Монгол улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Ашигт малтмалын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг тайлбарлаж байна.
Монгол улс геологи, уул уурхайн салбартаа ямар шинэ бодлого баримтлахыг дэлхий ертөнц сонирхон харж байна. Үндэсний хөрөнгө оруулагчид ч анхааралтай хүлээж байгаа билээ. Хуулийн үзэл баримтлалыг тайлбарлана уу.
Монгол улс геологи, уул уурхайн салбартаа баримтлах үндсэн зарчмыг Үндсэн хуульд суулгасан байдаг. Газрын хэвлий, түүний баялаг Монголын ард түмний мэдэлд, Төрийн хамгаалалтад байна хэмээн заасан. Төр өмчилж, тэрхүү баялгийг хамгаалдаг. Уул уурхайн салбарт дэлхийн хэмжээний томоохон хөрөнгө оруулагчид, ялангуяа энэ салбарын брэнд болсон хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх нь чухал. Учир нь тэдний өндөр технологиор байгаль орчинд аюулгүй, хор хөнөөлгүй байдлаар уул уурхайн үйл ажиллагааг хөгжүүлэх нь Монгол улсын баримтлах том зарчим. Ашигт малтмалын тухай хуулийн концепци яг энэ зарчим дээр зангидагдаж байгаа. Өөрөөр хэлбэл төр өөрөө өмчилнө, төрийн өөрийн хяналт оролцоо байна. Ингэхдээ бизнесийн зарчмыг хүндэтгэн, иргэдийн оролцоог мөн өндөр байлгах явдал юм.
Төрийн оролцоо ба хяналтын хэлбэрээр явна гэж Та онцоллоо. Төрийн оролцоо тухайлбал 34, 51 гэсэн тоо бүхий хувь эзэмшил байхаа больж, хяналтаар илэрхийлэгдэнэ гэсэн ерөнхий зарчим байна. Гэтэл хуулийн төслийг уншихад Төрийн оролцоо асар нэмэгдэх, аж ахуйн үйл ажиллагааны шат дамжлага болгонд оролцох, тухайлбал зөвшөөрлөөр хязгаарлах зэрэг хүнд суртал нэмэгдэхээр харагдаж байна?
Хуулийн орчин тодорхойгүй үед зөвшөөрөл олгодог систем нь тун ерөнхий байдаг. Ерөнхий байх үед нарийн ширийн харилцаа зохицуулагдаагүй сул орон зай дотор эрх мэдлийг хэрэгжүүлэгчдийн дур зоргоос бүх зүйл хамаарч, өөрийн үзэмжээр хуулийг тайлбарладаг, хэрэглэдэг. Агентлаг, төрийн байгууллагууд хуулийг хэрэгжүүлэх журам дүрмийг боловсруулахдаа байгууллагынхаа хүсэл зорилгыг илэрхийлсэн агуулгаар хийдэг учир эргээд иргэд, хөрөнгө оруулагчдыг бухимдуулдаг.
Тэгвэл хуулийн шинэ төсөлд асуудлыг нэг бүрчлэн, маш тодорхой зохицуулахыг эрмэлзсэн юм. Төрийн өмнөөс тодорхой хяналт тавьж, эрх мэдлийг хэрэгжүүлж буй хүмүүс өөрсдийн субьектив байдлаар, хувийн үзэмжээр асуудалд ханддаг, хүнд суртал гаргадаг, хуулийг дураар тайлбарладаг явдлыг хязгаарлана гэж харж байна. Өмнөх хуультай харьцуулахад илүү дэлгэрэнгүй, тодорхой, процессын шинжтэй болсон. Энэ нь зарим хүмүүст магадгүй хүнд сурталтай, төрийн оролцоо хэт их юм шиг харагдуулж байж болзошгүй.
