УИХ-ын гишүүн, Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн зөвлөхөөр томилогдсон байсан. Ажлаа аваад хэр удаж байна, ямар ажил амжуулав?
-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхнээс ажиллаж эхлээд байна. Сонгууль ойртож, улс төрийн бүх намууд улс төрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлж сонгуульдаа анхаарч байгаа энэ үед намын даргын зөвлөхөөр ажиллахаар болсон. Удахгүй болох сонгуулийн хүрээнд намын ажилд өөрийн зүгээс хамааралтай бүхнээр оролцох болно. Намынхаа гишүүнчлэлийг сэргээхдээ ч би өөрөө намын үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно гэдгээ хэлж байсан.
-С.Отгонбаяр гэдэг хүнийг зөвлөхөөрөө авна гэдэг Н.Алтанхуяг даргын хувьд бас л нэг тактик байх л даа. Урьд нь УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан. Ардчилсан намтай, МАН, МАХН-тай нь ч тулж ажиллаад үзчихсэн, улстөрийн тогоонд олон жил чанагдаж, тугийг нь ч бариад, тугалыг нь ч хариулаад үзчихсэн гэдэг утгаараа?
-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан, улс төрийн амьдралд олон жил хутгалдаж явсны хувьд намын бодлого шийдвэр, улс төрийн бусад үйл ажиллагаанд хамтарч ажиллах зорилготой юм.
-Гишүүнчлэлээ сэргээсэн гэхээр хүмүүс гайхаж байж магадгүй. Та чинь Ардчилсан намын анхны гишүүдийн нэг биз дээ?
-Бараг л анхны гишүүн. Ардчилсан нам 1992 онд байгуулагдаж, Э.Бат-Үүл даргаар сонгогдож байх үед гишүүнээр элсэж байсан.
-Сүүлд УИХ-д сонгогдохдоо Эх орон Ардчилал эвслээс нэр дэвшсэн байх аа?
-2004 оны сонгуулиар Ардчилсан нам, ИЗН, “Эх орон” намууд эвсэхэд “Эх орон Ардчилал эвсэл”-ийн нэрээр сонгуульд оролцож УИХ-д сонгогдож байсан. Дараа нь 2008 оны орон нутгийн сонгуулийн дараа намынхаа гишүүнчлэлийг сэргээсэн боловч тухайн үед нийтэд мэдээлэгдээгүй өнгөрсөн л дөө. Улс төрийн зохиомол хэрэгт гүтгэгдэж, хилс хэрэгт тулгагдаж хоёр жил гаруй явсны эцэст 2009 онд шүүх, хууль хяналтын байгууллагууд намайг гэмт хэрэгт холбогдолгүй гэж цагаатгасан. Зарим нэгэн хууль хяналтын байгууллагууд хүртэл буруутай үйл ажиллагаа явуулсан хуулийн ажилтнуудынхаа нэрийн өмнөөс надаас уучлалт, хүлцэл өчсөн шүү дээ.
-Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээсэн, намын даргын зөвлөх болсон, намын үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно гэж байгаагаас үзэхэд цаана нь бас өөр зорилго байгаа байх гэж би хувьдаа хардаж байна. Сонгуульд оролцох уу?
-Сонгуульд оролцвол намдаа нэг суудал баталгаатай аваад л ирнэ л дээ. /инээгээд/ Миний олон жил ажилласан, намайг дэмжиж ирсэн бүхэл бүтэн тойрог, ард түмэн ард минь байна. Би 2000 онд Нийслэлийн ИТХ-д ардчилсан хүчнийг төлөөлж ганцаархнаа сууж байсан. УИХ-ын сонгуульд цөөхөн саналаар ялагдаад Нийслэлийн ИТХ-д 83 хувийн саналаар гарч байсан. 2004 оны УИХ-д ч гэсэн хамгийн өндөр хувиар сонгогдсон.
-Гэхдээ танай тойрогт ч энэ удаа олон хүн шавааралдаж байгаа байх аа, аль аль намаас. Дээр нь мандатын тоо нь хасагдчихсан?
-Угаасаа л шавааралдаж байдаг юм. 2008 онд 43 хүн өрсөлдөж байсан. Энэ удаа арай цөөрөх байлгүй, нэг хэсэг нь намын жагсаалт руу явчихаар байдал арай өөр болох байх.
