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарчихаад байдаг. Эцсийн эцэст ард түмний сонголт хөсөр хаягдах гээд байна. Шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрх бидэнд байхгүй учир хий дэмий шүүмжлэхээс өөрөөр дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихоод байна.
-МАН-аас сонгогдсон гишүүд эргүүлэн татагдах болчихоод байна. Гэтэл бас МАН-аас нэр дэвшсэн хүн АН-д орчихлоо. МАН-ын гишүүд цөөрөөд л байна?
-Бидний гаргасан хууль эргэж харах үнэхээр шаардлагатай болсон гэдгийг харуулж байна. Яг хуулийнхаа логикийг харах юм бол ийм боломж байхгүй. Харамсалтай нь хэрэгтэй бол хуулийг авч өөрсдөдөө ашигтайгаар хэрэглэдэг, хэрэггүй бол хаядаг манай эрх баригчдын увайгүй үйл ажиллагаа үүнд хүргэж байна. Түүнчлэн хувь хүмүүсийн асуудал ч байгаа юм. С.Чинзоригийг тангаргаа хэзээ өргөх вэ гэж Өвөрхангайн иргэд өдөр бүр над руу ярьж байна. Би сүүлдээ маш хүнд байдалд орлоо. Хэдийгээр би тангаргийг нь өргүүлдэг, шийдвэр гаргадаг хүн нь биш ч гэлээ Өвөрхангай аймгаас олон удаа сонгогдсон хүний хувьд яс шархирч байна. Ухаалаг шийдвэр гаргаад удахгүй С.Чинзориг тангаргаа өргөнө гэдэг эцсийн горьдлого тасраагүй л байгаа. Д.Арвин гишүүний хувьд бид нэгэн үеийн оюутнууд. Олон жил хамт ажилласан журмын нөхөд. Би хувьдаа Д.Арвин гишүүнийг гишүүн болно гэж дотроо бодож байсан. Хууль эрх зүйн хувьд сонгуулийн сурталчилгааг нам нь хийдэг. Энэ утгаараа Д.Арвингийн төлөө олон хүн ажилласан. Гэтэл өнөөдөр тэр хүмүүсийн өмнө хэлэх үггүй болчихоод сууж л байна. "Д.Арвин АН-д орох тухай яриа байна, энэ үнэн үү" гэж олон хүн надаас асууж байсан. "Тийм зүйл огт байхгүй. Угаас яс хаялт болдог, түүнээс болоод дүрс хийсэн мэдэгдэл хийдэг. Үүний л нэг" гэж тайлбарлаж байлаа. Гэтэл Д.Арвин маань АН-д яваад орчихсон. Ингэхээр надад хэлэх үг олдохгүй байна. Ёстой л Ө.Энхтүвшин даргын хэлснээр "Хүлцэл өчиж байна" гэхээс өөр үг алга даа.
-УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй. Гэвч энэ удаагийн гишүүд ардчилал гэдгийг хэтрүүлээд байх шиг. Сүүлдээ бүр гэр бүлийн дотоод асуудалд орсон хууль санаачлах боллоо?
-Нялхсын өвчин бага байгаасай гэж би хүсч байна. Хууль санаачлах эрхийн асуудлаар Үндсэн хуулийг хэлэлцэж байх үеэр зөндөөн маргаан үүсч байлаа. 10 мянган хүн нийлж, хууль санаачилдаг болъё гэдэг ч юм уу, хууль санаачлагч хэн байх вэ гэх мэт. Өнөөдөр хууль санаачлах эрхтэй 76 гишүүн, Ерөнхийлөгч, Засгийн газар, нийт 78 субъект байна. Энэ тоо таарчихсан юм болов уу гэж боддог. Гэхдээ миний бодлоор татвартай холбоотой асуудлаар гишүүд хууль санаачлах эрхгүй болгох хэрэгтэй. Яагаад гэвэл ёс зүйд нь нийцэхгүй юм. Харин уг асуудлыг байнгын хороогоор дамжуулаад Засгийн газарт тавьж болдог байх хэрэгтэй. Тэгэхгүйгээр хуралдаандаа сууж байгаад л "Өө, би үүгээр хууль санаачилчихъя. Би чинийх дээр гарын үсэг зурсан юм чинь чи минийх дээр зур" гээд олон хууль санаачилсан хүн шалгардаг юм шиг аашлаад байвал парламентат ёсыг төлөвшүүлэхэд муугаар нөлөөлнө.
