Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өчигдөр "Eagle" телевизээс зохион байгуулсан хэлэлцүүлэгт орсон юм. Хотын захиргаа энэ ням гаригт "Буруу талдаа жолоотой автомашиныг ням гаригт явуулахгүй байя" гэдэг асуудлаар дахин санал асуулга явуулах юм байна. Ингэхдээ иргэдийн утас руу мессеж илгээж, саналыг нь авах гэнэ. Энэ хүрээнд ярилцлага өрнөсөн юм. Хэлэлцүүлэгт "Өдрийн сонин", NTV, C1, MN25, UBS телевиз, Үндэсний шуудан сонины сэтгүүлчид оролцож асуулт тавилаа. Ярилцлагыг тоймлон хүргэж байна.
-Буруу талдаа жолоотой машиныг явуулахгүй байя гэдэг санал асуулгыг дахин явуулна гэхэд иргэд яаж хүлээж авч байгаа бол. Танд ямар нэгэн хандлага мэдэгдэж байна уу?
-Өнгөрсөн нэгдүгээр сарын 3-5-ны хооронд санал асуулга явуулаад үзсэн юм. Гэхдээ үндэслэлээ сайн танилцуулалгүйгээр явуулчихсан юм билээ. Ингээд 100 мянган хүний дунд санал асуулга явуулахад 18.8 хувь нь оролцож хариу өгсөн. Тэдний 74.5 хувь нь буруу талдаа жолоотой машиныг ням гаригт явуулахгүй байх шийдвэрийг эсэргүүцсэн. Тиймээс яагаад буруу талдаа рультэй машиныг хөдөлгөөнд оруулахгүй гээд байгаа шалтгаанаа сайн тайлбарлаад дахин санал хураалт явуулахаар болсон.
-Дахиад санал хураалт явуулаад ямар үр дүнд хүрнэ гэж тооцоолж байгаа юм бэ?
-Үндэслэлээ нэг сайн тайлбарлаад орхиё. Сүүлийн үед авто ослын хэмжээ нэмэгдээд байгаа. Энэ нь хурд хэтрүүлсэн, согтуугаар жолоо барьсан зэрэг олон шалтгаантай. Энэ шалтгаануудыг эрэмбэлээд үзэхээр буруу талдаа жолоотой машин осол гаргах нь их байна. 2010 он гэхэд зам тээврийн осол гаргасан машины 50 гаруй хувь нь буруу талдаа жолоотой байсан. Одоо энэ тоо 60 хувьд хүрээд явж байна шүү дээ. Буруу талдаа рультэй машин осол аваарын хэмжээг нэмэгдүүлэх хамгийн том шалтгаан болчихсон байна. Нөгөө талаар манайх баруун гарын жолооны дүрэмтэй. Ийм байхад зүүн талдаа жолоотой машин барих нь хэр нийцтэй юм гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр хууль дүрмээ биелүүлэх шаардлага тулгарч байна. Түүнчлэн нийслэл хотод өдөрт 150-300 машин шинээр замын хөдөлгөөнд орж байна. Энэ бол Гадаад харилцааны яамны баруун талын замыг дүүргэх хэмжээний машин хөдөлгөөнд орж байна гэсэн. Тиймээс түгжрэл улам нэмэгдэж, дугаар хязгаарлаад ч түгжрэлийг сааруулж чадахгүйд хүрчихлээ. Ингээд үндсэндээ бид Цагаан сараар тэг зогсолт хийхдээ хүрчихээд байгаа учраас буруу талдаа жолоотой машиныг бид хоёр нэг өдөр явуулахгүй байя гэж нийслэлийн иргэдээсээ дахин дахин гуйгаад байгаа юм.
-Нэгэнт иргэдийн олонхи нь буруу талдаа жолоотой машин унаж байгаа. Цөөнх нь зөв талдаа рультэй машин барьдаг. Тиймээс олонхийн эрх ашгийг тэргүүнд тавьж, жолооны дүрэмдээ өөрчлөлт оруулчихаж болохгүй юм уу?
-Ийм зүйл ярьж байгаа. Буруу талдаа жолоотой машин нийт автомашины 60, 70 хувийг эзэлж байгаа гэсэн зүйлийг ч хүмүүс хэлдэг. Гэхдээ энэ бол зүгээр нүдний баримжаагаар авсан тоо юм билээ. Албан ёсны тоог нь хэлээд өгье. Нийслэлийн нийт автомашины 48.9 хувь нь буруу талдаа жолоотой юм билээ. Тэгэхээр баруун, зүүн талдаа жолоотой машины хэрэглээ манайд тавь тавин хувь байна гэсэн үг. Яг одоогийн байдлаар зөв талдаа жолоотой машин барьдаг хүмүүс олонхи байгаа шүү. Харамсалтай нь энэ хүмүүс санал асуулгад идэвхгүй оролцсон.
-Гэхдээ санал асуулгад оролцсон иргэдийн олонхи нь эсэргүүцээд байхад заавал энэ шийдвэрийг гаргах гээд байгаагийн цаана Солонгосоос машин оруулж ирдэг бизнесийнхэн, улстөрчдийн ашиг сонирхол байгаа юм биш биз гэж хардахад хүргээд байна л даа?
-Тийм эрх ашиг байхгүй. Тэгээд ч би ийм зүйлд хөтлөгдөөд байдаг хүн биш. Энэ тал дээр эргэлзэхгүй байж болно.
-Япон машин авснаараа иргэд хохирчих гээд байгаа тал бий. Ийм айдас ч иргэдэд байгаа. Энэ тал дээр яаж анхаарах вэ?
