“Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” боловсруулагчдын дунд мэргэжлийн төлөөлөл болон ажиллаж буй хүний нэг нь АМГ-ын Уул уурхайн хэлтсийн дарга, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Даваацэрэн юм. Түүнтэй уулзаж шинэчлэн боловсруулсан хуулийн төслийн талаар ярилцлаа.
-Яриагаа өчигдөр болсон бичил уурхайн эрхлэгчдийн уулзалтаас эхлэе. “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д гар аргаар ашиглт малтмал олборлогчид буюу бичил уурхайчдын тухай нэг ч үг өгүүлбэр ороогүй гэсэн гомдлыг тэд хэлж байсан?
-Бичил уурхайн асуудлыг өнөөдрийн ашигт талтмалын тухай хуулиар зохицуулах эсэх нь бодож үзүүштэй асуудал. Бичил уурхайчид гэсэн нэр томъёо бий болоод багагүй хугацаа өнгөрч байгаа ч шинжлэх ухааны үүднээс судлаад үзвэл тэд жинхэнэ уурхайчид мөн үү гэдэг эргэлзээтэй. Өнөөдрийн төвшинд бичилд уурхай эрхлэгч иргэд бүртгэгдээгүй нөхөрлөлийн төвшинд ажиллаж байгаа. Гэтэл тэдэнд мэргэжлийн төвшний шаардлага тавьж болох уу. Шинэ хуулийн төслийн гол концепци нь уул уурхайн салбарын аж ахуйн нэгжийн хариуцлагын тогтолцоог сайжруулах. Тэгэхээр бичил уурхайчдыг ямар төвшинд ажиллуулж ямар шаардлага тавих вэ гэдэг асуудал гарч ирж байна.
Монгол Улс Үндсэн хуулиндаа газрын хэвлийн баялаг нь нийт ард түмний өмч, төрийн мэдэлд байна гэж тунхагласан. Энэ заалтыг бид гол чиг шугам болгосон. Ард түмний өмч болсон эрдэс баялгийг төр захиран зарцуулна. Өөрөөр хэлбэлд төр хэнээр олборлуулах вэ гэдгийг шийдэж байгаа. Харин хувийн компани нөөц ашигласны төлбөр төлснөөр ард түмний өмч болсон эрдэс баялгийг худалдан авч байна гэсэн үг. Эндээс бичил уурхайгаас олборлож буй ашигт малтмал ард түмний өмч мөн үү гэсэн асуулт гарч байгаа юм.
-Мөн байлгүй яахав?
-Гэтэл бичил уурхай эрхлэгч нар өнөөдөр нөөц ашигласаны нөхөн төлбөрийг төлдөггүй. Тиймээс шинэ хуулинд бичил уурхайг оруулна гэвэл нөөц ашигласны төлбөрийг тэднээр төлүүлэх болно. Нөгөө талаас хуулийн төсөлд байгаль орчны нөхөн сэргээлтийг маш өндөр шалгуураар оруулсан. Өнөөдрийн төвшинд бичил уурхайчид байгаль нөхөн сэргээх нь бүү хэл өөрсдийнхөө амь нас, эрүүл мэндийг ч хамгаалж чадахгүй байна. Сүүлийн жилүүдийн статистикаас харахад жилд дунджаар 30 хүн амь насаа алдсан байна. Олон арван эрүүл мэндээрээ хохирч байна.
-Улсын хэмжээнд бичил уурхай эрхэлдэг хичнээн хүн байдаг вэ?
-Манайд ирсэн албан ёсны мэдээгээр 11 мянга гаруй хүн бичил уурхайд ажиллаж байгаа. Албан мэдээнд дутуу дулимаг тусгасан гэж үзвэл цаана нь олон мянган хүн үлдсэн гэсэн үг. Гурван жилийн өмнө бол 38 мянган хүн бичил уурхайд ажилладаг гэсэн тоо байсан. Эднээс нөхөрлөл байгуулан, даатгалд хамрагдаж, татвар төлдөг нь 5-6 мянга. Тэгэхээр эдгээр хүмүүсийг нэгбүрчлэн бүртгэж, даатгалд хамруулан татвар авдаг болох ёстой.
-Тэгэхээр одоо бичил уурхайн эрхзүйн орчныг хэрхэн зохицуулж байгаа хэрэг вэ?
-Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу зохицуулж байгаа. Цаашид Ашигт малтмалын тухай хуульд бичил уурхайн асуудлыг оруулах уу, эсвэл өөр хуулиар зохицуулах уу гэдгийг ярилцаж байж шийднэ. Хуулийн шинэчилсэн найруулгад бол бичил уурхайн тухай огт ороогүй. Зохицуулна гэж ороогүй, бас хориглоно ч гэж ороогүй.
