Saturday, 19 May 2012

Л.Болд: Их гарын тоглогч болох зорилт манайд орхигджээ


Энэ удаагийнхаа зочноор УИХ-ын гишүүн Л.Болдыг урьсан юм. Тэрбээр “Уул уурхай бол хөгжлийн нэг “түлхүүр” мөн. Харин гол “түлхүүр” нь оюун ухаан.
Өнөөдөр Монгол хүн өөрийгөө мэдэрч, Монгол Улсын иргэн гэдгээ ухаарч эх орныхоо төлөө цохилох зүрх, сэтгэх оюунаа зориулсан цагт энэ улс хөгжих болно” хэмээн онцлон хэлсэн.
-Төрийн түшээ хүний хувьд эх орныхоо хөгжил, цэцэглэлтэд хэр сэтгэл ханамжтай явдаг вэ?
-Манай улс 1990 онд ардчилсан нийгэм, зах зээлд орсноос хойш хоёр асуудлыг цэгцэлсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улс тусгаар тогтносон, бүрэн эрхт орны хувьд өөрийн хувь заяаны сонголтыг хийж 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлан эрх зүйн үндсээ тавьсан. Үүгээр юу хэлэх гээд байна гэвэл бид ардчилсан замыг сонгосон нь хамгийн зөв шийдэл байсан юм. Тэгээд ч бусад ардчилсан орныг бодвол манайд ардчилал харьцангуй ахицтай хөгжиж байна. Өнөөдрийг хүртэл манай улс олон удаа сонгууль хийж, засаг төрөө солилоо. Ямар ч байсан засгийн эрх ард түмний гарт байгаа нь бахархууштай хэрэг юм.
Харин дараагийн асуудал нь зах зээлийн системд шилжсэн явдал юм. Зах зээлийн чөлөөт энэ систем нь Монгол Улсад хөгжлийн шинэ ирээдүйг авчирсан гэдэгтэй нийт хүн амын 80-90 хувь нь санал нийлэх байх. Өөрөөр хэлбэл, хүн бүр чадлынхаа хэрээр хөдөлмөрлөж, бүтээлчээр сэтгэн, нийгмийн баялгийг бүтээх үйл явдалд идэвхтэй, санаачлагатай эрсдэлийг үүрч оролцох ийм нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Тиймээс бид зах зээлийн эдийн засагт шилжсэндээ харамсах юм байхгүй.
-Сайны хажуугаар саар гэдэг. Сэтгэлд хүрэхгүй үлдсэн зүйл байна уу?
-Манай улсын эдийн засаг болон нийгмийн хөгжил өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд сэтгэлд хүртэл сэргэж чадсангүй. Бидэнд зах зээлийн эдийн засгийн тогтолцоо, зорилго байгаа боловч амьдралд үр дүн нь төдийлөн харагдахгүй байна. Тиймээс энэ асуудалд шат шатандаа шүүмжтэй хандах цаг аль хэдийн болжээ. Өнөөдөр ядуурал, ажилгүйдэл, экологийн тэнцвэргүй байдал, хот хөдөөгийн дэд бүтцийн ялгаа гэх мэт сэтгэл зовоосон асуудал урд өмнөхөөсөө хурцдаж эхэлж байна. Энэ нь бидний хариуцлагагүй байдлынх л даа. Мөн манай улсын эдийн засгийн байдал хөл дээрээ тогтох гарц руугаа алхаж байгаа боловч хүн амынхаа амьжиргааны түвшинг дээшлүүлж чадахгүй байна. Тэгээд ч аливаа улсын эдийн засаг иргэдийнхээ амьдралтай зэрэгцэж хөгждөг. Түүнээс биш манай улс шиг ингэж иргэдийнхээ амьдралыг орхидоггүй юм. Эцэст нь хэлэхэд, Монгол Улсын эдийн засаг эрийн цээнд хүрэх яагаа ч үгүй байна. Мөн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн их гарын тоглогч болж, хөгжих зорилт манайд орхигджээ.
-Манай улсын “хөгжлийн түлхүүр” уул уурхайн салбартаа байдаг гэж ихэнх хүмүүс ярьдаг. Үүнтэй та санал нийлэх үү?
-Уул уурхай бол хөгжлийн нэг “түлхүүр” мөн. Харин гол “түлхүүр” нь оюун ухаан юм. Өнөөдөр монгол хүн өөрийгөө мэдэрч, Монгол Улсын иргэн гэдгээ ухаарч эх орныхоо төлөө цохилох зүрх, сэтгэх оюунаа зориулсан цагт энэ улс хөгжих болно. Харин энэ “түлхүүр”-ээ ажил амьдрал болгохын тулд хувь хүний идэвх зүтгэл, ажлын байр, хөрөнгө оруулалт юунаас ч чухал байна. Гэхдээ энэ бүгдийн бас нэг гарц нь яах аргагүй уул уурхайн салбар мөн. Тэгээд ч уул уурхай гэдэг маань өөрөө циклээр хөгждөг юм.
