Сангийн сайд С.Баярцогттой
ярилцлаа.
-Санхүүчдийн зөвлөгөөн болж байна. Энэ үеэр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 10 их наяд төгрөг хүрч, эдийн засаг суга өсөж байна гэж зарлалаа. Гэвч иргэдийн амьжиргаа төдийлөн сайжрахгүй, улам ядуураад байх юм аа?
-2011
оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс харахад Монгол Улсын ДНБ 10 орчим их наяд
төгрөгт хүрсэн байна. 2007 он буюу одоогоос дөрвөн жилийн өмнөхтэй
харьцуулахад ДНБ хоёр дахин өссөн гэсэн үг. Нэг хүнд ногдох ДНБ 3.7 сая
төгрөг болж, дөрвөн жилийн өмнөхөөс бараг 2.5 дахин өсжээ. Тоон
үзүүлэлтээр, эдийн засгийн аргачлалаар авч үзэхэд эдийн засаг хурдацтай хөгжиж
байгаа. Хүмүүсийн амьдрал ч сайжирч байгаа нь илэрхий л ажиглагдаж байгаа биз
дээ. Нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Сангийн яамны 100 жилийн ой тохиож
байгаатай холбогдуулан сайд нарын намтраар ном хийх гээд дурдатгалыг нь
цуглуулж байгаа юм.
Саяхан 1996-1998 онд Сангийн сайдаар ажиллаж байсан П.Цагаан гуай өөрийнхөө дурдатгалыг ирүүлсэн.
Тэр хүн
дурдатгалдаа "Одоогоос 15 жилийн өмнө Монгол Улсад нэг ч компани өөрийн
гэсэн байртай байгаагүй" гэж бичсэн байсан. Одоо бол манай компаниуд
дэлхийн зэрэглэлд хүрсэн өөрийн гэсэн байртай, том төслүүдийг санхүүжүүлж
хэрэгжүүлж байгаа төдийгүй олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж байна. Эдийн
засгийг маш энгийн байдлаар ойлгоё гэвэл гурван зүйлийг нь харах хэрэгтэй
гэдэг. Баригдаж байгаа байшин, гудамжинд явж байгаа машин, гэрээсээ гадуур
ресторанд хооллож байгаа хүмүүсийн тоогоор тухай улсын эдийн засаг өсөж байгаа
эсэхийг дүгнэдэг. Энгийн энэ гурван үзүүлэлтээс харахад л Монгол Улсын эдийн
засаг өсч байна уу, үгүй юу гэдгийг надаар хэлүүлэлтгүй ойлгох байлгүй. Харин
нийгмийн тодорхой хэсэг нь ядуу амьдарч байна. Тиймээс төрийн бодлогоор
хэрхэн зохицуулалт хийх вэ гэсэн асуудал урган гарч буй.
-Тэгэхээр халамжийг хавтгайруулснаа хумих шаардлагатай гэж үү?
-Нийгмийн
халамжийг үнэхээр тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүст хандуулахгүй
хавтгайруулж байгаа тал бий. Баян ч, ядуу ч, дундаж амьдралтай хүнд ч
адилхан тэгш хүртээж байгаа. Ер нь аливаа улсын нийгмийн халамж нь
хэрэгцээ шаардлагатай хүндээ л их хэмжээгээр очиж байвал бодлого нь зөв явж
байна гэж үздэг юм билээ. Тиймээс нийгмийн халамжийн багц хуульд өөрчлөлт
оруулахаар төсөл боловсруулж, тодорхой эмзэг бүлгийнхнийг түлхүү хамруулъя
гэсэн бодлого барьж ажиллаж байна. Энэ дөрвөн жилийн хугацаанд нэг жилд
гэхэд 800 тэрбум төгрөгийг нэмэлт орлого болгож иргэддээ тарааж, жижиг дунд
үйлдвэр эрхлэгчдэд зориулж 30 тэрбум, сум хөгжүүлэх сандаа 24 тэрбум төгрөг
гаргаж байна. Энэ мэтээр хөнгөлөлттэй зээл олголтыг нэмэгдүүлж, хөдөлмөр
эрхлэлтийг дэмжсэн бодлого барьж байгаа. Уул уурхайн том үйлдвэрүүд ашиглалт
орсноор ажлын байр олноор бий болж байна гээд гэрэл, гэгээтэй зүйл цөөнгүй бий
шүү дээ. Төгс асуудлаа шийдсэн улс орон гэж хаана ч байхгүй. Цаашид засаж,
сайжруулах зүйл бишгүй бий. Бодлогын хувьд анхаарч өмнөхөөсөө илүү
боломжийг иргэддээ олгож байгаа гэдгийг онцлох ёстой гэж бодож байна.
