Зарим үед намайг гал мэт төсөөлж,
харин маргааш нь цас мэт эндүүрнэ. Тийм ээ, би гал шиг халуухан, бас цас шиг
хүйтэн. Эргэх дөрвөн улирал ийнхүү хүмүүний зан араншинг тодорхойлогч термометр
лугаа адил юм. Цаг хугуцааны яг л ийм мөчлөг дор Төрийн соёрхолт, Урлагийн
гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравтай ярилцсан юм.
-"Бид цас ороход дуртай”... Хүмүүсийн сэтгэл ийнхүү
хөглөгдөж байна. Харин хөгжмийн зохиолч хүний сэтгэлээс тухайн улирлын өнгийг
даган ямар нэгэн аялгуу эгшиглэдэг үү?
-Хөгжим гэдэг бол хүний сэтгэл хөдлөлийн
тусгал юм. Өвөл, хавар. намар, зун. Ээлжлэн өнгөрөх эдгээр улиралд өөр, өөр
мэдрэмж төрдөг. Гэхдээ хөгжмийн зохиолч хүнд тухайн өдрийн сэтгэл хөдлөл, бие
организмын байдал ихээхэн нөлөөлдөг нь ойлгомжтой. Манайхан “Нас тогтох сайхан”
гэж ярьдаг шүү дээ. Намрын улирал бол амьдралыг ухаарах цаг үе юм. Аливаа бүхэн
боловсорч гүйцдэг энэ улиралд би ухаарлын өнгө аястай бүтээлүүд туурвидаг. Цас
бударсан өвлийн өдрүүдэд ч мөн адил.
-“Гэгээн алсад одох юмсан” бүтээлээ ямар цаг үед
туурвисан бэ?
-Танд би жилийн дөрвөн улирлын тухай асуусан
асуулттай тань адилхан утгатай хариулт хэлмээр байна. “Гэгээн алсад одох
юмсан" бол “Мартагдсан дууль" киноны хөгжим. Амьдралыг ухаарах,
аливаа зүйлийн учрыг ойлгуулахыг эрмэлзсэн хөгжмийн бүтээл юм. Гэхдээ би үүнийг
ямар цаг үед бичсэнээ сайн санахгүй байна.
-Яруу найрагчид аливааг хурц өнгө аясаар дүрслэхээ
“загнаж" бичих гэдэг юм билээ. Хөгжмийн зохиолчид ч мөн адил уу?
-Загнаж бичих нь ч юу юм бэ. Болохгүй,
бүтэхгүй зүйлийг хөгжмийн хэлээр хурц илэрхийлэх нь байлгүй яах вэ. Элдэв
зерчил, тэмцлийг сонгодог урлагийн төрөл дээр хурцаар илэрхийлэхгүй бол
болохгүй. Ер нь хөгжим гэдэг хүний амьдралтай яг адилхан. Хурцаар илэрхийлэх
хэсэг байхад уян зөөлнөөр дүрслэх нь ч байна. Ялангуяа дуурь, симфони хөгжмийн
зохиолд иймэрхүү зүйл олонтаа ажиглагддаг. Харин жижиг бүтээл дээр цаг бага
зарцуулах учраас нэг талаа л баримтална.
-Хөгжмийн зохиолчид хоорондоо хэр ширүүн өрсөлддөг вэ?
-Бие биентэйгээ өрсөлдөхийг хэлж байна уу?
-Тийм.
-Миний хувьд, тийм зүйл ховор. Ер нь хүн
мэдэрсэн зүйлсээ л хөгжмийн хэлээр илэрхийлдэг. Тухайн уед амьдрал надад юу хэлж,
ойлгуулж байна вэ, тэр болгоныг би эгшиг аялгуугаар мэдрүүлэхийг хичээдэг юм.
Түүнээс биш бусадтай өрсөлдөнө гэдэг миний натурт тохирохгүй зүйл.
-Ер нь хөгжмийн зохиолчид та бүхэн их онцгой хүмүүс.
