Saturday, 19 May 2012

Л.Болд : Хямралыг гэтлэхэд батлан хамгаалах салбар бодит хувь нэмэр оруулна

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Лувсанвандангийн Болдтой батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний шинэчлэлийн болон бусад асуудлаар ярилцлаа.
-Та Монгол Улсын Батлан хамгаалах яамыг толгойлоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ завсар олон нийтэд болон хэвлэлийнхэнд тийм ч нээлттэй байсангүй юу даа гэж бодогдож байна. Яагаад тэр вэ?
-Аль өнцгөөс харж дүгнэж байгаагаас л хамаарна. Би Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар өнгөрсөн оны 9 дүгээр сард томилогдсон. Ажлаа аваад бараг 5 сар болж байна. Өнгөрсөн хугацаанд манай яамны бодлого, үйл ажиллагаа болон миний хийж хэрэгжүүлсэн зүйлүүдийн тухай төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хангалттай мэдээлэгдсэн дээ. Харин энэ том салбарыг яаж хэрхэн шинэчлэхээ олон нийтэд тэр бүр дэлгээгүй байж болох юм. Салбарын онцлог ч гэж байна. Ил ярьдаг, далд байлгадаг асуудлууд ч байна. Гэхдээ би хэрэгцээтэй гэж үзсэн үедээ ярих хэлэх юмаа хэлсээр ирсэн. Ялангуяа Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Улаанбаатар цэргийн хүрээний болон орон нутаг дахь анги, салбаруудын удирдлагуудтай хэдэнтээ уулзаж, ойрын үед болон хэтдээ юу хийх нь чухал гэж үзэж байгаагаа танилцуулж, үүрэг даалгавар өгсөн. Товчхондоо салбарын сайд ч, манай нийт бие бүрэлдэхүүн ч нэгдмэл ойлголт, алсын хараатай болсон гэж бодож байна.

Үнэнийг хэлэхэд сүүлийн жилүүдэд батлан хамгаалахын сайд нар улс төрийн шалтгаанаар ойр ойрхон солигдож, тэр хэмжээгээр ажил үүргийн зарим цалгардал гарч байсан юм билээ. Тиймээс Болд гэдэг энэ нөхөр ирээд юу хийх нь вэ, яаж бужигнуулах бол, томоохон асуудлууд руу орох нь уу, эсвэл ойр зуурын зүйлээр аргацааж, өдөр хоног өнгөрүүлсэн бэлгэдлийн сайд байх нь уу гэсэн хүлээлт, эргэлзээ, сонжоо аль аль нь байсан л байх, одоо ч байж болно. Гэхдээ би салбарынхандаа зүгээр нэг томилолтоор ирээд хэсэг бужигнуулж байгаад буцдаг зочин шиг байхыг хүсэхгүй байгаагаа шууд хэлсэн. Тэд ч ойлгосон гэж бодож байна. Миний бодоход энэ хамгийн чухал нь. Хэлэх нэг хэрэг, хийх үүнээс чухал. Тиймээс салбарын хамт олныхоо дэмжлэгтэйгээр олон зүйлийг цаг алдалгүй хийхээр эхлүүлээд байна.
-Тухайлбал ямар?
-Сонины нэг ярилцлагаар батлан хамгаалахын шинэчлэлийн бүх асуудлыг хөндөх боломжгүй л дээ. Гэхдээ ойрын үед хэрэгжүүлэхийг зорьж буй тодорхой ажлуудаасаа заримыг нь товчхон яръя.
Би юуны өмнө нэг асуудалд онцлон анхаарч байгаа. Юу гэвэл цэргийн албыг аавын хүүхдүүд алагчлалгүй нийтээр хаадаг болгохыг зорьж байна. Уг нь Монгол Улсын иргэд эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүргийг ёсчлон биелүүлнэ гэсэн заалт манай Үндсэн хуульд тов тодорхой бий. Харамсалтай нь бодит байдал дээр эгэл борчуудын гэж хэлэгдэж байгаа айлын хүүхдүүд цэрэгт голчлон татагдаад, харин дарга нар, мөнгөтэй хүмүүсийн хүүхдүүд цэргийн албанаас илүүтэй зайлсхийдэг болсон нь нууц биш. Оюутнууд бүгд цэргийн албанаас чөлөөлөгддөг. Өөр бусад олон шалтгаанаар мянга мянган залуучууд цэргийн амьдралаас хол хөндий байна. Манайх хүн ам цөөтэй улс. Магадгүй хүн олонтой том гүрнүүдэд бүх залуусыг цэргийн хуаранд татах шаардлагагүй байж болно. Харин Монголд цэргийн насны залуучуудыг ямар ч байсан цэргийн хэрэгт хамруулах зайлшгүй шаардлагатай гэх ойлголт миний хатуу итгэл үнэмшил болоод байна. Цэргийн насныхныг бүгдийг хугацаат цэргийн алба хаалгах эдийн засгийн бололцоо одоохондоо тун хомс. Тиймээс бид 3 зүйлийг зэрэг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Нэгд, гэрээт цэргүүдийн нийт бие бүрэлдэхүүнд эзлэх хувь хэмжээг наад зах нь 30 хувьд хүргэх, ингэснээр мэргэжлийн, чадварлаг Зэвсэгт хүчний цөм хэсэг бүрдэнэ. Гэрээт цэрэг нь хугацаат цэрэгт 1 жил алба хаагаад гэрээний дагуу дахиад 2 жил үргэлжлүүлэн алба хаадаг мэргэжлийн шалгуурт тэнцхүйц хал үзсэн дайчид байдаг. Хоёрт, цэргийн алба хаах хугацааг богиносгож 1 жилээс 6 сар болгох, ингэснээр түргэвчилсэн чанартай сургалтаар урьдынхаас 2 дахин олон залуучуудыг цэрэгт татах бололцоо нээгдэнэ.

