Monday, 21 May 2012

Х.Баттулга: Зовсон үедээ л аавыгаа их санадаг юм


УИХ-ын гишүүн Х.Баттулга
"Него епtertainment"-аас бэлтгэн Ардын уран зохиолч, төрийн соёрхолт Б.Лхагвасүрэн, П.Анужин нар хөтөлдөг "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн ээлжит цувралаар УИХ-ын гишүүн Х.Баттулгын ярилцлагыг уншигчдадаа сонирхуулж байна.
-Хөт: Б.Л: -Ярилцлагаа таны бага насны дурсамжаас эхэлье гэж бодлоо?
-Аав минь Баянхонгор аймгийн Баянцагаан, ээж минь Галуут сумын уугуул. Гэхдээ аав ээж хоёр минь их эрт хотод орж ирэн комбинатад ажиллаж, амьдарч эхэлсэн. Би нэг эгч, нэг дүүтэй. 1966 оны их үерт автсан айлуудад Яармагийн дэнжид газар олгосон юм билээ. Тэр үед би дөнгөж л гурван настай байлаа. Ухаан орох цагаас эхлээд л хүүхэд ахуй цаг минь энэ дэнжид өнгөрсөн дөө. Хашаа, гэрт амьдардаг хүүхэд хэрхэн өсдөг үү, тэр жишгээр л бага нас минь өнгөрсөн.
-Хөт: П.А- Ажилчны дүүргийн атаман хүүхэд байв уу?
-Үгүй ээ. /Инээв/
өт: Б.Л- Баттулга маань зургаа орхичихлоо доо?
-Бүр ч орхихгүй л гэж бодоод байгаа. Хаа нэг зурж л байгаа. Зарим үед хүн амьтныг шоглоод зурчихна. Таныг бол бас л зурчихна шүү. /Инээв/
-Хөт: Б.Л- Яагаад ер нь зураач болохоор шийдсэн юм бэ?
-Яармагийн 34 дүгээр сургуульд сурдаг байлаа. Наймдугаар анги төгсдөг жил ангийн багш Алтанцэцэг маань "За нөхөр минь, чи ч ер нь сурлага муутай явахгүй нь ээ. Наад гарынхаа дүйгээр амьдралаа олсон нь дээр байх. Зургийн сургуульд шалгалт ег гэсэн юм. Ингэснээр Дүрслэх урлагийн дээд сургуульд элсэн орж төгсөөд,1982 оноос Урчуудын эвлэлд монеминтал чимэглэл дээр ажиллаж эхэлсэн.
-Хөт: Б.Л: -Таныг уран бүтээлч байсан болохоор одоо үед уран бүтээлчдийнхээ төлөө юу хийж байна вэ гэх асуулт гарна?
-Бид XIII зуунаар их бахархдаг шүү дээ. Дэлхий дээр хэд хэдэн томоохон эзэнт гүрэн байсан ч монголчууд хамгийн алдартай нь. Тэр Түүхийн бахархлыг сэргээх үүднээс "Чингисийн хөшөө" цогцолбор байгуулагдсан. Хүмүүс хотын төвд барихгүй яасан юм бэ гэх санал тавьдаг. Гэтэл Чингис хаан маань тал нутгийн баатар. Доройтчихсон байх үедээ тэр толгойгоос ташуур олсон гэдэг. Түүнээс хойш ч үйлс нь их бүтсэн хэмээх домог, яриа бий. Үнэндээ гадаадын жуулчид Чингис хааны өлгий нутагт ирлээ гэхэд бидэнд үзүүлэх зүйл байгаагүй. Хэдхэн архи л байдаг шүү дээ. Тиймээс л энэхүү цогцолборыг бүтээн байгуулах санаа төрсөн. Дараа нь эрт дээр үеийн Түмэн хөсөгтөн хэмээх цэргийн зохион байгуулалтыг авч явж байсан армийг тусгаж бүтээхийг зорино. Бахархлыг л өдөөх гээд байна шүү дээ.
-Хөт П.А: Эзэн хааны морьт хөшөөг нь амилуулсан болов уу?
