Tuesday, 15 May 2012

”Төрийн албыг авлигаас тусгаарлах хууль болсон”



Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль энэ тавдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэллээ. Уг хуулийн агуулга, зорилгын талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвалтай ярилцлаа.

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн гол чиглэл, агуулга юу вэ?

-Энэ хуулийг баталж гаргах хүртэл бид төрийн албаны тухай нэлээд ярьдаг байсан. Төрийн албан хаагчдыг авлига, хээл хахуулиас урьдчилан сэргийлэх, сонирхлын зөрчлөөс хамгаалах талаар их ярьж ирсэн. УИХ энэ хуулийг баталж, УИХ-ын гишүүд нийтийн эрх ашгийн төлөө хууль гаргасан нь төрийн албыг авлига, хээл хахуулиас сэргийлэх, авлигаас тусгаарлах, иргэдийн төлөө сэтгэл гаргаж ажиллах ач холбогдолтой боллоо гэж үзэж байна. Авлига бол төрийн алба явуулахад саадтай, төрийн ажлыг хойш татдаг ноцтой шалтгааны нэг. Төрийн албаныхныг аль болохоор авилгад өртүүлэхгүй байх боломжийг энэ шинэ хууль бүрдүүлж өгч байгаа юм. Тухайлбал,  тендэр шалгаруулах комисст орсон хүн тухайн тендэрт оролцож буй компаниуд дотор хамаатан садан, найз нөхөд байхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж гарын үсэг зурахаар болж байна. Хэрэв хамаатан садных нь хувийн компани тендэрт ялж, ашиг сонирхлын зөрчилтэй нь илэрвэл авлигын хэрэгт тооцно гэдгийг зааж өгсөн. Шинээр баталсан хуульд авлигын найман төрлийн зөрчлийг хуульчилж өгөөд байна. Эхний удаа хэрэг үйлдвэл албан тушаал бууруулах, давтан үйлдвэл албан тушаалаас чөлөөлөх гэх мэт шат дараалсан арга хэмжээ авахаар боллоо. Үүнээс өмнө төрийн албаныхны хариуцлагын тогтолцоо тодорхой бус байсныг ингэж тодотгож өгч байгаа юм.

-Шинэ хуулиар төрийн албыг нийтийн алба гэж нэрлэдэг болсон шүү дээ. Энэ талаар юу хэлэх вэ?


- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд төрийн албыг илүү өргөн утгаар нийтийн алба гэж томъёолж өгсөн. Нийтийн албан тушаалтанд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан орж байна. Түүнээс гадна Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн орон нутгийн өмчийн хуулийн этгээд, төрийн орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, хууль тогтоомжийн дагуу, эсвэл улс, орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан ордог болсон. Төрийн албыг нийтийн алба гэж нэрлэх болсноор иргэдэд илүү ойртож, үйлчилгээ үзүүлэх ёстой байгууллага гэдгийг нь албан хаагчдад ойлгуулж өгч байна.

-Төрийн буюу одооноос эхлэн нийтийн гэж нэрдэгдэн болж байгаа албаныханд тавих хориг хязгаарлалт байгаа юу?


- Нэлээд олон тооны хориг тусгаж өгсөн. Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, түүнд хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах,тэдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Албан тушаалтан өөртэй нь ижил сонирхолтой этгээдтэй ашгийн төлөө үйл ажиллагаа эрхлэх харилцаагаа дуусгавар болгосноос хойш хоёр жилийн хугацаанд тухайн этгээдтэй холбогдох захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглолоо. Бас албан тушаалтан тухайн албан тушаалд сонгогдох, томилогдохоосоо өмнө аж ахуйн нэгжийн удирдах, гүйцэтгэх, хяналтын байгууллагын гишүүн байсан бол, эсвэл тухайн аж ахуйн нэгжтэй иргэний эрх зүйн аливаа харилцаагаа дуусгавар болгосноос хойш хоёр жилийн хугацаанд тухайн аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагаатай холбогдох захиргааны акт гаргахыг хориглосон байгаа.

-Албан тушаалаасаа чөлөөлөгдсөний дараа тодорхой хэмжээний хязгаарлалтад байх юм шиг ойлгосон. Тэгж хэлж болох уу?


-Тийм хязгаарлалт байгаа. Тухайлбал,урьд нь гүйцэтгэж байсан нийтийн албан үүрэгтэй нь холбоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллахыг тодорхой хугацаагаар хориглосон. Өмнө нь ажиллаж байсан байгууллагатайгаа гэрээ, контракт байгуулах, тухайн байгууллагаас олгодог зөвшөөрлийг хүсэх, урьд ажиллаж байсан байгууллагынхаа өмнөөс хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөхийг хязгаарлаж өгсөн. Ингэснээр элдэв хээл хахуульд өртөх, ашиг сонирхлын зөрчил үүсгэхээс сэргийлж байгаа юм.

-Орлогын хязгаарлалт тавьсан байгаа шүү дээ. Тухайлбал, УИХ-ын гишүн хүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашвал аль нэгийнх нь цалинг л авна гэх мэт. Өөр ямар хязгаарлалт байгаа вэ?

- УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа бол зөвхөн Засгийн газрын гишүүнийхээ цалинг авна. Албан тушаалтан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд өмчлөгчийн төлөөлөгчийн ажил, үүрэг гүйцэтгэж байхдаа, түүнээс гадна тухайн ажил үүргээ гүйцэтгэхээ больсноос хойш хоёр жилийн хугацаанд хориглох үйл ажиллагаа гэж бий. Шууд болоод гуравдагч этгээдийн зуучлалаар оногдсон ажил, үүрэгтэй нь холбоогүй санхүүгийн эх үүсвэр, ашиг олохыг хориглосон. Холбогдох төрийн өмчит хуулийн этгээд, түүний удирдлага, захиргааны гишүүнээс бэлэг авах, хувьцаа, үнэт цаас, хөрөнгөөс нь олж авах, тухайн төрийн өмчит хуулийн этгээдэд өөр албан тушаал хавсарч эрхлэхийг хориглоод байгаа. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч байгаа бол УИХ-аас байгуулагдах хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орохыг, мөн хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулахаар санал оруулахыг хориглосон.

-Хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/ гаргахад ямар журам баримтлах вэ?

-Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдож томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор ХОМ-ээ гаргаж өгөх үүрэгтэй. Түүнээс цааш тухайн албан тушаалыг хашиж байх хугацаандаа жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж холбогдох байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх ёстой. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй гэх зэрэг журмыг хуульд тусгаж өгөөд байна.

-ХОМ-ээс гадна хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргаж өгөх юм байна.  Үүнийг хэн, яаж гаргах вэ?


-Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг тодорхой байгууллага, албан тушаалтан хуульд заасан хугацаанд бүртгэж, хадгалахаар хуульд тусгаад байна.  Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас томилогддог албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар бүртгэж хадгална. Харин Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба авч хадгалах юм.  Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан заасан хугацаанд хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг авч дууссанаас хойш 14 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах журмын биелэлтийн талаарх тайланг хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргасан этгээдийн нэрсийн хамт Авлигатай тэмцэх газарт ирүүлнэ. Авлигатай тэмцэх газар хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах хууль тогтоомжийн биелэлтийн талаарх мэдээллийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-ны дотор УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд гаргаж өгөхөөр тусгасан байгаа.

-Бэлэг, хандив авахад хийсэн хязгаарлалт гэж бий юү?

- Гэр бүлийн гишүүн,төрөл саднаас бусад хүнээс авсан нэг удаагийн бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны нэг сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн байх ёсгүй. Нэг эх сурвалжаас, өөрөөр хэлбэл нэг хүнээс ч юм уу, нэг жилийн туршид хүлээн авсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны гурван сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн байвал уг албан тушаалтан энэ тухай эрх бүхий албан тушаалтанд 30 хоногийн дотор бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Албан тушаалтны авсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны зургаан сарын цалингийн хэмжээнээс хэтэрсэн бол төрийн өмчид шилжүүлнэ. Гэхдээ зургаан сарын цалингийн хэмжээнээс илүү гарсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлсний зөрүүг өөрөө төлж тухайн бэлэг, үйлчилгээг өөртөө авч болно. Албан тушаалтан бэлэг авахаасаа өмнөх хоёр жилийн хугацаанд тухайн бэлэг өгсөн хүнтэй холбогдох захиргааны акт, удирдлага, хяналт, шалгалт, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг албан үүрэг хэрэгжүүлсэн бол албан үүргээ гүйцэтгэснийхээ төлөө бэлэг авсанд тооцно. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн төрд ногдох хувийг эзэмшигчийн төлөөлөгч албан тушаалтан нь тухайн хуулийн этгээдэд ажиллах хугацаандаа, мөн албан үүргээ гүйцэтгэж дууссанаас хойш хоёр жилийн хугацаанд тухайн хуулийн этгээд, түүний удирдлагын гишүүдээс бэлэг авахыг хориглож өгсөн гэх мэт хязгаарлалтуудыг оруулсан.

-Хуулийг долдугаар сарын 15-наас мөрдөхөөр УИХ баталсан. Гишүүн Х.Тэмүүжин тавдугаар сарын 1-нээс мөрдүүлэх санал гаргасан ч цөөнх болж, сүүлд нь Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж байж тавдугаар сарын 1 гэсэн хугацааг хуульчилж өгсөн. УИХ-ын ээлжит бус чуулганаар оруулсан энэ өөрчлөлтийн ач холбогдол юу вэ?

-Нэлээд ач холбогдолтой өөрчлөлт болсон. Гишүүд 100 хувь дэмжсэн шүү дээ. Одоо байгаа УИХ-ын гишүүдэд энэ хууль хамаатай болж байна. Тэд дахин УИХ-д нэр дэвшвэл энэ хуулийг мөрдөнө. Бас шинээр УИХ-д нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ шалгуулах боломжтой боллоо. Хэрэв долдугаар сарын 15 гэсэн бол сонгуульд нэр дэвшигчдэд, одоогийн УИХ-ын гишүүдэд хамааралгүй болчих  байсан юм.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ
news.mn

No comments:

Post a Comment