-Өөр хуулиар зохицуулах боломж хэр байна вэ. Эсвэл бичил уурхайн тухай бие даасан тусдаа хууль гаргана гэсэн үг үү?
-Тусдаа хууль гаргахаасаа илүүтэй “Хоршоологчдын тухай хууль”-д оруулж өгөх нь зөв юм болов уу гэж бодож байгаа. Бичил уурхайнхан цөөн бүлээрээ нийлж хоршиж ажилладаг. Иргэний тухай хуулийн 481 дүгээр заалтын дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэрээр л ажиллаж байгаа хүмүүс шүү дээ. Уурхай хэлбэрээр ажиллаж байна гэвэл Ашигт малтмалын хуулиар зохицуулах болно. Бүх л шаардлага бусад уурхайтай эн тэнцүү тавигдана. Гэтэл тийм боломж бичил уурхайнханд байхгүй.
-Бичил уурхайнхны гар хүрээгүй аймаг сум алга гэж хүмүүс бухимдах боллоо. Тэд голчлон хаагуур байна вэ?
-Бараг бүх аймагт байгаа даа. Саяхан явуулсан тооллогоор Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дорноговь аймагт олноороо ажиллаж байна. Хөвсгөлийн дархна цаазат газарт хүртэл ажиллаж эхэлчихээд байна шүү дээ.
-Гар аргаар ашигт малтмал олборлолоо гээд улсад татвар төлдөггүй, байгальд нөхөн сэргээлт хийдэггүй юм чинь бүр хориглочихвол яадаг юм. 10-20 жил алт ухаад ч амьдрал нь дээшлээгүй, архичин болсон хүн олон байна. Хууль бус шахуу ийм ажиллагааг хаачихаж болохгүй юу?
-Хууль бус гэж хэлж бас болохгүй юмаа. Гэхдээ бичил уурхайн орчинд шударга бус зүйл их байгааг хэлэх хэрэгтэй. Тэнд тэсрэх материал, мөнгөн ус зэрэг хорт бодис ашиглаж байгаа. Олборлосон ашигт малтмал, ялангуяа алтыг Монголбанкинд тушаалгүй нууц далд байдлаар хил давуулдаг болсон. Энэ бол маш том гэмт хэрэг. Ард түмний өмчийг хувьдаа ашиглачихаад төлбөр төлөхгүй байх, байгаль орчны нөхөн сэргээлт хийхгүй орхих гэхчлэн олон сөрөг тал харагддаг. Харин тусгай журам гарснаас хойш нааштай зарим зүйл ажиглагдаж байгаа. “Мон дулаан” компанитай гэрээтэй ажиллаж буй хүмүүс нөхөн сэргээлт хийж, ашигт малтмалаа тушааж эхэлсэн. Ахуй амьдралын хувьд олонх нь амьдралаа дээшлүүлж чадаагүй нь харагддаг. Гэхдээ гар аргаар ашигт малтмал олборлоод төрийн албан хаагчдаас ч илүү цалин авч, амьжиргаагаа дээшлүүлсэн хүмүүс бас бий. Олборлосон ашигт малтмалыг нь авч арилудаг хүмүүс ялангуяа их хөлжсөн.
-Шинэчилсэн хуулинд бичил уурхайн тухай оруулаагүй нь хүний эрх зөрчсөн хэрэг гэж зарим хүн хэлж байсан. Ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарлаж байна гэж буй. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Хүн хэдий хөдөлмөрлөх эрхтэй ч хамгийн чухал нь амьд явах эрх биз дээ. Үндсэн хуулинд заасан хамгийн эрхэм эрхийг нь төр хангах ёстой. Жилд 30 хүн амиа алдаж байгаа тийм аюултай ажлын байрыг санал болгож, баталгаажуулна гэдэг бол амьд явах эрхийг зөрчиж буй хэрэг байж болох талтай. Тиймээс л аюултай ажил эрхлэлтийг хязгаарлаж байгаа юм. Энд онцолж хэлэхэд ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад бичил уурхайн асуудлыг оруулж огт болохгүй гэж бид зүтгэхгүй. Шаардлагатай гэж үзвэл оруулж болно. Орууллаа гэхэд тэр өндөр шаардлагыг тэд биелүүлж чадах болов уу.