-Чингис хааныг Очирваань бурханы дүр хэмээн ярьдаг. Очирваань бурхан дээр шүншгийг нь хийлгэсэн.
-Хөт П.А: Бас нэгэн ярихгүй өнгөрч боломгүй төсөл бол Майдар. Энэ маань ямар утга агуулгатай билээ?
-Хүмүүжлийн талд хэрэгтэй юм болов уу. Монголчуудын 80 орчим хувь нь буддист байдаг. Буддизм гэдэг зүйл сүүлд орж ирсэн ч бидний дунд дархлагдаад байгаа. Майдар нь Бурхан багшийн дараа буюу таван мянган жилийн дараа ирдэг бурхан юм билээ. Одоо 2500 жилийн дараа ирнэ гэж байгаа. Дэлхий өөрөө их эвдэрчихсэн, хүн хүнээ байчихсан үед 15 настай Майдар хүү гарч ирж өөрчилнө гэсэн утгатай юм билээ.
-Хөт П.А: Дархлаа гэдэг нь таныхаар юу юм бэ?
-Миний ойлгож буйгаар үндэстэн болгонд л байгаад байх шиг. Нэг шашин шүтлээ гэхэд түүнийг мухараар сүсэглэх бус маш сайн судлах хэрэгтэй. Буддизм ер нь цаашдаа нэлээн тэлэх байх. Нэг шашнаар нэгдэж чадвал улс үндэстэн ч дагаад нэгддэг л гэх санаа юм. Монголд дархлаа, бахархал хэмээх зүйл хүн бүрт байх ёстой. Тиймээс Монголын морьтой цэрэг, Майдар бурхан хүмүүсийн нүдэнд ил харагдахаар байрлах болно.
-Хөт П.А: Та юм бодохоороо дуугүй болчихдог юм уу эсвэл угийн ийм дуу муутай хүн үү?
-Угийн дуугүй талдаа. Би гэлтгүй манай гэрийнхэн ч тэр.
-Хөт Б.Л: Хэрхэн бөхийн спортод холбогдсон юм бэ?
-Миний аав их олон жил бөхийн ногоон дэвжээнээ засуул хийсэн. Тиймээс дүү бид хоёрыг барилдуулж явуулсаар спортын замд оруулсан юм. Одоо       бодохоор       эрэгтэй хүүхдийн 10 гаруй нас гэдэг чинь ид ноцолдож, зүггүйтдэг үе. Тэр үед л чөлөөт цагийг нь зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор барилдуулж эхэлсэн юм шиг байгаа юм. Тухайн үед арай илүү амжилт гаргадаг нь самбо бөх байсан. Байраар хүртэл шагнадаг байсан. Тиймээс самбо бөх рүү арай илүү чиглэж барилдах болсон. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байлаа. Дэлхийн цомын тэмцээнээс мөн алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Харин 1989 онд эх орондоо болсон Дэлхийн цомын тэмцээнд оролцож түрүүлэн,   өнөөх   хүсэж   хүлээж байсан дөрвөн өрөө байраар шагнуулж байсан.
-Хөт: Б.А- Бээжингийн олимпын наадмаар монгол тамирчин алтан медаль хүртэхэд таны үүрэг их байсан гэжхүн болгон ярьдаг?
-Монголын жүдо бөхийн холбоог 2006 оны есдүгээр сараас эхлэн тэргүүлсэн.  Анх авахдаа л Бээжингийн олимпоос алтан медаль хүртэх зорилго    тавьсан. Бээжинд нэгдүгээрт цагийн зөрүү байхгүй, Монголтой маш ойрхон. Тиймээс тамирчдынхаа бэлтгэл хийх ахуй нөхцөл, уураг витамин зэрэгт дээд зэргээр анхаарал тавьж эхэлсэн. Баг тамирчид, дасгалжуулагчдын бэлтгэлийн үр шим ч гарч Бээжингийн олимпын тэнгэрт анх удаа Монгол Улсын төрийн дуулал эгшиглэсэн.
