Сангийн
сайд асан С.Баярцогт
УИХ-ын намрын чуулган завсарласан
ч зарим нэг асуудалд санал нэгдэж чадалгүй тарлаа. Тиймээс ээлжит бус чуулган
зарлан хуралдуулах захирамжийг УИХ-ын дарга гаргасан. Өөрөөр хэлбэл нэгдсэн
санал дүгнэлтэд хүрч чадаагүй Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг
ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болсон байна. Ингээд УИХ-ын гишүүн
С.Баярцогтоос зарим асуултад хариулт авлаа.-АН сөрөг хүчний дүрд амархан хувирч эхэллээ. Хамтарч нэгдээд Засгийн газар байгуулахдаа олон сайхан үг урсгадаг байсан. Харин одоо юм л бол сөрөг хүчин гэж зөрүүдэлж, завсарлага авдаг боллоо?
-Тийм зүйл огт байхгүй. Яг юун дээрээс болоод энэ асуултыг тавьж байгааг чинь сайн ойлгохгүй байна. Жишээ нь АН хаана, яаж завсарлага авчихсан юм бэ.-Хамгийн ойрын жишээ гэвэл Сонгуулийн хуулийн тогтолцоо л юм даа?
-Нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. 2008 онд УИХ, орон нутгийн сонгуулийг хамт явуулъя гэж намууд ярилцсан. Ингэж ярилцаж байсныг маш тод санаж байна. Нөгөө талаар бид Үндсэн хууль болон аливаа хуульд өөрчлөлт оруулахдаа өөрсдөдөө хамааралтай УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд ямар ч хууль хэрэгжүүлдэггүй. Дараагийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлдэг жишгийг тогтоочихсон шүү дээ. Энэ утгаараа бид гаргасан биш өмнөх парламентад тохирчихсон асуудлаар хоёр нам санал зөрөлдсөн гэж ойлгож болно.-Магадгүй ирэх сонгуульд АН ялна гэдэг бодолдоо хэт итгэснээс асуудлыг ийнхүү гуйвуулаад байгаа юм биш үү?
-АН-ынханд тийм бодол алга.-Тэгвэл яагаад ярилцаж тохирсон асуудлуудаасаа эргэж буцаад байгаа юм бэ?
-Сонгуулийн хуулийн тухайд 2008 онд хоёр сонгуулийг хамтад нь явуулна гэдгийг ярилцаад шийдчихсэн зүйл. АН Засгийн газраас гарчихаад ингэж авирлаж байгаа юм биш гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.-2008 онд тохирсон асуудал гэхэд механизмаа хэзээ ярилцана гэсэн юм бэ. Жишээ нь тодорхой асуудалд санал нэгдээгүйн улмаас сонгууль будлиантахыг үгүйсгэх аргагүй. Дахиад л 2008 оны долоодугаар сарын нэгэн шиг эмх замбараагүй байдал болж мэднэ шүү дээ?
-Ирэх сонгуулийг тэгж хараад байгаа юм биш биз дээ. Монгол хүн амны билгээр гэж ярьдаг байх аа.-Хардсан зүйл алга л даа. Гэхдээ өмнөх сонгуулийн туршлагаас харахад дандаа л маргаан гардаг. Үүний тодхон гэрч нь 2008 оны долоодугаар сарын нэгний үйл явдал гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа?
-Хийе гэсэн хүн аргаа олдог, хийхгүй гэсэн хүн шалтаг тоочдог гэдэг үг байдаг даа. Ингэж ярьж байгаа чинь яг тийм үгийг хэлчихэж байгаатай адил сонсогдож байна. Долоодугаар сарын нэгний үйл явдлын хувьд хийхгүй гэсэн хүмүүсийн өө эрсэн шалтаг төдийхөн юм даа.-АН анхнаасаа Сонгуулийн хуулийн механизм дээр тохироогүй. Ийм мэтийн жижиг сажиг зүйлс гарах учраас бойкотолж болно гэж улстөрийн өнцгөөс үзсэн юм биш үү?
-Үгүй ээ. Хоёр өөр сонгуулийн системээр явагдах сонгууль учраас ямар ч асуудал үүсэхгүй.-Гэхдээ хоёр өөр ситемээр явагдах сонгууль хэдий ч хугацааны хувьд асуудал үүсч будилах янз бүрийн шалтгаан гарч л таарна?
-Зэрэг явуулна гэдэг нь нэг өдөр явуулна гэсэн үг. Тэгэхээр ямар ойлгомжгүй зүйл байгаа юм бэ. Будилах асуудал байхгүй.-Шалтгааныг нь бодолцож үзээгүй юм уу?
-Шалтгааныг бололцож үзээд байх зүйлгүй. Би 1990 оны Сонгуулийн төв комиссын гишүүн байж үзсэн. Энэ ажлыг сайн мэднэ. Тэгэхэд дөрвөн сонгуулийг зэрэг явуулсан. Анхны ардчилсан сонгууль байсан гэдэг утгаараа ямар нэг хүндрэл гарах болов уу гэж бодож байсан ч гараагүй. Үүнээс хойш монголчууд зургаан удаа сонгуульд оролцлоо. Сурвал сурчих хугацаа байгаа биз дээ. Энэ туршлага, алдаа оноон дээрээ суурилаад зохион байгуулалттай хийх юм бол ямар нэг хүндрэл гарахгүй. Ерөөсөө л сэтгэлийн зүйл юм шүү дээ.-1990 оны сонгуулийн төв комиссын үйл ажиллагаа одоогийнхоос ялгаатай байж таарна. Хамгийн наад зах нь нийгмийн сэтгэлзүй ямар байлаа?
