-Дээлтэй С.Жавхлан хэд хоногийн өмнө цэргийн хувцастай олны өмнө гарлаа. Үүний шалтгаан юу вэ?
-1939 онд Япончууд Монголд заналхийлэхэд өвөг дээдэс маань энэ цэргийн хувцсыг өмсөж эх орноо хамгаалж байсан. Өнөө цагт Япон гэлтгүй олон орон Монгол руу хошуурч байна. Мөн олон ч Монголчууд эх орноо худалдаж байгааг нүдээрээ харлаа. Тиймээс эх орноо хамгаалж өмсөж байсан энэхүү хувцсыг өмсөж, дахин хамгаалах тэр цаг иржээ гэдгийг залуусдаа мэдрүүлэх гэсэн юм. - Жавхлан монгол хувцас өмсөж байгаа нь Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй, үндэсний соёл уламжлалаа гэсэн итгэл үнэмшилтэй нэгэн гэж ойлгодог хүмүүс байна. Гэхдээ дээл өмсөхгүй бол Монголоо гэсэн сэтгэл бага байгаа гэж та ойлгодог уу? - Дээлийг зөвхөн харагдаж байгаа байдлаас нь хүлээж аваад байна. Монголчууд дэлгэсэн тэрлэг шиг нутаг минь гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл тэр тэрлэг нь сэмрээд, Монгол газар нутаг минь сүйтгэгдээд, Монголоо алдаад байна уу даа гэдэг санааг би өмсөж байгаа хувцсаараа, үйл хэргээрээ, үг хэлээрээ хэлэх гээд байгаа юм. Ер нь бид газар нутгаа гомдоосон улс. Бидний өвөг дээдэс энэ газар шороонд маань ясаа тавьсан. Мөн тэнгэрээс биднийг харж байгаа гэдэг. Тэгвэл тэнгэр, газрын дунд Монгол залуус эх орноо хайрлахгүй, өвөг дээдсээ хүндлэхгүй байна. Биднийг хорвоогоос явах цагт, ард үлдэх үлдэх үр сад минь харийн хэлээр яриад эхэлвэл бид бас тэнгэрээс хараад гомдоно шүү дээ. Үүний нэгэн адил бид чинь өвөг дээдэс тэнгэрээ гомдоогоод байгаа учраас Монголчууд ядуу, хийморь дорой байгаа юм. - Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүс нийгэмд олон байгаа байх. Гэвч тэдгээр хүмүүс өөр шиг чинь сэтгэлээ илэрхийлж чадахгүй байгаа байх. Тэр хүмүүст юу гэж хэлмээр байна? - Эх орноо гэсэн халуун сэтгэлээ битгий мохоо гэж хэлмээр байна. Манайхан эх орноо гэсэн сэтгэлтнүүдийг адлаж, хорлож байдаг шүү дээ. Жишээ нь О.Дашбалбар гуай хэл нь цоороод хордсон шинжтэй үхсэн гэдэг. Мөн Ю.Цэдэнбал гэдэг хийсэн бүтээсэн зүйлтэй удирдагчийг хойно аваачаад гэрийн хорионд байлгаж байгаад цааш нь харууллаа. - Монгол Улс ардчилсан нийгмээр хөгжиж байгаа мөртлөө төрийн түшээд нь социализмын үеэс илүү “хангамж”-тай байх болжээ. Та энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ? Хорин жилийн дотор зарим хүмүүс дэндүү өөрчлөгдсөн юм байна. Энэ бол ардчилал дууссаны шинж. Хувьсгалын 1900 оны эхээр Сүхбаатар жанжин тэргүүтэй хүмүүс хийж байсан. Тэр нь түүх болж үлдсэн. Тэгвэл 20 жилийн өмнөх ардчилал ч бас түүх болж үлдсэн байна. Бид ардчиллаа харийнчлалд, гадныханд алдсан байна. Тиймээс миний ярьж, зүтгээд байгаа зүйл нь Монголчлолоо дуудаад байгаа юм. - Монголчлолыг бий болгоход юу саад болоод байна вэ. Монгол газар нутгаа худалдаад байгаа энэ хүмүүс сөргөөр нөлөөлж байна уу? - Ямар ч яс чанаргүй хүмүүс л дээ. Манай суманд гэхэд 17-н лиценз байна. Энэ нь нэг сумыг тэр чигээр нь ухчихлаа гэсэн үг шүү дээ. Ийм байхад Монголын үнэртэй салхи, агуу уужим нутаг, уул, ус минь, тахилгат хайрхан минь ээ, малчин түмэн минь жаргаж байна гээд худлаа дуулаад яах юм бэ. Тиймээс би Монголоо авч үлдэхийн тулд амьдралаа зориулж байгаа хүн. Эдгээр Монголоо алдсан хүмүүст дахин орон зай олгомооргүй байна. Манай аймгаас нэр дэвшдэг хүмүүс ч багтаж байгаа. - Монголоо