УИХ-ын гишүүн Лу.Болд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн
шинэчилсэн найруулгын төслийг санаачлан Засгийн газраас санал авахаар өчигдөр
хүргүүлжээ. Эрхэм гишүүнээс төслийнх нь тухайд цөөн асуултад хариулт авлаа.
Хаврын
чуулган эхэлмэгц хамгийн их анхаарал татаж хэлэлцэгдэх хууль бол УИХ-ын
сонгуулийн хууль гэдэг нь тодорхой байна. Хэд хэдэн төсөл байгаа дуулддаг, дээр
нь таных нэмэгдлээ. Таны төслийн онцлог юу вэ?
-Энэ хаврын чуулганаар Сонгуулийн
хуулийн өөрчлөлттэй холбоотой багц асуудлуудыг нэг мөр эцэслэн шийдвэрлэх
шаардлагатай гэж би ойлгож байгаа. Мэдээж хэрэг хууль батлагдахын тулд УИХ дахь
нөлөө бүхий намууд, эрхэм гишүүдийн Монголын төрийн том эрх ашгийн төлөөх
харилцан ойлголцол, зөвшилцөл шаардлагатай болно. Одоогоор сонгуулийн хуулийн
хэд хэдэн хувилбар ажлын хэсгүүдийн түвшинд яригдаж байгаа. Нэгд, 2012 оны
парламентын сонгуулийг одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн дагуу олон
мандат бүхий томсгосон тойргоор мажоритар системээр зохион байгуулах, хоёрт,
100 хувь пропорциональ буюу хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоонд шилжих,
гуравт, холимог системийг сонгох боломжийг харьцуулан судалж байх шиг байна.
Миний ажигласнаар МАХН-ын бүлгийн
олонхи гишүүн мажоритар тогтолцоог хэвээр хадгалахдаа тойргийг жижигрүүлэх,
Ардчилсан намын бүлэг бараг бүхэлдээ хувь тэнцүүлсэн тогтолцоонд шилжих байр
сууринд төвлөрч байгаа бололтой. Парламентад хамгийн олон суудалтай энэ хоёр
намын бүлгийн шийдвэрээс УИХ-ын сонгуулийн хууль өөрчлөгдөх эсэх нь хамаарна.
Бүлгүүд өөр өөрийн байр сууриа зүтгүүлбэл аль нь ч батлагдаж чадахгүй, одоо
хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль ямар нэгэн өөрчлөлтгүй үлдэх магадлалтай.
Энэ нь Монголын төрийн болоод монголчуудын нийтлэг эрх ашигт төдийлөн нийцтэй
биш. Тиймээс би хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу аль аль тал нь хүлээн
зөвшөөрөхүйц дөрөв дэх хувилбарыг тусгасан хуулийн төсөл санаачилж саналыг нь
авахаар Засгийн газарт хүргүүллээ.
Миний төслийн хамгийн гол онцлог бол
сонгогч нэг нам, эвсэл, түүнчлэн тухайн нам, эвслээс нэр дэвшигчдийн нэрийн
жагсаалтад байгаа зөвхөн нэг нэр дэвшигч, эсхүл нэг бие даан нэр дэвшигчийн
төлөө саналаа өгөх, өөрөөр хэлбэл сонгогч хүн, намыг зэрэг шууд сонгох зарчмыг
баримталсанд оршиж байгаа юм.
-Ер
нь заавал Сонгуулийн хуулийг өөрчлөх хэрэг байгаа юм уу?
-Өнөөдөр улс төр, эдийн засаг,
нийгмийн амьдрал улам бүр хувьсан өөрчлөгдөж байна. УИХ-ын сонгуульд олон жил
баримталж ирсэн мажоритар буюу олонхийг төлөөлөх арга нь цаг үеийн нөхцөлд
тохирохгүй болжээ. Энэ талаар улс төрийн намууд, эрдэмтэд, олон нийт, иргэд
сонгогчид шүүмжлэлтэй хандах байдал түгээмэл болсон нь сонгуулийн тогтолцоог
өөрчлөх шаардлагатайг харуулдаг.
Нөгөө талаар одоогийн хууль
хэдийгээр зохих үүргээ биелүүлж байгаа боловч түүнд эрх зүйн онолын хувьд
дутмаг зохицуулалтууд байдаг юм билээ. Тухайлбал, энэ хуульд УИХ-ын сонгуулийг
тодорхойлоогүй, сонгуулийн эрхийн зарчим, сонгуулийн үйл явцын зарчим хоёрыг
хольсон байсан зэрэг нь уг хуулийг онолын хувьд эргэж харах шалтгаан болж байна
гэж мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.
-Тэгэхээр
таны төслөөр сонгууль явагдвал хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцоонд
шилжинэ гэсэн үг үү?
-Зуун хувь пропорциональ системээр
сонгууль явна. Гэхдээ УИХ дээр яригдаж байгаа төслүүдээс ялгаатай нь тухайн
нам, эвслээс нэр дэвшигчийн хувь хүний хүчин зүйлс чухал нөлөөтэй. Өөрөөр
хэлбэл парламентын суудлыг хуваарилахдаа намуудад өгсөн саналыг хувь тэнцүүлэн
хуваарилах боловч чухам тэр суудал дээр хэн суухыг сонгогчийн нэр дэвшигчдэд
өгсөн саналаар шийднэ. Ер нь пропорциональ системд шилжихэд намуудын нэр дэвшигчдийн
жагсаалт буюу эрэмбийг намын дарга нарын явцуу үзэмжээр шийдэх болно гэсэн
болгоомжлол түгээмэл байдаг.