-УИХ-ын 20 гишүүн Оюу толгойн гэрээг УИХ-ын 57 дугаар тог¬тоолтой нийцүүлэн сайжруул гэсэн шаардлагыг Ерөнхий сайдад саяхан хүргүүллээ. Та энэ гэрээг гардаж ажилласан сайдын нэг. Сайжруулж өөрчлөх боломж бий юу?
-УИХ-ын
гишүүдийн хүргүүлсэн бичгийг уншсан. Энэ нь шинэ зүйл биш. Оюу толгойн
хэлэлцээрийг хийгээд УИХ-д танилцуулаад явж байхад хэд хэдэн гишүүн
Монголын талын хувь эзэмшлийг 50 хувьд хүргэх саналыг тавьж байсан. Оюу
толгойн гэрээг байгуулахдаа УИХ-аас баталсан тогтоолыг биелүүлсэн
гэж бодож байна. 57 дугаар тогтоол нь гурван заалттай. Нэгдүгээр заалт
болох Монголын талын оролцоо 34 хувиас доошгүй байна гэснийг гэрээнд
баталгаажуулсан. Хоёрдугаар заалт нь Оюу толгойн гэрээг хүчин төгөлдөр үйлчилж
байгаа хуулийн хүрээнд байгуулна гэсэн. Энэ гэрээ манай улсад хүчин төгөлдөр
мөрдөгдөж байгаа бүх хуулинд нийцэж байгаа. Гуравдугаар заалт нь анхны хөрөнгө
оруулалтаа нөхсөний дараа хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар хөрөнгө
оруулагч талтай хэлэлцээр хийж Монголын талын оролцоог 50 хувьд хүргэ гэсэн
байгаа.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд хувийн хэвшлийнхэн өөрсдөө хөрөнгөө гаргаж хайгуул хийгээд ордоо илрүүлсэн бол Монголын талын оролцоо 34 хувь байна гэсэн утга бүхий заалт бий.
Хөрөнгө
оруулагчтай хэлэлцээр хийгээд 2009 оны наймдугаар сарын чуулган дээр
УИХ-ын 57 дугаар тогтоолын заалтыг хангаж байгаа, 30 жилийн дараа 50 хувьд
хүргэх бололцоотой гэж танилцуулсан юм. Оюу толгойн ТЭЗҮ-ийг хэлэлцэх
явцад Монголын талын хувь эзэмшлийг нэмэгдүүлэх асуудал бас л
яригдсан. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос хоёр
чиглэлээр Засгийн газарт үүрэг өгсөн. Оюу толгойн гэрээний нөхцөлийг
сайжруулж, Монголын талын эзэмшлийг нэмэгдүүлэх хугацааг нааш нь татах,
Оюу толгойн гэрээг байгуулснаас хойш шинэ татварын төрөл нэмэгдсэн,
тиймээс өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг авах тухай ярилц гэсэн юм.
Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюу толгой ХХК өсөн нэмэгдэх нөөц ашигласны
төлбөрийг төлөх ёсгүй.
-Яагаад энэ асуудлыг шийдэхээр хэлэлцээр хийхгүй байгаа юм бэ. Хөрөнгө оруулагчид гэдийгээд байна уу?
-Хөрөнгө
оруулагч талтай Засгийн газар хоёр төрлийн гэрээ байгуулсан. Хувь
нийлүүлэгчийн болон Хөрөнгө оруулалтын гэсэн. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд
өөрчлөлт оруулахаар бүтэн жил шахуу хэлэлцээр хийсэн. Түүний үр дүнд нэлээд
өөрчлөлт оруулсан юм. Хүмүүст ойлгомжгүй байсан зүйлийг тодорхой болгосон.
