Friday, 25 January 2013

М.Мягмар: Баатар эрийн дүр бүтээх мөрөөдлөө биелүүлчихлээ

"Guys" хамтлагийн дуучин, жүжигчин М.Мягмартай migmarярилцлаа.
-“Ану хатан” киноны Галдан Бошигт хааны дүрийг та бүтээжээ. Энэ дүрийг бүтээсний дараа танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?
-Галдан хааны дүрийг оноож өгсөн нь киноны уран бү­тээлч­дийн надад үзүүлж буй том итгэл найдвар байсан. Нас залуу, туршлага багатай жүжигчинд тэр болгон олдоод байдаг боломж ч биш л дээ. Тийм болохоор түүхэн хаан хүний дүрийг бүтээх болсондоо би их баяртай байсан. Нөгөөтэйгүүр киноны бэлтгэл ажлын дараа надад санал тавьсан болохоор дүрийн судалгаа хийх хугацаа богино бол­сон. Үүнээс эмээж байлаа. Яагаад гэвэл бодитой, түүхэн хүний дүрд  цээжний пангаар тоглож болохгүй. Дүр­тэй­гээ болон өөртэйгөө ажиллах гээд олон асуудал гарч, тэр болгонд амжих болов уу, яах бол гэсэн айдас эргэлзээ төрж байсан. Гэхдээ тэр бүхнийг ам­жуу­лаад киногоо үзэгчдийн хүртээл болгочихсоны дараа бол сэтгэл уужраад сайхан байна л даа.
-Киноны бэлтгэл ажил хийгдсэн хойно танд дүрийн санал тавьсан гэж байна. Тэгэхээр магадгүй ГалданБошигт хааны дүрд өөр хүн тоглох гэж байгаад больсон юм болов уу гэж бодогдлоо?
-Тийм. Өмнө нь өөр хүн сонгогд­чих­сон байсан юм шиг билээ. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Би анх энэ киноны Сэнгэ хунтайжийн дүрд сонгогдсон юм. Дараа нь бас л Данжила баатрын дүр бүтээхээр болж өнөө маргаашгүй зураг авал­таа эхэлнэ гэж байтал гэнэт "За чи Галдан Бошигт хааны дү­рийг бү­тээх хэрэгтэй боллоо" гэж найруу­лагч маань хэлсэн. Нэгэнт л жү­жигч­ний мэргэжил эзэм­шээд явж байгаа хүний хувьд би саналыг дуртай хүлээж авсан.
-Галдан хааны дүрд ажиллахдаа та юуг чухалчилж байв. Өмнө нь бүтээж байсан бусад дүрээс нэлээд онцлог ялгаатай байсан байх л даа?
-Тэгэлгүй яах вэ. Галдан Бошигт хааны 27-53 насны үйл явдлыг хоёр цаг 45 минутын кинонд баг­таана гэдэг бол чамгүй хөдөлмөр байлаа. "Ану хатан" романд Ану хатны долоон нас, Галдан хааны 16 настайгаас үйл явдал эхэлдэг бол кинон дээр 27 наснаас үйл явдал эхэлж байгаа юм. Энэ нь Галдан хаан, Ану хатан хоёрын хайр дурлалын оргил үеэс киноны үйл явдал эхэлсэн гэсэн үг. Тэгэхээр кино маань хэдий уран зохиол, уран сайхны бүтээл ч гэсэн үйл явдалд гарч байгаа гол дүрүүд түүхэн бодит хүмүүс байсан гэдгээ­рээ миний тоглож байсан бусад дүрээс их ялгаатай байв. Галдан хаан газар шороо, эх нутгийнхаа төлөө тэмцэж, хор­воо­гийн эрээн бараан дунд төөрч явахдаа хайр дурлалтайгаа учирч байх тэр үед хаан хүний мөн чана­рын хувьд дотроо яг юу бодож байсан бол гэдгийг бодож олох, сэтгэлдээ урлах нь хамгийн хэцүү нь байсан. Энэ үйлдлийг хийж байхдаа ямар дүр төрхтэй байх вэ, гэр бүл, хайр дурлалаа нандигнаж буй тэр их хайрын цаана хаан хүний ямар далд гүн ухаан нуугдаж байгаа бол гэдэг ч юм уу оюуны хөдөлмөр л их байсан. Түүнээс биш баатрын хүнд төмөр дуулга зүүгээд морин дэл дээр давхих ч гэдэг юм уу биеийн хүчний хөдөлмөр бүхнийг бэрх­шээл гэж бодохгүй байгаа шүү. Тэр бол аливаа киноны уран бүтээлд гарч л байдаг хүндрэлүүд болохоос бэрхшээл биш юм.