-Намын даргатайгаа энэ тухай ярилцсан уу?
-Ярьж байгаа зүйл бий. Ер нь бол нам баталгаатай тойрог авчирна гэсэн хүмүүсээ л тойрог руу явуулах хэрэгтэй. Түүнээс биш “Энэ тойрогт ч хүн алга даа”, эсвэл “Энэ минь олон жил зүтгэсэн юм даа, нэг тойрог өгчихье” гээд явуулаад байвал бусад намуудад өгөөш өгч байна л гэсэн үг.
-Сүүлийн үед Н.Энхбаярын авлигын хэрэг, МАН, МАХН-н дотоодын хэрүүл л Монголын улс төрийн төв цэг болчихоод байна. Сонгууль хаяанд ирчихээд байхад Ардчилсан нам яагаад таг чиг байна аа?
-Ардчилсан нам чимээтэй байх үеэ өнгөрөөчихсөн шүү дээ. Сүүлийн 20 гаруй жил Ардчилсан нам асар их чимээтэй байсан. Одоо бол төлөвших цаг нь. Улс төрд үргэлж тэнгэр ниргүүлж, цахилгаан цахиулаад явж болохгүй юм байна гэдгээ ойлгочихсон. Харин одоо Ардчилсан намын өнгөрсөн түүхийг Ардын нам туулж эхэлж байна. МАН, МАХН гэж хуваагдаад, дотроосоо задраад эхэлчихлээ. Энэ төлөвшлийн процесс нь их удаан үргэлжилнэ. Наад зах нь 15 жил, нам болж төлөвшитлөө дор хаяж гурван сонгуулийн хугацаа байна шүү. Урьд нь Ардчилсан нам төлөвших гэж яаж зовж зүдэрч, хагарч бутарч байлаа, тэр бүхнийг л эхнээс нь туулж эхэлж байна л даа. Одоо бол Ардчилсан намд тэгэх шаардлага байхгүй болсон. Улс орны хөгжлийн төлөө юу хийж чадах вэ гэдэг бодлогоо гаргаад түүн дээрээ нэгдэж, нягтарч ажиллах үе.
-Ардчилсан намын нэг ололттой тал нь дотроо олон фракцитай, тэр нь ил байдаг учраас сонгуульд нэр дэвшүүлэх асуудал дээр харьцангуй хялбар, фракциуд хоорондоо тохироод, хэн нь хэдийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ тогтоод явчихдаг. Та аль нэг фракцид нь орсон уу?
-Олон фракци байхын ач холбогдол нь тэр л дээ. Фракци фракциасаа төлөөллөө гаргаж ирээд квотоо тохироод явчихдаг учраас зодоон гарах нь харьцангуй бага. Тухайн фракци ҮЗХ-нд хэдэн суудалтай байна гэдгээрээ хувилаад явчих байх л даа. Би бол одоогоор аль нэг фракцид харъяалагдаагүй байна.
-Ардын нам болохоор намын дарга, удирдлагууд нь бүхнийг шийдэх болчихоод, түүнээсээ болж гомдох, гарах хүн нь олон байх шиг байна, тийм үү?
-Ардын намын дарга нарын шийдэх асуудал ч гэсэн хумигдаад л эхэллээ л дээ. Одоо явж байгаа задралын процесс ч тэр, эрх мэдлийг зангиддаг байсан дарга нарынх нь үе өнгөрөөд, хатуу диктатураар барьдаг байсан арга барил нь алдагдаад эхэлсний л шинж шүү дээ. Цаашдаа ч улам бүр тийм байдал руу явах байх л даа. Энэ бол муу биш, сайн зүйл.
-Тэгвэл Ардчилсан намын сонгуульд барьж орох гол мессеж нь юу юм, намын даргын зөвлөхийн тань хувьд асууж байна л даа?
-Сонгуулийн хууль тогтоомжид юу гэж заасан, тэр дагуу л мөрийн хөтөлбөрөө гаргаад өрсөлдөнө шүү дээ. Мөнгө төгрөгний амлалт байхгүй болсон. Тэгэхээр улс орны хөгжил, ард түмний аж амьдралын төлөө юу хийж чадах вэ гэдэг дээрээ л төвлөрч уралдана гэсэн үг. “Май, мөнгө өгье” гэхээр л сонгоод байна гэдэг өнгө аясаар явбал улс орон ч хөгжихгүй, сонгогчид ч төлөвшихгүй, намууд нь ч шинэчлэгдэхгүй. Горьддог ард түмэнтэй, горьдоодог эрх баригчидтай хэдий хүртэл явах вэ.