-Засгийн газар сүүлийн үед сайтуудын сэтгэгдлийг хорих, телевизүүдийг хаах, бүр сүүлдээ газрыг нь албадан чөлөөлүүлэх асуудлыг ярьж эхэлсэн тул иргэдийн хувийн өмчид дэндүү халдаж байна гэх шүүмжлэл гарч байна. Та үүнтэй санал нийлж байна уу?
-Хариуцлагын тогтолцоо байлгүй яах вэ. Гэхдээ хариуцлага, арга хэмжээ хатуудаа бус зайлшгүйдээ байх ёстой юм. Хэрэв жижиг зөрчлүүд гаргаад байгаа тохиолдолд тэр болгон нь тодорхой хэмжээний зэмлэл хариуцлага хүлээж байх ёстой л доо. Түүнээс бус хаах, хураах, чөлөөлөх, шийтгэхдээ байдаггүй. Ер нь хариуцлага шийтгэл гэдэг бол энэрэнгүй, шударга ёсны ялалт байдаг. Энэ нь дараагийн том зөрчил, хэргээс урьдчилан сэргийлэх онцгой ач холбогдолтой.
Харин хатууруулж, туйлшруулж, бусдын үндсэн эрх чөлөө, хувийн өмч рүү дайраад байж болохгүй.-Засгийн газар бонд гаргаж сурталчилгаа хийсэн. Харин хүү нь өдөр, хоногоор нэмэгдсээр байгаад МАН шүүмжлэлтэй хандаж байгаа байх аа?
-Би сөрөг хүчнийхээ хувьд ч биш жирийн иргэнийхээ хувьд уг асуудалд маш болгоомжтой хандаж байгаа. 1990-ээд онд бүх зүйл хаагдчихсан, өдөр хоногийг өнгөрөөж байх үед би "Бүсээ чангалъя. Эсвэл олигтойхон зээл авчихъя" гэж яриад тухайн үед шуугиан тарьж байсан хүн.
-Хэдэн төгрөгийн зээл вэ?
-500 сая ам.доллар. Гэтэл сая 1.5 тэрбум ам.долларын зээлийн асуудал УИХ-аар яригдахад би "Миний толгойд орохгүй тоо байна. Цаашид тав, зургаан тэрбумаар яригдах юм гэсэн. Энэ бол нэг талаар бахархмаар боловч нөгөө талаас их аймаар юм" гэж хэлж байлаа. Одоо үүнд сөрөг хүчний хяналт хэрэгтэй. Нэгэнт аваад ирчихсэн учир одоо үүнийг буцаах арга байхгүй. Тиймээс төслөө маш сайн хийх, цөөнх нь хяналт тавих асуудал л үлдэж байна. Гэхдээ цөөнх нь дийлэх нь үү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч хяналт тавих зайлшгүй шаардлагатай байна. Хэрэв тэгэхгүй бол хэдэн жилийн дараа хоёр, гуравхан улс хуваагаад авчихсан, тэдний дохио зангаагаар ажилладаг бол­чих вий гэсэн болгоомжлол өөрийн эрхгүй төрж байгаа.
-Бондын нэлээд хэсгийг төмөр замд зориулахаар ярьж байгаа. Гэтэл өнгөрсөн хэд хоног уг асуудлаас болж удирдлагуудын түвшинд нэлээд маргаан өр­нө­лөө?