Заримдаа зожиг ч юм шиг санагддаг. Та үүнтэй санал нийлж байна уу?
Тиймэрхүү зүйл байна. Хэн нэгнийг дэргэдээ
Ьаж байгаад ч юм уу олон хүний хажууд би
хөгжим зохиож үзээгүй. Ганцаараа сууж, бодож,
сэтгэж байж хөгжмийн аялгуунд уусан орсныхоо эцэст бүтээлийнхээ санааг олж
хардаг. Тэртэй, тэргүй бие даасан хөдөлмөр учраас ганцаараа ажиллах
шаардлагатай.
-Дарс,
тамхи... Энэ тухай юу гэж хэлэх вэ?
-Би тамхи татдаггүй. Амтат дарсанд
мансуурангаа зохиол бичдэг гэх ойлголт ч надад байхгүй. Харин ч эв эрүүл, сав
саруул байх хэрэгтэй гэж боддог шүү. Хөгжмийн бүтээл туурвихдаа туйлын эрүүл
саруул, ухаантай, бас мэдрэмжтэй байх хэрэгтэй. Ерөөс хөгжим бол их нандин
зүйл. Үүнийг өөр зүйлтэй хольж, хутган ойлгож болохгүй. Миний хувьд, хөгжим
бичихийн өмнөх өдөр архи ууж болохгүй гэж боддог.
-Тэгвэл
та сэтгэлээ хэрхэн хөглөдөг вэ?
-Би угаасаа л аялгуулаг хүн шиг байгаа юм.
Бурхны л бэлэг юм даа. Түүнээс биш онгодоо хөглөх гэж бор дарс хэрэглэх,
амьдралын элдэв зүйлд автах нь байж болшгүй зүйл.
-Ер нь
та хөгжмийн авьяастайгаа хэдийд мэдэрсэн бэ. Энэ “нууц”-ыг тань анх хэн нээсэн
бол?
-Хөгжмийн авьяастайгаа эрт мэдэрсэн. Авьяас
гэдэг бол өөрөө л нээгддэг зүйл. Гэхдээ мэргэжлийн хөгжмийн ертөнцөд намайг
С.Гончигсумлаа гуай хөтөлж оруулсан. Ер нь надад олон багш бий. Хуучнаар ЗХУ-д
суралцаж байхдаа Б.Д.Гебалин хэмээх татар гаралтай, Монголыг сайн мэддэг, дорно
дахины хөгжимд их элэгтэй эрхэм хүний шавь байлаа. Энэ хоёр багшийнхаа ачаар л
өдий зэрэгтэй явна даа.
-Өрнө,
дорнын гэлтгүй орон, орны хөгжмийн бүтээл өөр аялгуутай байдаг. Үүнд ахуй
нөлөөлж байна уу. Аль эсвэл сэтгэлгээ юү?
-Ахуй нөлөөлнө. Хөгжимд нөлөөлдөг гол зүйл
бол ахуй шүү дээ. Монголчуудын нүүдлийн соёл иргэншил, ахуй амьдрал гэдэг бусад
улсынхаас огт өөр. Зөвхөн уртын дуугаар төсөөлөөд үз л дээ. Монголоос өөр
үндэстэнд уртын дуу байдаггүй. Тийм учраас уртын дуу гэдэг хүн төрөлхтөний
соёлын үнэт өв юм. Энэ бол монголчууд урлаг, соёлын яндашгүй өв баялагтайг
баталж байгаа хэрэг.
-Таны
бүтээлүүд нүсэр хөгжимтэй, дууг тань мэргэжпийн дуучин дуулахаас өөр аргагүй
байдаг. Нэг ёсондоо, Б.Шаравын бүтээл бүр уран бүтээлчдэд томоохон шалгуур
болдог. Нөхцөл байдал ийм байхыг та урьдчилан төлөвлөдөг үү?