-Ирэх сонгуулийн үр дүн аль талдаа гарах бол?
-Би ямар далдыг харагч биш, яаж мэдэх вэ. Гэхдээ арай өөр сонгууль болох болов уу. Ардчилсан нам олонхийн суудал авах боломж байна. Хөндлөнгийн судалгаа, нийгмийн уур амьсгалыг хараад байхад сонголт Ардчилсан нам руу хазайчихлаа л гэж харж байна. Гэхдээ маш сайн бэлтгэж, зөв зүйтэй зохион байгуулалттай, сайн ажиллах шаардлага бидний өмнө тулгарч байна даа.
-Яагаад, юунаас болоод сонголт Ардчилсан нам руу хазайчихлаа гэж?
-МАН, МАХН-ын хагарал хуваагдал, тэндээс гарсан ходоодных нь хий ч гэсэн нөлөөлж л байгаа шүү дээ. Тогтворгүй улс төрийн хүчинд ард түмэн тэр болгон итгэж саналаа өгөх нь эргэлзээтэй болдог. Аль болох тогтвортой байгаа тохиолдолд “Ядаж л хоорондоо хэрүүл хийхгүй байх” гэж бодно шүү дээ. Хийсэн юм нь байх юм даа, Ардчилсан намд гэж. Ардчилалд шилжсэн өнгөрсөн 20 жилд иргэд эрх чөлөөтэй, аж амьдралаа өөрөө зохицуулах боломжтой болсныг бүгд л мэдэрч амьдарч байгаа. Ардчилсан нам Хамтарсан Засгийн газарт орсон сүүлийн дөрвөн жилд л гэхэд монголчууд хүн ам, байшин барилга, эд хөрөнгөө тоолоод авчихлаа. Өмнө нь манайхан малаа л тоолж байснаас хүнээ, байшин барилга, эд хөрөнгөө тоолж байсан юм уу. Энэ бол Ардчилсан намын оролцоотойгоор хийгдсэн том ажил. Оюутолгой, Тавантолгойгоос ч том ажил шүү.
-Нэг талаас Ардчилсан нам төлөвшсөн харагдаж болно л доо. Гэхдээ нөгөө талаас танай намын даргыг хэтэрхий даруу, унтаа байна гэж шүүмжлэх хүн олон байдаг. Ухаандаа Сү.Батболдын нүүрийг очиж маажаад ч юм уу, Н.Энхбаярыг унасан дээр нь очиж өшиглөөд байвал Ардчилсан намын дарга сайн ажиллаж байгаа харагдаж магадгүй л дээ, зарим хүнд?
-Тэгж болохгүй шүү дээ. Тонгочсон болгоныг очиж дарах гээд, асч байгаа гал болгон руу гараа хийгээд явбал нэгдүгээрт цаг үрсэн, үр ашиггүй ажил болно. Түүний оронд энэ улс оронд юу хэрэгтэй байна гэдгээ олж хараад, түүнийгээ л ард иргэд, сонгогч олонд хэлж явах нь илүү эрүүл саруул зүйл болох байх. Тэгээд ч уг хүнийх нь натур нэг их савлаад, савчаад байдаг хүн биш шүү дээ. Цавчдаг улсууд нь бол угаасаа нам дотор хангалттай олон байгаа, тэр хүмүүс ч гэсэн үүргээ гүйцэтгээд явж байгаа. Тийм учраас намаа аль болох эвдрэлцүүлэхгүй авч явах нь намд хэрэгтэй. Дараа дараагийн намын дарга хэн ч боллоо гэсэн ийм л байр сууринаас намыг удирдах байх.