Хуулийн зохицуулалтад эрх ашиг нь хөндөгдөж буй нэг оролцогч нь иргэн, олон нийт. Тухайлбал, орон нутгийн иргэдийн эрх мэдлийг төсөлд ямар зарчмаар хангасан бэ?Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авч буй бол эхний ээлжинд тухайн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь зөвшөөрөл өгөхөөр туссан. Тухайн сумын иргэд нь зөвшөөрөхгүй бол тэнд дөрвөн жилийн хугацаанд лиценз олгогдохгүй гэсэн үг. Ийм зохицуулалт эхний үед хүндрэл бэрхшээл дагуулж магадгүй. Гэхдээ зэргэлдээ сум нь эдийн засгийн хөгжлөө алсын хараатай тооцоолон лиценз олгоод, улмаар хөгжил дэвшилд хүрээд ирэхээр утга учиргүй хориглодог хандлага нэг талаасаа халагдах байх.
Нөгөө талаас, уул уурхайн компаниуд орон нутгийн дарга нарт хээл хахууль өгдөг байдал үгүй болно. Орон нутагтай Компанийн хийх Гэрээг маш тодорхой болгож, загварыг холбогдох Яам нь баталдаг болно. Ингэснээр уул уурхайн компаниуд ба орон нутгийн иргэд хоорондоо ойлголцох, хамтарч ажиллах гүүр нээгдэнэ. Мөн Уул уурхайн яам бодлого төлөвлөдөг газар болох юм. Төлөвлөж чаддаггүй, замбараагүй лиценз олгогдсоноор орон нутгийн иргэд бухимддаг шүү дээ. Төрийн бодлого үгүй мэт урсгалаар явдаг байдлыг халж, ямар хэмжээний талбайд тусгай зөвшөөрөл олгох талаар Уул уурхайн яам урьдчилаад зарладаг, тодорхой бодлоготой болох юм. Зарлагдсан талбайд лиценз олгогдохоор цэгцтэй, төлөвлөлттэй болж ирнэ.
Уул уурхайг хөгжүүлж, хөрөнгө оруулагчдыг татах таатай боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Нөгөө талдаа иргэдийнхээ оролцоо хангах ёстой. Ийм чухал гүүрийг өмнөх хууль хийж чадаагүй. Орон нутгийн иргэд, уул уурхайн хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжийг хооронд нь холбох механизмыг төр хийж чадаагүйгээс дунд нь авлигал цэцэглэж, хүнд суртал бий болсон. Үндсэн хуулийнхаа зарчмыг хангаж, хөрөнгө оруулагчдыг эрүүл зөвшилцөлд оруулж, уул уурхайн салбар зөв хөгжихөд том алхам болж чадах болов уу гэж хуулийн төслийг харж байна. Мэдээж хэлэлцүүлгийн явцад үнэтэй саналууд гарах байх. Төслийг аль болох өргөн хүрээнд хэлэлцэж батлах нь зөв.
Орон нутагт иргэний оролцоо хэр бодитой байна гэж Та үздэг вэ?
Иргэдийн мэдлэг чадвар, ардчиллын боловсрол дутуу гээд эрх мэдлийг нь өгөхгүй байх юм бол хөгжиж чадахгүй яваад л байна. Тиймээс эхний удаад, тодорхой хэмжээнд иргэдийн өөрсдийнх нь шууд оролцоотой байх тэр эрхийг нээж өгье. Мэдээж гурав, дөрөв дэх жилээс зөв гольдролдоо орно. Ийм зөв системтэй болоод ирэхээр хэн нэгэн даргаас хамааралгүй эрүүл тогтолцоотой болно.
Нөгөө талаас, тухайн компанид уул уурхайн үйл ажиллагаа явуул гээд төр нэгэнт лиценз олгосон бол ажлаа хийх нөхцөл боломжийг нь хангаж өгөх хэрэгтэй. Лиценз олгосон гээд хаячихаж болохгүй. Төрийн зүгээс бодлогоо гаргаж, хяналтаа тавина. Гэхдээ бизнес хийх гэж байгаа компаниудад боломжийг нь нээе гэсэн зарчим туссан. Тухайлбал, компаниуд анхны гаргасан хөрөнгөө нөхөх хүртэл татварын хөнгөлөлт чөлөөлөлт өгөх зэрэг таатай боломжийг хангах зохицуулалтууд бий.