-Хөт: Б.Л: Монголчууд жаахан амжилтдаа ханамтгай хүмүүс шүү?
-Ганцхан спортынхон биш, манай урлагийнхан ч тэр биеэ тоох тал байдаг биз дээ.
-Хөт Б.Л: Та амьдралдаа хэр олон уйлсан бэ?
-Багадаа бол нэлээн л уйлж байсан байх. Жишээ нь, багт наадам, бэлгэнээс хасагдахад буланд очоод уйлах тохиолдол бишгүй л байсан. /Инээв/ Том болоод хамгийн сүүлд Бээжингийн олимпоор аварга төрөхөд л их уйлж билээ.
-Хөт П.А: Зургийн сургуульд сурдаг байхдаа Баянгол зочид буудлын өмнүүр жуулчдад зургаа нэг доллараар зардаг байсан гэсэн?
-Нэг зургаа нэг доллараар зарна гэдэг тухайн үед их мөнгө. Давхар хажуугаар нь Англи хэл сурчихна. /Инээв/
-Хөт П:А- Хожмоо та зургаа зарж байсан энэ газартаа үйл ажиллагаа явуулна гэж бодож байв уу?
-Тийм том төлөвлөгөө бол байгаагүй ээ. /Инээв/ Ер нь бодоод байхад 10-аад Наснаасаа эхлээд л энэ Баянголтой холбогдсон юм шиг. Тамирчин болчхоод хүртэл тэнд байрлаж байлаа.
-Хөт П.А:Та хэр шүтлэгтэй хүн бэ?
-Ер нь шүтлэг байх хэрэгтэй. Гайгүй шүү.
-Хөт Б.Л: Зарим бизнесмэн урдаа бүхэл тоотой мөнгөөр бизнесээ эхэлдэг. Гэтэл өөрийг чинь тэгээс эхэлсэн гэдэг юм билээ?
-1990 оноос эхлэн наймаа хийхээр шийдсэн. Дотоодын хямд даавуугаар хүүхдийн  хувцас оёж,  Унгар улсад зарахаар  явж байлаа. Хүүхдийн хувцас зарж олсон бага хэмжээний мөнгөө өвөртлөн Сингапурыг зорьж, видео камер авчирч Монголдоо зарах бодол төрсөн.Тэр үед Сингапур улс руу визгүй зорчдог байсан. Тиймээс  тэндээс 600 доллараар камер авч энд нэг   нугалж зардаг байлаа. Түүний дараагаар найман камер авчирч зарсан. Сүүлдээ ч манайхан авахаа больж, Бээжинд зарж эхэлсэн.Тэгж л хамгийн анхны капиталаа хуримтлуулж байсан.
-Хөт П.А: Таны бизнес амжилттай яваа дүр зургийг мэдэхгүй хүн үгүй байх. Үсээ хойш нь самначихсан, одоогийнхоос эрс өөр имижтэй байж?
-Тэр үед үстэй ч байж дээ. /Инээв/ 1990-ээд онд ганзганд яваад, монголчууд анх удаа мөнгөжиж байгаа үе.Үүнд явдаг хэд хэдэн бүлэглэл байсан. Ганзганд явахаар мөнгө дороо арвиждаг. Зурагт үзэж байгаад хамгийн түрүүнд ноолууран урт хүрэм, шил зүүж, хажуудаа барьдаг цүнх авсан.Тэгээд л үсээ гельдэж эхэлсэн. Яаж түрхдэгийг нь ч мэддэггүй байлаа.
-Хөт П.А: Бүх зүйл бүтээд л бизнес тань өргөжөөд байхаар танд ямар мэдрэмж төрдөг байсан бэ?
-Цаашдаа ч гэсэн ингээд л болоод баймаар санагддаг байсан.
-Хөт П.А: Муу үйл гэж та юуг ойлгодог вэ. Та муу үйл хийж явсан уу?
-Орчин тойрондоо муу үйл хийхийг л хэлдэг байлгүй дээ. Залуу насандаа сахилгүйтэх зэргээр муу үйл хийж явсан байх. Манайхан дээхнэ.17 чингэлэг спирт гээч зүйлтэй холбогдож түүнээс хойш согтууруулах ундааг оролдохоо ч больсон.