Сүүлийн цэрэг татлагуудаар цэрэгт тэнцээд алба хаая гэж иргэн өөрөө хүсээд байхад бодит боломжийн улмаас заримыг нь авч чадахгүй байх тохиолдол нэг бус удаа гарсан. Нөгөөтэйгүүр одоогийн 1 жилийн хугацаа цэргийн хэрэгт төгс боловсроход хангалтгүй, тэгсэн атал хүний амьдралын багагүй хугацаа юм. Тиймээс цэргийн албаны хугацааг богиносгоод сургалтыг нь эрчимжүүлж, хамрагдах тоог нэмье гэж буй. 1 жил алба хаахад цэргийн албан хаагч хоёр ээлжийн хувцас хэрэглэдэг бол 6 сарын хугацаанд нэг ээлжийн хувцас хангалттай. Өөрөөр хэлбэл одоогийн 1 цэргийн албан хаагчийн хоёр ээлжийн хувцсаар 2 цэргийн албан хаагчийг хангаж болно гэсэн үг. Гуравт, хугацаат цэрэгт хамрагдаагүй үлдсэн хэсгийг нь, тухайлбал оюутан залуусыг богино хугацааны цэргийн сургалтад түргэвчилсэн журмаар хамруулах, ингэснээр цэргийн албыг алагчлалгүй, нийтээр хаадаг болно. Зарим нь хүсвэл цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаахыг хуулиар нэгэнт зөвшөөрсөн. Гэхдээ дүйцүүлэх албыг хавтгайруулах нь зарчмын хувьд буруу. Үүнийг хязгаарлах үүднээс мөнгөн төлбөрийн хэмжээг цаашид нэмж таарна. Энэ нь бизнес биш боловч цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө иргэний хувьд улс орныхоо батлан хамгаалах үйл хэрэгт тодорхой хувь нэмэр оруулж буй хэрэг.
-Цэрэгт ганцхан жил хангалттай биш. Олигтой юм сурахгүй халагддаг гэсэн шүүмжлэл байдаг. Тэгтэл цэргийн албаны хугацааг богиносгох тухай ярилаа. Зөв гэж үү?
-Олигтой юм сурахгүй байна гэдэг хэтрүүлэг гэж бодож байна. Би хот, хөдөөгийн цөөнгүй цэргийн ангиар орж дайчидтай уулзаж ярилцаж байсан. Цэргүүдийн сэтгэл санаа өндөр байгаа шүү. Дээр үеийн дэглэлт гэх мэт дүрмийн бус үйлдлүүд байхгүй болсон гэж ойлгосон. Сургалтын чанар, агуулга ч илт дээшилсэн байна лээ. Та бодоод үз. Монголын цэргийн хуарангуудад бэлтгэгдсэн манай дайчид Иракт олон үндэстний дивизийн баазуудыг нэр төртэй хамгаалж, Косовод НАТО-гийн ажиллагааны хүрээнд эргүүл хамгаалалтын үүргийг чадварлаг гүйцэтгэсэн төдийгүй Сьерра-Леонд НҮБ-ын тусгай шүүхийн аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэсээр байна.  Саяхан бид Сьерра-Леонд үүрэг гүйцэтгэх цэргийн багийнхаа VII ээлжийг үдэж мордууллаа.

