УИХ-ын гишүүн С.Баярцогттой
ярилцлаа
УИХ-ын чуулганы лхагва гаригийн
нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийг
хугацаанд нь хэлэлцэн баталлаа. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл уг төсвийн
тухай хуулийг бүхэлд нь баталъя гэсэн санал гаргахад, 55 гишүүнээс 52 нь
зөвшөөрч 94.5 хувийн саналаар хуулийг баталсан. Тиймээс ирэх оны төсвийн талаар
Сангийн сайд С.Баярцогтоос зарим зүйлийг тодрууллаа.-Ирэх оны төсвийг батлахад ямар бодлого баримтлав?
-Энэ удаагийн төсвийг ч гэсэн хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхэд чиглэсэн. Манай улсын эдийн засгийн өндөр өсөлтийг хангахад чиглэсэн төсөв болж батлагдаж чадсанд сэтгэл хангалуун байна. Нэгдсэн төсвийг анх өргөн барихад зарлагын хэмжээ өндөр байсан. Гэхдээ төсвийг танаж чадсан. Тухайлбал, мөнгөний бодлогыг батлахад Олон улсын валютын сан болон Азийн хөгжлийн банкны зүгээс зарлагад шүүмжлэлтэй хандаж байсан. Тиймээс хоёр намын ажлын хэсгүүдтэй хамтарч ажилласны үр дүнд төсвийн зарлагыг 800 орчим тэрбум төгрөг, санхүүжүүлэх эх үүсвэрийг 105 тэрбум төгрөгөөр бууруулсан.-Энэ удаагийн төсвөөр инфляцийг нэг оронтой тоонд барьж чадах уу?
-Төв банкны зүгээс мөнгөний бодлогыг хэлэлцэх шатанд төсвийн зарлагыг нэг их наяд төгрөгөөр бууруулж чадвал инфляцийг нэг оронтой тоонд барих зорилтоо бүрэн хангана гэсэн. Үүнийг бид хангаж чадсан гэж үзэж байна. Тэгээд ч бидэнд 2008 оны эдийн засгийн хямралаас авсан туршлага бий. Үүний үндсэн дээр орлогоо 600 орчим тэрбум, зарлагаа 900 орчим тэрбум төгрөгөөр бууруулсан төсвийн өөрчлөлт хийсэн.-Төсвийн ерөнхий багцааг тодруулна уу?
-Ирэх оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүл с сэн орлого 5.822 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 36.1 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн зарлага 6.306 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39.1 хувь болсны дээр нэгдсэн төсвийн нийт алдагдал 483.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ний гурван хувь байхаар ийнхүү шийдвэрлэлээ. Ингэснээр гуравдугаар хэлэлцүүлгээр танагдсан 1,2 их наядаас ч тодорхой хувиар ахисан гэсэн үг юм. Шинэ контор барихыг болиулж, тэвчиж болох машин унаа, тоног төхөөрөмжтэй холбоотой зардлуудыг 50 хувиар бууруулж, 2013 оноос эхлээд эргэн төлөгдөхтэй холбоотой том хөрөнгө оруулалтуудыг бүгдийг нь Хөгжлийн банкин дээр тавьж санхүүжүүлэхээр болсон гээд л, хэдий эсэргүүцэлтэй тулж байгаа ч цалингийн нэмэгдлийг хойшлуулан, хасаж болох зардлаа танасны үр дүнг ийн гаргалаа. Мөн ирэх оны төсвийн алдагдал дөрвөн хувиас нэг хувь болтол буурсан үзүүлэлттэйгээр батлагдаж байгаа юм.-Ирэх онд хөрөнгө оруулалтыг юунд түлхүү чиглүүлэхээр тусгасан бэ?
-Хөрөнгө оруулалтын тухайд шинэ зарчим барьсан. 2013 оноос эхлээд эргэн төлөгдөхтэй холбогдолтой хөрөнгө оруулалтыг бүгдийг нь Хөгжлийн банкинд байршуулж, санхүүжүүлэхээр болсон. Анх 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын саналыг өргөн барьснаас 900 орчим тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтыг бууруулсан.1.5 их наядын 500 нь гуравхан арга хэмжээнд зарцуулагдаж" байгаа.