-“Манайхан хариуцлагатай уул уурхай гэж их ярьдаг. Энэ нь хариуцлагагүй уул уурхай байж болох мэт сэтгэгдэл төрүүлж байна. Уул уурхай гэдэг чинь өөрөө хариуцлага шүү дээ” гэж та нэг удаа хэлж байсан. Тэгэхээр хуулийн шинэчилсэн найруулгад хариуцлагыг чухалчилсан гэж ойлгож болох уу?
-Болно. Уул уурхайн үйлдвэрлэл бол хоёр том сөрөг үр дагаврыг араасаа дагуулж байдаг. Уул уурхай бий болсон цагаас хойш осол аваар гарах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдөх явдал маш их гарсан. Тиймээс ч уул уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийг “цусаар бичигдсэн дүрэм” гэж тодотгодог. Уурхайн компани, аж нэгжийн нэн түрүүн дагаж хэвших зүйл нь аюулгүй ажиллагааны дүрэм. Хоёрдугаарт, ашигт малтмалыг газрын хэвлийгээс олборлодог болохоор байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Байгаль орчноо яаж нөхөн сэргээх юэ, яаж хэвийн байдалд оруулах юэ гэдэг нь шинжлэх ухааны үндэстэй төлөвлөж хийх ёстой ажил. Өнөөдөр нийгэмд бухимдал үүсгэж, хүмүүст сөрөг сэтгэгдэл төрүүлээд байгаа гол шалтгаан нь нөхөн сэргээлттэй холбоотой. Мэргэжлийн бус хүмүүс уурхай эрхэлснээр нөхөн сэргээлтийг дүрмийн дагуу хийхгүй байх, нөхөн сэргээлтэд зарах хөрөнгийг ашиг болгон халааслах явдал байсаар байна. Тиймээс энэ хоёр асуудлыг зайлшгүй хуульчлан оруулсан.
-Баялгийг нь авсан ч байгалийг нь өмнө байсан хэмжээнд сэргээнэ гэдэгт би эргэлзээд байдаг юм. Унаган төрхөнд хүртэл сэргээх боломж бий юу?
-Сэтгэл байвал бүтэхгүй зүйл байхгүй гэдэг биз дээ. Шинжлэх ухааны үндэстэй судалгаа хийгээд хөрс нь ямар шим тэжээлтэй юм, ямар ургамал ургаж байсан юм, чулуулаг нь хэр байв гэдгийг тогтоож чадвал сэргэдэггүй газар гэж үгүй. Тухайн компани хариуцлагатай байгаад хөрөнгө гаргах юм бол ямар ч газрыг сэргээж болно.
-Уул уурхайн салбарт өнөөдөр хичнээн тусгай зөвшөөрөл олгоод байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар хайгуулын 2600, ашиглалтын 1200 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Ашиглалтын 1200 тусгай зөвшөөрлийг 804 аж ахжйн нэгж эзэмшиж байгаа. Эдгээрийн 350 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрөөр хэлбэл 305 уурхай байна гэсэн үг. Үлдсэн аж ахуйн нэгжүүд нь шүүхийн маргаантай, нөөцийн тодотгол хийх, хайгуулын ажлаа гүйцээх шаардлагатай, хөрөнгө оруулалтгүй гэхчилэн шалтгаанаар үйл ажиллагаагаа эхлээгүй байгаа юм.
-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан зүйл заалт их байна гэсэн шүүмжлэл сонсогдож байсан?
-Бид алийн болгон гадаадын хөрөнгө оруулалтыг шүтэж амьдрах юм бэ. Монголчууд уул уурхайн үйлдвэрлэлд өөрсдөө оролцох, энэ салбарыг өөрсдөө хөгжүүлэх боломжийг хуулиараа олгохыг зорьсон. Дандаа л гаднын хөрөнгө оруулалтаар хөгжүүлнэ гэвэл бид хөгжихгүй, баялгийнхаа багахан хувийг хүртэж, юуг ч бүтээн байгуулж чадахгүй хоцорно. Хөгжиж буй орнууд гадаадын зуун хувийн хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрдөггүй жишээ олон байна. Өөрийн ард түмний эрх ашгийг илүүд үзэх нь буруу зүйл биш. Ашигт малтмал гэдэг зөвхөн өнөөдөр амьдарч буй хүмүүст зориулсан баялаг биш. Хойч үеийнхнийхээ хоолыг бид өнөөдөр булаагаад идчихвэл цаашдаа яах вэ. Норвеги, Скандиновын орнууд, Швед, Какахстаны уул уурхайн бодлогыг судлаад үзэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан, хамтарч ажиллах шугамыг баримталсан харагддаг. Ер нь та бодоод үз л дээ. Ууул уурхай өндөр хөгжсөн аль нэг оронд монгол хүн очиж ажиллах орон зай хэр байна вэ. Би энэ асуултыг шинэ хуулийг шүүмжилж орж ирсэн нэгэн хөрөнгө оруулагчид тавьсан юм. Гэтэл тэр хүн “Манай хөгжингүй орны хууль танайд тохирохгүй” гэж хариулж байх жишээтэй. Бид аль болгон хару доогуур алхах юм бэ. Баялагтай, баялгаасаа ашиг олдог хүн шиг гэдгэр алхая л даа, бүгдээрээ.