Энэ хуулийн концепци нь уул уурхайн салбарт брэнд болсон дэлхийн хөрөнгө оруулагчдыг Монголд оруулж ирэх явдал гэж Та дурдсан. Гэтэл том, хариуцлагатай хөрөнгө оруулагч орж ирэх бололцоо хэр нээлттэй байгаа вэ? Ялангуяа компанийн 75 хувийг заавал Монгол хүн эзэмшинэ гэдэг заалт том хөрөнгө оруулагчдын замыг хааж байгаа бус уу?
Монголын аж ахуйн нэгжүүдэд өсч бойжих, уул уурхайн салбарт тодорхой хэмжээний өрсөлдөгч болох таатай нөхцөлийг бүрдүүлье гэсэн зарчим бий. Гэхдээ нөгөө талаас гадаадын уул уурхайн брэнд болсон томоохон компаниудтай хамтран ажиллах боломж ч бас хуульд туссан. Дотоодын компаниуд дангаараа явах юм бол мэдээж дэлхийн хэмжээний компаниудтай өрсөлдөх туршлага, хөрөнгө байхгүй. Дан ганц гадны том хөрөнгө оруулагчдыг оруулж ирнэ гэхээр үндэсний хэмжээний аж ахуйн нэгжүүд маань хөл дээрээ босч, тэр хэмжээнд өрсөлдөж чадахгүй. Тэгэхээр энэ хоёр талыг хэрхэн тэнцвэртэй байлгах вэ гэсэн асуудлыг хуулиараа аль болох зохицуулж өгөхийг эрмэлзсэн.
Хуулийн төсөл батлагдах боломжит хугацааг Та хэрхэн харж байна вэ?
Одоогоор урьдчилж хэлэх боломжгүй байна. Бидэнд энэ хуулийн төслийг удаахгүйгээр өргөн барих хүсэл сонирхол байна. Гэхдээ Ашигт малтмалын тухай хууль гэдэг бол Монголын геологи, уул уурхайн салбарын хөгжлийг тодорхойлох, Үндсэн хуулийн дараа орохуйц хэмжээний хууль учир нухацтай хандах ёстой. Бидний өмнөх алдаа оноо байгаа учир сайтар хэлэлцэж, өмнөх хуулийнхаа алдаа дутагдлыг эргэн харж байж хуулийн төслөө өргөн барья гэсэн эрмэлзэл бий.
Маш олон харилцааг хамарсан, дагалдах 30 гаруй хуульд өөрчлөлт оруулах том төсөл болжээ. Төслийг хоёр жил гаруйн хугацаанд боловсрууллаа. Та хуульч хүний хувьд хуулийн төслийг боловсруулж буй энэхүү жишиг, стандартын давуу талыг хэрхэн илэрхийлэх вэ?
Өмнө нь Монголд батлуулах гэж байгаа хуулиа олон түмэн, ашиг сонирхол нь хөндөгдөх хүмүүс, нийгмийн бүлэглэлүүдийг оролцуулан ийм өргөн хүрээнд хэлэлцэж байгаагүй юм. Батлуулахаас нь өмнө томоохон хэмжээний хэлэлцүүлэг хийнэ гэдэг бол Монголд цоо шинэ хандлага. Хуулийн хэлэлцүүлэг улстөрчид, жирийн иргэн, хөрөнгө оруулагчдад бүгдэд нь нээлттэй. Гэхдээ аль болох нэг талыг давамгай байлгахгүй, тэгш оролцоог хангах үүднээс хэлэлцүүлгийг зохион байгуулагчид анхаарч ажиллалаа. Эдгээр нь аливаа хуулийг өргөн барих, шинэчлэх, боловсруулах чиглэлээр хийж буй томоохон өөрчлөлт, шинэ хандлага, өөр стандарт гэж харж байна.
No comments:
Post a Comment