-Нийгэм ямар байх нь хамаагүй. Хүмүүс очоод л, саналаа өгч байсан. Тэр саналыг нь тоолдог. Нийгэм социалист, капиталист байх нь хамаагүй. Ардчилсан зарчмаар явж байвал асуудалгүй. Нэг өдөр хоёр сонгуулийг зэрэг явуулахад ямар ч хүндрэл гарахгүй. Миний үеийн сонгуулийн төв комисст ажиллаж байсан үеэс өөрчлөлт орсон зүйл юу байгаа юм бэ. 23-хан настай байхдаа сонгуулийн төв комиссын гишүүнээр ажиллаж, дөрвөн сонгуулийг зэрэг зохион байгуулж байсан. Монголчууд анх удаа ардчилсан чөлөөт сонгууль хийж үзсэн тэр үед хийж болсон юм чинь одоо яагаад хамт явуулж чадахгүй гээд зүтгэж байгааг ойлгохгүй байна.-Мэдээж таны хувьд намын бүлгийн шийдвэрийг дагах нь зүйн хэрэг. Тийм болохоор л ингэж зүтгээд байгаа юм байна шүү дээ?
-Манайх шиг нэг жилд УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн гээд том сонгуулийг хийдэг улс оронд хамтад нь явуулах хэрэгтэй. Бүхэл бүтэн нэг жилийг улстөржсөөр байгаад өнгөрүүлдэг. Тэрийгээ аль аль тал нь ойлгоод, 2008 оны УИХ, орон нутгийн сонгуулиа хийчихээд 2012 оны сонгуулийг хамт явуулъя гээд дөрвөн жилийн өмнө шийдчихсэн. Үүнийг МАН-ыхан сайн мэдэж байгаа. Цоо шинэ зүйл яриад байгаа ч юм биш.-Механик асуудлууд дотроос машинаар тоолоход хүмүүс эргэлзээд эхэлчихсэн. Манайхны туршлага дутна. Гараар тоолно. Тэгээд мэдээллийг түгээх боломж хомс гэхчилэн учир дутагдалтай асуудлуудыг яах вэ?
-Дургүй хүн хичнээн л бол хичнээн шалтаг тоочдог. Хүсч байгаа нь аргаа олдог. Хүсэхгүй байгаа бол асуудал нь ойлгомжтой шүү дээ. Урьд нь бүгдээрээ гараараа тоолдог байсан. Хүндрэл гардаггүй байсан. Одоо машинаар тоолно гэхээр бас өөр шалтаг хайгаад эхлэх юм.-Монгол Улс өргөн уудам газар нутагтай. Газар орны зах хязгаарт мэдээлэл хүрэхгүй. Компьютергүй, тог цахилгаангүй сумд хүртэл бий шүү дээ?
-Хаана тийм сум байгаа юм бэ.-Зах хязгаар нутгийн аймгуудын сумдад байж л байгаа шүү дээ?
-Тэгж бодохгүй байна. Дизелиэр хангаад, бүгдийг зохион байгуулж болно шүү дээ.-Механик саатлууд гарна гэдгийг бодолцох ёстой?
-Анх удаагаа сонгууль өгч байгаа юм биш шүү дээ. 1990 оноос хойш ардчилсан сонгууль өгөөд 22 жил боллоо. Одоо бид ийм юм ярих инээдэмтэй байна. Анхны ардчилсан сонгуулийг хийж байхад АИХ-ын депутатуудыг сонгох сонгууль, аймаг болон сумын ардын депутатуудыг сонгох сонгууль, дээрээс нь Улсын бага хурлыг сонгох сонгууль гээд дөрвөн сонгуулийг зэрэг явуулсан.1990 онд Монгол Улсын түүхэн дэх хамгийн олон нэр дэвшигчийг сонгосон.
АИХ-ын депутатуудыг сонгох сонгууль хоёр шаттай болж байхад ямар ч асуудал гарахгүйгээр шийдвэрлэж чадсан. Өнөөдөр орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуулийг нэг зэрэг явуулснаас болоод хүндрэл будлиан, үл ойлголцох байдал гарна гэдэгтэй санал нийлэхгүй байна. Дөрвөн жилийн өмнө ингэж хийнэ гэдгээ тодорхойлоод дөрвөн жилийн хугацаанд гол гол намууд сэтгэлзүй болон хуульзүйн хувьд ч бүгд бэлтгэлтэй байсан. Яах вэ, цаг хугацааны хувьд шалтгаалах зүйлүүд бий. Гэхдээ сонгуулийг цугт нь хийхэд ямар нэг хүндрэл гарахгүй гэдгийг баталгаатай хэлж чадна.
Нийтлэлч
Б.Туяацэцэг
Эх сурвалж
Өглөөний сонин
Б.Туяацэцэг
Эх сурвалж
Өглөөний сонин
2012 оны 2-р сарын 20, Даваа
гариг
No comments:
Post a Comment