Монгол цэргийг өнөөдөр дэлхийд мэддэг, үнэлдэг болсон нь бахархал. Ийм шилдэг дайчдыг бид эх орондоо бэлтгэж чаддаг болсон байна. Гэхдээ цэргийн албан хаагчид бүгдээрээ шигшмэл байж чадаж байна уу гэвэл үгүй. Цаашдаа дотооддоо үүрэг гүйцэтгэж байгаа дайчид маань хилийн чанадад НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцож буй албан хаагчдын бэлтгэгдсэн түвшинд хүрэхээр бодож сургалтын чанарыг ахиулах ёстой. Зөвхөн цэрэг, дайчид төдийгүй офицер, дарга нарт ч орчин үеийн цэргийн мэргэжилтний өндөр шалгуур тавих болно. Хөгжингүй зарим оронд хэт таргалсан генерал, офицеруудыг цэргийн албанаас чөлөөлдөг юм билээ. Үүнтэй төстэй жишиг шалгууруудыг цэргийн байгууллагуудад мөрдүүлэх бодолтой байгаа. Цэрэг хүн юун түрүүн цэргийн хэрэгт боловсрох ёстой. Түүний зэрэгцээ цэрэг бүхэн тамирчин байя гэж би уриалж байгаа. Манай анги, салбарууд үндсэн сургалтынхаа зэрэгцээ спортын мэргэжлийн холбоод, клубтэй төстэй зарчмаар үйл ажиллагаагаа зохион байгуулбал дайчдын бие бялдар, сэтгэл санааны төлөвшилд нэмэртэй. Ингэхлээр асуудлын гол нь алба хаах хугацаанд биш, сургалтын оновчтой хөтөлбөр, зөв менежментэд л байгаа юм. Богино хугацаанд эрчимтэй сургах нөхцөлийг бүрдүүлж чадвал цэргийн албаны хугацааг танах нь зөв.
-Хүмүүс ярьдаг л даа. Нэг хэсэг нь Монголд ерөөсөө цэрэг хэрэггүй, хэнтэй байлдах юм гэдэг. УИХ-ын нэр бүхий гишүүн хүртэл армийг татан буулгаж, төсвийг нь хэмнэх хэрэгтэй гэж ярьж байсан. Нөгөө нэг хэсэг нь Монгол тусгаар улс учраас өөрийн Зэвсэгт хүчинтэй байх ёстой гэдэг. Цэргийг мянган өдөр тэжээж, нэг өдөр хэрэглэдэг хэмээх үг ч байдаг. Сэтгүүлч надад ч гэсэн манай цэргийг хэн хэзээ яаж хэрэглэх юм бол гэсэн сониучхан асуулт төрдөг л дөө?
-Манайд нийгмийн байгуулал солигдож байсан 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр дээрх асуулт Монголын нийгэмд хүчтэй яригдаж байсныг санаж байна. Албаны үгээр энэ асуултад хариулбал Зэвсэгт хүчин манай оронд хэрэгтэй эсэх тухайд 1992 оны Үндсэн хууль хоёрдмол утгагүй цэг тавьсан гэж ойлгодог. Түүнээс хойшхи он жилүүдэд Монгол орон цомхон, мэргэжлийн чиг баримжаатай, чадварлаг Зэвсэгт хүчинтэй болох төрийн бодлогоо тууштай хэрэгжүүлж ирлээ. Энэ бодлого хэвээр үргэлжилнэ. Зарим тодотгол хийх шаардлагатай ч батлан хамгаалах салбарын эрх зүйн орчин ч боломжийн сайн бүрэлдсэн гэж үзэж байгаа.