Тодруулж хэлбэл, Монголд ашиг авчрах заалтуудыг нэмж тусгасан байгаа. Дор
хаяж нэг тэрбум ам.долларын ашгийг авчирсан өөрчлөлт оруулсан. Хөрөнгө
оруулагч өөрийнхөө талын хувьцааг гадаадын төрийн оролцоотой компанид
худалдахаар болбол Монголын Засгийн газрын зөвшөөрлийг бичгээр авна гэсэн
нэмэлт заалт оруулсан. Ийм гэрээ хэлэлцээр явагдаж байсан учир Хөрөнгө
оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг тавиагүй байгаа. Одоо Хувь
нийлүүлэгчдийн гэрээнд хэлэлцээр хийгээд албан ёсоор өөрчлөлт оруулсан учир
дараагийн хэлэлцээрээ эхлүүлнэ гэж төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн
хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахаар хэлэлцээрээ эхлүүлнэ ээ.
Ер нь бол Хөрөнгө оруулалтын гэрээ нь тогтворжуулалтын гэрээ юм шүү дээ. Өмнө
нь бид тогтвортой байдлын гэрээ гэж ярьдаг байсан. Түүнтэй адил гэрээ.
Тогтвортой байдлын гэрээ байгуулсан бол хоёр тал гэрээгээ хүндэтгэж, аль
болохоор өөрчлөөд байхгүйг хичээх ёстой. Гэхдээ нөхцөл байдал ийм боллоо,
Монголын ард түмний хүсэл зориг бол бүх гэрээг өөрчлөх гээгүй, зөвхөн энэ хоёр
асуудлыг тусгахыг шаардаж байна гээд хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх
боломж бол байгаа гэж бодож байна. Хугацаа ч байна.
-Сонгууль болохоос өмнө амжиж өөрчлөх хугацаа байна гэж үү?
-Үгүй
ээ. Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын оролцоог 50 хувьд
хүргэх гэж заасан байгаа учраас өөрчлөлт оруулах хугацаа байна гэж хэлж байгаа
хэрэг. Анхны хөрөнгө оруулалтыг зарим хүмүүс, тав, долоо, арван жилийн дараа
нөхнө гээд янз бүрээр ярьж байна. Санхүүгийн тайлан, дүгнэлтийг авч үзэхэд
хэзээ анхны хөрөнгө оруулалтаа нөхөж дуусах нь то¬дорхой болоод гараад ирнэ ээ.
Энэ саналаа хөрөнгө оруулагч талд тавина. Хоёр тал харилцан зөвшилцөж
байж л гэрээнд өөрчлөлт орно.
-УИХ ийм чиг бариарай гэж заасан байхад анх гэрээ байгуулахдаа л анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувьд хүргэнэ гээд тусгасан бол одоо гадаадынхныг гуйгаад суухгүй. Гэтэл та бүхэн 30 жилийн дараа хувь эзэмшлийн асуудлыг ярина гээд гэрээнд тусгасан байсан шүү дээ?
-Аливаа
гэрээг амархан байгуулчихдаггүй. Нэг талын 100 хувийн хүсэл зоригоор болдоггүй.
Тэгэхээр ямар ч байсан бид хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд л
гэрээг байгуулсан. Хуульд төрийн өмчийн хөрөнгөөр хайгуул хийж ордыг
илрүүлээгүй бол Монголын тал 34 хувийг нь үнэгүй эзэмшинэ гээд заасан байдаг.
Энэ шаардлагыг бид бүрэн биелүүлсэн. 50 хувьд хүргэхийг 30 жилийн дараа гэж
оруулсан л даа. Энэ хугацааг наашлуулахаар хэлэлцээр хийх нь нээлттэй гэж
ойлгож байгаа. Үүнийг бид нууж хаасан зүйл байхгүй.
2009 оны наймдугаар сард УИХ-ын чуулганд 57 дугаар тогтоолын хэрэгжилт ийм түвшинд байна гэж танилцуулсан.
Тэр үед
гишүүдийн олонхи одоогийн мөрдөгдөж байгаа гэрээг дэмжсэн юм. Хүний санаа бодол
ч тэр, нөхцөл байдал ч өөрчлөгддөг. Оюу толгой төслийг эргэлтэд оруулах нь улс
үндэстний эрх ашигт нийцсэн асуудал төдийгүй эдийн засагт ч хөгжил дэвжил
авчирч байна. Монголчууд үүнээс хүртэх ашгаа нэмэгдүүлэхийг хичээж
байгааг буруутгах аргагүй юм.
Нийтлэлч
Д.Доржпагма
Эх сурвалж
Өнөөдөр сонин
Д.Доржпагма
Эх сурвалж
Өнөөдөр сонин
2011 оны 9-р сарын 20, Мягмар
гариг
No comments:
Post a Comment