Сангийн сайд С.Баярцогтоос зарим
зүйлийг тодрууллаа.
-Засгийн газрын хуралдаанаар Оюу толгойн гэрээний талаар хэлэлцсэн үү?
-2009
онд УИХ-ын ээлжит бус чуулганаар 57, 40 дүгээр тогтоолын биелэлтийг УИХ-ын
гишүүдэд танилцуулсан. 57 дугаар тогтоолын гурван заалтын эхнийх болох Монголын
талын оролцоог 34 хувиар ханга гэсэн нь биелсэн. Хоёрдугаарх, Оюу толгойн
хэлэлцээрийг хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцүүл гэсэн. Тухайн үед
шаардлагатай гэсэн гурван хуульд өөрчлөлт оруулж нийцүүлсэн.
Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хуульд нийцүүлж байгуулсан.
Гуравдугаарх нь, эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтаа
нөхсөний дараа хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийсний үр дүнд 50 хувьдаа
хүргэх асуудлыг шийд гэсэн. Тухайн үед хэлэлцээ хийж байхад бид илүү амжилттай
шийдсэн. Хөрөнгө оруулалтын гэрээний 1-ийн 6-д 30 жилийн дараа 50 хувь хүргэх
асуудал манай талд нээлттэй байхаар заалт орсон байгаа. Тэгэхээр хуульд үүнтэй
нийцүүлж өөрчлөлт оруулах асуудал маш их хүндрэл авч ирнэ.
-Яагаад?
-Тухайн
орд газрыг төрийн оролцоотойгоор илрүүлсэн бол 50 хувийг эзэмших заалттай.
Хувийн хэвшил илрүүлсэн бол 34 хувийг нь хүртэх заалт бий. Хэрвээ бид Ашигт
малтмалын хуульдаа өөрчлөлт оруулаад хувийн хэвшил илрүүлсэн тохиолдолд 50
хувийг төр авдаг. Төр илрүүлсэн нөхцөлд магадгүй түүнээс дээш хувь гэх байх. Ийм
үр дагавартай зохицуулалт гарах байсан учраас тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж
байсан Ашигт малтмалын хуульдаа өөрчлөлт оруулахгүйгээр энэ асуудлыг бүрэн
зохицуулсан.
Эдийн засгийн байнгын хороо Оюу толгойн талаар хагас жил тутамд мэдээлэл сонсох ёстой. Энэ удаа бол есдүгээр сарын 25-нд сонсъё гэсэн.
Монголын тал буюу Засгийн газар хөрөнгө оруулагч талдаа хоёр асуудлаар
хандахаар болсон. 50 хувиа шийдсэн нөхцөлөө сайжруулах талаар хэлэлцээр хийх.
Оюу толгойн гэрээг байгуулсны дараа татварын шинэ хууль гарсан нь өсөн нэмэгдэх
нөөц ашигласны төлбөр. Үүнийг тухайн аж ахуйн нэгж нь хүлээж авах уу гэдгийг
хэлэлцье гэж байгаа. Засгийн газрын хурлаар нөхцөл байдлыг танилцуулаад
нөгөө талдаа хэлэлцээр хийхийг санал болгосон албан захидал явуулахаар болсон.
-Анхны хөрөнгө оруулалтыг 4-5 жилийн хугацаанд нөхөх боломжтой гэсэн тооцоо хийсэн байсан. УИХ-ын гишүүдийн шаардаж байгаа шиг Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах боломж байгаа болов уу?
-Ашигт
малтмалын хуулийг Ерөнхийлөгчийн санаачилгаар дахиж шинэчилж найруулахаар
Ерөнхийлөгчийн Тамгын газар ажиллаж байгаа. Тэндээс орж ирэх төслийг харж
байгаад ярих ёстой байх. Анхны хөрөнгө оруулалтаа нөхөх асуудал ТЭЗҮ-ээрээ
бүрэн тодорхойлогдоно. Бүх мэдээлэл нээлттэй байгаа. Энд ямар нэг нууц зүйл
байхгүй. Бүгд ил тод явна.
-Олон улсын валютын сангийнхан 2011 оны төсөвт тодот-гол хийхгүй байхыг зөвлөсөн. Үүнийг хүлээж авах боломж бий юү?
-Энэ бол
эдийн засгийн бодлогын асуудал. Хэрэв бид тодотгол хийхгүй бол төсөв ашигтай
гарна. Тодорхой хэмжээнд эх үүсвэр үлдэж, 2012 оны төсөвт орно. Тодорхой
хэмжээний тодотгол хийж, хөрөнгө оруулалт, урсгалтай холбоотой зохицуулалт хийх
шаардлагатай. Хууль эрх зүйн хувьд төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай.
Төсөв батлагдсан дараа УИХ шийдвэр гаргаад жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих,
хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд татаас олгох хэлбэртэй 300 тэрбум төгрөгийн бонд
гаргасан. Үүнийг төсөвт заавал суулгах ёстой.
Нөхцөл байдлаа үнэлээд хөрөнгө оруулалт бодит эдийн засгаа дэмжих ёстой юм байна гээд 197 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.
Дээр нь энэ хугацаанд ҮАБЗ, УИХ, Засгийн газар тодорхой шийдвэр гаргасан учир
дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай 50 орчим тэрбум төгрөгөөр хөрөнгө
оруулалтаа нэмсэн. Төсвийн алдагдал 9.9 хувьдаа барьж байгаа. 2013 оноос эхлээд
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг дагаж мөрдөх .ёстой. Түүн дээр төсвийн
алдагдлын хэмжээ хоёр хувь байх ёстой гэж байгаа. Ийм өндөр хэмжээтэй
алдагдалтай байхад нэг жилийн хугацаанд хоёр хувь болтол буурахад хүндрэлтэй юм
биш үү. Үе шатаа бууруулбал яасан юм бэ. Танайх эргээд хямралын өмнөх олсноороо
зардаг бодлого дуу орчих гэж байгаа юм биш биз дээ гэсэн санал ОУВС-гаас өгсөн.
200 гаруй тэрбум төгрөгийн Тогтворжуулалтын сан үүсэж байгаа. Ашигт малтмалын
үнэ хөдөлснөөс болж үүсэх хямралаас Монгол Улсын төсөв, Монгол Улсын эдийн засаг
хамгаалагдсан гэж болно.
Нийтлэлч
Т.Цэлмэг
Эх сурвалж
Ардчилал сонин
Т.Цэлмэг
Эх сурвалж
Ардчилал сонин
2011 оны 9-р сарын
22, Пүрэв гариг
No comments:
Post a Comment