Monday, 21 May 2012

Ц.Оюунгэрэл: Хэритейжид эрүүгийн хэрэг үүсгэсэн


Монголын говиос 2005 онд олдсон хэмээн яригдаж буй Тиранозаурус Батаар үлэг гүрвэлийг Нью-Йоркт 1.05 сая ам.доллараар дуудлага худалдаагаар худалдсан гэх мэдээлэл гарсан. Дээрх мэдээллийн талаар Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.
- Тиранозаурус Батаарыг худалдсан гэх мэдээлэл гарлаа. Яагаад шүүхээр худалдахыг хориглосон худалдаа хийгдсэн бэ?
-Монгол Улс өөрийнхөө нутгаас олдсон нэн үнэ цэнэтэй ховор олдворуудыг нэхэмжилж эхэлснээрээ дэлхийн хууль бус  палентеологийн зүйлсийг худалдан авч байдаг бүлэглэлд ёс зүйн хувьд цохилт өглөө. Ингэж хэлэхийн учир нь Тиранозаурус Батаарыг худалдаж авна гэж өргөдлөө өгсөн байсан дуудлага худалдаанд оролцогч 60 гаруй хүн нэрээ татсан. Тэд хулгайгаар орж худалдагдсан байж болзошгүй зүйлд мөнгөө үрэхийг хүсэхгүй байна хэмээн нэрээ татсан. Энэ нь дуудлага худалдаа явуулах гэж байсан талд асар том цохилт болсон гэж үзэж байна. Тэд 10 сая ам.долларын наймаа хийнэ гэж бодож байсан бол тэр нь талаар өнгөрлөө. Тус байгууллага ямар нэг худалдан авагчгүй болсон боловч нэрээ нууцлахыг хүссэн худалдан авагч гарч ирж, 1.05 сая ам.доллараар худалдсан. Тэд нөхцөлд худалдаа хийлээ. Энэ нь цаад хүн нь шүүхийн маргаангүй болохоор нь авъя гээд мөнгөө урьдчилж өгч байгаа худалдааны хэлбэрийг хэлдэг. Гэтэл нөхцөлт худалдаа байтугай, ил тод худалдаа хийх эрх үүсээгүй нөхцөлд худалдаа хийгдлээ. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг зөрчиж, тодорхой худалдаа хийсэн учраас шүүхийн шийдвэрийг хүндэтгээгүй, зөрчсөн, бүрэн биелүүлээгүй гэсэн заалтуудаар Хэритейжид эрүүгийн хэрэг үүсгэж байгаа. Энэ зүйлд гаргасан хохирлоо хэд дахин нугарсан торгууль төлөх эсвэл хорих ял эдлэхээр заасан байдаг. Ямар хэмжээний торгууль ногдуулах, ямар хуулийн үр дагавар ирэхийг шүүх шийднэ. Өөрсдийг нь эрүүгийн хариуцлага татахад эрсдэл дагуулсан зүйл байгаа нь тухайн компанид Тиранозаурус Батаарыг өгч заруулж байгаа нэрээ нууцалсан этгээд үлэг гүрвэлээс бушуухан салахын түүс болж байгааг илтгэж байна.
-Үлэг гүрвэлийн олдворыг цаашид хаана хадгална гэсэн үг вэ?
-Үлэг гүрвэлийг одоо хаа нэг газар руу зөөх шийдвэр нь гараагүй байгаа. Шүүхийн шийдвэр эцэслэн гартал уг үлэг гүрвэлийг хааш нь ч хөдөлгөхгүй байх захирамж гарсан. Шүүхийн шийдвэрийг үл биелүүлдэг байгууллагын байранд үлэг гүрвэл байгаа учир үүнийг шүүхийн шийдвэрийг хүндэтгэдэг хөндлөнгийн субьектын байранд шилжүүлэх үйл ажиллагаа хийгдэж магадгүй. Хэрэв ингэвэл үлэг гүрвэлийн ясан дээр палентеологчид судалгаа хийж, энэ Монголоос гардаг яс мөн байна гэдгийг тогтоох боломжтой. Мөн шүүх дээр өмчлөлийн маргаан гарч байгаа тохиолдолд талууд бие биедээ мэдэж байгаа бүх мэдээллээ гаргаж өгөхийг АНУ-д хуульчилсан. Мэдээллээ илчлэх тухай хуулиар бид Монгол Улсынхаа бүх хуулийг англи хэл дээр гаргаж өгч, яагаад үүнийг Монголынх гэж үзэж байгаагаа эрдэм шинжилгээний бүх нотлох баримтаа гаргаж өгөх ёстой. Америкын зүгээс үлэг гүрвэлийн яс хэний эзэмшилд явж байгаад яаж энд ирсэн, ямар замаар эдгээр хүмүүсийн гарт орсон бэ гэдгийг өгөх ёстой. Гэтэл тэд зөрүүтэй ойлголт төрөхүйц мэдээллүүд өгч байна.
-Тухайлбал?