-Галдан хааны дүрд таныг сонгохдоо зан байдал, гадаад төрх байдлыг чинь нэлээд харж байж сонгосон байх. Найруулагч, продюсер нар танд энэ тухай хэлэв үү?
-Тэд надад хэлэхдээ чиний гадаад дүр төрх, харагдах байдал чинь хаан хүний шинж төрөхөд таарч байна. Хоёрдугаарт дүрийн­хээ шинж байдлыг оюун санаан­даа бодож бясалгаж, тунгааж тог­ло­дог чинь их зөв юм. Галдан Бо­шигт хааны дүрд яг таараад байна гэдгийг л хэлсэн. Гэхдээ би таа­руулж тоглох гэхээсээ илүү Галдан хааны дүрийг сэтгэл зүй талаас нь ойлгож илэрхийлэхийг хичээсэн юм.
-Тухайлбал?
-Би түрүүн хэлсэн. Галдан хаан тухайн нэг үйлдлийг хийх үедээ яг юу бодож байсан бол. Энэ үед сэтгэл дотор нь ямар зөрчил бий болж байсан бол. Юу түүний сэтгэ­лийг хамгийн ихээр хөдөлгөж байв. Эсвэл Галдан хааны итгэл үнэм­шил нь юу юм. Яагаад тийм шийдвэр гаргав ч гэдэг юм уу. Дүрдээ орохыг тулд тэр хүнийг их судалж олон сайхан зүйлийг мэдэж авсан. Гэхдээ би өөрийгөө гайхал­тай төгс дүр бүтээчихлээ гэж хэлэхгүй. Яахав кино бүтээх нийт хуга­цаанд өөрийгөө дайчилж алдаа гаргахгүй ажиллахыг хичээсэн. Тэгсэн ч гэсэн киногоо үзээд сууж байхад бас дутуу ажилласан зүй­лүүд харагдаж л байна билээ.
-Танай хамтлаг албан ёсоор тарлаа гэж мэдээлээгүй ч хамтын уран бүтээл хийхгүй байна. Хамтлагийн бусад гишүүд юу хийж яваа вэ?
-Өө тэд маань бүгд л урлагийн салбартаа ажиллаж байна. Бид СУИС-ийн кино драмын ангийг дүүргэсэн. Тиймээс тус тусынхаа уран бүтээлийг хийж байна. Зарим нь кинонд тоглож, зарим нь кино найруулж байгаа.
-"Guys" хамтлаг уран бүтээл хийхээ больсон шалтгаан юу вэ?
-Бид нэг баг хамт олон байж, нэгэн зорилгын дор нэгдэж чаддаг байсан. Гэхдээ бид чинь бас бие хүн, хувь хүмүүс болохоор тус тусын амьдралын зорилго  өөрчлөгдсөн нь нөлөөлсөн болов уу. Бүгдээрээ гуч гарцгаачихлаа.  Гэтэл бидний дууны стиль үглэх.  Тэгээд ч энд тэнд үглэж дуулаад яваад байх уу эсвэл өөр өөрсдийнхөө хүссэн замаар явах уу гэсэн сонголтын асуудал байгаа юм. Манай хамтлагийн салсан шалтгаан нь яг энэ юм гээд ганцаа­раа тодорхойлчих боломжгүй л дээ. 
-Хамтлагууд 10 эсвэл 20 жилийн ойгоороо нэгдэн нийлж, дахин тайзнаа тоглолт хийдэг. Харин “Guys” хамтлаг хэзээ дахин тайзнаа гарах бол?