Хоёрдугаарт өөр намын дотоодод болж байгаа үйл явдалд хөндлөнгөөс оролцоод, хошуу дүрээд байх шаардлагагүй. Улс төр хийх хэмжээний асуудлууд бол тэртэй тэргүй гарч л таарна шүү дээ. Тэр үед нь хариултыг нь өгөөд, нам байр сууриа илэрхийлээд явж байгаа. Та нар нэг зүйлийг анзаарсан бол Ардчилсан намд бүтэн дөрвөн жил намыг удирдсан дарга болон ерөнхий нарийн бичгийн дарга байдаггүй юм билээ. Дээд тал нь жил зургаан сар болоод л ямар нэг байдлаар ажлаа өгч ирсэн байдаг. Бас ч зүгээргүй нам шүү дээ, үзвэл үзчихдэг, ширүүлбэл ширүүлчихдэг хүн Ардчилсан намд олон бий. Тэр хүмүүсийн ааш омог, эр бярыг тэнцвэржүүлж авч явна гэдэг бас авьяас. Ажил амьдралын туршлагааас ч хамаардаг л байх. Адилхан арсалдаад, үзээд байдаг нөхөр бол намаа тараагаад л дуусна шүү дээ. Н.Алтанхуяг даргын хувьд өөрөө их хүлээцтэй, тэвчээртэй, бүх зүйлийг маргаангүй байх талаас нь харж шийддэг хүн гэж ойлгогддог.
-Түүнийг тэгвэл энэ сонгуулийн нэр дэвшүүлэлтээс л харья. Урьд нь олон дарга үүн дээр алдаад, сонгуулийн дараа ажлаа өгч байсан?
-Ер нь сонгууль болгоны дараа “Намын удирдлагууд буруу хүн дэвшүүлсэнээс боллоо” гэдэг яриа гардаг шүү дээ. Аль ч намд тийм хариуцлагын асуудал яригддаг. Ялах юм бол өөр асуудал. Намын хамт олон ч “Зөв байна, сайн дарга байна” л гэж хэлнэ биз дээ.
-Одоо хуучин асуудал руу орьё. Танд эмзэг байж магадгүй, уучлаарай. Саяхан Х.Тэмүүжин гишүүний нэг ярилцлагаас би харсан л даа. “С.Отгонбаяр гэдэг хүнийг сайд байхад нь зүгээр л барьж аваад гэмт хэрэгт хийчихэж байсан шүү дээ. Хэнийг ч ямар ч хэрэгт хийж чадах хууль шүүхийн байгууллага манайд байна” гэж ярьсан байсан. Таныг хуулийнхан хэр удаан шалгасан бэ?
-2007 онд Онцгой байдлын албаны аврагчдын сууж явсан нисдэг тэрэг осолдсоны дараагаас л намайг намнах ажиллагаа эхэлсэн дээ. Онгоц гаргаж өгсөн ХХЕГ, нисэх зөвшөөрөл өгсөн ИНЕГ-аас авахуулад Зам тээврийн сайд, Хууль зүйн сайд, Батлан хамгаалахын сайд бүгд буруутгагдаад, Засгийн газар огцрох огцрохгүйн тухай асуудал босоод ирэхээр хариуцлагыг өөр дээрээ авахаас аргагүйд хүрсэн. Олон ч хүн тэгээсэй гэж хүсч байсан. Улс төрийн хариуцлага хүлээсний дараа ч гэсэн Эрүүгийн хуулийн 272.2 буюу “Албан тушаалдаа хайнга хандсан” гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд их удаан шалгасан даа. Онцгой байдал нь миний хариуцаж байсан салбар болохоос биш онгоц гаргасан газар тусдаа, хөөрөх зөвшөөрөл өгсөн нь тусдаа, хөөргөж буулгасан хүмүүс нь ч тус тусын эрх үүрэгтэй байдаг шүү дээ. Тэгээд С.Отгонбаяр гэдэг хүн гэмт хэргийн субьект болох хуулийн үндэслэл гарахгүй болохоор заавал ямар нэгэн хэрэгт холбогдуулах сонирхол тухайн үеийн төр засгийн зарим нэг хүмүүст байсан л юм байна билээ.
-Шүүхийн процес хэр удаан явсан бэ, шалгуулсан хугацаа нь хэр урт юм?
-Шалгуулсан хугацаа нь бол бараг хоёр жил шахуу шүү дээ, 2007 оны зургадугаар сараас эхлээд л шалгасан. Нэг нь нотлогдохгүй болохоор дараагийн ямар нэгэн хэрэгт холбогдуулаад, зохиомлоор хэрэг үүсгээд явчихдаг, яаж ийж байгаад л шоронд хийчих гээд үзээд байсан. Зарим нэг улс төрийн том зүтгэлтнүүдийн ч гар хөл орсон байдаг. Яг шүүхийн процесс бол дөрвөн сар явсан.
