Thursday, 17 January 2013

Г.Мягмарнаран: Болдог бол эхнэртээ Ардын жүжигчин зүүлгэж ачийг нь хариулах сан

Монголд анх удаа бүсгүйчүүд хамтран томоохон түүхэн киног бүтээлээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” романыг кино зохиол болгож, найруулж, гол дүрийг нь бүтээхэд бүсгүйчүүд голлон ажилласан. “Шүүдэр продакшн”-ы бүтээл “Ану хатан” түүхэн кино дэлгэцнээ гарахад бэлэн болжээ. Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнарантай ярилцлаа.

-Түүхэн кинонд олон сайхан дүр бүтээснээрээ та Монголын ард түмний зүрх сэтгэлд уяатай үлд­сэн жүжигчдийн нэг мөн. Улсаас ямар нэг туслалцаа авалгүй бүсгүйчүүлийн ухаанаар бүтсэн кинонд та сайхан дүр бүтээжээ. Бага хаадын тухай өгүүлсэн түүхэн кино бүтээх санаа яаж төрсөн юм бол?
-Зохиолч Б.Шүүдэр­цэцэг 2011 онд анх “Ану хатан” романаа жүжгийн зохиол болгож амьдруу­лахад би дүр бүтээж бай­лаа. Анх удаа театраас бус хувийн хэвшлийн эмэгтэй голдуу хүний санаачла­гаар тэр түүхэн жүжгийг тавьсан.
Тэр үед би Шүү­дэ­рээд жүжгээ кино зохиол болговол ямар вэ гэж ухаандаа түүнийг өдөө­сөн хэрэг л дээ. Найруулаг­чаар нь Баатар ажиллаж жүжиг маань цаг үеэ мэдэрсэн их аятайхан тавилттай болсон. Яахав, театрын жүжиг явцуу хүрээнд, хязгаарлагдмал нөхцөлд тоглодог. Харин кино бол нэг орой 21 аймагт зэрэг гарч чадах, хэдэн ч удаа, хаана ч үзүүлж, харуулж болдгоо­роо жүжгээс давуу юм. Монголд олон хаан төр барьж байсан. Тэр дундаа бага хаадын тухай кино бараг л байхгүйтэй ижил. Галданбошигт хааны тухай хүмүүс ч зоригтой барьж авч дорвитой бүтээл хийдэггүй. Хийсэн тохиол­долд Галдан талаасаа явдалтай. Өндөр гэгээн талаасаа өмгөөлөлтэй. Төв халхынхан Түшээт ханаа гэх мэтээр өөр өөрийн түүхийг хамгаалдаг зөрчилтэй сэдэв.

-Эртний хатан зоригт монгол эмэгтэйн тухай кино таны хувьд нийгэмд, олон нийтэд ямархуу мэс­сэж өгнө гэж төсөөлөв. Жүжигчид кинонд дүр бүтээж тэр хэрээрээ оюу­ны цараа нь тэлдэг. Элдэв бодрол, ухаарал таны дотор тулалдан оршдог болов уу?
-Хайр сэтгэл, эр нөхөр үр хүүхдийнхээ төлөө үхэж болох амьтай чин зоригтой монгол эмэгтэй түүхэнд байсныг киногоороо харуулахыг зорилоо. Энэ нийгэмд үнэ­хээр дутагдсан, хөн­дөж болох сэдэв юм. Бид бахархаж болохуйц сэдэв мөн. Ийм сүрхий хатан зоригт бүсгүй түүхэнд хэд ч байсан юм. Таашгүй юм даа. Ану хатнаар хань, үр хүүхдийнхээ төлөө үхэж чадах амьтай бүсгүй хэд байгааг манай нийгмээс сөргүүлэн асууж болно. Хэнд ч гэсэн сургамжтай, сургаалтай, дуурайлалтай уран сайхны бус бодит дүр юм. Ану хатны дүрийг цааш нь задалж төрийн толгойд суусан бүсгүйчүүд зүгээ олог, өөрсдөөрөө бахархаг. Цөөхөн монгол­чуудад сургамж болж даяар монголчуудыг сэ­рээ­сэн дуудлагатай кино бүтээл юм. Монголоор бахархах олон сайхан зүйлийг энэ кинонд нэвт шингээж, мөнхөлсөн. Бага хаадын дотоодын тэмцэл, зөрчилдөөнөөс төрийн томчуулд хүртэл хичээл болох, сургамж авч нэгийг бодохоор өргөн сэдэв юм.