алдахад гадныхны нөлөө их бий гэж та ярьдаг энэ талаар яриагаа үргэлжлүүлээч? - Газар шороо ухдаг ажил бусад улс орнуудыг дуусгаад одоо Монгол Улсад ирчихээд байна. Үүнийг нөгөө талаас нь харахад дэлхий юу ч үгүй болоод бачимдаад ирэхээрээ ирж Монголчуудыг сэрээгээд байна. Гэвч үүнд нь бид сэрэхгүй байгаа нь сонин байгаа юм. Дэлхийн улс гүрнүүд хямралд ороод эхлэх үед элгэндээ эмээлээ тэвэрсэн их гүрэн тодорно гэж бидний өвөг дээдэс, үзмэрч зөнчид үзсэн байдаг. Энэ нь Монголын нүүдлийн соёл зөв гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрөх явдал юм л даа. Тэгээд энэ цаг ирчихээд гадны улсууд Монголыг сонирхоод байхад бид эсрэгээрээ монголоо алдаад байх юм. Уг нь Монголын газар шороог ухаж биднийг сэрээж өгсөнд баярлалаа гээд зарлах ёстой. Тэгээд дэлхийн төв болсон энэ газар шороог ухсанаар танай оронд байгалийн гай, гамшиг тохиолдож байгаа гэдгийг ойлгуулах ёстой улс шүү дээ. Энэ нь өнөөдрийн улс төр гэдэг зүйлээс давчихсан зүйл байгаа юм. - Хөгжил гэдэг зүйл дээр таны ойлголт арай өөр юм шиг санагдаад байна л даа. Ер нь таныхаар хөгжил гэж юуг хэлэх вэ? - Өнөөдөр харийнхныг сармагчин шиг дуурайж байгаагаа хөгжил гээд байна л даа. Уг нь бидний үндэс болсон зүйлээр л хөгжих ёстой юм шиг. Монголын ёс заншил, түүх соёлоо авч явах ёстой. Түүнээс Монголчууд Америкчуудыг дуурайсныг хөгжил гэхгүй шүү дээ. -Өнөөдрийн хөгжил явсаар байгаад уул уурхайтай холбогдоод байна л даа. Үнэхээр ч хөгжих хэрэгтэй бол ашигт малтмалаа зүй зохистой ашиглах хэрэгтэй болоод байна. Энэ талаар та юу гэж бодож байна? - Бид эх дэлхий минь гэж ярьдаг. Тиймээс хүн хэзээ ч эхийнхээ хэвлийг ухаж байж хөгжлийг ярьж болохгүй. Аалзны нэг төрлийн амьтан эхийгээ идэж байж амьдралд хүрдэг. Хүмүүс ийм зүйлийг одоо хөгжил гэж хараад байна. Гэтэл Монголчуудын амьдрал өөр шүү дээ. Бид хэзээ ч эх дэлхийгээ ухаж, сэндийлж байгаагүй ард түмэн. -Олон улсын уул уурхайн сонирхол, хандлага Монгол Улсыг чиглэж байна. Цаашдаа ч үргэлжлэх байх. Ийм цаг үед Монголчууд бид юун дээр дуу хоолойгоо нэгтгэх ёстой вэ? - Ерөөсөө энэ төөрөгдлөөсөө л гарах ёстой юм. Нэгнийгээ хүндэлдэггүй. Сэтгэл зүрхний алтаа тоодоггүй атлаа газар доорх алтыг анхаардаг. Энэ С.Жавхлан гэдэг хүнийг битгий тоо. Миний яриаг ч бүү сонс. Гол нь Монгол гэдэг үндэстэн байгаа гэдгийг л санах хэрэгтэй. Одоо байж байна. Дараа харин байх уу гэдгээ л мэдэж амьдрах хэрэгтэй. Түүнээс биш С.Жавхлан сонгуульд нэр дэвших гээд л худлаа юм яриад явна гэж битгий намайг хараач гэж хүсмээр байна. Надад тэр суудал чухал биш. Би чинь нийтийн дууны салбарт өөрийн гэсэн байр суурьтай хүн шүү дээ. Өөрийнхөө бодол санаагаа хүмүүстэй хуваалцах гэж хичээж байхад хүмүүс өөр өөрөөр хараад байх шиг санагддаг. -Мэдээж таны хувьд хийх ажил их байгаа байх. Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд “хүч” хэрэгтэй. Тиймээс бодлого тодорхойлох шатанд очих ёстой байх. Энэ өнцгөөс нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн үү? - Тиймээ. Үүнд хүмүүс олон янзаар хандаж байна. Үг хэлэхээр нэг өөр хандана. Монголжуу хувцас өмсөхөөр эвэртэй туулай үзсэн мэт харцгаана. Би бол өөрийнхөөрөө л байсан. Тийм дээ ч улс төрийн ярилцлага өгөөд сууж байна. Уг нь би чинь урлагийн хүн. Хөгжмийн сувгаар ярилцлага өгөөд байж байх ёстой л