-Нэр бүхий улстөрч нь хэн байсан бэ гэдгийг бол санаж байна л даа. Н.Энхбаяртай таарамжгүй байснаас болж, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх гэсэн зарим улстөрчдийг огцруулах операцид нь оролцоогүйн төлөө тэр хэргийг зохион байгуулсан гэж та ярьж байсан. Шалтгаан тодорхой, харин зорилго нь юу байсан юм бэ?
-Зорилго бол их амархан л даа. Улс төрийн хоёр том нам парламентад олонхи болж, МАХН жижиг намуудтай эвсэл байгуулаад Засгийн газраа бүрдүүлчихсэн, эвсэл задраад Ардчилсан нам хүчтэй цөөнхийн байр суурь дээр оччихсон байсан үе. Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаа ч дөхчихсөн байсан. Тийм үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан 4-5 хүнийг золигт гаргаж, өөр лүү нь чиглэсэн “авлигын загалмайлсан эцэг” энэ тэр гэдэг нэр хочноос зайлахын тулд нийгмийн анхаарлыг өөр хүн дээр аваачих хэрэгтэй байсан юм шиг байна лээ. “Би биш шүү, жинхэнэ авлигач чинь тэр байна” гэж харуулахын тулд. Тэгээд ч байн байн л УИХ дээр нэг сайдын асуудал яригддаг, огцруулж байж салдаг байсан үе шүү дээ. Нисдэг тэрэг осолдсон асуудал дээр миний оролцоо байхгүй болоод ирэнгүүт тэр үед улсын нөөцийн хөрөнгөнөөс идэж уусан хэргээр шалгагдаж байсан ОБЕГ-ын хуучин удирдлагуудын үйлдсэн хэргийг надад нэмж хамаатуулах гэж зүтгэсэн шүү дээ. Уг нь бол би сайдаар очсоныхоо дараа дотоод мониторингийн шалгалт хийж, төрийн албан тушаалтнуудын өмч хөрөнгө шамшигдуулсан, идсэн уусан зөрчлийг гаргаж илрүүлээд тухайн үеийн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт илтгэх хуудсаар танилцуулсан. Өөрсдөө “Танилцуул” гэж шахсан мөртлөө сүүлдээ нөгөөдүүлээрээ “С.Отгонбаяр сайд үүрэг өгсөн гэж хэл” гээд миний эсрэг аман мэдүүлэг өгүүлээд, тэрийг нь нотлох баримт болгоод явсан л даа. Миний гаргаж тавьсан мэдээллийн мөрөөр хууль хяналтынхныг шахаж оруулангуутаа араас нь “С.Отгонбаярыг өөрийг нь унага” гэдэг үүрэг өгөгдсөн нь хожим тодорхой болсон.
Тэгэхэд Л.Одончимэд сайд өргөдлөө өгөөд огцорсон, УИХ-ын дарга Ц.Нямдорж огцорсон, Л.Гүндалай, Б.Жаргалсайхан гээд бүгд огцорсон, улс төрийн нөхцөл байдал ч их хурц байсан үе.
-У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Н.Энхбаяр гэдэг МАХН-ын гурван хүчтэй нөхрийн зөрчил дунд л таныг “жертвлэчихсэн” юм байна гэж ойлгосон шүү дээ?
-Тийм л юм болсон л доо. Өөрсдийнх нь дотоод асуудал хурцдаад, шийдэж чадахгүй болоод ирэхээрээ хэн нэгнийг барьж хийж байж их шударга харагдах байсан юм шиг байгаа юм. УИХ-ын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд гэдэг яалт ч үгүй төрийн өндөр албан тушаалтан. Дөнгөж байгуулагдаад удаагүй байсан АТГ-т ч авлигатай хийж байгаа тэмцлээ ямар нэг байдлаар ард түмэнд харуулах шаардлага байсан байх. Тэгж байж авлигатай тэмцэж байгаа ч юм шиг, албан тушаалтнуудад хариуцлага тооцож байгаа ч юм шиг харагдана шүү дээ. Тэр байгууллага нь үндсэндээ зарим нөлөөтэй улстөрчдийн заавраар хөдөлдөг байсан юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд ч тийшээ орох эрхгүй, ЭБШХ-нд заасан гэмт хэргийн зүйлчлэлээрээ зөвхөн цагдаагаа харьяалдаг. Тийм тийм нөхцөл байдлууд давхацсан л даа.