-Хөт Б.Л: Бурууд ялгүй, зөвд шагналгүй болчхоор ажлыг жаахан хойш нь татаад байдаг юм шиг?
-Ямба, ял хоёрыг л зэрэг хиймээр юм шиг.
-Хөт П.А: Танд хэлэх дуртай сайхан үг байдаг уу?
-Надад тийм хэлэх дуртай сайхан үг байдаггүй шүү дээ. / Инээв/
-Хөт П.А: Байгаа шүү дээ, танд?
-Байхгүй ээ. Одоо цагт хөгийн худалч хүн хүртэл "Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ" л гээд байгаа биз дээ. /Инээв/
-Хөт П.А: өөрийгөө би ёстой гэж боддог вэ?
-Би тэгж  боддог гэж хэлээгүй дээ. Улсын Их Хурлын гишүүн болно гээд   зориод орсон юм бол байхгүй.
-Хөт П.А: Тэгвэл...?
-2002онд Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгорт их зуд болсон юм. Гэтэл аав, ээж хоёр  минь аймагт зуд болоод хэцүү байна. Чи нэг юм бодооч   гээд. Тэгээд  хэд хэдэн   чиргүүлтэй машинаар тэжээл ачаад аваачаад өгсөн. Тэр  маань  нутгийн   иргэдийн яриа нь болж, манай нутгийн бизнесмэн хэмээн тарсан. Ингэж явсаар ер нь нэг үзээд алддаг ч юм уу гэсэн бодол орж ирсэн Тэгээд л үзсэн, гараад л  ирсэн.
-Хөт П.А: Онгирох гэдгийг та юу гэж ойлгодог вэ. Танд онгирч байсан үе байдаг уу?
-Шилжилтийн насанд ихэнх хүүхдүүд л тийм үе рүү ордог. Тойроогүй дайраад л гарсан байх.
-Хөт Б.Л: Ямарваа хүн ээж, аав хоёртоо эрхэлж өсчихөөд буцаагаад тэднийгээ эрхлүүлдэг шүү дээ. Ижийгээ хэр эрхлүүлж байна?
-За даа. Очиж л гийгүүлэх юм даа. Сайхан хийсэн хоолыг нь идээд, сууж   байгаад л гардаг юм. Сүүлийн үед ээж минь улс төр их сонирхдог болсон. /Инээв/ Зарим үед чи дуугай байхад яадаг юм гээд л загнана.
-Хөт П.А: Та аав дээрээ согтуу очиж үзсэн үү?
-Согтуу орох нь битгий хэл архи үнэртүүлж орсон тохиолдол байхгүй. Цагаан сар, баяр ёслолын үеэр архи хийгээд ёслоод өгөхөд хошуугаа хүргээд л буцаагаад өгдөг байлаа. Миний дүү ч  Миний аав архи амсдаггүй хүн байлаа.
-Хөт Б.Л: Аав нь хэдэн онд бурхан болсон юм бэ?
-Одоо бараг дөрвөн жил болчихлоо.
-Хөт Б.Л: Аавынхаа төрсөн гэрийн нутаг, тоонот буурийг мэдэх үү ?
-Мэднэ ээ. Жил бүр л очдог. Аав гээд ярьсных нэг зүйл санаанд орчихлоо. Хүүхэд байхад модонд их явна. Уулан дээрээс том гуалин хөрөөдөөд чарган дээр дүү бид хоёртой цуг хүлчихдэг. Тэгээд л уулын уруу тавьчихна. Тэгэж явсаар жалга, гуу таарвал онхолдоод л зогсдог. Аавыг бууж иртэл дүү бид хоёр хүлээтэй л байж байдаг. /Инээв/
-Хөт Б.Л: Хүн ямар үед аавыгаа их үгүйлэх юм?
-Зовсон үедээ л илүү санадаг юм шиг.
-Хөт Б.Л: Аавыгаа санахаар уйлах уу?
-Уйлнаа.
-Хөт Б.Л: Чи нулимсаа хэр нуудаг вэ?
- Уйлав.
-Хөт Б.А: Та хэр хатуу аав бэ?
-Хатуу биш ээ.
Эх сурвалж
Ардчилал сонин

