Saturday, 19 May 2012

Л.Болд: Баянмонгол мөрөөдөл байсан бол бодит зүйл боллоо

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.
-УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталлаа. Энэ хуулинд таны дэвшүүлсэн "Баянмонгол" корпораци байгуулах санаачилга ямар хэмжээгээр биеллээ олов?
-Танай сонины уншигчид санаж байгаа байх. УИХ дээр Засгийн газраас санаачилсан Эх орны хишиг сангийн тухай болон УИХ-ын гишүүн Л.Болд миний бие, Б.Батбаяр, Я.Батсуурь, Д.Ганхуяг, Д.Зоригт, Д.Одхүү нарын санаачилсан Эрдэнийн хувийн (Баянмонгол корпораци) тухай хуулийн төслүүд нэлээд удаан хэлэлцэгдсэн. Хэлэлцүүлгийн явцад Ардчилсан намын болон МАХН-ын бүлгүүд хоёр төслийг нэгтгэж нэг хуулийн төсөл болгон батлахаар тохиролцсон юм. Үүний дагуу нэгтгэн боловсруулсан Хүний хөгжил сангийн тухай хууль өчигдөр батлагдлаа.

Энэ хуулинд жил хагасын өмнө миний санал болгож хэрэгжүүлэх боломжтой гэдгийг нь мэдэгдэж байсан Баянмонгол корпораци байгуулах үзэл санаа тусгалаа олсонд би санаачлагчийн хувьд төдийгүй Монгол Улсын нэгэн иргэний хувьд баяртай байна. Зөвхөн би төдийгүй монголчууд бүгдээрээ баярлах учиртай том шийдвэр гэж бодож байна. Учир нь, уул уурхайн зарим том төсөл манай улсад хэрэгжсэн ч үр шимийг нь эрх мэдэлд ойр хэсэг бүлэг хүмүүс хүртэж, дийлэнх ард иргэдэд хүртээлгүй явж ирснийг бид мэднэ. Харин одоо иргэн бүр хувь, хишиг хүртэж, баялгийнхаа эзэн байх боломжийг Хүний хөгжил сангийн тухай хууль бүрдүүллээ. Өөрөөр хэлбэл Баянмонгол корпораци байгуулах санаа маань мөрөөдөл байснаа өчигдрөөс бодит зүйл боллоо.
-Хүний хөгжил сангийн тухай хуулинд Баянмонгол корпораци гэдэг үг алга. Гэтэл та миний санаачилга биеллээ оллоо гэж ярьж буйн учир юу вэ?
-Хуулийн гуравдугаар зүйлийн хоёрт Хүний хөгжил санг бүрдүүлэх эх үүсвэрүүдийг тодорхой заасан байгаа. Тухайлбал, стратегийн ач холбогдол бүхий АШИГТ малтмалын ордын ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, хувьцаа борлуулсны орлого, урьдчилгаа төлбөр, компаниудын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт ногдох хэсэг зэргээс энэ сангийн орлого бүрдэнэ. Стратегийн ордуудыг ашиглагч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааг үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах онцгой эрх бүхий компани эзэмшихээр хуулинд тусгагдлаа. Монгол Улсын иргэн бүр энэ компанийн давуу эрхийн хувьцаа эзэмшигч байх юм. Энэ нь миний ярьж байсан Баянмонгол корпораци гэсэн үг. Компанийн дүрмийг Засгийн газар •батлах үед Баянмонгол гэнэ ,үү, өөрөөр нэрлэнэ үү, оноосон нэр ямар байх нь чухал биш. Хамгийн гол нь монголчуудыгаа нийтэд нь өмчтэй, хөрөнгөтэй болгох нөхцөл бүрдэж байгаа нь надад чухал.
-Зарим улстөрч иргэн бүрт хувь, хишиг хүртээх хоёр намын амлалтыг бүтэшгүй зүйл гэж ярьдаг. Хүний хөгжил сангийн хууль батлагдсанаар энэ ярианд хариулт өгч чадав уу?
-Чадсан гэж би бодож байна. Оюу толгой, Таван толгой зэрэг дэлийн хэмжээний ордууд эдийн засгийн эргэлтэд орохоор Хүний хөгжил санд маш их хөрөнгө хуримтлагдана. Чухамхүү энэ хөрөнгөнөөсөө Монгол Улсын иргэн бүр хишиг хүртэх төдийгүй өрх гэрийнх нь амьдралыг насан туршид нь авч явах үнэ цэнэтэй хувьцааны эзэн байх боломж анх удаа бүрдлээ.

Ийм санааг анх гаргаж байх үед олон хүн бүтэхгүй гэж баалж байсан. Хууль болоод батлагдахад нь дахиад л эргэлзэнгүй хандаж байгаа хүмүүс ч байна. Би Монголд байгаа стратегийн ач холбогдол бүхий 15 орд, цаашид энэ ангилалд орж болох 39 ордыг ээлж дараалан ашиглалтад оруулснаар Хүний хөгжил сан АНУ-ын Аляскийн байнгын сан,Норвегийн тэтгэврийн сан,Кувейтийн хөрөнгө оруулалтын сан зэрэгтэй адил үнэ цэнэтэй, баян болно гэж итгэдэг. Хууль гарлаа, санаачилга маань төрийн шийдвэр боллоо, одоо энэ сан, үндэсний хэмжээний компаниа хэрхэн зохион байгуулж хуулиа яаж хэрэгжүүлэхээс бүх зүйл шалтгаална. Бүтэхгүйн тухай яриа байхгүй, биднээс л хамаарах асуудал.
-Энэ сангаас иргэдэд хувь, хишиг хүртээнэ гэж байна. Сонгуулиар МАХН-ын амласан 1.5 сая, Ардчилсан намын амласан нэг сая төгрөгийг нийлүүлж өгнө гэсэн үг үү?
-Түүнээс ч илүү бололцоо нээгдэнэ гэж бодож байна. Хуулийн 15 дугаар зүйлийн гуравт уг сангаас иргэн бүртээ 1.5 сая төгрөгийг хишиг, хувь хэлбэрээр хүртээсний дараагийн санхүүгийн жилээс эхлэн сангийн хөрөнгийг дотоодын болон олон улсын санхүүгийн зах зээл дээр байршуулж олсон ашгаас жил бүр ногдол ашиг хүртээнэ гэж тусгасан. Миний дээр хэлсэнчлэн уг сан маань томрох тусам монголчуудын хүртэх ашиг өснө гэсэн Энэ дашрамд 2008 оны сонгуулийн дараа хоёр намын хамтарсан Засгийн газар байгуулагдсаны үр дүнд энэ хууль батлагдах улстөрийн тааламжтай нөхцөл бүрдсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Ер нь хамтарсан Засгийн газрын хийгээд байгаа хамгийн том хоёр ажил бол нэгдүгээрт Оюу толгойн гэрээ, хоёрдугаарт Хүний хөгжил сан бий болгож байгаа явдал гэж би бодож байгаа.
М.Цэцэг
2009 оны 11-р сарын 19, Пүрэв гариг
Өдрийн сонин

No comments:

Post a Comment