Wednesday, 9 May 2012

С.Баярцогт: Гишүүн бүрт 3 тэрбум төгрөг хуваарилаагүй


Баасан гаригт УИХ-ын гишүүд их л идэвхитэй ажиллаж шөнө дөлөөр ч хуралдсан юм. Төсвийн байнгын хорооны хуралдаан  оройны 20 цагт эхэлж, ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалгасан. Энэ хуралдааныг өндөрлөсний дараа  Сангийн сайд С.Баярцогтоос зарим зүйлийг тодрууллаа.
-Хоёр намын ажлын хэсэг зарим асуудал дээр санал нэгдэхгүй нэлээд удаж удаж хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Ирэх оны төсвийн төсөлд нэлээд өөрчлөлт оруулж байгаа юм байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Энэ удаагийн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар МАН, АН-ын бүлгийн ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж санал хураалаа. Манай улсын эдийн эрчимтэй өсч байгаа. Энэ жилийн хувьд эдийн засгийг өсөлт 20 хувьтай байна. Ирэх жилд ч нэмэгдэх байх гэсэн тооцоо бий.
2012 оны  төсвийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхдээ 6.4 их наяд төгрөгийн  орлого төвлөрнө гэсэн байсан. Ажлын хэсгийн даалгавраар төсвийн төслийг  дахин нягталж боловсруулаад орлогыг  5.8 их наяд болгож буурууллаа.
Зарлагыг 7.1 их наяд төгрөг байхаар төсөлд тусгасан байсныгаа  6.2 их наяд болгож багасгалаа. Ойролцоогоор төсвийн зарлага  900 орчим тэрбум, орлого  600 орчим тэрбум төгрөгөөр  буурч байна.
-Хөрөнгө оруулалтыг ихээхэн танаж гэж ойлгож болох уу?
-Хөрөнгө оруулалтын зардлаас 200 орчим төгрөг л танасан байгаа. Шинээр контор барих ажлыг 2012 онд барихаа больё, шаардлагагүй, тэвчиж болох зардал буюу машин, тоног төхөөрөмж хуралдаж авахыг багасгая гэсэн зарчим барьсан. Хөрөнгө оруулалтаа ч нягталж үзлээ. 2011 оны төсөвт тодотгол хийж ирэх жил хийж  хэрэгжүүлэх зарим зүйлийг  тусгасан болохоор зохицуулалт хийх боломжтой гэж үзсэн юм.
-Урсгал зардлын хувьд?
-Энэ тал дээр бид томоохон хэмжээний үйл ажиллагааны зохицуулалтуудыг хийсэн. Цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэхтэй холбоотойгоор  600 орчим тэрбум төгрөгийн зардал гаргана хэмээн өмнө нь тооцоолж байсан. Энэ тооцоогоор төрийн албан хаагчдын цалинг гурав, тавдугаар сарын 1-нд нэмэгдүүлнэ гэж тооцож байсан юм. Гэвч хоёрхон сарын зайтайгаар нэмэх нь инфляцийг хөөрөгдөх магадлалтай байгаа учир хугацааг  хойшлуулж дөрөвдүгээр сарын 1, аравдугаар сарын 1-нд нэмэх нь зүйтэй юм гэсэн чиглэлийг барихаар боллоо.
Мөн суурь тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх  замаар ирэх оны гурав, тавдугаар сарын нэгэнд тэтгэврийн тогтолцоонд өөрчлөлт оруулъя гэж үзсэн. Гэвч УИХ дээр хэлэлцүүлгийн явцад бидний өргөн барьсан хуулийн төсөлд өөрчлөлт орсон тул суурь тэтгэвийн тогтолцоогүйгээр тэтгэврийн нэмэгдлийг шийдэхээр болсон. Мөн хэд хэдэн төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад нь тавигдсан зардлыг бууруулсан. Үүний үр дүнд бид урсгал зардлыг  320 орчим тэрбум төгрөгөөр бууруулахаар тусгалаа.  
Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 80 орчим тэрбум төгрөгийг бид төсөвтөө суулгасан байсан. Ирэх сарын 1-ний дотор бид БНХАУ-ын Засгийн газартай тохиролцолд хүрнэ гэж үзэж байсан ч хугацаандаа эцэслэж амжаагүй учир энэ мөнгийг нэгдсэн төсвийн орлого, зарлагын  аль альнаас нь хаслаа. Нэгдсэн шийдэлд хүрсний дараа энэ мөнгийг буцаагаад төсөвт суулгах боломжтой. 2012 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулаад хэлэхэд, гадаадын зээл тусламжийн ашиглалтыг энэ жилийн хувьд бид харьцангуй өндрөөр тооцоолсон байсан. Ажлын үйл явцын эрчимжилтийг хараад энэ тооцоог 40 орчим хувиар бууруулаад байна. Эндээс 200 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байгаа.
