УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.
-УИХ-ын
ээлжит бус чуулганаар Ж.Энхбаяр сайдыг огцруулах шаардлагагүй гэж шийдвэрлэлээ.
Ер нь энэ асуудлыг улстөржүүлсэн юм биш үү?
-Зохих журмынхаа дагуу Зэвсэгт хүчний анги, салбарууд үзлэг
хийгээд дууссан. Үзлэгийн дүн ҮАБЗ-д өргөн барих ёстой. Энэ үзлэг хийгдээд
дууссны дараа дахин бэлэн байдлын асуудал ярих нь оновчтой биш. Харин үүний
дагуу цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээгээ төлөвлөх үүрэгтэй.Гэтэл Ж.Энхбаяр
сайд болонгуутаа л байлдааны бэлэн байдал гэсэн асуудлыг сөхөж, долдугаар сарын
1 шиг үйл явдал дахин давтагдвал зэвсэгт хүчин хэрхэн бэлэн байдалд байх тухай
ярьж, энэ хүрээлэл рүү татаж оруулсан нь хууль зөрчсөн төдийгүй сонгуулийн өмнө
ийм асуудал ярьж зэвсэгт хүчнийг эвгүй байдалд оруулж байгаа.Ер нь зэвсэгт
хүчний, байлдааны бэлэн байдал гэдэг бол анги, анги дээр, зориулалт , чиглэлээр
нь авч үзэх цогц ойлголт. Энэ бүгдийг цуглаан жагсаал болбол, онц байдалд
тогтоовол, сонгуулийн дараа будлиан гарвал зэвсэгт хүчин яаж бэлэн байх вэ гэж
хувиргаж байгаа нь ноцтой.Ингэж болохгүй, цаашид ийм асуудал ярьж ч болохгүй
гэсэн ойлголтыг төрүүлж, дахин гарахгүй байх баталгаа, дархлааг бий болгож өгч
байгаагаараа Монголын түүхэнд чухал ач холбогдолтой чухал хэлэлцүүлэг боллоо
гэж бодож байна.
-Таныг
сайд байх үед байлдааны бэлэн байдал тогтоож, мэргэн буучийн рот байгуулахара
яригдаж байсан юм биш үү?
-Жил болгон тодорхой үзлэг явуулдаг. Жагсаалын, дүрмийн
гээд. 2011 онд байлдааны бэлэн байдлын үзлэгийг ангиуд явуулаад шалгуулаад
дүнгээ гаргачихсан. Ингэхдээ долдугаар сарын 1-шиг үйл явдал болоход хэрхэх
тухай огт тусгагдаагүй, яригдаагүй. Ингэх нь хуулиараа ч хориотой. Зэвсэгт
хүчний өөрийнх нь гүйцэтгэх үүргийн хувьд анги салбарууд хуулийн хүрээнд үзлэг
хийдэг юм. Үүнийг мушгин гуйвуулаад долдугаар сарын 1 шиг үйл явдал болоход
хэрхэн бэлэн байдалд байх талаар үзлэг хийсэн гэвэл гүтгэлгэ. Түүнийг 100 хувь
үгүйсгэнэ.
-МАН
парламентад олонх суудалтай нам. Тийм байхад юу гэж намынхаа сайдыг огцруулах
юм бэ. Тэгэхээр энэ нь цаг хугацаа үрсэн, үр дүн гарахгүй гэдэг нь тодорхой
байсан шүү дээ?
-Ж.Энхбаяр сайдыг огцруулах үндэслэлийг УИХ-ын чуулганы хуралдаанаар
нээлттэй ярилцлаа. Сайдыг огцруулах эсэхийг олонхийн саналаар шийдэх ёстой.
Цөөнх бол шаардлагаа тавина, түүний хэлэлцүүлнэ.Сайдын хийсэн мэдэгдэл, хэлсэн
үгнь тухайн Засгийн газрын, төрийн бодлого болоод явчихдаг. Би саналаа л
хэлсэн, андуурчээ гээд өнөөдөр нэг зүйл яриад, маргааш нь булзаад байж болохгүй
ээ.
-Ж.Энхбаяр
сайд хэвлэлд тайлбараа бичиж нийтлэсэн. Үүн дотор төрийн нууцтай холбоотой
зүйлийг дэлгэсэн гээд байгаа. УИХ бүрэн эрхийг нь түтгэлзүүлэхгүй аваад үлдсэн
ч АН-ынхан төрийн нууц задалсан гээд тагнуулд хандах гэж байгаа юм уу?
-Энэ талаар тодорхой мэдээлэл алга.
-Ээлжит
бус чуулганаар Ж.Энхбаяр сайдыг огцруулах талаар хэлэлцэхэд иргэний ухаалаг
үнэмлэх тараагдахгүй хойшлоод байгаа тухай асуудал ч хөндөгдсөн. Таны эзэмшлийн
"Бодь интернэшнл" тендерийг авчихаад ажлыг яагаад гацаагаад байгаа юм
бол оо?
-Би бол "Бодь интернэшнл" компанийн үүсгэн
байгуулагч. 1993 онд шүү дээ." Бодь интернэшнл" нь картын технологийг
нэвтрүүлсэн Монголын цорын ганц компани болж хөгжсөн юм билээ. 1996 оноос хойш
энэ компанийн ажилд оролцоогүй. Хэрвээ би сайд хийж байхдаа, мөн УИХ-ын гишүүн
гэдэг утгаараа ухаалаг үнэмлэх хэвлэх ажлыг авахад нөлөөлсөн бол гэмт хэрэг.
Тендер зарлалгүй, хууль бусаар "Бодь интернэшнл" компанид өгсөн юм
шиг яриад байна. Үнэхээр хууль бус бол хуулийн дагуу арга хэмжээ аваач ээ.
Хуулинд олон компани оролцохоор болбол тендер зарладаг. Тухайн чиглэлээр
ажилладаг ганцхан компани байвал шууд гэрээ байгуулна гэж заасан байдаг.
Ухаалаг үнэмлэх хэвлэх технологийг нэвтрүүлсэн ганцхан компани л учраас гэрээ
хийсэн юм гэсэн. Хэрвээ намайг нөлөөлсөн гэж хардаж байгаа бол шалга, хүнийг
гүтгэж болохгүй л гэж чуулганы хуралдаан дээр байр сууриа илэрхийлсэн.
-Сонгууль
болоход дөрвөн сар л үлдээд байна. Яагаад хугацаанд нь хэвлээд өгчихөж болохгүй
байгаа юм бэ?
-Үүнийг тухайн компаниас нь асуух хэрэгтэй. Би ажилд нь оролцдоггүй болохоор мэдээлэлгүй байна. Улсын чухал ажлыг авчихаад саатуулна гэж байхгүй. Юунаас болж ажил гацаад байгааг тайлбарлах тайлбар байгаа байх гэж бодож байна.
Нийтлэлч
Х.Тэргэл
Эх сурвалж
Times.mn
Х.Тэргэл
Эх сурвалж
Times.mn
2012 оны 3-р сарын 12, Даваа гариг
No comments:
Post a Comment