Тодруулбал, "Улаанбаатар төмөр зам"-ын дүрмийн сангийн төсөвтэй холбогдолтой 150 тэрбум төгрөг, дээрээс нь авто замын эргэн төлөгдөх 250 тэрбум төгрөг. Энэ нь үргэлжилж байгаа учраас ирэх ондоо багтаад хэрэгжинэ. Тийм учраас 2013 оны төсөв тогтвортой байдлыг хангасан, жижигхэн төсөв болно. Хөрөнгө оруулалтын зардал буурна. Урсгал зардлын хувьд нийтдээ 53 хувиар нэмэхгүй. Үйл ажиллагааны ;дөрвөн жилд хуваагаад бага бага хувиар нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, ирэх оны төсөв шиг 600 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэхгүй. Хүний хөгжил санд 800 тэрбум төгрөгийн зардал гарч байна. 2012 оны долдугаар сараас эхлээд иргэд маань зөвхөн хувьцааны ногдол ашгаас ашиг хүртэнэ гэж ойлгох хэрэгтэй.-Иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх тал дээр хэрхэн ажилласан бэ?
-Нийт эдийн засгийн өсөлтийг хангах асуудлыг авч хэлэлцэж чадсан ухаалаг төсөв баталлаа. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 53 хувиар ирэх оны дөрөвдүгээр сарын 1-н, аравдугаар сарын 1-нд хоёр үе шаттай нэмнэ. Энэ нь инфляцид нөлөөлөхгүй байх бодлогыг барьсан хэрэг. Цалинг нэмэхэд 450 тэрбум төгрөг зарцуулна. Тэтгэвэр, тэтгэмжийг эхний хагас жилдээ багтааж буюу гуравдугаар сарын 1-н, тавдугаар сарын 1-нд тус тус нэмэгдүүлнэ. Мөн иргэн бүртээ олгох 1.5 сая төгрөгийн хувь хишгийг УИХ-ын 39 дүгээр тогтоолтой уялдуулан шийдсэн. Өөрөөр хэлбэл, нийт иргэддээ 500 мянган төгрөгийг бэлнээр, нэг сая төгрөгийг бэлэн бусаар нэг сая төгрөг хүртэлх хувьцааг олгоно. Иргэд энэ хувьцааг хөрөнгийн зах зээл дээр IPO гаргахаас өмнө мөнгөжүүлье гэж хүсч байгаа бол Засгийн газартаа эргүүлж өгөх эрх нь нээлттэй. Энэ утгаараа улсын төсөвт 400 орчим тэрбум төгрөг, нийт компаниудад санал болгосноор 1.5 их наяд төгрөгийг мөнгөжүүлэх боломж бүрдсэн. Нийт дүнгээрээ 1.9 их наяд төгрөг энэ хувьцаанаас мөнгөжих бүрэн бололцоотой. Тухайлбал, "Эрдэнэс Таван толгой" компанийн 20 хувийг бид иргэддээ эхлээд олгочихно. Дараа нь бид өөрсдөө авч байгаа хувьцаа нь 2-10 дахин өсөх бололцоотой. Тиймээс иргэд маань энэ хувьцаагаа үлдээнэ гэвэл тухайн хүмүүсийн мөнгө нэг сая төгрөг биш 3-4 сая төгрөг болж өсөх бололцоотой. Ингэвэл бидэнд 20 хувийнхаа 15.5 хувийг мөнгөжүүлэх бэлэн мөнгө байгаа.
Нийтлэлч
О.Сэлэнгэ
Эх сурвалж
Нийгмийн толь
О.Сэлэнгэ
Эх сурвалж
Нийгмийн толь
2011 оны 12-р сарын 02, Баасан
гариг
No comments:
Post a Comment