-Асар их мөнгө оруулна гэж байна. М.Энхсайхан нэг талд яриад, Х.Баттулга нөгөө талд нь яриад байна. Сүүлдээ бид чинь эргэлзээнд орж эхэллээ. Төмөр замын бодлогыг өнгөрсөн УИХ маргаж маргаж л баталсан. Гэтэл бид алдсан ч байж болно. Тиймээс нэг нь ялж, нөгөө нь дийлдэхдээ бус Монголын үндэсний эрх ашиг гэх асар том зүйлийг бодож, урагш хараад явах нь зүйтэй байна. 
-Одоогийн Засгийн газар өмнөх Засгийн газрын буруу хийсэн бүхнийг зөв болгохын төлөө ажиллаж байна гэх. Ер нь өмнөх Засгийн газар хэр үр дүнтэй ажилласан юм бол оо? 
-Өмнөх Засгийн газар маш их зүйл буруу хийсэн гэж ярих юм. Тэгж яривал хамтарсан Засгийн газарт АН ч бас байсан шүү. Тухай бүртээ хариуцсан яамдтай байлаа. Тий­мээс салбаруудад алдаа гарсан бол хамтдаа л хүлээе гэх байна. Өнөөдрийн бүх зүйлийг алтан цээжтэй, мөнгөн бөгстэй, хуучныг болохоор ноорхой хувцастай, нусгай байсан гэж ярьж таарахгүй байх аа. Алдааг нь алдаа чигээр нь хэлээд, оноог нь оноо чигээр нь хэлээд явах ёстой юм.
-Өнөөдөр МАН сөрөг хүчин болчихлоо. Магадгүй асуудал хүндрээд ирвэл та бүхэн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавих уу?
-Сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлнэ. Гэхдээ бид засаглалын тогтворгүй байдлыг үүсгэхгүйн төлөө, хэдийгээр ойрхон зөрүүтэй цөөнх болсон ч гэсэн олонхи нь бодлогоо гаргаад явж байхад үр дүнг нь жаахан харъя, үзье гэсэн байдалтай байна. Гэхдээ энэ байдлыг далимдуулж яаж ч аашилсан болно гээд дайраад байвал ёстой жудаггүй хэрэг. Манай  намын зарим нөхөд хэлдэг "Та нар хэтэрхий ноомой, үхээнц" байна гэж. Бидний хувьд монгол төрийн ноён нуруу байж байх ёстой учир ард түмний эрх ашгийн төлөө аль болох тэвчээртэй хандаж байгаа. Гэхдээ тэвчээр хэмжээ хязгаартай гэдгийг бодох цаг болсон.
-Өнгөрсөн хугацаанд МАН, МАХН хоёр нийлж, АН-ын Засгийн газрыг огцруулна гэсэн яриа байсан. Энэ зөвхөн хэвлэл дээр гарсан яриа байв уу, эсвэл намуудын хооронд яригдсан зүйл үү?
-Аймаг сум нэгдэх тухай ярихаар дарга нар нь дургүй байдаг. Харин ард түмэн нь нэг их эсэргүүцээд байдаггүй. Намуудын нэгдэл, хагарал ч үүнтэй ижил. Бид МАХН нэрээ сольж, МАН болсон. Тэгэхээр МАХН бол бидний л үсэрсэн цус, тасарсан мах, бидний найз нөхөд, саяхан болтол хамт явж байсан л хүмүүс. Тиймээс ч одоогийн МАХН-д байгаа залуусаа би муу хэлддэггүй. Ойлгоод нэгдэх байх, ойлголцох болов уу гэсэн бодолтой л байна. Гэхдээ одоохондоо бол үүнийг олж харахгүй байна. Тодорхой асуудлууд дээр хамтраад явах болов уу л гэж бодож байна. Бие бие рүүгээ чулуу шидэж, нулимахаа больё л гэж хэлсээр ирлээ.
 -Танай намын залуус намаа шинэчлэх хөдөлгөөн байгуулсан гэсэн. Та сонсов уу?
 -Би энэ талын мэдээлэл багатай байна.
Т.ГЭРЭЛМАА

No comments:

Post a Comment