Хүний хөгжил сангийн зарлагаас бид 105 тэрбум төгрөг бууруулсан.
-Тэгэхээр эх орны хишгээс орон сууц худалдан авахдаа оруулж тооцохоор болсныг болиулж байна гэсэн үг үү?
-Яагаад ийм боломж гарав гэхээр бид 1.5 сая төгрөгийн 500 мянгыг бэлнээр олгоод дуусч байгаа. Харин  нэг саяыг бэлэн бусаар иргэддээ 1072 хувьцаа өгөхөөр  замаар  шийднэ.  Үүнийгээ мөнгөжүүлж нэг сая төгрөг болгож, холбогдох хууль тогтоомждоо өөрчлөлт оруулна. Бид өмнө нь орон сууцны урьдчилгааны хөрөнгийн эх үүсвэрийг бий болгохын тулд Засгийн газраас 105 тэрбум төгрөгийн бонд гаргана гэж байсныг гаргах шаардлагагүй гэж үзлээ.
-Иргэн бүрт сая төгрөгийн  оронд Таван толгойн ордын  1072 хувьцаа өгнө гэлээ. Тэгэхээр нэгж хувьцааны үнийг 1000 төгрөгөөр тогтоох гэж байгаа юм уу?
-Нэгж хувьцааны үнийг удахгүй тодорхой болгоно.
-Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1.5 сая төгрөгийн сонгуулиар амалсан мөнгөний саяыг нь бэлнээр өгнө гэж Засгийн газар зарласан. Үүнийг өөрчлөх үү?
-Үгүй ээ. Хэвээрээ байгаа.
-Төсвийн орлого, зарлагыг ингэж танаснаар төсвийн алдагдал хэдэн хувь болж буурч байна вэ?
-Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийн төсөлд алдагдал 4.1 хувь байсан бол хэлэлцүүгийн шатанд бууруулаад 3 хувь болголоо.  Монголбанкнаас мөнгөний бодлогыг өргөн барихдаа Засгийн газраас өргөн барьсан 2012 оны улсын төсвийн төслийн зарлагыг нэг их наядаар бууруулвал, инфляцийг барих боломжтой гэж байсан. Одоо тэр бодлогоо хэрэгжүүлэх биз ээ.
ОУВС, Дэлхийн банкнаас өгч байгаа зөвлөмжид төсвийн алдагдлыг бууруулж 3 хувьд хүргэхийг зөвлөж байсан. Одоо тэр хэмжээнд нь хүрлээ.
Засгийн газраас өмнө нь  төсвийн төсөл боловсруулаад оруулахад УИХ-ын хэлэлцүүлгийн явцад  зарлагыг нэмэгдүүлдэг байсан бол энэ удаад ажил хэрэгч байдлаар төсөвтөө хандаж, ирээдүйн тогтвортой байдлаа хангахын тулд онцгойлон анхаарлаа.
-Төсвийн байнгын хороогоор зарчмын зөрүүтэй санал хураалгасан. Тэр үед та гишүүдийн зүгээс гаргасан саналын томьёоллоор төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад тусгасан хөрөнгө оруулалтын нэр томьёоллыг өөрчлөх гэсэн асуудлыг нэг бүрчлэн хураалгахгүй багцаар нь шийдье гэсэн санал гаргасан. Энэ л их ээдрээтэй зүйл байна даа?
-Тэр бол төсвийн захирагч нарын хийх зохицуулалтын асуудал юм. Хардах хэрэггүй.
-Энэ нэр томьёоны цаана гишүүдийн тэрбум төгрөгийг гурван тэрбум төгрөг  болгосон юм биш үү. Гишүүд тойрогтоо хийх ажлын жагсаалтаа өгсөн байна лээ шүү дээ?
-Үгүй. Бидний өргөн барьсан төслийг 900 тэрбум төгрөгөөр буулгасан байхад хаана нь ийм мөнгө суулгах юм бэ.
-1.1 их наяд төгрөгийн  бууралт хийсэн гэж байгаа. Үүний 900 тэрбумыг хасаад үлдсэнийгээ гишүүдэд  хувааж  нэр томъёог өөрчилөөд, сая багцаар нь санал хураалт явуулсан юм биш үү?
-Төсөвт өртөг буюу санхүүжүүлэх эх үүсвэрийн талаар ярьсан юм шиг байна. Энэ талаар огт яригдаагүй. Саяны багцаар санал хураасан зүйл бол зөвхөн төсвийн ерөнхийлөн захирагч нарын өөрсдийн тойрогт байгаа хөрөнгө оруулалтаа дотооддоо шилжүүлэг хийхтэй холбоотой зүйлсийн нэр томъёоны асуудал байсан. Төсөв батлагдсаны дараа бид та бүхэнд төсвийн төсөл ийм байдлаар орж ирсэн. Одоо ийм болсон гээд танилцуулна.
-Иймэрхүү өнгөлөн далдлалт хийгээд нэг гишүүнд гурван тэрбум төгрөгөөр тойрогтоо ажил хийх боломж олгож байгаа гэдэг нь тодорхой байна шүү дээ?
-Гишүүн бүрт 3 тэрбум төгрөг хуваарилаагүй ээ.
Нийтлэлч
Д.Доржпагма
Эх сурвалж
Time.mn
2011 оны 11-р сарын 28, Даваа гариг

No comments:

Post a Comment