Saturday, 19 May 2012

Л.Болд: Тусгаар тогтносон шинэ улсад манай бүтэн батальон явна


УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болдтой ярилцлаа.

-Батлан хамгаалах яамны 100 жилийн ой сая болж өнгөрлөө. Танайх ойн арга хэмжээгээ гадны зочид төлөөлөгчдийг оролцуулан их өргөн тэмдэглэж өнгөрүүллээ?
-100 жилийн ой нь тохиож байгаа үед энэ салбарт ажиллаж байгаагаа маш их завшаантай хувь заяа гэж үзэж байгаа. Батлан хамгаалах яам 100 жилийнхээ ойд ач холбогдол өгч тэмдэглэсэн гол учир шалтгаан бол үнэн хэрэгтээ улсынхаа тусгаар тогтнолын түүхийг давхар тэмдэглэж байгаа хэрэг юм. Аливаа орны тусгаар тогтнол цэргийн түүхтэй нь салшгүй холбоотой байдаг. Бид ойгоо тэмдэглэж өнгөрсөн 100 жилийн түүхээ дүгнэхийн зэрэгцээ цаашдын 100 жил, ирээдүйгээ харах түүхэн бололцоо гэж ойлгож байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин эрийн цээнд хүрсэн гэдгээ дэлхий дахинд батлан харуулах сайхан бололцоо энэ байлаа. Манай 100 жилийн ойд дэлхийн хамгийн хүчирхэг таван армийн цэргийн дээд тушаалтнууд хүрэлцэн ирсэн. Энэ нь гадаад ертөнцөд Монголын Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах яамыг хүлээн зөвшөөрч байгаагийн томоохон нотолгоо
юм.
-Манай улсын батлан хамгаалах салбарын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд үсрэнгүй өргөжин тэллээ. Энэ үр дүнд хүрэх гол хүчин зүйл юу байв?
-Сүүлийн жилүүдэд Монголын батлан хамгаалахын гадаад харилцаа маш идэвхжсэн нь хөдөлшгүй үнэн 20 гаруй оронтой гэрээ хэлэлцээр байгуулан ажиллаж байна. Сүүлийн 20, 30 жилд цэргийн зэвсэг, техникийн шинэчлэл зогсонги байдалд байсныг өөрчлөн шинэчилж байна.
Ялангуяа цэрэг, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дорвитой ахиц гарсан.
Зарим томоохон оронтой хээрийн сургуулиуд амжилттай зохион байгуулж, алсыг харсан шинэлэг хэлбэрээр хамтарч ажиллаж байна. Тухайлбал, Хятадын нутаг дэвсгэр дээр анх удаа хоёр орны энхийн төлөө сургалт дадлага явуулсан. Монгол Улсын батлан хамгаалах салбар санаачилга гаргаж бүс нутагтаа гамшгийн эсрэг тэмцэх хүч бололцоогоо уялдуулах зэргээр идэвхтэй ажиллаж байгаа гэх мэтчилэн маш тодорхой бодлогууд хэрэгжиж байна.
-Хуучин социализмын үеийн ОХУ-ын зэвсэг, техник хоцрогдсон байх. Одоо цэрэг, техникийн шинэчлэлийг аль улсаас хийж байна вэ?
-Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу сүүлийн гурван жилд ОХУ-аас 100 гаруй сая ам.долларын зэвсэг техник авлаа.  БНХАУ-аас жилд сая хүрэхгүй ам.долларын тусламж авдаг байсан бол энэ жил нэг жилийнхийг нь бараг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх өртөг бүхий томоохон төсөл хэрэгжүүлж дуусаж байна. Энэ бол цэргийн "Багабаян" амралтыг түшиглэн байгуулж буй Энхийг сахиулагчдын нөхөн сэргээх цогцолбор төв. Үүнээс гадна АНУ, Герман, Солонгос, Турк зэрэг орнуудтай бүх талын хамтын ажиллагаагаа ахиулж чадлаа.
-Манай улсын Зэвсэгт хүчинд бодит байдал дээр улс орноо хамгаалах хүчин чадал бүрэн бий юу?
-Энэ бол цэргийн нууцтай холбоотой асуулт байна. Ер нь аюулгүй байдлыг хангах тодорхой хүч хэрэгсэл мэдээж бий. Харин түүний зориулалт нь өөрчлөгдөж байна. Урьд нь хоёр хөрш улсын дунд мөргөлдөөн үүслээ гэхэд Монголын Зэвсэгт хүчний зорилго ямар байх вэ гэдэг чиг шугам байсан уу гэвэл байсан. 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайны үед дайны зориулалт бүхий хүч хэрэгсэл байсан.
Улс орон ардчилал, зах зээлд шилжсэнээс хойш зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, зориулалт өөрчлөгдсөн.
