Monday, 14 May 2012

С.Бямбацогт: Өдөрт арван мянган хувь хэвлэгддэг сониныг стратегийн аж ахуйн нэгжид тооцно

УИХ-ын гишүүн С.Бямбацогт
Стратегийн ач хол­богдол бүхий аж ахуйн нэгжүүдийн гадны хө­рөнгө оруулалтыг зо­хи­­цуулах тухай хуу­лийг УИХ-аар хэ­лэл­цэж бай­на. Энэ талаар тө­сөл са­наач­лагч­дын нэг С.Бям­бацогт ги­шүүн­тэй ярилцлаа.
-Стратегийн ач хол­богдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруу­лалтыг зохицуулах тухай хууль гарвал аж ахуй нэгжүүдэд хал­гаа­­тай гэсэн шүүмж­лэл га­раад байна. Ямар учир­тай юм бэ?
-Үндэсний аюулгүй байд­­лыг хангахад стра­тегийн ач холбогдол бү­хий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зо­хи­­цуулах тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж бай­на. 1990-ээд оны үед ма­най улсын нийгэм, эдийн засаг хүнд байсан. Тэр үед гад­наас хөрөнгө оруу­лалтыг  татах сонир­хол ч их бай­лаа. Гаднаас зээл, хандив их хэмжээ­гээр авдаг бай­сан даа. Харин уул уурхай ашиг­лалтад орж эхэлс­нээс хойш гадны хөрөнгө оруу­лалт нэмэгдсэн. Үүнээс хойш бид гадных­ныг нэг­дүгээрт тавьчихдаг бол­сон. Гадныхан Мон­голд үнэн сэтгэлээсээ хө­рөнгө оруулалт хийхийг бод­дог­гүй. Богино хуга­цаанд их ашиг олж, баял­гийг нь цөлмөөд гарахаа боддог. Үнэндээ хөрөнгө оруу­лал­таас монголчууд наал­даж үлддэг зүйл хо­вор байна шүү дээ. Мон­голын газар нутаг, бай­галийн баялаг цөм ард түмний мэдэлд бий. Тиймээс гадны хөрөнгө оруулалтыг харилцан ашиг­тай эзэмших нөх­цөлийг бүрдүүлэх гэж ийм хууль санаачилсан юм. 
-"Саус гоби сэндс" компанийн асуудал энэ хуулиар зохи­цуулагдах юм уу?
-Тийм. Гэхдээ зөвхөн энэ компанид зориулсан хууль биш шүү дээ. Уг хуулийг 2010 онд өргөн барьсан. Дөнгөж одоо л хэлэлцэж эхэлж байна. Ер нь бид гадаадын хө­рөнгө оруулалтыг дэм­жиж байгаа нь энэ гээд эдийн засгаа дэмжих бизнесийн бүх салбараа нээлттэй хаячихаж бо­лох­гүй биз дээ. Зарим салбарт гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлах хэрэгтэй. 
-Ямар салбаруудын  гадаадын хөрөнгө оруу­лалтыг хязгаар­лах гэж?
-Хуулиа боловс­руу­лах­даа нийт 19 сал­барыг хамруулна гэж тус­гасан. Гэтэл УИХ-аас гаргасан ажлын хэсэг хуульд нэ­лээд өөрчлөлт хийж, за­рим салбарыг нь хасаад уян хатан хандаж байх шиг байна. Энд Үндэсний аюулгүй байд­лын үзэл баримтлалд заасан аж ахуй нэгжүүд ч орж байгаа.
-Нэрлэвэл...
-Тухайлбал, хэвлэл мэдээлэл, харилцаа хол­боо, авто зам, төмөр зам, эрчим хүч, уул уурхайн салбар багтаж байна. Мөн тэсэрч дэлбэрэх бо­ди­сын чиглэлээр үйл ажил­лагаа явуулдаг сал­барын аж ахуйн нэгж ч орно. 
-Ямар шалгуураар стратегийн ач хол­бог­долтой аж ахуйн нэгжид тооцогдох юм бэ?
-Зах зээлийн үнэлгээ нь 100 тэрбумаар үнэ­лэг­дэх хөрөнгөтэй ком­пани стратегийн ач хол­богдол бүхий аж ахуйн нэгжид тооцогдож, гадны хө­рөнгө оруулалт авах­даа Засгийн газраас зөв­шөөрөл авна.
-Хэвлэл мэ­дээл­лийн байгууллагыг стра­­тегийн аж ахуйн нэг­жид оруулдаг нь ямар учиртай юм бэ?
-Үзэл суртал бол асар том зэвсэг шүү дээ. Хэвлэл мэдээллийн бай­гууллага ард түмний са­наа бодолд их нөлөөл­дөг. Тиймээс телевиз, радиог оруулж байгаа юм. Өдөрт арван мянган хувь хэвлэгддэг сониныг стратегийн аж ахуйн нэг­жид тооцно. Хэвлэл мэ­дээллийн байгууллагад гадны хөрөнгө оруулалт давамгайлаад, явуулж байгаа бодлого нь үндэс­ний эрх ашигтай зөрчил­дөөд байвал яах юм. Тэг­вэл улс оронд зөрчил­дөөн үүснэ шүү дээ.

