Tuesday, 22 May 2012

Ж.Сүхбаатар: Пропорциональ тогтолцоо бол нийгмийн зөвшилцөл юм

2008 оны сонгуулийн дараа намууд зөвшилцөж, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгийг Д.Лүндээжанцангаар ахлуулан байгуулсан. Сонгуулийн өнөөгийн тогтолцоог өөрчлөх нь тэдний гол зорилго юм. Энэ хооронд Ажлын хэсэг хэдэнтээ хуралдаж сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар үзэл баримтлал боловсруулж, гишүүдээс санал авахад болжээ. Хувь тэнцүүлэн хувилбарыг сонгосон тохиолдолд УИХ-д суудал max намын босгыг 6-7 байлгахаар ярилцаж байгаа аж. Ажлын хэсгийн гишүүн Ж.Сүхбаатартай ярилцлаа.
-Сонгуулийн хууль боловсруулах ажлын хэсгийн үр дун ямар байна вэ?
-Хуулийн төслийн үзэл баримтлалаа гишүүдэд танилцуулахаар ажиллаж байна. Хувь тэнцүүлсэн /пропоцианаль/ хувилбар бүхий сонгуулийн тогтолцоотой байхаар тооцож, намууд нэрийн жагсаалтаа гаргахдаа бүгд нэг журам баримтлах намуудын дотоод ардчиллыг хангахуйц хуулийн зохицуулалтыг улс төрийн намын тухай хуульд оруулах сонгуулийн маргааныг шийдвэрлэх журмыг нарийвчлах, сонгуулийн зохион байгуулалт, үйл ажиллагаанд зарим өөрчлөлт оруулах баримтлалын талаар санал бодлыг сонсох юм. Хувийн бодлоо хэлэхэд, хувь тэнцүүлсэн тохиолдолд парламент 100 орчим гишүүнтэй байх нь хяналт тэнцвэртэй хариуцлагатай байхад зохимжтой байдаг юм билээ. УИХ 99 гишүүнтэй байхад болмоор санагддаг. Тооноос бас их зүйл хамаардаг. Цөөн гишүүнтэй учраас нөлөөлөлд автах явдал гардаг шүү. Ялангуяа гишүүдийг аль нэг бүлэглэлийн нөлөөнд амархан автдаг гэсэн шүүмжлэл байнга гардаг. Ийн өргөтгөсөн тохиолдолд мажоритар болон пропорциональ хосолмол хувилбараар сонгодог байж болох юм гэж үзэж байна. УИХ, Засгийн газрын харилцааг хязгаараалж өгөх юм. Одоогийн 76 гишүүний 12 нь Засгийн газрын гишүүн байгаа учраас тэдний нөлөөлөл хүчтэй байдаг. 99 гишүүнтэй боллоо гэхэд энэ харьцааг оновчтой болгож болно. Түүнчлэн УИХ бодит утгаараа хууль тогтоох төлөөлөгчдийн байгууллага болж төлөвших замдаа орно. Орон нутгийн засаг захиргаа руу ажил үүрэг шилжих, түүнийг нь дагуулаад эрх мэдэл өгөх хууль зүй болон амьдралын бодит шалтгаан бий болно шүү дээ. Энэ утгаар нь Үндсэн хуульд яагаад болохгүй гэж.
-Хувь тэнцүүлсэн тогтолцоог сонгох тухайд Ажлын хэсэг санал нэгдэж чадсан гэсэн үг үү?