доо. /инээв/ -Танай аймагт нэр дэвшдэг “ах нар”-аас чинь янз бүрийн хориг саад ирвэл яах вэ? - Тиймэрхүү хориг саад ирэхгүй гэдгийг мэдэж байна. Яагаад гэвэл би 2009 онд Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд өрсөлдөөд унасан хүн шүү дээ . Тэр үед би Монгол дээлээ л ярьж байсан. Одоо бүх сургууль, байгууллагууд Монгол дээлний өдөртэй болсон байна. Намайг дэвшиж байх үед манай нутгийн ах нар “усны гурван шувуу” /нутгийнхан нэрлэсэн/ Зоригтыг дэмжээрэй гээд Чингэлтэй дүүргийн Увсын айлуудаар явсан байгаа юм. Уг нь бөхөөр бол нутгийн дүүгээ гэдэг дээ, намайг дэмжээрэй гэхийн оронд Зоригтыг дэмжээрэй гэсэн байдаг. Манай гурав яг ч нутгаа гэсэн сэтгэлгүй хүмүүс дээ. - С.Жавхланг БНХАУ-ын Өвөр монголд гарах эрхгүй болсон гэх юм үнэн үү? - Өвөр Монголчуудынхаа урилгаар Одон ТВ-д очиж нэлээд хэдэн удаа очиж дуулсан. Би ер нь уцаарлаж байгаа. Монгол туургатан дотроо хэцүү байгаа хүмүүсийн сэтгэлийг зөөллөөд би дуулаад байдаг байж. Араар нь энэ нөхдүүд уярсан хүмүүсийн гэнэн сэтгэл дээр тоглоод байсан байна. Тиймээс би дуулахаа болихоор шийдсэн. Монгол сайхан болсон цагт би дуугаа харамгүй өргөнөө. Одоогоор жаахан хязгаарлалт тавьж байна. Хоёрдугаарт би 2011 оны Өвөр Монголын Цагаан сарын өдөрлөгт уригдан ая дуугаа өргөхдөө “Монголчуудын Мөнх хөх тэнгэрийн цаг эхэлж байгаа, Монголчуудыг малчин заяа, мөнх тэнгэр ивээх ивээх болтугай” гээд хэлчихсэн юм”, энэ бол сайхан ерөөл ш дээ, Монгол хүн бүр л ингэж ерөөл өргөдөг ш дээ. Гэтэл энд л асуудал үүссэн юм шиг байна лээ. Түүнээс биш ӨМ-чуудыг би муу хүмүүс энэ тэр гэсэн яриа яриагүй. - Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүс олон байдаг. Энэ хүмүүсийг заавал хувцсаараа гэлтгүй зүрх сэтгэлээрээ нэгдсэн байгууллагыг та байгуулж болдоггүй юм уу? - Монголчуудыг бүгдийг нь эх орон дуудаж байна. Тиймээс худал хэлэхээ болиод, газар шороогоо зарахаа болиод, монгол дээлээ, эх орно хамгаалсан монгол цэргийн хувцсаа өмсөөд түмэн олныхоо дунд гараад ир гэж “бэртэгчингүүдэд” хэлмээр байгаа юм. Биднийг заавал нэг байгууллага нэгтгэхгүй. Бид бүгдэд Монгол гэсэн сэтгэл байхад л нэгдсэн гэсэн үг. Тиймээс үнэн худал хоёрын дунд байгаа эргэлзээнээсээ салах цаг болсон байна. С.Жавхлангаас Монголоо олоод хараач л гэж хүсч байгаа юм. Үнэнтэй нөхөрлөж, худлыг цаазалъя гэж хэлье. - Хэрэв та төрийн түшээ болбол юунаас ажлаа эхлэх вэ? - Миний ярьж хэлж байгаа зүйл үргэлжилнэ. Сонгогдсон ч сонгогдоогүй ч өөрчлөгдөхгүй, Магадгүй сонгогдвол энэ 76-г эх орноо зардаггүй болгож мэднэ. Мөн бүгдэд нь дээл өмсгөнө. Энд Монголын тухай ярьж байгаа учраас гадаад хувцсаар хувцаслахгүй. Мөн тангаргийг Монголын төрийн гал голомтод галын хажууд үнэнээ хэлдэг болгоно. Үүний ч төлөө явна. - Ярилцсанд баярлалаа. Л.Тамир оллоо.мн |
"Холын хүнд өршөөл тус хүргэж, ойрын хүнд асрал өглөгийг хүртээвээс эв эе бүтэж хүч нэммүй, харийн газар арга чадлаа бэхлэж, халуун зуураа эе эвээ хичээ, үхэлгүй насны шидийг эс олсны тул мөнх бусыг санаж, эрдэмт ламын тангарагийг эвдэлгүй, эзэд хаадын зарлигийг давалгүй, эцэг эхийн сургаалыг марталгүй явагтун" Оюун түлхүүрээс
Monday, 21 May 2012
С.Жавхлан:''Би УИХ-ын гишүүн болвол бүх гишүүдийг дээл өмсөхийг шаардана''
Labels:
ЖАВХЛАН Самандын
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment