Сангийн
сайд С.Баярцогттой ярилцлаа.
-УИХ энэ оны төсөвт тодотгол хийлээ. Тодотголоор ямар асуудлыг шийдсэн бэ?
-Төсвийн
тодотголыг УИХ баталлаа. Ингэснээр орлого алдаа 615 тэрбумаар,
зарлага алдаа 824 тэрбум төгрөгөөр төсөв нэмэгдсэн. Зарлагын 250 тэрбум нь
хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн эх үүсвэр болж байгаа.
50тэрбум төгрөг нь ноос, ноолуурын салбарт татаас болж очно. Бүхэлдээ нийт
зарлагын 300 тэрбум нь хөдөө аж ахуйн салбарт зарцуулагдана гэж ойлгож болно.
Үлдэж байгаа 500 орчим тэрбум төгрөгөөс 300 нь хөрөнгө оруулалтад
зарцуулагдана.
Ингэхдээ 2011 оны төсвөөр батлагдсан байсан хөрөнгө оруулалтад 200 орчим тэрбум, шинээр бий болсон зайлшгүй шаардлагатай асуудлуудад бас зарцуулагдах юм.
Тухайлбал,
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах агуулга бүхий хуулийн
хэрэгжилтийг санхүүжүүлэхэд 35 тэрбум, урсгал зардалд нь 2.5 тэрбум төгрөг
төсөвлөсөн. Энэ жил арвин их ургац авсантай холбогдуулж нийт ургацын дөрөвний
нэг буюу 100 мянган тонн улаан буудайг төр худалдаж авна. Үүнд зориулж төсөвт
35 тэрбум төгрөг тусгасан. Дээрээс нь Хятадын 300 сая ам.долларын зээлийн үйл
ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Монголын талын хувь оролцоо болох 34 тэрбум
төгрөгийг суулгасан. Өөрөөр хэлбэл, нийт төсвийн 90 орчим хувь нь хөрөнгө
оруулалтад зориулагдсан,бодит эдийн засгийг дэмжсэн тодотгол хийж чадлаа.
- Нийслэлээс сонгогдсон гишүүд Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт нэмэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан.Хүн амын тэн хагас нь төвлөрч байгаа нийслэлд хэдэн төгрөг тодотголоор нэмэгдэн бэ?
-
Хотод маш олон зүйл хийж байгаа. Гишүүдийн гаргасан санал бол цэвэр математик
санал. Өөрөөр хэлбэл, 615 тэрбумын орлогын өөрчлөлттэй төсөв баталж байгаа бол
10 хувийг нь шууд Улаанбаатарт бие даасан байдлаар шилжүүлье гэсэн байдлаар
ярьсан. Мэдээж Улаанбаатарт олон асуудал бий. Хүн амын төвлөрөл ч ихтэй.
Тиймээс хотыг бие даалгах ажлыг үе шаттай шийдэж байгаа. 2010 оны төсвөөс эхлэн
Улаанбаатараас татан төвлөрүүлдэг байсан хөрөнгийг бууруулсан.
Энэ онд зөвхөн 20 тэрбумыг л төвлөрүүлж байгаа. Харин Өмнөговь аймгаас 60 тэрбумыг татан төвлөрүүлж байх жишээтэй.
Энэ онд
Улаанбаатарт эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 50 тэрбум төгрөгийн замын ажлыг
санхүүжүүлсэн. Хөрөнгийг нь хоёр жил хувааж өгнө гэж тооцож байсан ч энэ онд
үндсэндээ 44 тэрбумыг нь өгчихлөө. Ер нь бол 2012 оноос эхлэн Улаанбаатараас
улсын төсөвт хөрөнгө татан төвлөрүүлэхгүй. 100-200 тэрбум төгрөгийг бие даан
санхүүжүүлэх боломжийг хотод олгоно.
-Тэгэхээр энэ талаар шийдвэр гарчихсан гэсэн үг үү?
-Шинээр
батлахаар ярьж буй Төсвийн тухай хуульд Улаанбаатар хотыг бүрэн бие даалгаад зогсохгүй
өөрийн өмчөөр баталгаажуулсан бонд гаргах эрхийг олгох гэж байна. Энэ удаагийн
парламент, Засгийн газрын зүгээс орон нутгийн эдийн засгийн хувьд бүрэн бие
даасан бодлогыг хотоос эхлүүлэх нь зөв гэж үзсэн.
Гуравхан жилийн дотор хотыг санхүүгийн хувьд бүрэн бие даалгах ажлыг хийж байна.
Тухайлбал,
2012 оны төсвийн төсөлд хотоос нэг ч төгрөгийг төсөвт татан төвлөрүүлэхгүй
байхаар УИХ-д өргөн барьсан. Тэгсэн ч хотод маш их асуудал байгаа болохоор
гадаадын хөрөнгө оруулалтыг хийж байна. Хятадаас авах 300 сая, 500 сая
ам.долларын хөнгөлөлттэй зээлийн бараг 500 тэрбум орчим нь хотод зориулагдана.
Замын түгжрэлийг үүсгэж байгаа төмөр зам, Туул голыг давсан гүүрэн
байгууламжийг засах, өргөтгөх, шинээр байгуулах ажлыг санхүүжүүлнэ. Дээр нь
хоёр орон сууцны хороолол, хоёр хорооллыг дэд бүтцийг энэ хөрөнгөөр хийж
гүйцэтгэнэ. Цаашдаа хот болон орон нутгийг холбосон зам тавих асуудлыг Хөгжлийн
банк санхүүжүүлэх юм.Хөгжлийн банк энэ өвөлдөө багтаж зургийнх нь ажлыг 14
тэрбум төгрөгөөр бүрэн хийж дуусгана. Шинээр тавих төмөр замын ТЭЗҮ-ийг эцэслэн
дуусгах 50 тэрбумын асуудлыг бас шийднэ. Газар гэсээд ирэхээр буюу гуравдугаар
сараас төмөр замын болон авто замын ажлуудын анхны хөрөнгө оруулалт хийх
хэмжээний бондын санхүүжилтийг бэлэн болгосон байхаар төлөвлөсөн.
-Төсвийн тодотголыг нэлээд хожуу баталлаа. Хөрөнгө оруулалтаа хийж амжих уу?
-Гишүүд
хаврын чуулган завсарлахаас өмнө тодотгол хийвэл яасан юм бэ гэж байсан. Бүтээн
байгуулалтын ажлууд зогсонги байдалд орох нь гэсэн шүүмжлэлийг өрнүүлж байсан л
даа. Тухайн үед Таван толгойн гэрээ амжилттай дуусаад, гэрээний урьдчилгаанд
авах төлбөрөөр орлогын эх үүсвэрээ нэмнэ гэж тооцож байв. Нэгэнт Таван толгойн
гэрээ хойшилсон учраас хавар тодотгол хийх боломж бүрдээгүй. Ингээд долдугаар
сарын эхэнд оны эхний хагас жилийн үр дүнгээ харахад төсвийн орлого 400 орчим
тэрбумаар давж биелсэн байсан.
Хүлээгдэж буй гүйцэтгэлээ оруулаад тооцохоор оны эцэст 615 тэрбумын орлого үүсэх юм байна гэж үзсэн.
Энэ
тухай бүх мэдээллийг тухайн үед өгч байсан шүү дээ. Наймдугаар сард Засгийн газрын
хуралдаанаар хэлэлцээд тодотгол хийх нь зөв гэж шийдсэн. Бүх мэдээлэл өгөгдсөн
учраас барилгын ажлын ид үйл явц өрнөж байсан наймдугаар сард компаниуд
тодотгол хийхийг мэдсэн. Нөгөөтэйгүүр, 2011 оны төсвийг анх өргөн барихдаа ч
бид удахгүй тодотгол хийх хөрөнгө оруулалт дээр тавьсан хөрөнгийг нэмэгдүүлнэ
гэсэн. Анхны зорилтоор бол дор хаяж 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт
нэмэхээр тооцсон. Харин сая тодотголоор 300 тэрбумыг хөрөнгө оруулалтад тавьж
өглөө. Компаниудын зүгээс ч ажлаа эрчимжүүлсэн. Улаанбаатар хотын замаар жишээ
авахад 2010-2012 оны хооронд барих ёстой 16 замын нэгээс бусад нь энэ онд 100
хувь ашиглалтад оржээ. Тэгэхээр үүнд нь таарсан хөрөнгийг төсөвт суулгаж
компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, төрийн зүгээс гүйцэтгэх үүргээ хангах
боломж нээгдсэн. Төсвийн хөрөнгө оруулалт болгоныг ерөнхийлөн захирагч нартай
нь ярьсан. 2011 онд ашиглалтад орох бололцоотой объектууд руу түлхүү
хөрөнгө суулгаж, орж амжихгүйнх нь хөрөнгийг багасгах, зогсоох арга хэмжээ
авсан. Энэ утгаараа 2011 оны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл өндөр хэмжээнд гарна
гэсэн бодолтой байгаа.
-Европоос эхтэй эдийн засгийн хямрал үүсэж магадгүйг судлаачид хэлж байна. Ийм үед олсныхоо хэрээр үрээд байна гэсэн шүүмжлэл хэлэх хүн цөөнгүй байгаа. Энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-Монгол
Улс 2008 оны хямралаас маш сайн сургамж авч чадсан. Засгийн газар 2008 онд
дөнгөж байгуулсны дараах төсвийн тодотголыг та бүхэн санаж байгаа байх. Зэсийн
үнэ 9000 ам.доллараас 2700 болтлоо гурав дахин унасан. Тухайн үед
тодотгол хийхдээ орлого, зарлагаа бууруулж байв.
Ингээд 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, төсвийн орлогын гурваас дээш хувийг бүрдүүлдэг ашигт малтмалын үнийг төсвийн үнээр тооцдог болсон.
Ингээд 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, төсвийн орлогын гурваас дээш хувийг бүрдүүлдэг ашигт малтмалын үнийг төсвийн үнээр тооцдог болсон.
Өөрөөр хэлбэл, 2011 оноос эхлэн манай төсөв төсвийн орлого, тэнцвэржүүлсэн орлого, төсвийн зарлага, тэнцвэржүүлсэн зардал гэдэг юмтай болсон.
Дундаа
тогтворжуулалтын сантай болсон гэсэн үг. Ингээд үзэхээр тодотголоор маш их
хэмжээний төсвийн тэлэлт хийж байгаа ч гэсэн Тогтворжуулалтын санд 218 тэрбум
төгрөгийн эх үүсвэрийг хадгалаад үлдсэн. Ирэх онд 381.3 тэрбумыг
тогтворжуулалтын санд хадгалж үлдэнэ. Хоёр-хон жилийн төсвөөр 600 тэрбум төгрөг
авч үлдэж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 2011 оны төсвийн хөрөнгө оруулалттай
тэнцэх хэмжээний баталгааны эх үүсвэрийг хоёрхон жилийн дотор бий болгоно.
Цаашдаа энэ нь ахисаар байгаад ДНБ-ий таван хувьд хүрэх ёстой. Эндээс давсан
үеэс эхлэн мөнгөө сан-хүүгийн хөрөнгө оруулалт маягаар ашиглах юм. Өөрөөр
хэл-бэл, 2008 оны хямралаас сургамж авч санхүүгийн хамгаалалт хийж чадлаа. Төсвийн
тогтвортой байдлын тухай хуулийн үлдсэн гурван шаардлага 2013 оноос хэрэгжиж
эхэлнэ. Ингэхээр төсөв жижигхэн болно.
-Төсвийн зарлагыг шууд танана гэсэн үг үү?
-Хүний
хөгжил сангаас олгодог бэлэн мөнгөний тараалт 2012 оны зургадугаар сараар
дуусгавар болно. Бид ойролцоогоор 800 тэрбум төгрөгийг жил тутам бэлнээр гаргаж
байгаа нь зогсоно. Цаашдаа иргэд Хүний хөгжил сангаас өөрийнхөө давуу эрхийн
хувь-цаагаар орж ирэх ногдол ашгийг л хүртэнэ. Өнгөрсөн хоёр жилийн байдлыг
аваад үзвэл 2010 онд 44, 2011 онд 100 тэрбум төгрөг ногдол ашгаар цугларсан.
2012 онд энэ хэмжээ 150 тэрбумд хүрнэ. Тэгэхээр ийм л хэмжээний бэлэн мөнгийг
иргэд байнга авдаг болно. Цаана нь үлдэх 750 орчим тэрбумыг хадгалаад
үлдэх юм. Тэгэхээр энэ зардал төсөв дээр суухгүй, Мөн цалин, тэтгэврийг ирэх
онд 53 хувиар нэмэх нь цалин, тэтгэврийн санг ойролцоогоор 700 тэрбумаар нэмнэ
гэсэн үг. Хуучин 1.2 их наядын хэмжээнд байсан цалин, тэтгэврийн хэмжээ шууд 80
орчим хувиар нэмэгдэнэ. Харин цаашид том нэмэгдэл гарахгүй. Яагаад нэг жилийн төсөв
дээр ийм их хэмжээний нэмэгдэл гарсан гэхээр 2008 он хямралын жил байсан.
2008-2009 онд цалинг огт нэмээгүй. 2010 онд л 30 хувиар нэг удаа нэмсэн.
Цаашдаа
хямралтай байна уу, хямралгүй байна уу хамаагүй цалинг индексжүүлээд тогтол
нэмэх болно.Нэг жил ийм их хэмжээний дарамтыг төсөв дээр авчрахгүй гэсэн
үг.Төсөв дээр ирж буй гурав дахь том ачаалал бол хөрөнгө оруулалт. 2012 оны
төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ 1.5 их наядад хүрнэ. Энэ онд төсөвлөж
байснаас гурав дахин их юм. Хөрөнгө оруулалтын ихэнх хэсгийг зам, эрчим хүч
буюу дэд бүтцэд зарцуулахаар төлөвлөсөн. Харин 2013 оноос дэд бүтцийн хөрөнгө
оруулалт улсын төсөв дээр суухгүй, Хөгжлийн банкаар хэрэгжүүлэх юм. Ингэхээр
төсвийн алдагдал ч буурна. Энэ оны батлагдсан төсвөөр алдаг-дал ДНБ-ий 9.9 хувьтай
тэнцэж байсан. Тодотголоор 9.7 хувь болгож буурууллаа. Ирэх жилийн алдагдал 4.1
хувь байх бол 2013 оноос хоёр хувь буюу түүнээс бага алдагдалтай байх ёстой.
Ийм маягаар шилжилт хийгээд явна. Тэгэхээр 2013 оноос манай төсөв маш жижигхэн
болно. Харин орлого талдаа том болох юм. Бидний хувьд энэ дөрвөн жил төсвийн
маш ухаалаг реформ хийж чадлаа. Одоо тулгараад байгаа том сорилт нь инфляци.
Хөрөнгө оруулалтыг бага хийсэн ч орлого нэмэгдэж байгаа үед инфляци байнга гарч
явна. Үүнийг зохицуулах нь монголчуудын хувьд нэг номерын асуудал боллоо.
-Инфляцийг тэгээд яаж зохицуулах юм бэ?
-Зохицуулах
бололцоотой гэдэг нь батлагдсан. Өнгөрсөн жил энэ оны төсвийг баталж байх үед
ОУВС Монголын инфляци 20 хувь, Дэлхийн банк 25 хувьд хүрнэ гэж зарласан. Гэсэн
ч бүтэн жилийн турш нэг оронтой тоонд барьж, инфляци ойролцоогоор 10 орчим
хувьд л хэлбэлзэж байна. Дэлхийн банкны ярьж байснаас 2.5, ОУВС-гийн
анхааруулснаас хоёр дахин бага инфляцитай байгаа. Энэ нь төр өөрөө эдийн засаг
дээр инфляцийг зохицуулах боломжтойг харуулсан.
Инфляци өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй шууд уялддаг.
Тиймээс
хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, гурил, хүнсний ногоог бид дотоодын
зах зээлээс бүрэн дүүрэн хангаад, менежмент хийгээд явах бололцоотой. Манайхаас
хамаарахгүй гадаад хүчин зүйл бол нефтийн бүтээгдэхүүн. Үргэлж санаа зовоож буй
зүйл бол импортоос нефть бүтээгдэхүүнээр бид 100 хувь хараат. Тэгэхээр юуны
өмнө Монгол Улс дотооддоо нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох ёстой. Тэгж
байж инфляцийг зохицуулна. Гэхдээ УИХ 2008 оны хямралаас сургамж аваад Засгийн
газарт богино хугацаанд маневр хийх боломжийг олгож өгсөн. Өнгөрсөн хугацаанд
нефтийн үнэ маш олон хөдөлсөн ч Монголд жижиглэнгийн үнэ үндсэн-дээ тогтмол
байсан шүү дээ. Энэ бол гурван төрлийн татварыг Засгийн газар сар бүр дээш,
доош хөдөлгөж байсны үр дүн. Дараагийн хүндрэл бол импорт 70 хувь Хятадаас
ха-мааралтай байгаа. Хятадын инфляци өсвөл орж ирж байгаа бүтээгдэхүүний үнэ
өсөх хандлагатай болдог. Хятадын инфляци одоо таван хувиас дээш байгаа нь суурь
инфляцад нөлөөлөх хүчин зүйл. Тиймээс импортыг орлох бүтээгдэхүүний
үйлдвэрлэлийг дотооддоо бий болгохын төлөө анхаарч ажиллах ёстой.
Нийтлэлч
Ч.Гангэрэл
Эх сурвалж
Үндэсний шуудан
Ч.Гангэрэл
Эх сурвалж
Үндэсний шуудан
2011 оны 11-р сарын 01, Мягмар
гариг
No comments:
Post a Comment