-Нэгэнт бид залуу насныхаа эрч хүчээр нэгдэн нийлж дахин тогтвортойгоор дууны уран бүтээлээ хийж чадахгүйгээс хойш ойн тоглолт хийгээд яах билээ дээ. Тиймээс удаан хугацаанд чимээгүй байж байснаа хамтлагийнхаа ойгоор эргэн нийлж нэг тоглолт хийгээд таг болдог хамтлагуудын жишгээр бид явахгүй байх. Ойгоороо далимдуулж мөнгө олох гэсэн юм шиг гэсэн яриа гарах болж. Тэгэхээр манай хамтлаг байгуулагдсанаасаа хойш 16 жил болж байна."Guys" хамтлагийн нэр хүндийг өргөх гэж бидний залуу нас шатсан. Тиймээс одоо тэр сайхан дурсамжуудаа тухайн цаг үед нь үлдээе. "Guys"-ийн эрч хүчтэй цоглог залуус хүмүүсийн сэтгэлд тэр л хэвээрээ үлдэг л дээ.      
-Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ. Дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Одоо бодоход би их багаасаа биеэ дасан хүүхэд байжээ. Бидний үенийхний бага нас яг л зах зээлийн нийгэм рүү шилжиж байх тэр үед өнгөрсөн. Тэгэхээр харьцангуй дархлаажсан хүүхдүүд байхгүй юу. Амьдралын хатуу ширүүн бүхнийг туулаад гарах чадвартай, сэтгэлийн хаттай дархлаажсан хүмүүс бол өнөөгийн залуус гэж ойлгодог юм. Биднийг бага байхад өнөөгийх шиг бэлэн зэлэн юу хүссэнээ аваад идэж чаддаггүй байлаа. Өнөөдөр хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх дуртай РС тоглоомын газар гэж байсангүй. Бүхнийг өөрсдөө хийж өөрсдийнхөө хүчээр амьдарч ирсэн. Тиймээс хүүхэд насны аз жаргалтай дурсамж дүүрэн цаг мөч гэхээсээ илүү амьдралын төлөөх тэмцлийн үе байжээ гэж би бодож явдаг юм. Гэхдээ мэдээж аав ээж, ах дүүстэйгээ өнгөрүүлсэн гэгээн сайхан дурсамжууд байлгүй яах вэ.
-Жүжигчин хүний мөн чанар, зайлшгүй хийж гүйцэтгэх ёстой ажил үүрэг нь юу байдаг юм бол?
-Жүжигчин хүний чадварлаг эзэмших ёстой зүйл нь үгээр урлах. Тэр тусмаа монгол хэлэнд ижил бичигддэг хэрнээ олон салаа утга илэрхийлдэг үг олон бий. Тэр бүхэнд нэг өнгө тон алдах л юм бол хүнд буруу утгаар очиж болох учир үгээр урлаж тухайн үгний нугалааг сайн гаргаж чаддаг байх нь нэн тэргүүний үүрэг болов уу. Би бол СУИС-ийг төгссөн мэргэжлийн жүжигчин хүн. Гэтэл өнөө үед гарч байгаа маш олон кинонд мэргэжлийн бус хүмүүсийг тоглуулж байна. За яах вэ мэргэжлийн бус хүн харагдах байдлаасаа тухайн дүрд тохирох нүүр царай бие бялдартай байж болно. Гэхдээ дүр илэрхийлэх гэдэг чинь зүгээр харагдах байдлыг хэлэхгүй шүү дээ. Дотоод сэтгэлийн үг, биеэр үйлдэгдэж буй үйлдэл, мэдрэмж   цогцолж байж тухайн дүрийг илэрхийлэх илэрхийлэл болдог. Тэгэхээр мэргэжлийн бус хүмүү­сийн тоглосон кинонд дүрийн илэрхийлэл гэдэг юм маш муу байдаг. Ийм мэргэжлийн бус жүжигчин тоглуулсан кино сүүлийн үед олноор хийгдэж байна. Гэвч чанаргүй кино болгоны цаана мэргэжлийн жүжигчний нэр хүнд унаж байдаг. Бүр цаашилбал СУИС-ийн кино драмын анги гэж байгаад ямар хэрэг байна гэж хэлмээр санагдаад байдаг юм. 