-“Мандухай цэцэн хатан” киног улсын зард­лаар бүтээснээс хойш ийм том хэмжээний түүхэн кино хийсэнгүй. Танай салбарыг төр нэг их тоодоггүй. Хойд эхийн сэтгэлээр хандаад байх шиг?
-Энэ киног үзээд төрийн томчуул ч бай, түмэн олон ч байсан тайз дэлгэцийн залуу уран бүтээлчдэд итгэл үзүүлж ямар ч том бүтээл хийлгэж болохыг нөгөө өнцгөөс харж болно. Манай төр засаг ч сүүлийн хориод жил эдийн засгийн хувьд ядуу, зүдүү байсан л байх. Одоо хөл дээрээ босчих­лоо. Уул уурхайгаас олж байгаа орлогоосоо бидэн рүү цацаасай. Бид алийн болгон бор зүрхээрээ урлаг, уран бүтээлд хандах юм бэ. Муусайн уран бүтээлчид энэ салбарыг чирч, өдий зэрэгтэй авч явна. Төр биднийг харах цаг болсон. Монгол Улс байгаа цагт соёл, урлагтаа хараагаа сунгаасай. Сая манайхан бодлого боловс­руулах яамтай болж би битүүхэндээ баяртай байна. Овоо доо.
 
-Олон бүсгүйтэй хамт ажиллахад танд ямар мэдрэмж төрөв. Ардын жүжигчин хүн биеэ нэлээд тооно биз?
-1986 онд Мандухайд тоглолоо, ах нь. Дараа нь Б.Балжинням найруулаг­чийн хийсэн “Мөнхтэн­гэрийн хүчин дор”, Л.Эр­дэнэбулган найруулаг­чийн “Үхэж үл болно” кинонд тоглосон би их азтай хүн. Дөрөв дэх том кино маань Ану хатан. Уран бүтээл бүр шинэ эрэл хайгуул, шинэ амьдралын эхлэл болдог. XIII, XV зууны түүхэн үеийн кинонд тоглолоо. Бага хаадын үе улам наашил­сан. Шинэ уран бүтээл, шинэ хүмүүс, шинэ зорил­го зорилт гээд бүхий л зүйл нь шинэхэн санагдсан. Ануд тоглоход ер алжаа­гаагүй. Өмнө нь жүжигт тоглосон учраас Ану, Галдан Бошигтын талаар ойлголтой болчихсон. Цорс, хошууд гэж юу байв гэх мэтээр мэдлэг, мэдээ­лэл тэлнэ. Хошуудынхан тэр үед хурлын байгуу­лалт­тай байсан юм байна лээ. Чуулган хан Очирт­цэцэн Галданбошигтын эцэгтэй дотны анд нөхөр, Цорс, Хошуудын хурлын нэгдүгээр хүмүүс.
Түүх сөхөхөд Ойрадын Эрдэнэбаатар хунтай­жийн хүү Галдан Бошигт (1644-1697) хаан Монго­лын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч байсан. Түүний хамгийн итгэлт, хамтран зүтгэгч нь түүх домгийн эзэн Ану хатан. 1671 оны үед Зүүнгарын хаант улсын хаан ширээг залгамжлагч Сэнгэ алаг­даж, дүү Галдан түүний орыг авч ахын бэлбэсэн хатан Ануг гэргий болгон суужээ. Ану хатны эцэг-Хошуудын Очирт сэцэн ханы хүү Галдмаабаатар (1635-1667) Ойрадын баа­тар эр байсан. Ану хатнаас хүү Сэвдэнбалжир, охин Юнчихай, Бум нар төрсөн. Далай лам Галданд Бошогт цол өргөмжилсөн тул Гал­дан Бошогт хаан хэмээн олноо алдаршсан юм би­лээ. Жүжиг тавьж байхдаа бид энэ бүх түүхийг судал­сан учраас дүр бүтээхэд надад хялбар байлаа.
Юм-Агас хатанд Ардын жүжигчин С.Са­ран­туяа, Очиртцэцэн ханд би тоглолоо гээд нэрлээд байвал барагдахгүй.