Ер нь цэргийн байгууллагууд хуулиар ногдсон үндсэн чиг үүргээ л хэлбэрэлтгүй биелүүлэх ёстой гэж би боддог. Хэн дуртай нь юу хүссэндээ ашигладаг, юм л бол дайчлагдаад “гал унтрааж” явах үүрэг цэргийнхэнд байхгүй.Гэхдээ орчин үеийн цэргийн номлол уламжлалт ойлголтуудаасаа огт өөр болсон. Олон улсын терроризм, дэлхийн дулаарлаас үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлүүд, үй олноор хөнөөх зэвсэг, далайн дээрэм зэрэг шинэ шинэ аюул занал бий болж байна. Ийм аюулын эсрэг байнгын бэлэн байдалд байх нь улс орны ч, тухайн орны Зэвсэгт хүчний ч тулгамдсан шаардлага болоод байна. Манай Зэвсэгт хүчинд хэн нэгэнтэй байлдахаасаа илүү улс оронд гамшгийн аюул тулгарвал түүнийг сөрөн зогсоход тэргүүн эгнээнд явах шаардлага мэдээж гарна. Өөрөөр хэлбэл мянган өдөр тэжээж, нэг өдөр хэрэглэх хуучны үг ул болжээ. 

Өнөөдөр дэлхий нийтээрээ, түүний дотор бид бас хямралын тухай дээр доргүй ярьцгааж байна. Байдал амаргүй байна. Би дээр цэргийг хэн дуртай нь дайчлах эрхгүй тухай дурдсан. Энэ бол зарчим. Гэхдээ улс орон хямралтай байхад манай бие бүрэлдэхүүн гараа хумхин суух ёс суртахууны эрх байхгүй. Саявтар манай Засгийн газар хямралын үеийн санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөөг хэлэлцлээ. Энэ хүндрэлээс гарахад манай бүх байгууллага, хүмүүсийн оролцоо хэрэгтэй. Тухайлбал манай батлан хамгаалах салбар Засгийн газрын хөтөлбөрийн дагуу үндэсний 2000-3000 мэргэжилтэй ажилчин бэлтгэхээр болсон. Уг нь бид цэрэг бэлтгэх үүрэгтэйгээс барилгачин биш. Гэхдээ хямралыг давахын тулд, Засгийн газрын 100000 орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд, манай салбар өөрөө бүтээн байгуулагч байх үүднээс бид ингэж ажиллая гэж байна. Үүнтэй холбогдуулан салбарын төсвийн санхүүжилтийн зарчмыг ч зарим талаар эргэн харж болно гэж бодож байгаа. Аль ч улс цэрэг, армиа төсвөөсөө санхүүжүүлдэг. Манайд ч адил. Хэн нэг УИХ-ын гишүүн телевизээр ярьснаар төсвийн санхүүжилт зогсохгүй нь ойлгомжтой. Гэхдээ зөвхөн төсөвт дулдуйдалгүй нэмэлт орлого олох бололцоо батлан хамгаалах салбарт бий.  Бид барилга, зам гүүр, эрчим хүчний шугам байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлуудад зохих хэмжээгээр оролцож болно. Монголд энэ өдрүүдэд хоёр “толгой”-г эдийн засгийн эргэлтэд оруулах тухай ид шуугьж байна. Энэ томоохон ордуудыг, эсвэл ижил төстэй ордуудыг түшиглээд цэргийн анги зохион байгуулж, тэдгээр уурхайд ажиллах мэргэжилтэй ажилчдыг цэргийн албан хаагчдаар үүрэг гүйцэтгэх явцад нь давхар бэлтгэхээр судалж байна.
-Цэргийн албан хаагчдыг сургах, мэргэшүүлэх тухайд шинэ ажил хийх нь гэж ойлголоо. Гэхдээ тэд сайн зэвсэг, хангамжгүй бол цэрэг биш шүү дээ?
-Санал нэг байна. Нэг их нууц зүйл биш. Манай Зэвсэгт хүчний зэвсэглэл, техник зарим талаар хоцрогдсон. Сүүлийн жилүүдэд хөрөнгө мөнгөний гачаалаас болж олигтой шинэчлэл, засвар тордлого хийж чадаагүй нь ч үнэн. Хэдий хөрөнгө мөнгө муутай ч зэвсэглэл, техникээ сайжруулах, шинэчлэх цэгцтэй бодлого, сайн хөтөлбөр, уйгагүй хүчин чармайлт дутагдсан нь ч бодит байдал. Тиймээс байдлыг залруулахыг хичээж байна. Өнгөрсөн оны сүүлээр Монгол Улс, ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр манай оронд сүүлийн 20 жилд анх удаа “Дархан-1” энхийг сахиулах ажиллагааны сургалт, дадлага амжилттай зохион байгуулагдлаа. Зарим хэвлэлд оросууд эргэж ирлээ гэх байдлаар бага зэрэг хэтрүүлэгтэй бичсэн байна лээ. Энэ удаагийн сургалт, дадлага бол өмнөх үеийнхээс өөр зарчмаар зохион байгуулагдсан хамтын ажиллагааны арга хэмжээ. Олон улсын “Хааны эрэлд” дадлага, сургуультай төстэй. “Дархан-1” манай хувьд чухал арга хэмжээ байлаа. Үүний хүрээнд манай цэргийнхэн гар хүрэлгүй удсан нэлээд зэвсэг, техникээ сайжруулж тордож авсан.