-Үндсэндээ хэвлэл мэдээллийн хэрэг­сэл Засгийн газраас хараат ажиллах нь ээ?
-Үгүй.  Хэвлэл мэдээл­лийн хэрэгслийн гадаа­дын хөрөнгө оруулалтад Засгийн газар зохицуу­лалт хийнэ гэсэн үг. Түү­нээс биш хувийн хэвш­лийн бизнестэй хутгал­дах­гүй. Ийм зохицуулалт дэлхийн улс орнуудад ч байдаг. Зөвхөн Монгол Улс дэлхий дээр ган­цаа­раа сондгой хуультай бо­лох гээд байгаа юм биш.
-Гадны хөрөнгө оруу­­лалтын хувь хэм­­жээ хэд байвал Засгийн газар зөв­шөөрөх юм?
-49 хувиас дээшгүй байх ёстой гээд заачих­сан байгаа. Монголчууд биднийг алтан дээр суу­сан гуйлгачин гэж ярьдаг байлаа. Гэтэл өнөөдөр бид гадныханд алтаа хул­гайлуулсан гуйлгачид болох гээд байна шүү дээ.  Манай баялгийг гадны­хан хөрөнгө оруулагч нэ­рээр орж ирээд хамаад, цөлмөх гээд байна. Гад­ныхан манай баялгаас өм цөм авах гээд улай­раад байвал төр засаг нь хязгаарлалт тавьж өгье л гэсэн юм.
-Жишээ нь манай со­нинд гадны хөрөнгө оруу­лалт орж ирлээ. Түүнийг нь  Засгийн га­зар зөвшөөрлөө гэж бодъё. Тэгвэл төр тэн­дээс тодор­хой хувь эзэмших юм уу?
-Үгүй ээ. Тухайн со­нин хувьцаагаа худал­даж, гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа бол Засгийн газ­раас зөвшөөрөл авна. Түүнийг нь Засгийн газар хянаж үзээд гадныхны хувь хэмжээ бага байх юм бол зөвшөөрнө. Тэглээ гээд Засгийн газар хувь хүртэж, ашгаас нь авах­гүй. Зөвхөн тухайн бай­гуул­лагын гадаадын хө­рөнгө оруулалтыг зохи­цуулж байна.
-Энэ хууль бизнес эрхлэгчдийн хөрөн­гө оруулалт олох бо­лом­­жийг нь хаа­чихаж бай­гаа юм биш үү?
-Тийм биш ээ. Манай­хан гадны шар толгойтой нөхрийн мөнгийг хараад өөрийнхөө эрх ашгийг Монголын эрх ашгаас дээгүүрт тавьж болохгүй. Өөрт л ашигтай бол Мон­голын хууль цааз хамаа­гүй гэдэг байдлаар най­маа хийж хандаж болох­гүй.
-Энэ хууль батлагд­вал гадны хөрөнгө оруу­лагчдыг үргээ­чих­­гүй биз?
-Гадаадынхан Мон­голын ард түмэнд хүн­дэт­гэлтэй хандаж бизнесээ хийх ёстой. Нүүдэлчин монголчуудыг яасан ч яахав гэдэг байдлаар хан­даж болохгүй. Монгол Улсын эрх ашгийг хүн­дэт­гэх хэрэгтэй. Гадны­хан Монголын баялгийг хямдхан авч, эзэнд нь үлдээлгүйгээр баялгийг нь цөлмөх ёсгүй биз дээ.
-Хууль гарсны дараа манайд өмнө нь орж ирсэн гадны хөрөнгө оруулалтуудыг яах вэ?
-Хууль эргэж үйлч­лэхгүй. Гэхдээ тодорхой зохицуулалт хийх байх.
Нийтлэлч
Я.Мөнгөнцэцэг
Эх сурвалж

Өдрийн сонин

No comments:

Post a Comment