-Бас нэгэн шүүмжлэл дагуулсан зүйл бол төрийн оролцоо. Төрийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлснээр захын нэгэн мэргэжлийн хяналтын байцаагч шантааж тавиад байж болохоор байна гэх юм?
-Юун түрүүн төрийн оролцоо, хяналт гэсэн хоёр тусдаа ойлголтыг салгаж ойлгох хэрэгтэй. Хуулийн шинэчилсэн найруулгад уул уурханй салбар дахь төрийн оролцоог нэмэх биш харин ч хумисан. Төр бол аж ахуйн ажиллагаанд хамгийн муу менежер шүү дээ. Олон жишээ үүнийг батална. Тиймээс төр уул уурхайн салбарт менежмент хийж орохын оронд хяналтаа тавиад, татвараа аваад явж байх нь зөв юм. Төрийн хяналт шударга, чанга, хатуу байхад юуны буруу байна. Өнөөдөр хүмүүс яагаад төрдөө итгэхээ больчихсон хэрэг вэ. Төрийг ард түмэн өөрсдөө сонгодог. Сонгогдсон төр нь ард түмэндээ үйлчилдэг. Өөрөөр хэлбэл ард түмний өмчийг хамгаалагч нь төр байтал ард олон нь төрдөө итгэхгүй байгаа нь эргэлзээ төрүүлж буй юм. Тэр мэргэжлийн хяналтын байцаагч гэдэг чинь авилгач, мөнгө татагч юм уу. Товчхоноор хэлбэл шинэ хуулинд төрийн оролцоог багасгаж, хяналтыг сайжруулсан гэдгийг онцолъё.
-Төрийн оролцоог багасгах нэрээр стратегийн орд газарт төрийн эзэмших хувь хэмжээг үгүй хийж, гадны компанийг дэмжиж байна гэсэн хатуухан үгийг ахмад уурхайчин хэлж байсан?
-Одоо мөрдөж буй ашигт малтмалын тухай хуульд стратегийн орд гэж ямар ордыг хэлэх нь бараг тодорхойгүй байгаа. Тиймээс бид стратегийн ордыг УИХ-ын 27 дугаар тогтоолоор тогтоож өгсөн 15 ордын хэмжээнд баялгая. Цааш нэмэх асуудлыг орхиё гэж байгаа. Төр стратегийн ордод татвараа л өндөр тавих ёстой. Өнөөдрийн байдлаар стратегийн орд нэрээр улстөрчид ард түмэнд ашигтай биш хувилбараар гэрээ хийгээд байна. Бороо гоулдыг хар л даа, маш хөнгөлөлттэй нөхцөлөөр гэрээ хийчихээд ашгаа аван алга болоод өгөх боломжийг олгоод байна. Цаашлаад Цайрт менерал, Чинхуа МАК гээд тоочвол олон орд бий. Стратегийн ордод төр хувь эзэмшихгүй болсноор оролцоо нь буурсан гэж болохгүй.
-Оюутолгойн хувьд ч Бороогоулдын нэг адил хугацаанаасаа өмнө олборлолтоо дуусгаад үйлдвэрлэлээ хаяад явчих байх гэсэн болгоомжлол төрдөг юм. Ханбогдод нэмсэн чимсэн нь бага байна. Ядахад л Эрдэнэт шиг хоттой үлдвэл сайхан байхсан?
-Төрийн албан хаагч хүний хувьд энэ асуултад чинь хариулахаас татгалзаж байна. Дэндүү улстөржсөн хэрэг болох биз. Эрдэнэтийн хувьд бол гадаадын хөрөнгө оруулалтын сонгодог жишээ гэж болно. Жар, далаад оны үед ажиллаж байсан төрийн удирдлагууд их ухаалаг шийдэлд хүрсний ач л даа. Тэнд орчин үеийн хот байгуулагдсанаас гадна төмөр зам автозам гээд дэд бүтэц хөгжсөний дээр бизнесийн орчинг бүрдүүлж чадсан.