Зэвсэг, техникийн шинэчлэлийн томоохон хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагааны материаллаг үр өгөөжийг ч дээшлүүлэх асуудал яригдаж байгаа. Монголын Зэвсэгт хүчинд орчин үеийн ямар техник илүү хэрэгтэй байна, ямар нь бидний боломжид таарч байна, ямар нь бидний шинэчлэлийн хөтөлбөрт нийцэж байна гээд олон үзүүрээс нь учиг гаргаж хэлэлцэж мэтгэлцэж, шийдэх ёстой. Тийм ажил нэгэнт эхэлсэн. Жишээ нь дотооддоо зэвсгийн, сумны авсаархан үйлдвэрлэл зохион байгуулах тухай хүртэл ярьж байна. Эргэлзээ тээнэгэлзээ бий. Гэхдээ ажил болгож болно байхаа. Ер нь би  салбарынхандаа нэг зүйлийг хэлж байгаа. Өнөөгийн ядруухан тарчиг байдалдаа сэтгэлгээгээ захируулалгүй, томоор сэтгэцгээе гэж.

Өргөн дэлхий уудам, хийх ажил их байна гэж дэлхийд нэртэй бизнесмэн хэлсэнчлэн бид шургуу санаачлагатай ажиллаж чадвал цэргийн гадаад хамтын ажиллагааг үлэмж тэлэх бололцоо байна. Миний бие өнгөрсөн хугацаанд Орос, Герман, Польш, Люксембургийн Батлан хамгаалахын сайд нартай ажил хэргийн уулзалт, хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар тохиролцоонд хүрсэн. Энэтхэг, БНСУ-ын сайд нартай ч уулзахаар төлөвлөөд байна. Жорж Бушийн үед Монгол, Америкийн цэргийн хамтын ажиллагаа эрс идэвхжсэн. Энэ идэвхтэй харилцаа Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны өнгөн дээр хэвээр хадгалагдах төдийгүй илүү ахиц дэвшилд хүрнэ гэж найдаж байгаа. Бид ч өөрсдийн зүгээс бололцоотой бүхнийг хийх болно. Ер нь манай салбарын нэг давуу тал бол олон оронтой тогтоосон гадаад хамтын ажиллагааны өндөр түвшин. Үүнийг улам ахиулах бололцоотой.
-Афганистанд цэргийн баг явуулах гэнэ гэж сонсогдсон. Энэ үнэн үү?
-Манай улс 2003 оноос НҮБ-ын мандаттай энхийг сахиулах болон олон улсын цэргийн бусад ажиллагаанд 3000 орчим цэргийн албан хаагчаа оролцуулаад байна. Халуун цэг Иракт манай цэргийн 10 ээлжийн баг үүргээ гүйцэтгээд дууслаа. Баруун Сахар, Судан, Конго зэрэг оронд цэргийн ажиглагчаа НҮБ-ын мандат дор ажиллууллаа. Афганистанд Афганы үндэсний армийн албан хаагчдыг бэлтгэхэд Монголын  сургалтын хөдөлгөөнт багийн офицерууд оролцож байна. Нэг үгээр хэлбэл Чингис хааны үеэс хойшхи монгол цэргийн хөл тавьсан газрын зургийн байршил тэлсээр байна. Афганистанд цэргийн баг илгээх тухайд бол судалгааны түвшинд яригдсан зүйл бий. Гэхдээ тэнд цагийн байдал түгшүүртэй байгаа. Ер нь хилийн чанадад үүрэг гүйцэтгэх давтамж, түүнд хамрагдах цэргийн албан хаагчдыг нэмэгдүүлэхийг сайдын хувьд дэмжинэ. Хэдий тийм ч манай цэргийн баг, албан хаагчид, цэргийн мэргэжилтнүүдийг олон улсын ажиллагаанд оролцуулах эсэх нь өөрөө бодлогын асуудал бөгөөд улс төрийн шийдвэр. Энд оролцож л байвал хамаагүй гэсэн зарчмаар хандаж болохгүй.