-Таны дотор ямар дүр бүтээх чин хүсэл байдаг вэ?
-Баатар эрийн дүрийг бүтээх юмсан гэж бодож явдаг байсан л даа. Тэгээд  Галдан Бошигт хааны дүрийг бүтээснээрээ миний мөрөөдлийн нэг нь биелчихлээ. Гэхдээ би гол дүрийн баатар эр гэж бодож байсан. Энэ кино маань Галдан хааны тухай биш, Ану хатны тухай кино. Тиймээс дараа өөрийнхөө яг хүсэж байгаа гол дүрийн баатар эрийн дүрийг бүтээх цаг ирнэ байх.
-Таныг "дөрвөн эхнэртэй" гэх юм?
-Жүжигчин хүнд дөрөв байтугай л байх юм байна шүү дээ. (Инээв) Яахав Ану хатангийн дүрд тоглосон жүжигчин Д.Отгонжаргал, Галдан хааны бага хатан Ахайд тоглосон Б.Бадамцэцэг гэж хоёр бүсгүй бий. "Ану хатан" кинонд гэхэд л би хоёр эхнэртэй болчихож байгаа юм. Мөн "Төрийн дайсан" киноны гол дүрд тоглоход жүжигчин Н.Долгор гэж бүсгүй бас миний гэргий болж тоглосон юм. Кино уран бүтээлийн гурав, гуйж авсан нэг эхнэртэй, нийтдээ дөрвөн эхнэртэй хүн гэж хүмүүс намайг цаашлуулдаг юм аа.
-Та гэр бүлийнхээ тухай ярихгүй юу?
-Тийм шүү. Манай гэр бүлийн тухай мэдэх хүн олон байгаа болов уу. Яагаад гэвэл "Төрийн дайсан" кинонд тоглосны дараа "25 дугаар суваг" телевизийн "Танайд хоноё" нэвтрүүлгийн баг манайд хоносон. Тэр нэвтрүүлгээс миний амьдралын хэв маяг, гэр бүлтэй минь үзэгчид танилцсан байх. Маш олон хүн үзсэн байсан. Тиймээс би энэ удаа гэр бүлийнхээ тухай ярихгүй. Харин эхнэрийнхээ тухай хэдэн үг хэлэхэд ёстой л надад заяасан хүн дээ. Уран бүтээлийн ажлыг минь ойлгож, урам хайрлаж, ар гэрийн бүхий асуудлыг зохи­цуулж өгдөг. Цаг наргүй ажиллаж явахад намайг маш сайн ойлгож хоол унд, өмсөж зүүх бүхнийг минь бэлдэхийн зэрэгцээ бие организмыг тэнцвэрт байдалд минь үргэлж санаа тавьж явдаг.  Би эхнэрийгээ хэр баргийн аавын хүүд олдохгүй сайн гэрийн эзэгтэй гэж бодож хайрлаж явдаг юм.
-Та хүүхэдтэй юу?
-Удахгүй аав болох гэж байна. Би хүний амьдралд тохиолддог зүйлсээс олон юмыг үзсэн хүн. Үзэж амжаагүй яваа цөөхөн хэдийн нэг нь аав болох. Миний хувьд аав гэдэг бол тэнгэрлэг ертөнц байдаг. Одоо өөрөө тэр тэнгэрлэг ертөнцийн нэг болох гээд битүүхэн дотроо догдлон хүлээж  байна. Энэ дашрамд танай сониноор уламжлахад үзээгүй зүйлийг минь үзүүлж, намайг аав болгох гэж бие сэтгэл, хамаг бүхнээ надад зориулж буй гэргий Д.Туулдаа баярлалаа, чамдаа маш их хайртай шүү гэж чин сэтгэлийн үгсээ уламжилъя.
Г.ЛХАГВАДОРЖ

No comments:

Post a Comment