-Таны ярианаас жүжигчид маань зөвхөн тухайн өгсөн дүрийн үгийг тоть мэт цээжлэх бус харин ч түүх сөхөж үзэн мэдлэгээ зузаатгадаг сайн судлаач болдог бололтой?
-Тэр үнэн. Би одоо Амарсанаа, Чингүүнжав нарын түүхийг уншиж, судалж байна. Нүүдэлч­дийн соёл, ёс заншлыг бид бузгай сайн мэдэх учир­тай. Түүхчдийн судалгааг харьцуулна. Өөрийнхөө­рөө дүгнэнэ. Тэгж гэмээ нь хүссэн дүрээ бардам бүтээнэ.
Юм-Агас хатан Гал­данд “Миний хүү ээжээ­сээ хойш хатад олныг бүү аваарай” гэж захиж байсан. Нээрээ л олон хатнаас олон хүүхэд төрж, тэр хэрээр эрх мэдэлд шунаж хэрүүл, хагарал, бутралын үүд нээгддэгийг мэдэрсэн санагдсан. Тийм учраас Галдан хоёрхон хатан ёсолсон. Түүхээ мэдэхгүй бол бид юунд тоглож буйгаа мэдэхгүй мунхарна даа. Хойч үе маань киногоор дамжуу­лан түүхээ мэдэж аваг. Мандухай цэцэн хатныг хүүхдүүд үзээд Н.Сувдын дүрээр төсөөлдөг. Цогт хунтайжийн дүрийг Ца­гаа­ны Цэгмэдийн дүрээр иймэрхүү хүн байж гэж уран сайхны төсөөлөл авдаг. Жүжигчин хүн, уран бүтээлчид маань бү­тээлдээ шинжлэх ухаан­чаар ханддаг. Тэгж байж тэр үеийн түүхийг гуйвуу­лахгүй. Олон он цагийн өмнөх үеийн хүний үйл хөдлөл, харц, авирыг гар­гаж таарна. Кино урлагаар дамжуулан бид нийгмийг ухааруулж, хүмүүжүүлж соён гэгээрүүлдэг. Төр засаг дөрвөн жилд нэг удаа тендер зарлаж байгаад ч болов Монголын түүхээр том хэмжээний түүхэн бүтээл туурвидаг болоо­сой. Өлгөх сэдэв дэндүү их бий.

-“Ану хатан” ямархуу чансаатай кино болсон бэ. Таныхаар ямар дүн тавих бол?
-Кино судлаачид хэлэх биз. Миний хувьд зохиолч Б.Шүүдэрцэцэг, продюссер Д.Болдхуяг, ерөнхий найруулагч Т.Алтантуяа нартаа барялаж байна. Ялангуяа энэ хоёр бүсгүй гайхалтай хүмүүс. Эрчүүд заримдаа цалгардаж, наз­гайрах үе гардаг. Манай хоёр ажил­даа яс орно шүү. Богино хугацаанд энэ гайхалтай том бүтээлийг хийлээ.


-Ану хатны дүрд жү­жиг­чин бус дуучин Д.Отгон­жаргал тоглож залуу насны дүрээ кинонд мөнхөллөө. Та бүхэн хэр гар нийлэв?
-Би Анудаа хайртай. Тэр хүүхэд сайн тоглосон. Отгоо маань их азтай охин. Өөрийн авъяасаа сориод ийм том амжилт гаргана гэдэг чамлалтгүй. Олон урилга түүнд ирнэ дээ. Энэ киногоор Отгоо өөрийгөө нээсэн гэж хэлж болно. Хатан, хаан болох нь жү­жигчин бүрийн мөрөөдөл юм даа. Тэр мөрөөдлийг биелүүлж дээ. Юм-Агьсд тоглосон Ардын жүжиг­чин С.Сарантуяа маань надад их түшигтэй байсан.