Энэ бол нэг талаас манай улсын олон улсын тавцан дахь байр суурь, нэр хүндийн асуудал, нөгөө талаас монгол хүний амь нас, аюулгүй байдал хоёрыг зэрэгцүүлэн дэнсэлсэн маш хариуцлагатай сонголт. Эцсийн эцэст миний санал ямар ч байж болно, харин хаана хэдийд ямар бүрэлдэхүүн явуулахыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд шийддэг журамтай. Энэ далимд хэлэхэд аливаа цэргийн ажиллагаанд оролцоно гэдэг хүнд хүчир, эрсдэлтэй, амь дүйсэн алба. Хэзээ ч ямар ч  хохирол амсаж болно. Ийм тохиолдолд цэргийн албан хаагчдынхаа амь нас, эрүүл мэндийн хохирлыг Монголын төр хариуцах учиртай. Одоогоор энэ талын хуулийн зохицуулалт учир дутагдалтай байгаа. Үүнийг өөрчилж дотоодод болон гадаадад үүрэг гүйцэтгэж буй цэргийнхнийг эрсдэлийн даатгалын тогтолцоонд хамруулахаар ажиллаж байна.

Дотооддоо цэргийн алба хааж байгаа хүмүүсийнхээ тухайд өөр нэг чухал зүйлийг хэлье. Надад янз бүрийн хүсэлт агуулга бүхий өргөдөл олон арваараа ирдэг. Тэдгээрийн дийлэнх нь орон байр хүссэн байдаг. Манай яам хичээгээд хичээгээд бүх хүсэлтийг хангаж хүчрэхгүй байна. Тиймээс цэргийн албан хаагчдын орон сууцны хангамжийн асуудлыг хуульд тусгуулах байдлаар шийдэх нь зөв юм байна гэж бодож байгаа. Цэргийнхэн 25 жил зүтгээд тэтгэвэрт гардаг. Цэргийн байгууллагад 25 жил ажилласан хэн боловч орон байраар хангагдах зарчмыг хуульчилмаар байна. Бүгдэд Улаанбаатарт байр өгөх бололцоогүй байж болно. Гэхдээ 25 жил эх орноо хамгаалах үйлсэд тасралтгүй зүтгэснийх нь төлөө нийслэл, аймгуудын төв, бололцоотой суурин газруудад байр, орон сууц олгодог болох хэрэгтэй. Цэргийн алба бол онцгой алба шүү дээ.
-Сэтгэлд нийцтэй л сонсогдож байна. Эрх ашиг нь хөндөгдөж мэдэх өөр хүмүүсийн тухайд асууя. Сайд солигдмогц төрийн албан хаагчид бужигнадаг. Танайхаар бужигнаан их үү?
-Гайгүй дээ. Засгийн газраас оны өмнөхөн яамны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсны дагуу зарим газар, хэлтсийн дарга нарын хувьд сэлгээ хийгдсэн. Үүний улмаас ажилгүй хоцорч хохирсон хүн байхгүй. Цөөн зарим томилгоог ажил хэргийн эрх ашгийн үүднээс хийсэн. Ингэхдээ салбарынх нь боловсон хүчнээс шилэн сонголт хийх зарчмаар асуудалд хандсан. Өөрөөр хэлбэл боловсон хүчний бодлогод уламжлал, шинэчлэлийг хослуулахыг эрмэлзэж байна. Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага болох Зэвсэгт хүчний жанжин штабын бүтэц, зохион байгуулалтад ч зарчмын өөрчлөлт хийгдэж, олон улсын жишгээр жанжин штаб “J”-ийн системд оны эхнээс шилжлээ. Энэ бол манай хувьд мэргэжлийн армийн жишигт шилжин орох анхны том алхам. Цаашид Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн хэсгүүдийг орчин үеийн армийн стандартад үе шаттайгаар нийцүүлэх том өөрчлөлт хийгдэнэ. Ийм өөрчлөлтөд Монголын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн бэлэн байгаа. Салбарынхаа шинэчлэлийг эрчимжүүлэхийн хамт улс орныг хамарсан хямралыг гэтлэхэд батлан хамгаалах салбар бодит хувь нэмэр оруулна гэж хэлмээр байна.
-Тантай уулзсаных өөр нэг зүйл сонирхож болох уу?
-Мэдээж.
-УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигчдээс илт ялгарсан өвөрмөц санааг та хөндөн ярьж байсан. “Баянмонгол” корпорацийн тухай. Саяхан нэг сонинд Л.Болд сайд болоод амлалтаа мартлаа гэж сануулсан байна лээ?
-Сануулах эрх байлгүй яахав. Үүнтэй холбоогүй нэг юм хэлье. Би дотно найз нөхдийнхөө хамт бизнес эрхэлж байхдаа Монголд хамгийн өндөр “Бодь цамхаг“ байгуулна гэж амласан. Тухайн үед орчин үеийн уран барилгын шийдэл бүхий тийм нүсэр байгууламжийг Монголд босгоно гэдэг амаргүй байсан. Хөрөнгө мөнгө ч ихээр шаардагдсан. 1990-ээд оны дундуур мөнгөтэй хүн ч ховор байлаа. Тэгэхэд бидэнд зориг, бүтээх эрмэлзэл, бас сайн түншүүд л байсан. Уйгагүй зүтгэсээр ямар боловч хэдэн жилийн дараа “Бодь цамхаг“ боссон доо. Гэхдээ хугацаа нэлээд шаардсан. Энэ завсар намайг худалч, хоосон амлагч гэж цоллосон нь цөөнгүй.