Энд нэгэн юмыг онцлон хэлэхэд, манайх ганцхан уул уурхайн салбартаа илүү анхаарч, хувь хүнийхээ хөгжлийг орхигдуулбал Монгол Улс өөдлөн дэмжихгүй. Тэгээд ч дэлхийн олон орны туршлага байна. Юу гэвэл, уул уурхайгаар хөгжлийн оргилд хүрсэн улс орон цагийн аясаар энэ салбараас бүрэн татгалзаж эхэллээ.
-Магадгүй манай улсын ирээдүйг тодорхойлж мэдэх Оюутолгойн гэрээний төслийг хэлэлцэж эхэллээ. Та уул уурхайн салбарт олон жил ажилласан хүний хувьд гэрээний талаар ямар байр суурьтай байна вэ?
-Миний хувьд томоохон төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. Үүнийг ч манай нам дэмжин сонгуульд өрсөлдөх эрх олгож байсан. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмэн газрын баялгийнхаа эзэн нь байж, хамгийн өндөр боломжтой ашиг хүртэх ёстой гэсэн үзэл бодол илэрхийлсэн юм. Одоо ч хэвээрээ байгаа. Тиймээс Оюутолгойн төсөл шийдэгдсэн өдрөөс эхлэн иргэн бүр хүртэх ёстой хувиа халааслах учиртай. Энэ нь ч төсөлд тусгагдсан байна лээ. Хэрвээ ард түмэн газрын хэвлийгээс хүртэх ёстой хөрөнгөө авч чадахгүй бол бидний амьдрал өөдлөхгүй нь ээ. Хатуухан хэлэхэд, Монголын бүрхэг амьдралд гэрэл гийхгүй гэсэн үг.
Өнөөдөр монгол түмэн бултаараа уг төслийг дэмжих учиртай. Гэхдээ хамгийн гол нь ард түмэн хэзээ ч тэтгэвэрт гарахгүй, огцрохгүй гэдгийг төр засаг санах ёстой. Ялангуяа бидний сонсч, төсөөлж байгаагүй ийм их хөрөнгө яригдаж байгаа ийм үед шүү дээ.
-Манай улс урд, хойд хөршөөсөө хөгжлийн түвшингөөрөө хол хаягдлаа. Таны бодлоор үүний шалтгаан нь юу вэ?
-Бидний туулж өнгөрүүлсөн түүхэн нугачаанаас улбаатай. Тэр ч бүү хэл, нарийн ярих юм бол сүүлийн 200-300 жилийн түүхийг сөхөх шаардлагатай болно. Тэгээд ч Монгол Улс хөгжих, эс хөгжих нь ард түмнээс шалтгаалахаа больчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, томчуудад Монгол Улсыг хөгжүүлэх нь тухайн хүнд ашигтай бол цааш ярина. Түүнээс биш аливаа асуудлын шийдвэр нь гадаадад гардаг нь бодит үнэн болоод байна. Түүнчлэн төр засгаа унагаах шаардлага гарвал хэнээр ч заалгахгүй. Зүгээр л утсан хүүхэлдэй болгож орхидог нь манай улсын томчуудын бодит дүр төрх юм. Хамгийн гол нь манай улсын эдийн засгийн байдал доройтох явдал нь биднээс биш гадны улс орноос шалтгаалж байгаа нь үндэсний эмгэнэл шүү.
-Таны бодлоор манай улс аль салбартаа түлхүү анхаарвал хөрш орнуудынхаа хөгжилд дөхөж очих вэ?
-Манай улс яах аргагүй хувь хүнийхээ боловсролд анхаарах цаг нь болсон. Хүмүүсийнхээ толгойд хөрөнгө оруулалт хийснээр дэлхийн хөгжилд ойртож очно. Тэгээд ч хүний толгойд байгаа хөрөнгийг хэн ч авч чадахгүй, ямар ч нийгэмд ханш нь унахгүй. Тэгэхэд манай улсын эдийн засаг ашигт малтмалынхаа дөрөөн дээр дэнжигнэж байна шүү дээ. Сүүлийн тав, зургаан жил ашигт малтмалын үнийг дагаж гүйгээд годройтож уналаа. Нэг үгээр хэлбэл, дэлхийн зах зээлд ашигт малтмалын ханш уналаа, маргааш нь Монголын эдийн засаг элгээрээ хэвтсэн.
-Парламентад суух хугацаандаа сонгогдсон тойрог болон эх орныхоо хөгжил дэвшилд юу хийж, ямар ажил хийнэ гэж амлаж чадах вэ?
-Миний хувьд өнгөрсөн 20 жилийн хугацаанд улс төрийн хүрээнд идэвхтэй зүтгэлээ. Хамгийн анхны парламентад сонгогдсон цагаас хойш төр засгийн бүхий л түвшинд ажиллаж үзлээ. Энэ бүх туршлагаасаа үндэслэн ард түмэндээ хэрэгтэй зүйл бүтээж чадна гэж амлах байна даа.
О.Сэлэнгэ
2010 оны 2-р сарын 26, Баасан гариг
 Нийгмийн толь

No comments:

Post a Comment