Saturday, 19 May 2012

Л.Болд: Эх оронч хүн хэзээ ч гэмт хэрэг хийхгүй

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар өчигдөр Зэзсэгт хүчний тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Энэ хуулийн төслөөр Зэвсэгт хүчинд Барилгын цэргийн ангийг байгуулахаар болсон юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, БХ-ын сайд Л.Болдтой ярилцлаа.
-Зэвсэгт хүчинд Барилгын цэргийн ангийг дахин сэргээж байна. Энэ ангийг байгуулснаар бүтээн байгуулалт хэр өрнөх бол?
-Батлан хамгаалах салбарт өнгөрсөн жилээс зэвсэгт хүчний чиглэлийн томоохон төсөл хэрэгжиж байгаа. Үүнд хууль, эрхзүйн нэлээд олон акт хуульчлагдаж байна. Төрийн цэргийн бодлогын үндсээс эхлээд батлан хамгаалах салбарыг зохицуулдаг найман хууль байдаг. Бүгдэд нь өөрчлөлт орж байгаа. Хамгийн эхнийх нь энэ юм. Өнөөдөр урт удаан процессын дүгнэлт өгч байгаа хэсэг гэж болно. Хамгийн анх Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн тухай хуулийг баталсан. Энэ хуулинд “Улс орны бүтээн байгуулалтын ажилд зэвсэгт хүчний анги салбарын оруулсан ашгийг зэвсэгт хүчний хөгжилд зориулах болно” гэж заасан юм. Дараа нь. эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2010 оны чиглэлд энэ чиглэлийн зэвсэгт хүчний мэргэжлийн барилга, инженерийн гурван ангийг байгуулах гэж Үндсэн чиглэлд тусгаад, улсын төсөвт 2.1 тэрбум төгрөгийг баталсан. Дээр нь бид олон улсын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиглэлээр Хятадаас барилгын машин мөханизм авахаар яриад байна. Цаашдаа цэргийн насны залуучуудыг мэргэжилд сургах, тодорхой төслүүдэд олон улсын хууль, конвенциудын хүрээнд оролцох, Энхийг сахиулахад оролцох чиглэлээр явах юм.
-Энэ ангиуд хаана хаана байгуулагдах вэ?
-Баян-Өлгий, Баянхонгор, Сүхбаатар аймагт байгуулна. Олон томоохон бүтээн байгуулалт явагдана.
-Барилгын цэргийнхэн захиалгын ажил гүйцэтгэх үү?
-Гадаадаас ажиллах хүч авах хязгаартай учраас дотоодын компаниуд ачаалалтай ажиллана. Тиймээс тэд манай зэвсэгт хүчний ангиудад тодорхой захиалга өгөөд, гэрээ байгуулаад хамтарч ажиллах бололцоо бүрдэнэ. Цэргийн аюулгүй байдлын зориулалттай барилга байгууламж барихаа болиод удаж байна. Үүнийг өнөөдөр барих шаардлагатай байгаа юм. Улс орны аюулгүй байдалтай холбоотойгоор олон улсын тендерээр болон гадаадынханд өгч болдоггүй стратегийн ач холбогдолтой тодорхой ажлууд бий. Ийм газар манай мэргэжлийн ангиуд ажиллах бололцоотой.
-Саяхан Цэргийн шинэчилсэн бүртгэл явагдаж дууслаа. Янз бүрийн гэмт хэрэг гарч байгаатай холбоотойгоор цэрэг татлагаар залуусын эрүүл мэндээс гадна хүмүүжлийг харна гэж байсан. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Цэргийн насны залуустай хоёр чиглэлээр ажиллаж байна. Эрүүл мэндийн яамтай хамтраад хөтөлбөр боловсруулж, цэргийн насны залуусыг эрүүлжүүлэх талаар ажиллаж байна. Эд манай ирээдүй шүү дээ. Нөгөө талд боловсрол, хүмүүжлийн асуудал байна. БСШУ-ны яамтай хамтраад эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэхээр ажиллаж байна. Эх оронч хүн хэзээ ч гэмт хэрэг хийхгүй. Энэ бол манай яамны бус улсын хэмжээний ажил юм.
-Цэргийн алба хаах хугацааг наашлуулъя гэж яригдаж байсан таны санал юу болсон бол?
-Дээд боловсролтой юм уу, гэp бүлтэй залуусын цэргийн алба хаах нөхцөл бүрэн хаагдсан. Тиймээс энэ бололцоог нь нээж өгөх хэрэгэй. Тэд сурч байх хугацаандаа зургаан сарын цэргийн онолын дадлага хийдэг байх хэрэгтэй. Нэг жилийн албаных нь хэвээр хаахаар байгаа. Мэргэжил, эзэмшээд ажиллаад байх залуусыг гурван жилээр цэргийн алба хаалгах санал байна. Хууль эрх зүйн шинэчлэл дотор энэ байгаа.
-Энхийг сахиулагчидтайгаа холбоо барьж байна уу?
-Тийм ээ, манайхан сайн байгаа. Өнгөрсөн жил энхийг сахиулах тал дээр эргэлтийн шинжтэй арга хэмжээ авсан. Чадад анх удаа 800 хүний цэргийн бүрэлдхүүнтэй мотобуудлагын анги явуулсан. Энд Монгол Улс нэг секторыг бие даан хариуцаж байгаа юм. Энэ нь эрсдэлтэй асуудал шүү дээ. Манайхан тэнд Монгол цэргүүд чадварлаг гэдгийг харуулсан. Хамгийн хүнд нөхцөл нь Афганистан байна. Маш их сонор сэрэмж шаардаж байгаа. Бид цаашдаа нарийн мэргэжлийн чиглэл рүү анхаарна. Саяхан манай цэргийн баазаас 100 метрийн зайд буудалцаан боллоо шүү дээ.
-Зэвсэгт хүчний хөгжлийн сан байгуулагдсан гэлээ. Энхийг сахиулагчдаа явуулж байгаа газраас энэ санд мөнгө төвлөрнө биз?
-Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн нэг том эх үүсвэр нь энэ л дээ. Манайхан олон улсын үйл ажиллагаанд явж байна. Эндээс нөхөн төлбөр авдаг. Хүн болгон цалин авч байгаа. Энэ нь Зэвсэгт хучнээ хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Тиймээс бид цаашдаа нарийн мэргэжлийн дайчдаа явуулахаар төлөвлөж байгаа. Ингэвэл үр ашиг нь илүү нэмэгдэнэ.
Н.Энхлэн
2010 оны 1-р сарын 26, Мягмар гариг
Улаанбаатар таймс

No comments:

Post a Comment