-Ажлын хэсгийн гишүүдийн олонх санал нэгдэж байгаа. Парламентын БНУ-уудад энэ хувилбарыг түгээмэл хэрэглэдэг юм. Миний хувьд бүхэлдээ хувь тэнцүүлсэн байх албагүй гэж үздэг. Хуулийн төсөл боловсруулах явцад гишүүдээс, олон түмнээс янз бүрийн санал гарах байх. УИХ-д өргөн барьсан тохиолдолд чөлөөт, шударга сонгуулийг хэрхэн явуулах талаар нээлттэй сонсгол зохион байгуулах хэрэгтэй гэсэн саналтай байдаг. Улс төрийн нам, иргэний нийгэм, Сонгуулийн төв байгууллага, жирийн сонгогчдын төлөөллийг оролцуулж, харилцан мэдээлэл, санал солилцох нь зөв байх. Пропорциональ хувилбарыг сонгохын тулд мажоритарыг тэр чигт нь буруутгаж бас боломгүй. "Ялсан нь бүгдийг авна" гэсэн зарчим мажоритар хувилбарт үйлчилдэг.
-С.Баярын сонгуулийн төгөлдөршлийн эхний алхам нь Засгийн газрыг зөвшилцлийн замаар байгуулсан "стандарт бус шийдэл" байсан гэж үзэж болох уу?
-2008 оны сонгуулиар манай нам олонх болсон хэдий ч С.Баяр дарга "стандарт бус" санаачилга гаргаж, МАХН-ын удирдах байгууллага түүнийг нь дэмжсэн. Өөрөөр хэлбэл, мажоритар хувилбараар явуулсан сонгуулийн үр дүнг Баяр дарга "пропорциональ тогтолцоо руу шилжүүлж", хамтарсан Засгийн газар байгуулсан. Үүгээрээ пропорциональ хувилбар, элемент Монголын улс төрд хэрэгтэй гэдгийг харууллаа гэж би хувьдаа ойлгож, дэмжсэн. Онцгойрч товойх, өрсөлдөж ялсан л бол бүх эрх мэдлийг авдаг тогтолцоог зөвшилцлийн хэлбэр рүү түлхэн оруулснаараа "стандарт бус" шийдэл өвөрмөц байсан бөгөөд нийгмийн олонх ч үүнийг дэмжиж хүлээж авсан. Зөвшилцлийн загвар нь буулт хийх, харилцан ойлголцох, аль нэг тал нь онцгойрон ноёрхох боломжгүй нөхцөл буюу яриа хэлэлцээний ардчиллыг бий болгодог.
-Улс төрийн олон жилийн өрсөлдөөн сөргөлдөөнийг намжаасан "стандарт бус шийдэл"-ийг нийгэм таатай хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, хувь тэнцүүлэх сонгуулийн тогтолцоог үгүйлж байна гэж хэлж болох байх.
-Энэ байдал нь улс төрийн намын дотоод ардчилал, арга барил, зохион байгуулалт, тэр ч бүү хэл засаг, төрийн байгууллагуудын тогтолцоонд ч эрх мэдлийн шинэ хуваарилалтыг өдөөх шалтгаан, хүчин зүйл болж эхэлж байна. Тийм учраас хувь тэнцүүлэх хэлбэрийг зуун хувь биш гэхэд тодорхой хэмжээгээр сонгуулийн хуульдаа оруулж тусгах нь нийгэмд бий болсон улс төр, нийгмийн шинээр бүрэлдэж байгаа орчин, уур амьсгалыг цаашид үргэлжлүүлэн дэмжихэд тустай явдал болно. Хувь тэнцүүлэх тогтолцоо улс төрийн соёл, ёс суртахуун илүү шаарддаг, намуудын дотоод ардчиллыг нэхдэг, иргэдийн оролцоо, хяналтыг байнга үгүйлдэг онцлогтой. Иймд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх нь зөвхөн сонгуулийн асуудал ч бас биш юм.
-Хувь тэнцүүлсэн тохиолдолд Парламентад суудал авах босго гэж байдаг. Ажлын хэсэг түүнийг хэдэн хувь байлгахаар зөвшилцөж байгаа вэ?
-Маш тодорхой хувь танилцуулахаар ярилцаж байгаа. 6-7 хувь байх болов уу. Ер нь, зургаагаас дээш хувийг өндөр босго гэж үздэг.
Го.ЭНХТӨР
2009 оны 12-р сарын 23, Лхагва гариг
 ӨНӨӨДӨР

No comments:

Post a Comment