-Тийм ээ, дууг минь мэргэжлийн дуучин дуулж,
найрал хөгжим нь мэргэжлийн түвшинд дуугарахыг би эрхэмлэдэг. Та сая зөв
хэллээ. "Мэргэжлийн, тэр дундаа сайн уран бүтээлчид дуулдаг” гэж. Үнэхээр
ч миний дуунуудыг Ардын жүжигчин Х.Уртнасангаас эхлээд өдгөө цагт хүлээн
зөвшөөрөгдсөн дуучид дуулж байгаа.
-Хууль
зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хүртэл дуулдаг биз дээ?
-Надад сайхан санагдсан шүү. “Аав, ээж
хоёр" дууг би цэвэр мэргэжлийн дуу гэж боддог. Гэтэл Ц.Нямдорж сайд
дуулсан. Тэрбээр хөгжим сонирхдог, сайн сонсогч шүү дээ. Энэ дууг сонирхохын
хувьд бүгд л сонирхож сонсдог. Гэхдээ эрхэм сайдыг дуулснаас хойш “Үүнийг ард түмэн дуулж
болох юм байна шүү дээ” гэж бодсон. Дуулахад хэцүү дуу л даа.
-Баяр, гуниг, хайр гэх мэтчилэн олон хөг аялгууг “Аав,
ээж хоёр”-оос мэдэрдэг. Ямар түүхтэй дуу вэ?
-Ая нь анх төрсөн юм. Манайд Буриадын соёлын
өдрүүд 1984 онд болох үед би сургуулиа дөнгөж төгсч ирээд байсан. Тэгэхэд Дугар
Дашиев залуухан. “Ээж минь”, “Тоонот нутаг” зэрэг дууны аяыг бичсэн Борис
Андреев бид хэд нэг сургуулийн төгсөгчид. Буриадын дуучид Б.Андреевын
гайхамшигтай дуунуудыг дуулахыг сонсоод “Мэргэжлийн хүн, тэр дундаа тайзан дээр
дуулах дуу ийм л байх ёстой юм байна” гэж бодсон. Энэхүү бодлоосоо үндэслэж,
“Аав, ээж хоёр” дууг бүтээсэн юм. Түүнээс хойш надаас төдийгүй Н.Жанцанноров,
Г.Билэгжаргал, Ч.Чинзориг нараас ийм төрлийн дуу олон төрсөн дөө. Үүнийг дууны
нэг төрлийн урсгал чиглэлийг бий болгосон дуу гэж үзэж болно.
-Алтаар, алтаар уйлавч ахиад олдохгүй аав минь Эрдэнээр,
эрдэнээр уйлавч эргээд олдохгүй ээж минь... Та энэ дууны аяыг уйлж бичсэн үү?
Үгүй ээ, гэхдээ сэтгэл их хөдөлж байсан. “Ер
нь аятайхан дуу хийчихлээ” гэж шууд л бодсон. Аав, ээж хоёр минь л бодогдоод
байсан.
-Ямар орчинд анхны нотыг нь тавьсан бэ?
-Хөгжим, бүжгийн дунд сургуулийн 319 тоот өрөө билүү дээ. Тэнд суугаад хөгжим
тоглон, дуу зохиох гэж оролдож байтал “Аав, ээж хоёр”-ын ая шууд орж ирсэн.
Сэтгэл минь ихэд хөдөлж, тохирох үг нэлээд хайсан даа. Тэгж, тэгж сониноос олж
харсан юм. Үг нь яруу найрагч Т.Галсангийн шүлэг. Хэдийгээр маш олон бадаг
шүлэг байсан ч миний зохиосон аянд хоёрхон бадаг нь л таарсан.
-“Монголын хөгжмийн ертөнцийн ноён оргил” гэгддэг ч
С.Гончигсумлаа гуайг хэрхэн амьдарч, уран бүтээлээ туурвиж байсныг өнөө цагт
мэдэх хүн ховор. Танаас энэ тухай бодит түүхийг сонсмоор санагдлаа?
-Багш маань их боловсролтой хүн байсан.
