Сангийн
сайд С.Баярцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа
-2012 нэгдсэн төсвийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн
барьснаас хойш хэтэрхий том төсөв боллоо гэдэг шүүмжлэл дагуулсан. Намын
бүлгүүд төсвийн зарлагыг танахаар ажиллаж байр сууриа нэгтгэсэн байна. Төсвийн
орлого зарлагыг ямар хэмжээгээр танахаар болов?
-Манай
улсын эдийн засаг ирэх онд ойролцоогоор 20 хувиар өснө гэсэн тооцоо бий.
Засгийн газраас УИХ-д 2012 оны төсвийн төслийг өргөн барихдаа төсвийн орлогыг
6.4 их наяд гэж тооцсон байсан. Харин сүүлд нягталж үзээд 5.8 5айхаар тооцлоо.
Мөн төсвийн зарлагыг 7.1 их наяд байхаар өргөн барьсныг 6.2 болголоо. Ингэснээр
ойролцоогоор 1.1 их наяд төгрөгийг танаж байгаа юм.
-Төсвийн зарлагыг 900 тэрбумаар танасан байна. Төлөвлөсөн
ямар хөрөнгө оруулалтуудыг хассан бэ?
-Зарлагаа
7.1 гэж тооцсон байсныг 6.2 их наяд болгосон. Ингэснээр ойролцоогоор 900 гаруй
тэрбум төгрөгийг төсвийн зарлагаас танаж байгаа юм. Үүний 200 орчим
тэрбумыг нь хөрөнгө оруулалтын зардлаас хассан. Ингэж хасах болсны гол зарчим
нь шинэ контооруудыг 2012 онд барихаа больё. Мөн шаардлагагүй машин, оног
төхөөрөмжүүдийн зардлыг багасгая гэдэг зарчим байлаа. Үүнээс гадна 2011 оны
төсвийн тодотголоор 2012 оны төсөвт орох байсан зарим хөрөнгө оруулалтын
асуудлыг шийдсэн учраас хөрөнгө оруулалтад их хэмжээний мөнгө төсөвлөх
шаардлагагүй гэж үзсэн.
-Үлдсэнийг нь урсгал зардлаас хассан юм уу?
-Урсгал
зардлыг танахаар томоохон хэмжээний зохицуулалт хийсэн. Үүний үр дүнд
төлөвлөсөн зарлагаасаа багагүй хэмжээний хөрөнгийг таналаа. Тухайлбал, цалин,
тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой 600 орчим тэрбум төгрөгийн зардал гарна хэмээн
өмнө нь тооцож байлаа. Энэ тоооогоор бол төрийн албан хаагчдын цалинг гурав,
тавдугаар сард нэмэх байсан. Гэвч энэ нэмэгдэл нь хугацааны хувьд хэтэрхий
ойрхон байгаа тул инфляцыг хөөрөгдөж болзошгүй гэж тооцсон учир дөрөвдүгээр
сарын 1, аравдугаар сарын 1 -д нэмэх нь зүйтэй гэсэн байр суурьт нэгдлээ. Мөн
суурь тэтгэврийн тогтолцоог нэмэгдүүлэх замаар ирэх оны гурав, тавдугаар сарын
1-нд тэтгэврийн тогтолцоонд өөрчлөлт оруулъя гэж төлөвлөсөн байсан. Гэвч
хэлэлцүүлгийн явцад бидний өргөн барьсан хуулийн төсөлд өөрчлөлт орсон тул
суурь тэтгэврийн тогтолцоогүйгээр тэтгэврийн нэмэгдлийг шийдвэрлэхээр боллоо.
Мөн төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад өөрчлөлт оруулсан. Үүний үр дүнд
урсгал зардлаас 320 орчим тэрбум төгрөгийг таналаа.
-Гишүүдийн нэг тэрбум төгрөгийг гурван тэрбум боллоо гэсэн
яриа гарч байна. Энэ үнэн үү?
-Үгүй.
Тийм асуудал байхгүй. Урьд Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийн
орлогыг гишүүд 76 тэрбумаар нэмэгдүүлээд хувааж авдаг байсан. Харин энэ удаа
Засгийн газраас өргөн барьсан төсвийн зарлагаас 900 тэрбумыг хасчихаад байхад
ийм зүйл байх боломжгүй.
-Төсвийн орлогод тусгаад байсан БНХАУ-аас авах
буцалтгүй тусламж хойшилсон гэсэн. Энэхүү буцалтгүй тусламжийг томоохон бүтээн
байгуулалтад зарцуулахаар төлөвлөөд байсан байх аа?
-БНХАУ-аас
буцалтгүй тусламж хэлбэрээр авах 80 орчим тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт
суулгасан байсан. Төлөвлөж байснаар бол ирэх сарын 1-ний дотор БНХАУ-ын Засгийн
газартай тохиролцоонд хүрэх байсан ч хугацаандаа амжихааргүй болсон учир
нэгдсэн төсвийн орлого, зарлагаас хассан. Гэхдээ БНХАУ-ын Засгийн газартай
хэлэлцээр хийж байгаа, эцсийн шийдвэр гараагүй байна. Энэ буцалтгүй тусламж
авсан тохиолдолд юунд зарцуулахыг тухайн үед нь шийдэж болно. Ер нь 2012 оны
төсөвт гадаадын зээл тусламжийн орлогыг боломжтой хамгийн их хэмжээгээр нь
тооцсон байсан. Хэлэлцүүлгийн явцад зээл, тусламжийн хэлэлцээрийн явцаас
шалтгаалан 40 орчим хувийг нь хассан. Ингэснээр төсвийн төслөөс 200 гаруй
тэрбум төгрөгийг танаж байгаа юм.