-“Хэритейжи”-ийнхэн хоёр хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа “Энэ үлэг гүрвэл Монголын говиос олдсон. Монголын говиос олдоод, англид хадгалагдаж байгаад Америкт ирж угсарагдсан гэж английн нэг сонинд ярьсан байсан. Тэгсэн атлаа Америкийн сонингуудад “Хаанаас гаралтайг нь бид мэдэхгүй. Төв азийн аль нэг улсаас гаралтай гэсэн. Монголоос гаралтай гэдгийг нь монголчууд өөрсдөө нотолно биз гэж ярьж байна. Эдний компани үлэг гүрвэлийг худалдсан, худалдан авсан хүнээ их нууцалж байгаа. Дээрх нууцыг энэ компани зөвхөн шүүхийн шийдвэрээр задруулна байх. Монголыг төлөөлж уг хэрэг дээр ажиллаж байгаа хуульчдад нууц гээд үүнийгээ хэлээгүй байсан.
-Та сая үлэг гүрвэлийг хөдөлгөхөөр болбол эрдэмтэд судалгаа хийх боломжтой болно гэсэн. Энд Монголын эрдэмтэд оролцох боломж бий юу?
-Хуулийн процетурыг би сайн мэдэхгүй байна. Олдвор дээр шинжилгээ хийхээр болбол шүүхээс шинжээч гэрч томилно байх. Ингэж томилогддог хүмүүс дэлхийн төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Үүнд нь тэнцэх эсэхийг одоо хэлэх боломжгүй.
-Гадны зарим сайтуудад манай талаас уг худалдааг хойшлуулж өгөх тухай өргөдлөө худалдааны өдрөөс 48 цагийн өмнө өгөх байсан. Манайх хугацаандаа дээрх мэдээллийг явуулаагүйгээс үүдэн энэ худалдаа явагдсан гэж үзсэн байсан?
-Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар энэ мэдээг 48 цагийн өмнө мэдээлсэн. Америкийн ямар ч хуулиар тэдний компанийн дүрэм, АНУ-ын хууль шал өөр асуудал. Хуулиар шүүхийн шийдвэрийг хүлээн авсан мөчид хохирол учираагүй бол энэ үйлдлийг таслан зогсоох ёстой. Энэ нь нэг минут, 24 цагийн өмнө байх эсэх нь хамаагүй байдаг. Манай Монголын гомдол 48 цагийн өмнө гарсан нь тэдний хувьд хэтэрхий хожуу болсон байж магадгүй. Гэхдээ шүүхийн шийдвэр 24 цагийн өмнө гарсан. Тэд авсан байсан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй хүн танилцангуутаа биелүүлэх ёстой. Тиймээс тэр компани 48 цаг гэдгээрээ маргалдаад Монголын талыг ялж чадахгүй.
-Практик дээр иймэрхүү маргаан хэр олон гарч, хэрхэн шийдэгдсэн байдаг юм бэ?
-Манайх шиг ийм маргааныг өмнө Аргентин улс гаргаж байсан. Яг дуудлага худалдаа болохын өмнө манайх шиг худалдааг зогсоож, шүүхээс өмчлөлөө тогтоолгож, үнэт зүйлээ авсан байдаг. Египт мөн пирамид орчмоос олдсон үнэт зүйлсээ авсан. Аргентин улс палентеологийн олдвороо маргаан үүсгэн авч байсан тул манайх Аргентины Засгийн газраас зөвөлгөө авах холбоо тогтоож байгаа. Ингэвэл олон улсын интерполыг татан оролцуулж, мөрдөн байцаах ажиллагааг дэлхийн хэмжээнд явуулж,  үнэт олдвороо олсон туршлагаасаа бидэнд зөвлөх юм. Сүүлийн үед улс орнууд дэлхийн үнэт олдворуудаа нэхэмжлэх ажлыг хийдэг болжээ. Өмнө нь энэ хууль бус сүлжээний эсрэг дэлхий нийтээрээ хамтран тэмцэх хүсэл зориг, боловсрол дутуу байсан гэж үзсэн. Ийм зүйлд залуучууд их идэвхтэй оролцдог байсан.
-Нотлох баримт бүрдүүлэх ажил хэр урагштай байна вэ?
-Энэ ажлыг хуулийнх нь талаас П.Цагаан зөвлөх ахлан ажиллаж байгаа. П.Цагаан зөвлөхөөс дотоодод болж байгаа хуулийн асуудлыг тодруулбал илүү их мэдээлэлтэй байна байх. Би одоогийн байдлаар зөвхөн гадаад харилцааны хэмжээнд зөвлөгөө өгч, хамтарч ажиллаж байна.
С.Заяа

No comments:

Post a Comment