Тухайн үеийн хөгжмийн зүтгэлтнүүд дундаас хамгийн боловсролтой нь байв уу гэж
боддог. Тэгээд ч Монголын хөгжмийн ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн.
Хөгжмийн зохиолчдын холбоог хэсэг нөхдийн хамт байгуулж, олон жил удирдсан.
Монголын анхны бүжгэн жүжгийн зохиолыг бичлээ. Төгөлдөр хуурын анхны
бүтээлүүдийг ч мөн адил. Ер нь төгөлдөр хуурын сургалтыг манай улсад анх
санаачилсан уран бүтээлч л дээ. Тэр хүний тухай маш олон зүйлийг өгүүлж болно.
Хамгийн голоос нь дурьдахад ийм байна. Баянхонгор аймагт төрж, багаасаа өнчрөн ядарч
зовж үзсэн эр хүн. Хожим нь Москвагийн Хөгжмийн дээд сургуулийг төгсч, өндөр
боловсрол эзэмшсэн. Монголын хөгжмийн ертөнцөд азаар заяагдсан ийм хүний шавь
болсондоо би бахархдаг.
-Л.Мөрдорж гуайн тухайд?
-Л.Мөрдорж гэж их содон сонин хүн байлаа.
Хувь тавилан, ер байж байгаа байдал нь сонин
хүн байсан. Маш авьяаслаг. Хөгжмөө авьяасаар “зодож” бичдэг байсан гэж болно.
“Алтан өргөө” киноны хөгжмөөс эхлээд Монголын анхны симфонийг нь ард түмэн сайн
мэднэ. Түүнийг “Богдын өргөмөл хүү байсан” гэж ярьдаг шүү дээ. Богд хаан
дараачийнхаа дүрийг тодруулах гэж хэдэн хүүхэд шилж, гэртээ өсгөж байсан юм
билээ. Тэдгээр хүүхдийн нэг нь Л.Мөрдорж гуай. Ерөөс багаасаа л хувь заяаны
одонд төрсөн хүн. Аргагүй л шинэ үеийн хөгжмийн урлагийн үндсийг тавилцсан
томоохон төлөөлөгч. Түүнтэй би олон жилийн туршид ах дүүсийн харилцаатай
байсан.
-Багшийн
тань гар бичмэлүүд бий юү?
-Байлгүй яах вэ. Гончигоо багшийнхаа
дурсгасан нот, зургийг гарын үсэгтэй нь хадгалдаг.
-Төрийн хуурч гэдэгтэй адил төрийн хэмжээний хөгжмийн
зохиолч яагаад байж болдоггүй юм бол?
-Үгүй ээ, Төрийн шагналт хөгжмийн зохиолч
гэдгийг би төрийн хөгжмийн зохиолч гэж л ойлгодог. Төр шагнасан учраас тэр шүү
дээ. Гэхдээ хөгжмийн зохиолчид төрд биш сонсогчдодоо чадвараа үнэлүүлэх ёстой. Би ингэж л бодож явдаг.
-Шинэ
зууны хөгжмийн зохиолчдыг бэлтгэхэд та бүхэн хэр анхаарч байна вэ?
-Залуус
маань хилийн чинадад суралцаж байна. Миний хүү л гэхэд Москвад хөгжмийн
зохиолчийн ангид суралцаад энэ жил төгслөө. Нэлээд олон хүн төгсч ирж байна.
Тэр дунд шавь нар маань ч бий. Бидний хийж, бүтээж байгаагтэд үргэлжлүүлж чадна
гэж итгэж байгаа.
-Та ямар нэгэн урлагийн байгууллагад харьяалагддаг уу?
-Мэргэжлийн урлагийн байгууллагуудад албан
бусаар харьяалагддаг. Чөлөөт уран бүтээлч гэж ярьдаг болжээ. Бид тийм маягаар
гэртээ сууж байна. Мэргэжлийн байгууллагуудтай гэрээгээр ажиллаж, захиалсан
бүтээлүүдийг нь туурвидаг.