-Нэг л өдөр буруу талдаа жолоотой машиныг явуулахгүй гэсэн юм шүү дээ. Үнэнийг хэлэхэд би бүгдийг нь ойлгож байна. Ийм санал гаргасныхаа төлөө олон хүнд зэмлүүлж байна. Манай намынхан ч буруутгаж байгаа. Дарамт их бий. Гэхдээ би хотын дарга болохдоо иргэдийн оролцоотойгоор шийдвэр гаргана" гээд хэлчихсэн. Тэр жишгээрээ явж байна. Дэлхий нийтэд түгжрэлийг сааруулахын тулд нэг л арга хэмжээ авдаг юм билээ. Тэр нь автомашин хэрэглэгчид тодорхой замаар явахдаа төлбөр төлдөг юм билээ. Үүнийг манайх хэрэгжүүлье гэхээр ядуу иргэдэд цохилт болох гээд байна шүү дээ. Тиймээс болж өгвөл үүнээс зайлсхийсэн арга сонгочихоод, түгжрэлийг сааруулах гээд ядаад байгаа нь энэ шүү дээ. Цаашдаа түгжрэлээс ангижрахын тулд нийтийн тээврийг гарын дор болгох хэрэгтэй байна. Удахгүй дэлгүүрүүдийн үүдэн дээр дугуй, цахилгаан машин тавимаар байна. Иргэд карт уншуулаад тэр унаанаас сонгоод унаад явдаг хэмжээнд очмоор байна. Гэхмэтчилэнгийн олон арга бодож байгаагийн нэг нь энэ юм. Энэ саналыг иргэд дэмжээд хэрэгжээд эхэлбэл буруу талдаа рультэй машин барьж байсан хүмүүст дэмжлэг үзүүлье. Буруу талдаа жолоотой машиныг зөв рультэй болгодог үйлдвэр байдаг гэх юм билээ. Хамаа алга тэрийг нь оруулаад ирэх тал дээр ч харъя гэсэн бодолтой байна.
-Дахин санал хураалт явуулах журам нь ямар байх юм бэ. Өмнө нь санал асуулгад хамрагдсан 100 мянган хүнийхээ дунд дахиад санал хураачих юм уу?
-100 мянган хүнээс цааш хэтрэх техникийн боломж ч байхгүй байх. Нөгөө 100 мянган хүн рүүгээ санал асуулгын мессежээ явуулахгүй өөр хүмүүсээс асуувал зориуд бэлтгэсэн хүмүүсээ санал асуулгад оруулж дэмжүүллээ гэдэг шүүмжлэл өрнөнө шүү дээ.
-Энэ сэдвээс өөр нэг зүйл асуух гэсэн юм. Та бол ардчиллын баатар. Энэ жил ардчилсан засаг гарч ирээд харгис шийдвэрүүд гаргаж байна. Тухайлбал, сайтын сэтгэгдлийг хатуу хяналттай болгоно, кабелийн телевизүүдийг хаана гэж байна. Хэвлэлийн эрх чөлөөний хуульд өөрчлөлт оруулахдаа хэвлэлийн редакцийг эздээс нь салгана гэх зэргээр дарамталсан шийдвэрүүд ар араасаа гаргаж байна. Та үүний төлөө ардчиллыг бий болгох гэж 20 жил зүтгээгүй биз дээ?
-Үнэнийг хэлэхэд манай дээд түвшинд хийгдэж байгаа зүйлүүдийг хараад үнэхээр сэтгэл зовж байна. Ерөнхийлөгч бид хоёр уулзаад "Яана аа бидний тэмцэж явсан зүйлүүд өнөөдөр хааччихав аа" гэж яриад л байгаа. Үнэндээ өнөөдрийг хүртэл бид юуны төлөө тэмцэж явсан бэ гэдэг асуулт эндээс гарч байна. Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөө, бизнесийн эрх рүү төр дайрч байна. Хүний өмч хөрөнгө рүү дайрч байна. Хүмүүст ийм дээрэнгүй хандаж болохгүй. Юу гэнэ вэ тэр Ж.Батзандан. Гадаад эхнэр, нөхөртэй байвал яана гэсэн бэ. Үүнийг сонсоод би бүр гайхаж цочоод сууж байна. Хэвлэлийнхнийг хянана гэнэ. Редакцийг эзнээс нь салгахаар юу болох юм. Хэвлэл мэдээллийнхэн мэргэжлийн үйл ажиллагаанд түшиглэж энэ ажлаа бизнес болгон ашиглаж эхэлсэн. Тиймээс ч хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо улам нэмэгдэж байна. Өрсөлдөөн бол мэргэжлийн ур чадварыг өөр түвшинд аваачдөг сайн талтай. Арван жилийн өмнөх хэвлэлийг өнөөдрийнхтэй харьцуулаад үзээрэй. Чанарын шал өөр түвшинд очсон байгаа. Харамсалтай нь өнөөдөр төр стандарт жишиг тогтоож өгөх үүргээсээ хальж, тухайн байгууллагын менежмент рүү хутгалдаж, юу хийхийг нь зааж ч байх шиг. Юу болоод байна аа. Бид ийм ардчиллыг хүсээгүй шүү дээ" гэсэн юм. Тэрээр хэлэлцүүлгийн төгсгөлд "Буруу талдаа рультэй машинаар бүгдээрээ нэг л өдөр явуулахгүй байя. Ингэж түгжрэлээ сааруулъя" хэмээн дахин гуйсан юм.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ
No comments:
Post a Comment