-Танд тэгээд ямар хэргээр ял өгсөн юм бэ?
-Хүнийг хэрэгт хийхэд их амархан юм байна лээ. Хийгээгүй хэрэг, хуулиар олгогдоогүй, сайдын эрх хэмжээнд хамааралгүй гурван асуудлаар буруутгасан. Сайдын эрхлэх ажлын хүрээнд хамаардаггүй “тендерийн хуулийг ноцтой зөрчсөн болон улсын нөөцийн үнэлгээний коммист нөлөөлж улсад 13 сая төгрөгийн хохирол учруулсан” гэдэг ор үндэслэлгүй хэрэгт намайг гүтгэсэн шүү дээ. Харин хууль шүүхийн байгууллага бодит байдлыг үнэн зөвөөр тогтоож, “С.Отгонбаяр гэдэг хүн хууль зөрчиж гэмт хэрэг үйлдээгүй байна” гэдгийг нотолсноор энэ хэрэг надад хамааралгүй болж, гурван жилийн өмнө эцэслэн шийдвэрлэгдсэн.
-П.Даш, н.Алтангэрэл нарын хэрэг одоо дууссан уу?
-Тэдний юу болж байгааг сонирхоогүй. Сураг сонсоход хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй, прокурорын шатанд яваа юм байна гэж ойлгосон.
-У.Хүрэлсүх гишүүн бас Хадгаламж банкны хэргээр шүүхээс ял авахад нь Төрийн ордны гадаа ШШГ-ээс машин ирчихээд ачих гээд хүлээж байсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй байхад шүү дээ. Бүрэн эрх гэхээр манайхан буруу ойлгоод байдаг юм шиг, Н.Энхбаяр даргын ярианаас харсан ч тэр. УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал гэдэг нь түүнийг сонгосон сонгогчдын мандатын эрхийн тухай асуудал. Ерөнхийлөгч асанд гаргаж өгсөн төрийн тусгай хамгаалалтыг буулгах тухай асуудал биш. Тэгээд ч Н.Энхбаяр гэдэг хүн шүүхээр шалгуулахгүй гэж өлсгөлөн зарласнаас болж нийгэмд бас нэг “хаос” маягийн зүйл бий болчихлоо, цагдаагийн дарга нарын хэргийг шүүхээр шийдэж болдоггүй шиг...
-Хуулийн өмнө хүн бүр л адил тэгш байх ёстой. Жирийн иргэн ч байсан, төрийн өндөр албан тушаалтан ч байсан иргэнийхээ хувьд хуулийн өмнө тэгш эрхтэй. Шалгуулах асуудал байна аа л гэж байгаа бол шалгуулах үүрэгтэй шүү дээ. Би бол өөрөө “шалгуулна” гэж хэлж байгаад шалгуулсан. Харамсалтай нь хийгээгүй хэргийн минь төлөө хилсээр ялласан, хэрэгт холбогдолгүй болохоо тогтоолготол бас их хугацаа орсон. Одоо цагт бол арай ч хүнийг хийгээгүй хэргийн төлөө хохирохгүй, хилсээр шийтгэгдэхгүй байх. Нэг үеэ бодоход хуулийн байгууллагуудын шинэчлэл, хүний эрх гэж ярьдаг, арай өөр болж эхэлж байна. Долдугаар сарын 1-ний үйл явдал ч бас нэлээд цохилт болсон байх. Намайг шалгуулж байхад бол тэс өөр байсан шүү.
-Н.Энхбаярын зарласан энэ урт удаан хугацааны өлсгөлөнгөөс болж нийгмийн сэтгэл зүй ч бас үймээд, шалгуулахгүй гэсэн нь бус, шалгах гэсэн нь буруутан болоод байх шиг?