-Зарим хүн ирэх оны төсвийн төсөлд ДНБ-ий өсөлтийг буруу
тооцсон байж магадгүй гэсэн эргэлзээтэй байгаа юм билээ. Та үүнд ямар тайлбар
хэлэх вэ?
-Засгийн
газраас өргөн мэдүүлсэн төсөлд ДНБ-ийг нэрлэсэн үнээр 18 их наяд гэж тооцсон
байсан. Үүнийг өөрчилж 16 их наяд байхаар тооцлоо. Хоёр их наядаар багасгасны
дүнд ДНБ-ий алдагдал 700 гаруй тэрбум төгрөг буюу 4.1 хувь байсныг 348 тэрбум
төгрөг болгож, гурван хувь руу буурч байгаа юм. Ингэснээр 2013 оноос ДНБ-ий
алдагдал хоёр хувь ба түүнээс бага байна гэсэн зорилтдоо бүрэн нийцэхээр байгаа
юм.
-Монголбанкны удирдлагууд ирэх оны төсвийг ядаж нэг их
наядаар таначих юм бол инфляцыг хэтэрхий хөөргөхгүйгээр барьж болно гэж байсан.
Тэдний энэ санал төсвийн төслийг 1.1 их наядаар танахад нөлөөлсөн үү?
-
Тийм. Монголбанкнаас мөнгөний бодлогыг өргөн барихдаа Засгийн газраас өргөн
барьсан 2012 оны улсын төсвийн төслийг нэг их наядаар бууруулбал, инфляцыг
барих боломжтой гэж байсан. Харин одоо инфляцын дарамт үүсэхгүй байх.
Монголбанкнаас гадна ОУВС, Дэлхийн банкнаас өгсөн зөвлөгөөнүүдийн дүнтэй бараг
ойролцоо болгож чадсан гэж үзэж байна. Ер нь УИХ нэлээд ажил хэрэгч байдлаар
төсөвтөө хандаж, ирээдүйн тогтвортой байдлаа хангах чиглэлд сайн ажиллаа.
-Тогтворжуулалтын санд хэчнээн төгрөг хуримтлагдаад байгаа
вэ?
-Тогтворжуулалтын
санд энэ жил 218 орчим тэрбум төгрөг байна. Ирэх жил 381 орчим тэрбум төгрөгийг
цуглуулна гэж тооцсон. 2012 онд тогтворжуулалтын сан нийтдээ 600 орчим тэрбум
төгрөгтэй болно гэж үзэж байгаа. 2008-2009 оны эдийн засгийн хямралаас манай
улс маш сайн сургамж авсан. Манай Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг
дэлхийн хэмжээнд хамгийн сайн төсвөө тогтворжуулсан хууль гэж үздэг.
-Тогтворжуулалтын санд ашигт малт-малын үнийн зөрүүнээс
мөнгө төвлөрдөг. Зэс, нүүрс гэх мэт экспортын голлох бүтээгдэхүүний үнийг
төсөвт хэдээр тооцсон бэ?
-Хямрал
болоход манайд хамгийн түрүүнд ашигт малтмалын үнэтэй холбоотой эрсдэл
нүүрлэдэг. Тиймээс төсвийн төслийг боловсруулахдаа ашигт малтмалын үнийг
дэлхийн зах зээл дэх ханшнаас маш бага үнийн дүнгээр тооцсон. Тухайлбал, зэсийн
үнийг дэлхийн зах зээл дээрх ханшнаас 4000 гаруй ам.доллараар бага тооцсон. Энэ
мэтээр Тогтворжуулалтын сангаар дамжуулан эдийн засгийн эрсдэлтэй байдлаа
хамгаалж байгаа. Өөрөөр хэлбэл, даатгуулсан гэж үзэж болно.
-Хөгжлийн банк томоохон бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэх
үүрэгтэй ч одоохондоо тодорхой ажил хийгээгүй байна. Ирэх оны төсөвт Хөгжлийн
банк санхүүжүүлэх хэмжээний томоохон бүтээн байгуулалтад зориулсан хөрөнгө
суусан уу?
-"Улаанбаатар
төмөр зам"-ын дүрмийн санг нэмэгдүүлэх зорилгоор 150 тэрбум төгрөг улсын
төсөвт суулгасан байгаа. Мөн есөн автозам дээр 180 тэрбум, Дундговь,
Мандалговийн чиглэл дэх эрчим хүчний шугамд 50 тэрбум төгрөг суулгасан. Ирэх
жилээс эхлээд ийм том асуудлууд төсөвт суухгүй. Хөгжлийн банк санхүүжүүлнэ.
С.Шийлэгтөмөр
Эх сурвалж
Үндэсний шуудан
Үндэсний шуудан
2011 оны 11-р сарын 28, Даваа гариг
No comments:
Post a Comment