2 comments:

  1. Дэлхий сөнөнө гэж их ярьдаг. Оргүй ч биш байх. Мөнх гэж лав дуулаагүй.
    Баттулга гуай та Нострадамусын номыг уншаарай. Хамгийн сайн номуудын уншвал.
    Түүний prophecies 3797 он хүртэл л байдаг. Энд товчхон бичихэд америкийн эрдэмтэд энэ он, сүйрэл, мөхөл ирвэл яах вэ гэж толгойгоо гашилгаж суудаг. Янз бүрийн төслүүд ч хийгдэж байдаг юм билээ.
    Таны хэлснээр 2500 жилийн дараа гэвэл 4512 он юм байнаа. Тэр үед хүн байхгүй байх.

    "...хүү гарч ирж өөрчилнө гэсэн утгатай юм билээ..." гэж хэлэх боломжгүй. Та баттай ноттой судраас нь ишлэл авч олон дахин ярилцаж хэлбэл зүгээр байхаа. Бурхан бүтээх тийм хурдан зүйл биш байхаа. Яагаад гэвэл энд олон хүний аврал итгэл, гэгээрлийн асуудал явж байдагаа. Ганц хүн ч биш ХАМАГ АМЬТАНЫ аврал итгэл.

    Та төслөө зогсоогоод сайн судлаж үзнэ үү.
    Гүнээ таныг хүндэтгэж байна.

    ReplyDelete
  2. Таны Майдар төслийн талаар www.buddism.mn сайтаас сая олж мэдлээ.
    Бурханы дүр хөрөг гэдэг бүхэл бүтэн Бурханы ном тэр чигээрээ байдаг
    гэдгийг та эрх биш дүрслэх урлагаар явж байсны хувьд мэдэх бизээ.
    Dharma Номын агуулга тэр чигээрээ багтсан байдаг. Урлагийн арга хэрэгслүүдээр илэрхийлэгдэж Гэгээрлийн зам мөр тэр чигээрээ дүрд багтдаг билээ. Ялангуяа зурагт их баялаг.

    Миний бие өөр нэгэн Майдар төсөлд, Зопа ринбүүчийн Энэтхэгт бүтээж буй төсөлд 2003-2004 оны үед хандив өргөн оролцож байв.
    Гэвч судлаад үзэхэд арай өөр юмаа. Миний судалгаа гүйцэд биш байгаа.
    Майдар бурхан дүр бүх бурхад дотроос ганцаараа хөлөө унжуулж суугаа нэг онцлогтой. Гэхдээ ямар нэгэн Майдар гэдэг эрэгтэй хүүхэд ирэх талаар олж үзээгүй билээ.

    Тэр байтугай Бүдда Шакиамүни хэдэн онд төрснийг, мөн хэдэн онд таалал барьсныг мэддэггүй.
    Таавар, тооцоо, таамаг байдаг юм билээ. Олон лам нарын тооцолбор байдаг ч бүгд баттай биш.
    Ер нь бүх ном, ирээдүйн тухай мэднэ гэвэл бүгд Бүддааг судлах руу яваад байдаг.
    Гэтэл өөрөө бүрхэг.
    Судар ном нь байгаа. Цаг сайжрахаар Номын утга нь бүрэн гарч ирэх юмуу эсвэл Номын утгыг олбол сайн цаг ирэх юм уу? Энэ их сонин.
    Миний ойлгож мэдснээр Бүддийн Номыг бүрэн тайлаагүй байгаа болтой.
    Бүр эхнээс нь л төрсөн оноос нь эхлээд бүх номыг нь бүрэн ойлгоогүй байгаа юм уу гэж ойлгосон.
    Бүддийн Номонд бүхний тухай айлдсан байдаг гэсэн.

    Байгаагаа судлалгүй ирээдүйг хэлэх бүр ч хэцүү.
    Дээрх төсөл хэтэрхий санагдана.

    ReplyDelete