-Том хэмжээний бүтээлийг манай улс хэр өндөр үнэлдэг вэ?
-Харамсалтай нь тун тааруу. Миний хувьд,
томоохон бүтээлүүдэд ихэнх цагаа зарцуулсан хүн. Ойлгож сонсох талаас ч,
санхүүгийн зүгээс ч дэмжлэг хангалттай биш. Мэргэжлийн хөгжмийн зохиолч гэдгээ
ухамсарлаж л томоохон бүтээл туурвиж байгаа болохоос биш нийгмийн захиалга нь
Монголд алга байна.
-“Чингис хаан” дуурийг ойрын үед яагаад тоглосонгүй вэ?
-Жилд 2-3 удаа тоглодог. Ялангуяа улсын наадам
дөхөхөөр тоглодог л юм.
-Та
өөрөө их эрч хүчтэй хүн. Тиймээс Чингис хааныг омог бадрангуй байдлаар
дүрсэлсэн үү?
-Бадрангуй ч бий. Уянгын, өрөвдөлтэй, бас
эмгэнэлтэй хэсэг ч байдаг. Чингис хааныг хүн гэдэг талаас нь илэрхийлэхийг илүү
бодсон. Хайрладаг, дурладаг, зовдог, жаргадаг. Ийм л хүн байсан юм гэж.
Таны удамд хөгжмийн авьяастай, мөн урлагийн хүмүүс байдаг уу?
-Байхгүй. Би малчин айлын хүүхэд. Миний аав,
ээж насаараа л нэгдлийн мал хариулсан. Манайхан хэдэн үеэрээ Цэнхэрийн голоор
амьдарсан хөдөөгийн хүмүүс. Гэхдээ би өөрийгөө “Удам дамжсан уран бүтээлч” гэж
хэлэх дуртай. Учир нь миний дээд өвөг морин хуур тоглодог. Авдар сав урлаж,
алт, мөнгө, модоор элдэв зүйл хийдэг урлагт элэгтэй эгэл ардууд байлаа. Аав
маань залуудаа угалзтай монгол гутал хийдэг байсан. Удам нь тийм болохоор арга
ч үгүй байх. Энэ нь надад нөлөөлсөн гэж манайхан ч хэлдэг. Ээж минь дуу хуурт
дуртай, үлгэр, оньсого их ярьдаг хүн бий.
-Та
хэнийх нь занг илүү дуурайсан бэ?
-Мэдэхгүй ээ. Нутгийнхан маань намайг
"Аавтайгаа жигтэйхэн адилхан” гэдэг. Адилхан харагдаж байгаа бол зан нь ч
адилхан байгаа байлгүй дээ.
-Нутагтаа хэр их очдог вэ?
-Сар болгон очдог. Хамгийн их очдог газар
минь төрсөн нутаг л байна шүү дээ. Ээж минь 90 гаруй настай хөгшин байдаг. Тийм
учраас ээждээ байнга очих юм даа. Би 16 настайдаа хотод анх орж ирсэн. Тэгсэн
хэрнээ л өөрийгөө "Нутагтаа байгаа” гэж боддог хүн. Ах, дүү, хамаатан
садны маань ихэнх нь нутагтаа байгаа учраас явах шаардлага их гардаг. Тиймээс
би одоо болтол Улаанбаатарын хүн болж чадаагүй л байна.
-Хөгжмийн аялгууг та сэтгэлдээ анх хэзээ мэдэрсэн бэ?
-Би 1972 онд Багшийн сургуулийн хөгжмийн
ангийг төгссөн. Тэгээд хавар нь “Сургууль минь баяртай" гэдэг дуу бүтээсэн
юм. Энэ бол миний хамгийн анхны дуу. Хүмүүс одоог хүртэл дуулж л байдаг.
-Дуурийн хөгжим дахиад бичих үү?
-Томоохон хэмжээний бүтээл туурвилгүй яах вэ.