Сүүлийн хэдэн жил Монголын Зэвсэгт хүчний үүрэг зорилгыг тов тодорхой болгож чадсан. Энэ нь томоохон дэвшил юм. Ер нь заавал дайнд бэлтгэх гэх утгаар бус цэргийн эрдэм Монгол Улсад заавал байх ёстой. Үндсэн хуулийн дагуу өөрийгөө хамгаалах чадварлаг зэвсэгт хүчинтэй байх ёстой. Энэ нь зэвсэгт хүчний үндсэн зорилго. Шаардлага гарсан нөхцөлд нийт ард түмэн өөрөө өөрийгөө хамгаална. Энэ л зарчмаар манай зэвсэгт хүчний байгуулалт орчин үед хөгжиж байна. Зэвсэгт хүчин гэдэг эх орончдыг бэлтгэдэг сургууль юм. Цэргийн алба хаагчдад эх орныхоо төлөө амь насаа ч хайрлахгүй зориулах үзэл санааг төлөвшүүлдэг сургууль юм. Яг энэ утгаар манай зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үүргээ ягштал биелүүлж байгаа гэж бодож байна.
-Арми, цэргийг уул уурхайн томоохон бүтээн байгуулалтад дайчлан ажиллуулах бололцоотой юу. Гаднаас ажилчин авч байхын оронд хуучны барилгын цэрэг маягаар бүтээн байгуулалтад цэрэг эрсийг татаж оролцуулж болох уу?
-Ер нь улс оронд гадаадын компаниар, гадны ажилчдаар хийлгүүлж болдоггүй ажил гэж бий. Аюулгүй байдлын асар өндөр шаардлага тавигддаг ийм ажилд чухамдаа тангараг өргөсөн цэргийн алба хаагчид явах ёстой юм. Энэ ч үүднээс томоохон бүтээн байгуулалтад хүчээ өргөх барилга инженерийн гурван батальон байгуулаад байна. Монгол залуус Үндсэн хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу хугацаат цэргийн алба хааж бай-гаа. Цэрэгтэнгийн мэргэжил давхар эзэмшүүлэх нь бидний анхаарлын төвд байдаг. Цэрэг дайчдыг барилгачин, жолооч болгож байгаа нь тустай хэрэг гэдэг нь харагдаж байна. Одоо манай улсад уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж байгаа үед эргээд энэ их баялгийг төр хараа хяналтдаа байлгах асуудал гарцаагүй яригдана. Энэ их баялгийг дагаад шууд дайсан орж ирдэггүй юм гэхэд элдэв сонирхол, эрх ашиг дагалдаж л таарна. Ер нь томоохон орд газруудтай холбоотой мөргөлдөөн, зөрчил үүсэж ч болно. Ийм үед стратегийн чухал орд газруудад цэргийнхэн чухал цэгүүд дээр ажиллаж байх нь улс орны эрх ашигт тустай гэж би итгэдэг.    
-Манай цэргийн алба хаагчид энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох нь ямар үр дүн, ашигтай байдаг юм бэ?
-Одоогоор энхийг сахиулах олон улсын үйл ажиллагаанд манай улсаас нийт 5671 цэргийн алба хаагч оролцоод байна. Монголын Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадвар, нэр хүнд жилээс жилд өсөж байна. Өнгөрсөн хугацаанд Ирак, Сьерра Леон, Чад, Судан, Косово, Афганистанд манай энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэлээ. НҮБ-ын мандаттай ажиллагаанд оролцохын зэрэгцээ НҮБ-ын зөвшөөрөлтэй олон улсын цэргийн ажиллагаанд оролцож яг дайны нөхцөлд дайныг зогсоох, үргэлжлүүлэхгүй байх зорилгоор халуун цэгт амь өрсөн тулалдах нь ч байна. Гол ахиц гэвэл урьд нь манай улсаас салаа цэрэг бусдын далбаан дор энхийг сахиулахаар явдаг байсан бол одоо бүхэл бүтэн батальон, цэргийн эмнэлэг дангаараа явж байна. Цэргийн бааз хамгаалдаг байсан бол онгоцны буудал хамгаалах болсон гэх зэргээр үүрэг нь өргөжиж, хариуцлага нь ч нэмэгдэж байна. Нэг үгээр хэлбэл цэрэг дайчдын маань үүргээ гүйцэтгэх бэлэн байдлын түвшин асар дээшилж байна.
-Манай цэрэг дайчид одоо аль улсад энхийг сахиулах ажиллагаанд явах гэж байна?
-Иргэний дайнтай байгаа, дөнгөж сая тусгаар тогтносон Өмнөд Судан руу Монгол Улс 850 цэрэг эрсээ явуулах шийдвэрийг Засгийн газраас сая гаргалаа. Энэ бол нэр хүндийн хэрэг. Өмнө нь Чадад бүтэн батальон явуулах шийдвэр гарч байсан ч манайхаас үл хамаарах шалтгаанаар хойшилж байсан юм. Түрүүн ингэж үүрэг гүйцэтгэх нь ямар ашигтай юм бэ гэж та асууж байсан. Хамгийн гол ашиг бол мэдээж бэлэн байдал ахиж байгаа явдал. Үүний зэрэгцээ манай цэрэг, дайчид үүргээ сайн гүйцэтгэж байгаа учир тодорхой хэмжээний орлого олдог. Зэвсэгт хүчиндээ ч тэр, хувь цэргийн алба хаагчдад ч нэгэн адил унацтай. Цэргийн алба хаагч энхийг сахиулах үйл ажиллагаанд зургаан сар яваад дунджаар 4-5 мянган ам.долларын орлоготой ирдэг. Сая Засгийн газраас энхийг сахиулагчдын томилолтын мөнгийг нэмсэн. Цаашдаа ч нэмэгдэж таарна.