Тэгвэл миний санал болгож байгаа
төслөөр энэ эрэмбийг сонгогчид намуудын эзлэх хувьтай хамтад нь тогтоож өгнө
гэсэн үг. Товчоор хэлбэл олон түмэнд танигдаагүй, тэдний итгэлийг даагаагүй нэр
дэвшигч нам дотроо "хор найрууллаа" ч сонгогчийн шүүлтүүрт тэнцэхгүй
бол унана л гэсэн үг.
Хувь
тэнцүүлсэн системд шилжихдээ улсын хэмжээнд нэг том тойрог байгуулах уу, эсвэл
хэд хэдэн тойрог байгуулах уу?
Улсын хэмжээнд нэг тойрог зохион
байгуулах санаа бодолтой гишүүд байдаг. Миний санаачилсан төслөөр бол тойргийг
олон мандаттай томсгосон хэлбэрээр зохион байгуулна. Гэхдээ улсын хэмжээнд ганц
тойрог биш томсгосон хэд хэдэн тойрогтой байх юм. 2008 оныхоос хавьгүй том
тойргууд байна гэсэн үг. Ингэснээр сонгогчийн саналыг мөнгөөр худалдаж авдаг
зохисгүй үзэгдэл хаагдана. Эхний үед төсөл санаачлагчийн хувьд тойргуудыг
бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэхээр бодолцож байсан боловч ингэх
боломжгүй нь хуулийн төсөл боловсруулах явцад тодорхой болсон. Тиймээс зарим
хөгжингүй оронд ашигладаг "Сонгуулийн газар зүй" гэдэг ойлголтоор
асуудалд хандаж УИХ томсгосон тойргуудыг байгуулахдаа тойргуудад хамрагдах хүн
амын тоо адил тэнцүү байх зарчмыг баримтлан хөдөөд хэд хэдэн аймгийг нэгтгэн
сонгуулийн нэг тойрог байхаар, нийслэлд 2-3 дүүргийг нэгтгэсэн нэг тойрог
болгож сонгууль явуулахаар тусгалаа.
-Дан
ганц намын нэрээр санал хураалт явуулбал УИХ-ын гишүүнийг шууд сонгох Үндсэн
хуулийн зарчим алдагдаж Үндсэн хуулийн Цэц буцаана гэсэн болгоомжлол байдаг.
Үүнийг тойрч чадсан гэсэн үг үү?
-Тийм. Сонгогч нам эвслийн төлөө
санал өгч байгаа нь шууд сонгож буй хэлбэр биш гэж тайлбарлах хуульчид байдаг.
Манай сонгогчдын зарим нь намаас илүү хүнийг нь шилэх дуртай. Харин зарим нь
хүн яахав, нам нь чухал гэдэг. Миний санал болгож байгаа хувилбараар энэ хоёр
сонирхол хоёулаа сонгуулийн дүнд биелэлээ олж чадахаараа давуу Үүнийг би
санаанаасаа зохиосон юм биш.
Дэлхийн олон оройд, ялангуяа
парламентат ёсны олон зуун жилийн уламжлалтай Герман улсад ийм системийг
амжилттай ашиглаж байна. Сонгуулийн системийн давуу болон сул талуудыг олон
жилийн турш амьдрал дээр туршиж үзсэн Герман мэт хөгжингүй орны туршлагыг
өөрийн онцлогт нийцүүлэн хуулийн төслөө боловсруулсан даа.
Энэ төслийг боловсруулахад
мэргэжлийн бүхэл бүтэн баг ажилласныг ч хэлэх нь зүйтэй. Монгол Улсын
хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимид, академич Ж.Амарсанаа нарын хуульчид
энэ багт ажилласан. Бас миний зөвлөх Ц.Ганболд, судлаач Ц.Батмөнх нар ХБНГУ-ын
Бундестагийн сонгуулийн үйл ажиллагаа, сонгуулийн зарчим, санал хураалтын арга
гэх мэт зүйлүүдийг судалж саналаа нэмэрлэсэн.
Та
төслөө батлагдана гэж найдаж байна уу?
Найдахаас өөр арга байхгүй.
эрэв энэ хаврын чуулганаар
сонгуулийн хуулийн өөрчлөлтийг хийж амжихгүй бол цааш парламентын ээлжит
сонгууль дөхөх тусам шинэчлэх бололцоо хумигдана. Үүнийг парламентад олон
суудал бүхий МАХН, Ардчилсан намын бүлэг, асуудалд бүтээлчээр ханддаг тулхтай
гишүүд сайтар ойлгож байгаа гэж бодож байна. Би төслөө нийтлэг эрх ашиг,
сонирхолд илүүтэй нийцсэн гэж үзэж байгаа тул юуны өмнө хоёр том намын бүлгийн
дэмжлэгийг авна гэж найдаж байна. Ойрын өдрүүдэд дээрх бүлгүүдэд төслөө
санал болгож дэмжүүлэхээр ажиллах болно.
А.Батпүрэв
2010 оны 3-р сарын 23, Мягмар гариг
Өдрийн сонин
No comments:
Post a Comment