-Хөндлөнгөөс ажиглаж байхад очоод шалгуулчихсан л бол ийм хэмжээний асуудал гарах уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй. Хуулийн байгууллага дуудахад хэрэг хийгээгүй бол хийгээгүй гэдгээ очоод тогтоолгочих л асуудал шүү дээ. Намайг хоёр жил гаран шалгасан, эцэст нь гэмт хэрэгт ямар ч холбогдолгүй гэдгийг шүүх хууль тогтоогоод өгчихсөн. Н.Энхбаяр хэрэг хийсэн үгүйг би мэдэхгүй. Гэхдээ хэн ч байсан хуулийн өмнө тэгш л байх ёстой. Төрийн өндөр алба хашиж байсан гэхээрээ шалгуулдаггүй, жирийн иргэд нь шалгуулдаг байж болохгүй биз дээ. Ийм ялгаа жишиг тогтоож хэрхэвч болохгүй. Би ч гэсэн ялгаагүй төрийн өндөр албан тушаал хашиж байсан.
-Унасан хүнийг өшиглөх муухай гэдэг. Гэхдээ та ч гэсэн өөрөө энэ хүнээс болж хийгээгүй хэрэгт тулгагдаж, хэлмэгдэж явсаны хувьд түүнд ямар нэг үг хэлмээр санагддаггүй юу? Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад нь та л ганцаараа “Жирийн иргэн болоод хуулийн өмнө ижил тэгш болох цаг бид хоёрт ирнэ шүү. Мөнхийн албан тушаал гэж байдаггүй юм” гэж хэлж байсан шүү дээ?
-Хэлэх үгээ би өмнө нь хэлчихсэн. Хэний захиалгаар намайг хэлмэгдүүлсэн, хэн гүйцэтгэсэн гээд. Сүүлд сонсоход “Ямар ч байсан наадахаа 2009 оны Ерөнийлөгчийн сонгууль хүртэл хэвтүүлээрэй” гэж дээрэс үүрэгдсэн гэдгийг олон хүний амнаас сонссон. “Болдог юм болдгоороо болж байна” гэсэн байгаа юм. Харин одоо Н.Энхбаярыг ийм байдалтай болчихсон байхад, эрүүл мэнд нь ч хүнд, эргэн тойрныхон нь ч дарамттай байгаа ийм үед надад хэлэх зүйл алга. Хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх ёстой. Гэхдээ хүнийг хэлмэгдүүлж болохгүй, хилсдүүлж болохгүй, хийгээгүй хэргийн төлөө золиослогдох ёсгүй. Тиймээс төрийн өндөр албан тушаалтан ч бай, жирийн иргэн ч бай, шалгах шаардлагатай бол бүгдийг нь шалгах ёстой. Би шалгуулахгүй гэдэг зарчим хэнд ч үйлчлэхгүй, хуулийн тийм санкц ч байхгүй шүү дээ.
-Сүүлийн үед МАН, МАХН дотор болоод байгаа процессийг та юу гэж харж байна вэ? Намаа дотор нь хоёр хуваачихаад л бие биенийгээ “би олигархи, чи авлигач, бид авлигатай тэмцэнэ, чи тэмцэхгүй” гээд хэрэлдээд байгаа. Н.Энхбаярыг дагаад нэг хэсэг нь намаасаа гараад явчихлаа. У.Хүрэлсүх, С.Батболдыг дагасан хэсэг нь намдаа үлдсэн. Энэ хүмүүсийн хооронд үзэл санааны ч юм уу, байр суурийн ямар нэг ялгаа харагдаж байна үү? Хэн нь шударга ёсыг тогтоох гээд байгаа юм бэ?
-Яг үнэндээ хувийн эрх ашгийн холбоо сүлбээгээрээ л хуваагдчихаад байгаа шүү дээ. Хэтэвчээрээ холбогдсон хүмүүс л ийм байдалд ордог юм, зөрчил нь ерөөсөө л энэ. Чи их үү, би бага уу гэдэг тэмцэл л явж байна гэж гадна талдаа харагдаж байна.
-Тиймээс л Н.Энхбаяр “тэгвэл хамтдаа шалгуулья, би ганцаараа шалгуулахгүй шүү” гэж зүтгээд байгаа хэрэг байх л даа?