-Иракт 2004 онд Монгол цэргүүд алан хядагчдын хорлон сүйтгэх ажиллагааг таслан зогсоож байсан түүх бий. Ер нь монголчууд эртний уламжлалаа бодсон ч дайнд эрэлхэг баатарлаг байдаг гэлцдэг. Энхийг сахиулагчид маань гадны улс орны дунд хэр үнэлгээтэй байдаг вэ?
-Маш сайн гэж итгэлтэй хэлэх байна. Энхийг сахиулах үйл ажиллагаанд 120 гаруй орон оролцож байгаа. Дэлхийд нийтдээ 20 гаруй сая цэрэг байдаг гэдэг тоо бий. Манайх хэдийгээр тийм олон цэрэггүй ч нэг хүнд оногдох энхийг сахиулагчийнхаа тоогоор дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг. Одоо Өмнөд Суданд 850 хүн явахаар энэ байр суурь улам л урагшилна. Иракт монгол цэрэг Г.Аззаяа, Ш.Самбуу-Ёндон нар баатарлаг гавьяа байгуулж алан хядагчдын хорлон сүйтгэх ажиллагааг таслан зогсоож эвслийн цэргийн хэдэн мянган хүний амь насыг аварч байсан. АНУ-ын Ерөнхийлөгч асан Буш Монголд ирэхдээ Г.Аззаяа, Ш.Самбуу-Ёндон нарт өөрийн биеэр баяр хүргэсэн нь энхийг сахиулах ажиллагаанд оролцсон манай 5671 цэрэгт өгч буй нийтлэг үнэлгээ юм. Монгол цэргүүдийн ард Монгол Улсын нэр хүнд, шийдвэр байдаг. Манай цэргүүд тэсвэр хатуужилтайгаар үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаад баяртай байдаг.
-Та өөрөө дайны талбарт явж байхад ямар сэтгэгдэл төрж байв. Мэдээж айдас төрж сэтгэл санааны дарамттай байдгийг та өөрийн биеэр мэдэрсэн байх?
-Афганистанд очоод цэргүүдийнхээ дунд ороод хуаранд хамт унтаж, цэргүүдтэй хооллож, цэргийн онгоцоор нисэж, аврах хантааз, дуулга өмсөж хүнд нөхцөлд явахад үнэхээр өөрт олон зүйл бодогдож байсан. Цэргүүдийнхээ эрсдэлийг давах эр зориг, сэтгэлийн хатыг нь биширсэн. Дайны нөхцөлтэй газар явахад эх орноо илүү хайрлах, эх орноо хэзээ ч дайны талбар болгохгүй байх ёстой юм байна гэх итгэл үнэмшил улам батаждаг юм билээ. Халуун цэгт манай цэргүүд үүрэг гүйцэтгэхдээ аливаа зүйлийг олон талаас нь бодох, эргэцүүлэх болж мэдлэг чадвар нь улам ахидаг. Нутагтаа байснаасаа ч илүү эх орончид болоод ирдэг юм билээ.
-Та цэргийн алба хаасан уу?
-ХБНГУ-д дээд сургууль төгсөж ирээд 45 хоногийн цэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж байсан. Ямар боловч иргэн хүний хувьд цэргийн үүрэгтэн заавал байх шалгуурыг хангасан гэж боддог.
-Манай улсын газар нутагт гадны улс орны цөмийн хаягдал булах тухай яриа сонсогдох болсон. Үүнд улс орны аюулгүй байдлын үүднээс танай яам ямар байр суурьтай байна вэ?
-Цөмийн хаягдал булах орон Монгол орон яавч биш ээ. Цөмийн хаягдал булах талаар цаашдаа ч ярих ёсгүй юм.
-Социализмын үед орос цэргүүд Монголын говьд цөмийн хаягдал булж байсан гэдэг яриа байдаг?
-Нотлогдсон зүйл байхгүй. Тийм зүйл байхгүй гэж ойлгож байна.
-Өнгөрсөн жил АНУ-ын луужингийн хаягдал Төв аймгийн нутагт унахад манайхан мэдэхгүй хэсэг сандралдсан. Энэ нь нэг ёсны шалгалтад бүдэрсэн хэрэг болсон?
-Тэр явдал агаар сансрын орон зайгаа хамгаалалтгүй орхисон манай байж болшгүй сул талыг бүх түвшинд ойлгуулсан гэж би боддог. Одоо харин агаарын орон зайгаа хамгаалах, болзошгүй аюулаас халхлах талаар мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч байгаа гэдгийг хэлэх байна.
Нийтлэлч
Б.Долзодмаа
Эх сурвалж
Өнөөдөр сонин
2011 оны 9-р сарын 20, Мягмар гариг

No comments:

Post a Comment