“Баянмонгол”-ын тухайд бол Монголд зайлшгүй хэрэгжүүлэх ёстой бодит ажил гэх итгэл үнэмшил маань хэвээрээ байгаа. Харин ч бүр лавширч байна. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ унаснаар манай төсөв, санхүү ихээхэн хүндэрлээ. Ашигт малтмалын үнэ энэ маягаар цаашид ч буурч болно, эргээд бүр өсөж болно. Харин манай ард түмний бүтээх чадвар, монголчуудад өөрт нь шингэсэн тэр үнэ цэнэ хэзээ ч буурахгүй шүү дээ. Монголчуудад боломжийг нь олговол Финландын Nokia шиг үндэснийхээ бахархал болсон компани босгож чадна. Ердөө зэсийн үнэ унахад л бид тэвдэж байна. Тэгвэл монгол хүнийхээ оюун билэг, бүтээлч сэтгэхүйд илүү найдвал үнийн уналтаас хамааралгүй амьдарч чадна. Тиймээс л би голлох шийдвэрийг нь аль нэг улс төрийн нам хүчин биш, хувьцаа эзэмшигч-ард түмэн өөрсдөө гаргадаг үндэснийхээ баялагт түшиглэсэн үндэсний корпораци байгуулъя гээд байгаа юм. “Баянмонгол” корпорацийн тухай миний санаа бол хамтраад Засгийн газраа байгуулсан Ардчилсан намын Эрдэнийн хувь, МАХН-ын Эх орны хишиг амлалтуудтай гарцаагүй уялдах зүйл.

Надад одоогоор “Баянмонгол” корпорацийн тухай хуулийн төслийн хоёр ч хувилбар бэлэн байна. Үүн дээр миний зөвлөхүүд мэргэжилтнүүдийн хамт ажиллаж байгаа. Нөгөөтэйгүүр нөхцөл байдал тун хурдан өөрчлөгдөж байна. Хоёр “толгой”-н гэрээ байгуулах үйл явц ямархуу байдлаар, ямар нөхцөлтэй шийдэгдэхийг харзнах шаардлага байна. “Баянмонгол”-ын тухай санааг би анх хөндөхдөө уул уурхайн салбарт түшиглэхийг гол болгож байсан. Одоо бол зөвхөн уул уурхайд төдийгүй дэд бүтэц, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбаруудад ч үндэсний хэмжээний ард иргэддээ хувьцаагаа эзэмшүүлдэг томоохон компани зохион байгуулж болно гэж итгэж байна. Гагцхүү маш нарийн нягт тооцсон төсөл, оновчтой бодлого, зөв менежмент, тууштай хүчин чармайлт хэрэгтэй. Одоохондоо нэг л зүйл хэлье. Би баян Монголдоо “Баянмонгол” бий болгохын төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ. Эргэлзэх хэрэггүй.
2009 оны 2-р сарын 13, Баасан гариг
 Өдрийн сонин

No comments:

Post a Comment