-Нөөц ашигласны төлбөр буюу роялтийг олборлосон хэмжээгээр төлөх болсонд аж ахжйн нэгжүүд дурамжхан байх шиг?
-Яаж дуртай байхын. Өмнөх хуулинд олборлолтоороо бус борлуулалтаараа нөөц ашигласны төлбөр төлж байсан хүмүүс олборлолтоороо төлөх болохоор дургүйцэхээс яахав. Өмнөх хуулинд компаниуд олборлолт явуулаад борлуулалт хийхгүй бол яах вэ гэдгийг тусгалгүй орхигдуулсан. Түүнийг нь нөхөн оруулснаас бус роялти шинэ юм биш.
-Нөөц ашигласны төлбөрийн хэмжээг хэрхэн яаж тогтоох вэ?
-Төлбөрийн хэмжээг тусад нь хуулиар зохицуулъя гэсэн байр суурьтай байгаа, бид. Харин Д.Бямбасүрэн гуай үүнийг шинэчилсэн хуулийн төсөлд оруулбал яасын бэ гэсэн санаа хэлж байна лээ.
-Шинэ хуульд хайгуулын тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуул, ашиглалтын зөвшөөрлийг олборлолт, боловсруулалтын гэж тус бүр хоёр ангилж оруулсны учир юу вэ?
-Ганцхан жишээ хэлье. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар бол боловсруулалтыг тусгай зөвшөөрөлгүйгээр явуулж байна. Боловсруулалт чинь ашиглалтын нэг хэсэг. Гэтэл хуулинд энэ талаар заагаагүйгээс боловсруулалт шууд хийгдээд байгаа юм.
-Аж ахуйн нэгжийн хувь хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг улсын тусгай нөөцөд авч болно гэсэн заалт бас сонин санагдаад байгаа юм даа. Нэгэнт хувийн компани хөрөнгөө зараад хайгуул хийсэн ордыг улс авах нь зөв юм уу?
- Энэ заалтыг эсэргүүцсэн санал хамгийн олон ирсэн гэж болно. Хайгуулын зардлын нөхөн төлөхөөр оруулсан шүү дээ.Тэгээд ч төмөр зам бариуллаа гэхэд төр буцаан авдаг биз дээ. Аль нэг ордод геологи хайгуулын ажил хийсэн л бол өөрийн өмч болсон мэт ойлгодог хүмүүс бий. Хайгуул хийсэн, нөөц илэрсэн болгоныг ашиглах албагүй шүү дээ. Аль ордыг хэзээ хэрхэн ашиглахаа төр өөрөө мэддэг байх учиртай. Хойч үеийнхэндээ үүц болгон хадгалах ч орд бий. Тийм тохиолдолд хайгуулын зардлыг төлөөд төр мэдэлдээ авахаас аргагүй биз дээ.
-Ашиглалтын тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн шилжүүлэхийг хориглосон нь ямар учиртай юм бэ?
-Ашиглалтын тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн шилжүүлснээс сөрөг үр дүн их гардаг. Хэсэгчлэн шилжүүлсэн хэсэгт дахин үнэлгээ хийхээс эхлээд байгаль орчны нөхөн сэргээлтэд ч маргаан гардаг. Ер нь уурхай том байх тусмаа эдийн засгийн чадавхтай, хариуцлага өндөртэй байдаг.
-Уул уурхайн компаниуд тусгай зөвшөөрөлтэй л болоо гэсэн байр суурьтай байдгаас нутгийн иргэдийн дургүйцлийг төрүүлээд байх шиг?
-Шинэ хуулийн төсөлд орон нутгийн оролцоог зарим талаар чухалчилсан ч заримыг нь хязгаарласан. Ер нь бол томоохон уурхайнууд, тэр дундаа стратегийн гэх тодотголтой ордынхон орон нутгийн удирдлага, иргэдийг үл тоодог. Засгийн газартай чинь гэрээ хийсэн гэдэг үгээр амаа хаалгаж байна, нутгийн иргэд. Гэтэл тэд үндэсний компаниас ч хөнгөлөлттэй нөхцөлөөр гэрээ хийсэн байх нь бий. Орд ашигласнаар Монгол Улс хожиж байх ёстой. Ард олон нь бэлжиж, хөрөнгөжиж, хөгжиж дэвжиж гэмээнэ баялгаа уудалсны хэрэг бүтнэ.
Ярилцсан Д.ЦЭЭПИЛМАА
No comments:
Post a Comment