Яг одоо би “Чингис хаан” дуурьт засвар хийж байна. Үүнийг энэ жилдээ багтааж
дуусгана. Бодож, төлөвлөсөн зүйл ч зөндөө байна.
Гэхдээ ганц ч нот тавиагүй байж ярих нь учир
дутагдалтай биз ээ.
-Хөгжмийн зохиолч, яруу найрагчдын дунд "Тийм
бүтээлээ түүнд өгөх сөн” гэх аминчхан харилцаа байдаг уу?
-Тийм зүйл байхгүй. Түүнийг уран бүтээлийн
эрх ашиг л мэднэ. Хэнтэй нь хамтарч туурвивал аятайхан болох нь вэ гэхмэтчилэн
бодлого байна аа даа. “Чингис хаан” дуурийн цомнолыг би П.Бадарч гуайгаар
бичүүлсэн. Түүнээс биш Б.Лхагвасүрэн, З.Түмэнжаргал нараар бичүүлж болох
байсан. Гэхдээ уран бүтээлийн шийдэл л мэднэ шүү дээ.
-Хамгаас
их хүсч, шунаж бичсэн бүтээл тань юу вэ?
-Би байгальд их элэгтэй. Ихэнх дуу маань уул,
усыг магтан дуулсан сэдэвтэй. Тухайлбал, “Цэнхэрийн голоор нутаг минь”,
“Хайрхан уулын бараа” байна. Аав, ээжийн тухай дуу ч их бүтээжээ.
-Танд хөгжмийн тусгай урлан байдаг уу?
-Гэрийнхээ нэг өрөөг урлан болгоод сууж
байна. Дээхнэ үед дуурь, бүжгэн жүжгийн хөгжим бичиж байхдаа Дуурь, бүжгийн
эрдмийн театрт өөрийн гэсэн өрөөтэй байсан. Уран бүтээлч хүнд бүтээлээ туурвих
өрөө зайлшгүй хэрэгтэй. Гудамжинд, аль эсвэл хаа нэгтээ уулын энгэрт хөгжмөө
бичнэ гэж байхгүй. Бид төгөлдөр хуурынхаа ард заавал байх шаардлагатай.
-Б.Шарав гуайн ажлын ид оргил үе хэзээ вэ. Өдөр үү, шөнө
үү?
-Үдээс өмнө, өглөөгүүр л хөгжмөө бичихийг
боддог. Миний хувьд, өглөө их өгөөжтэй цаг мэт санагддаг юм. Зайлшгүй шаардлага
гарвал орой сууж ажиллана.
-Нэгэн эрхмийг жишээ болгоё. П.И.Чайковскийн бүтээлээс та
юуг мэдэрдэг вэ?
-П.И.Чайковский бол хүний дотоод сэтгэлийг
магтан дуулагч байсан. Энэ талаараа миний зарим бүтээлтэй төстэй байж магадгүй.
Түүний уран бүтээлээс хүний амьдралын гуниг, зовлон мэдрэгддэг.
-“Дуурийн
урлаг сэргэж байна” гэдэгтэй санал нийлдэг үү?
-Дуулаачийн урлаг талаас сэргэж байж болно.
Харин шинэ дуурь бүтээх нь ховор болчихлоо. Манай залуус дуурь бичихгүй байна.
“Чингис хаан" дууриас хойш дуурь бүтээв уу, үгүй юү би сайн мэдэхгүй.
Үүний учир нийгмийн хөшүүрэг, захиалга байхгүйтэй холбоотой. Түүнээс бус
залуучууд маань чадахгүйдээ биш. “Шинэ дуурь сонсохсон" гэж хүсч, мөрөөдөж
байгаа хүн монголчууд дунд байна уу, үгүй юү. Хэрэв бичлээ гэхэд хэдэн хүн үзэх
юм бэ. Монгол хүний хэрэглээ болж чадсан уу. Үүнд л гол асуудал байна.
Б.Гэрэл
“Хөөрөх цэг” сэтгүүл 2010/4
No comments:
Post a Comment