-Танай киноны баг хэр нэгдэж ажиллав?
-Гайхалтай. Нэг гарт бид зангидагдаж чадлаа. Манай кинонд ер нь хамгийн, хамгийн хүмүүс л нэгдэн ажиллалаа. Зураг­лаач маань Хятадад боловсрол эзэмшсэн мун­даг залуу бий. Зураг авалт, зохиомж, өнгө, кадрын зохиомжийг та бүхэн очоод үзээрэй. Төгс болгоны шийдлийг чадлаараа шигтгэх гэж оролдсон. Ямархуу кино болсныг би хувьдаа таашгүй.


-Монгол кино нэгтгэл гэж улсын харьяаны байгуулага бий. Та бүхэнд нэмэр болов уу?
-Тэд тэгж тус, нэмэр боллоо гэж би лав дуу­лаагүй.

-Арилжааны телеви­зүү­дээр Солонгосын хат­дын тухай олон ангит кино хөврөөд л байдаг. Одоо­гийн хүүхдүүд Монголын түүхээс илүү Солонго­сынхыг мэдэж авч, сонирхож байгаа нь танд анзаарагддаг уу. Монго­лын ирээдүйн эмгэнэл юм уу даа?
-Солонгосын кино­нууд эх захгүй хөврөөд л байна. Их харамсалтай шүү. Би ч өөрийн бодлоо хамаагүй илчлэн их мунхаглана даа. Бидний хэлж ярьж байгаа зөв ч юм уу , буруу ч юм уу бүү мэд. Мандаж бадарсан олон төрт улсыг байгуулж Азийн төвгөр цээжинд оршиж байсан улс өвөг, дээд­сийн­хээ байгуулж байсан улс гүрнийг харж байхад, ай мөн сүртэй шүү. Өвөг дээдэс маань Төв Азиасаа халиад Европ руу орчихсон байж. Манай хаадын бай­гуулсан бунхан, хөшөө, дурсгалыг тухайн орон нь хэчнээн нандигнаж, түүхийг нь биднээс илүү мэдэж, бахархаж, хүн­дэлж, хамгаалж байхад бид юу болов. Юун Оюу­толгой вэ. Бид Монголын соёл иргэншлийн түүхийг ухаж түүгээр дэлхийг хөглөх юм бол гайхалтай зүйл мэт санагдах юм. Харийн соёлыг хүндэлж, харийн гэсэн бүхэн рүү хальтирч, бүлтэрч нүдээ хөхрүүлэх шаардлага ер байхгүй. Тун удахгүй дэл­хий нийт биднийг бишрэн шүтэх болно. Одоохондоо тэд бидний газар нутаг, баялгийг сонирхож байна. Ирээдүйд бидний соёлыг тэд улам их шимтэн харж, анхааралтайгаар ширтэнэ. Үүний суурийг манай эрдэмтэд ч тавьчихсан.


-Таныг зарим хүн тэтгэврийн насных гэж хардаг байх. Гэтэл та хүнтэй хэдэн үг солих чөлөөгүй урлагийн бүтээ­лийн захиалгад дарагдаж явах юм. Одоо ямар бүтээл туурвиж байгаа вэ?
-Оюутан, сурагчдын амралт болоод бид Парисийн Дарь-Эхийн сүм, Тэнгэрийн хүү, Гамлет жүжгээ тоглоод зав чөлөөгүй л явна. Авъяас тэтгэвэрт гардаггүй юм хойно, хүүхэд залуучуудаа театрт уях ажилтай сууна.

-Театр руу явах хүмүү­сийн урсгал нэг үеийг бодоход нэмэгдсэн юм уу даа?
-Бидний уран бүтээ­лийг үзэх гэж хүмүүс их ирдэг болсон. Театр гэдэг хошин шогоос шал өөр. Хүүхдээ сургуульд даатга­даг эцэг, эх олон болсон цаг. Та нар минь ядаж амралтаар нь хүүхдээ заа­вал үзвэр үзүүлж байгаа­рай. Таны үрдээ суулгаж чадахгүй эх оронч үзэл, бусдыг энэрэх сэтгэл, сайн муугийн ялгааг таниулж өгье л дөө, бид. Би дунд сургуульд байхдаа театрт үзвэр үзэж, дэлхийн сонгодог зохиолуудыг уншдаг байлаа. Тэндээс л би ирээдүйн хэн болох дүрээ олж авсан биз.


-Жүжигчдийг урьж түүх, уран зохиолын хи­чээ­лийг сурагчдад заавал илүү сонирхолтой юм биш үү?
-Бидэнд сургуулийн удирдлага хандаад түү­хийн хичээлийг хоёр цаг ороод өг гэж хүсч болно. Бид уран сайханжуулан тэдний төсөөллийг их сайн баяжуулж хичээлийг улам сонирхолтой болгож хоёр цаг байтугай “донгосно” шүү. Ийм нөлөөгөөр орчин үеийн хүүхдүүдийн мэд­лэг, мэдээллийг амьд, со­нир­холтой болгож яагаад болохгүй байгаа юм бэ. Бид үзүүлж, харуулах зураг­тайгаа лекц ч уншиж болно. Бидэнд хийх ажил­гүй ач, зээгээ тэврээд гэртээ хэвтэх сонирхол алга.


-Ач тэврэх гэснээс та хэр халамжтай аав, өвөө вэ. Таны мэргэжил рүү урвасан хүн танайд бий биз?
-Ач зөндөө бий. Нараа ах чинь их баяртай байгаа. Манай бага хүү Москва­гийн Театр урлагийн дээд сургуульд найруулагчийн мэргэжлээр сурч байна. Тэр хүнийг том найруу­лагч болж ирнэ гэж итгэж сууна. Миний том хүү­гийн хүү мөн л Ленинг­радын Театр урлагийн дээд сургуулийн гурав­дугаар дамжаанд сурч бай­на. Соёлын үрийг ингэж тарьсан. Сонирхог­чийн хэмжээнд байвал болиорой хө гэдэг юм би. Үнэнхүү авъяас байгаад өөрийгөө зольж чадах юм бол урагшаа гэдэг юм.

-Урлагийнхан ар гэр­тээ анхаарал бага хан­дуул­даг гэсэн шүүмжлэл байдаг. Та арын албаа эхнэртээ даатгачихсан биз?
-Урлаг руу зориглож орсон бол чи хувийн амьд­ралаа хая гэсэн бичиг­дээгүй хууль бий. Эмэгтэй хүн хүүхэд гаргахгүй, дураараа сайхан юм идэж таргалж болохгүй. Үс гэзгээ санааныхаа зоргоор засч, тайрч болохгүй бүгд л театрын өмч. Стиль, имижээ өөрчлөх нь бидний мэдлээс хол. Өөрийн бүх зүйлээ урлагт өргөж хувийн эрх чөлөөгөө хасна гэсэн үг.
Манай гэргий уг нь сэтгүүлч хүн. Миний хөгшин ажлаа их сайн хийсэн. Манай хөгшин найз нөхөддөө хүүхдүү­дийнхээ талаар ярьдаг юм. Би дундуур нь ороод тэр тэгж байсан, энэ маань ингээд гээд яри­хаар хөг­шин намайг шоолно. Чи хүүхдийнхээ багийг мэ­дэх­гүй байж гэж. Нээрээ л үнэн байхгүй юу. Амрал­тын өдөр бүр тоглолттой гэрийн бараа харахгүй. Хавар, намар­таа хөдөө 45 хоногоор бригадаар явна. Миний ард ийм гайхалтай хүн байж ажил амжуулж харин би кино, ший гэж сэтгэл амар явдаг. Урла­гийнхны ар гэр гэж ийм л хөөрхий­лөлтэй улс байдаг юм. Болдогсон бол би эх­нэр­тээ Ардын жү­жигчнээ зүүлгээд явуул­маар са­нагд­даг юм. Ми­ний хүүх­дүүд ийм айхтар замыг туулаад яах вэ. Би туулс­наараа үлдье гэдэг юм. Багаасаа театрт өссөн хүүхдүүд яагаа ч үгүй урла­гаар өвчилчихдөг, их хэцүү.
Д.Мягмар

No comments:

Post a Comment