-Миний бодлоор бол бүгд очоод шалгуулах хэрэгтэй байгаа юм. Намайг бол ёстой нөгөө “хошногыг нь эргэтэл шалгана” гэдэг болсон байхгүй юу. Бүгд л тэгж шалгуулаад хардлага сэрдлэг хэрэг, хийсэн хийгээгүйгээ тогтоолгочихвол нэрээ цэвэр болно шүү дээ. Миний эргэн тойрныхон, ах дүү, хамаатан садан, пүүс компаниуд бүгдийг нь нэг бүрчлэн шалгасан. Даанч харамсалтай нь хууль зөрчсөн ямар нэг юм байгаагүй. Улсын өмч хөрөнгө идэж ууж байгаа нөхдүүдийн гар хөлийг цавчаад, арга хэмжээ аваад эхлэнгүүт тэдний цаана байдаг арслан, “акул”-ууд нь сэрж босч ирээд уурладаг юм байна лээ л дээ. Тэрийг л би их сайн ойлгосон. Агентлагийн даргаас дооших хүмүүстэй нь хариуцлага тооцоод эхлэнгүүт цаана нь унтаж байсан байвгайнуудыг нь сэрээгээд, тэдний идшийг тас цохиод эхэлсэн л асуудал болсон. Тэрний хүн, энэний хүн гээд байршуулаад эхэлдэг чинь тийм учиртай юм байна лээ.
-Тэгвэл таны сүүлийн дөрвөн жилийн намтар ямар ч байсан Ардчилсан намд том хөрөнгө оруулалт болох юм байна. Авлигачид яаж иддэг вэ, яаж хүнийг хэлмэгдүүлдэг вэ гэдгийг амьдралаараа туулаад мэдчихсэн учраас?
-Хүний амьдралд юу ч тохиолдож болно гэдгийг ухааруулж байгаа юм. Би ямар хэрэг хийсэн биш, надад ямар хүртээлтэй биш гэж бодож болдоггүй юм билээ. Тухайн үед би тэгж хэлж байгаад л шалгуулсан шүү дээ. Хоёр жил шалгаад юм олдохгүй харайгаад л байсан. Тэгж тэгж байгаад үнэхээр ичсэн нүүрэндээ хүчээр ял тулгасан. Тухайн үеийн прокурор, шүүхийг хариуцаж байсан нөхдүүд, АТГ-ын дарга нар үнэхээр хүний гар хөл болсон шүү.
-Гэтэл өнөөдөр АТГ-ын хоёр дарга нь өөрсдөө ял авчихсан биз дээ, албан тушаалын хэргээр?
-Өөрсдөө ёстой “чоно үүрэндээ өлзийтэй” гэдэг шиг үүрэн дотроо хулгай хийгээд л явж байсан байна лээ шүү дээ. Монголын ард түмэн бүгдээрээ л мэдэж, сонсч байгаа.
-Тухайн үед Ерөнхий прокурор байгаад Ерөнхийлөгчийн шахалтаар ажлаа өгсөн М.Алтанхуяг прокурорыг бас МАН-ынхан ХЭҮК-ийн даргад, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд гээд л онгойсон суудал болгон луу чихэж үзсэн. Энэ ямар ид шидтэй хүн бэ, эсвэл МАН-ынхан түүнд тийм их өртэй юм уу?
-Хариу барих хэрэгтэй болоод л тэгж зүтгүүлж байсан юм байлгүй дээ. Төрийн албанд ажиллаж байгаа улсын цалин хөлс ямар билээ, эдэлж хэрэглэж байгаа зүйл, амьдарч байгаа орон сууцыг нь ил болгоод үзэхгүй юу. Тэдний авч байгаа цалин хөлс татвар төлөгчдийн л хөрөнгө мөнгө, хөдөлмөрөөр бий болдог зүйл шүү дээ. Би бол ерээд оноос бизнес хийж, баялаг бүтээж ирсэн хүн. Бизнесийн бүх чиглэлээр ажиллаж, улсын төсөвт олон тэрбумын татвар төлдөг, тэгж зүтгэсний хувьд өөрийнхөө амьдралд хүрэлцээтэй хуримтлалыг. Гэхдээ яг үнэндээ би энэ хүмүүсийн тухай яримааргүй байдаг. Тэр үед намайг хилсдүүлж, хэлмэгдүүлж байсан нөхдүүд одоо бүгд л алга боллоо шүү дээ. “Юм эргэдэг юм шүү” гэж үнэн байгаа биз. Харцгааж л байя даа, амьдрал баян шүү дээ.
Б.СЭМҮҮН
Ардын эрх сонин
No comments:
Post a Comment